Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1965

 

О.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00865 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГА-д холбогдох

 

Орон сууцыг хэт доогуур үнэлсэн болохыг тогтоож, санал болгох хурлаар төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О ,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/06092 дугаартай захирамжаар О.У ас 48 344 341 төгрөгийг гаргуулж “ЭАИСМК” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Хэдийгээр О.У-ын хамтран өмчлөлийн Баянгол дүүргийн 00000 дугаар хороо Дилав хутагт Жамсранжавын гудамж 0000000 дугаар байрны 000000 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн 52.45 м.кв талбайтай орон сууцыг борлуулахаар дуудлага худалдаа зохион байгуулсан боловч борлогдоогүй.

Шийдвэр гүйцэтгэгч хувийн ашиг сонирхлоор хуулийн байгууллагын ажилд хандаж иргэн миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, хууль зөрчин төлбөр авагч “ЭАИСМК” ББСБ-д санал болгож, түүний өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хяналт шалгалт үнэлгээний хэлтэст гомдол гаргсан бөгөөд гомдлыг хянан үзээд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 132 дугаартай хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн. Үүнийг эс зөвшөөрч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Орон сууцыг хэт доогуур үнэлсэн болохыг тогтоож, санал болгох хурлаар “ЭАИСМК” ББСБ-ын өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШГА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан О.У-ын хамтран өмчлөлийн Баянгол дүүргийн 000000 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 00000 дүгээр байрны 68 тоот эрхийн улсьн бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэгдсэн 52.45 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг төлбөрт битүүмжлэн хураан албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчдийн харилцан тохиролцсон зах зээлийн үнэ болох 130 000 000 төгрөгийн 70 хувь буюу 91 000 000 төгрөгөөр 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон оруулсан боловч худалдан борлогдоогүй тул мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчдийн харилцан тохролцсон зах зээлийн үнэ болох 130 000 000 төгрөгийг 50 хувь буюу 65 000 000 төгрөгөөр 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй.

Иймд тус албаны 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн санал болгох хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгож, шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/06092 дугаар захирамжаар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангахыг дурдсан. О.У үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангахыг зөвшөөрч өөрөө барьцаалсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 0000000 дүгээр байрны 000000 тоот, 52.45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хэт доогуур үнэлсэн болохыг тогтоож, санал болгох хурлаар “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах тухай О.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О.У-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан шийдвэр болж чадаагүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй ... үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно” гэж заасан. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Талууд тохиролцоод зах зээлийн дундаж үнэлгээ болон мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр үл хөдлөх хөрөнгийн үнийг 130 000 000 төгрөгөөр тогтоосон. Хуулиар бол эхний дуудлага худалдааны үнийг уг үнэлгээний 70 хувиар тооцох, дараагийн дуудлага худалдааг дээрх үнэлгээний 50 хувиас тооцох нь зөв, энэ тал дээр маргаагүй.

Гагцхүү хоёр удаагийн дуудлага худалдааны дараагаар төлбөр авагчид санал болгохдоо мэргэжлийн байгууллагын тогтоосон зах зээлийн дундаж үнээс 50 хувиар багасгаж тооцсоноос дахин 50 хувиар багасгаж санал болгож байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл өмчийн нийт өртөгийн 25 хувьтай тэнцэх мөнгөөр төлбөр авагчид санал болгож байгааг дэмжсэн шийдвэр гарсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Өмчлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгааг сэргээлгэх хүсэлттэй байна. Иймээс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181\ШШ2016\00865 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч О.У хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан орон сууцыг хэт доогуур үнэлсэн болохыг тогтоож, санал болгох хурлаар төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/06092 дугаар захирамжаар О.У нь 48 344 341 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дотор “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК-д төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу НШГА  нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 000000 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 00000 дүгээр байрны 000000 тоот 52.45 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 02/141 тоот тогтоолоор хураан авчээ. /хэргийн 42-43, 45 дугаар тал/

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үүрэг гүйцэтгэгч болон өмчлөгчөөс үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцны үнийн санал авахад тэрээр 130 000 000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК нь зөвшөөрсөн байна. /хэргийн 46 дугаар тал/

 

НШГА-ны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/124 дүгээр тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тогтоосон үнийн 70 хувь буюу 91 000 000 төгрөгөөр мөн оны 4 дүгээр сарын 15-ны өдөр анхны дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй тул 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/136 дугаар тогтоолоор мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тогтоосон үнийн 50 хувь буюу 65 000 000 төгрөгөөр мөн оны 5 дугаар сарын 13-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй болох нь хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна. /хэргийн 44-67 дугаар тал/

 

НШГА  нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгосон нь хууль зөрчөөгүй байна. /хэргийн 67 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан орон сууцыг түүний өөрийнх нь тогтоосон үнийн дагуу хуульд заасан хувь хэмжээгээр дуудлага худалдаанд оруулж, улмаар төлбөр авагчийн төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцжээ.

 

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах болон уг эд хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэх харилцааг зохицуулсан нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00865 дугаар тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

              ШҮҮГЧИД                                                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                                С.ЭНХТӨР