Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2021/0606

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Л.Х-гийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 587 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах  гомдлоор, Л.Х-гийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 587 дугаар шийдвэрээр: Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Х-гээс гаргасан “Хан-уул дүүргийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 мкв талбай бүхий уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэл, агуулгад үнэлэлт, дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/261 дүгээр захирамжийг гаргах болсон агуулга нь уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, хурдны зам барих шийвэр гарсантай холбоотой байдаг.

Нийслэлийн газрын албаны 2016 оны 12 дугаар сард Л.Х-т “...Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 107 дугаар захирамжаар Улаанбаатар хот-Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны зам барих төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 487 дугаар тогтоол, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 228 дугаар “Хурдны автозамын трассыг тогтоох” ажлын хэсгийг байгуулах тушаал” зэргийг үндэслэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах 1000 мкв газрын чөлөөлөх” мэдэгдлийг өгсөн.

Уг мэдэгдэлд дурдсанаар мэдэгдлийг хүлээн авснаас хойш тухайн газрыг бусдын эзэмшилд шилжүүлэхгүй байхыг анхааруулсан бөгөөд 2016 онд өгсөн уг мэдэгдэлд газрыг чөлөөлөх асуудлыг хөндсөн байна.

Газар чөлөөлөх асуудлаар 2016 онд өгсөн уг мэдэгдлийг хүлээн авсан нэхэмжлэгч нь нөхөн олговор авах, эсхүл өөр газраар дүйцүүлэн олгох асуудлыг хөндөхөөр байтал, Хан-Уул дүүргийн 2020 оны А/261 дүгээр захирамжаар гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэл зааж хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон шийдвэр юм.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.3-т заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална” гэж заасны дагуу шүүх нотлох баримтыг цуглуулах ёстой. Гэтэл нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй, уг баримтыг гаргуулалгүй шийдвэрлэснийг хууль ёсны шийдвэр гэж үзэх боломжгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Л.Х-гээс Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Хан-уул дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2 дахь заалтыг үндэслэн “...газар эзэмших эрх олгогдсон боловч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй ... “ гэж хорин есөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Анх нэхэмжлэгч Л.Х-гээс Хан-Уул дүүргийн газрын албанд 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “...амины орон сууцны зориулалтаар 0.7 га газар олгох...” тухай хүсэлт гаргаж, улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/309 дүгээр “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 мкв газрыг “амины орон сууц”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, тус газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000414772 дугаар гэрчилгээг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон бөгөөд “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.1 дэх хэсгээр гэрээний нөхцөлийг тодорхойлж, 2.2 дахь хэсэгт газрын төлбөрийн хэмжээг тодорхойлжээ.

Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээний төрлийн тодорхойлж, 28.1.1-д “гэр бүлийн хамтын хэрэгцээний”, 28.1.2-д “төрийн байгууллагын”, 28.1.3-д “аж ахуйн нэгж, байгууллагын” гэж тодорхойлж өгсөн бөгөөд нэхэмжлэгч Л.Х нь уг газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулж амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болж, газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээний дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...маргаан бүхий А/261 дүгээр захирамжаар гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон шийдвэр болсон...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэл, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 мкв газрыг чөлөөлөх мэдэгдлийг нэхэмжлэгчид 2016 онд өгсөн, уг мэдэгдэлд дурдсанаар мэдэгдлийг хүлээн авснаас хойш тухайн газрыг бусдын эзэмшилд шилжүүлэхгүй байхыг анхааруулсан, ... нэхэмжлэгч нь нөхөн олговор авах, эсхүл өөр газраар дүйцүүлэн газар олгох асуудлыг хөндөх байтал ... шүүхээс гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ... нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд нэхэмжлэгчээс ямар эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий газрыг чөлөөлөх талаар мэдэгдэл ирүүлсэн, тухайн газрыг бусдад шилжүүлэхгүй байхыг анхааруулсан эсэх талаар дурьдаагүй, энэ талаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлж, нотлох баримт гаргаж, мэтгэлцээгүй атлаа давж заалдах гомдолд энэ талаар дурдаж гомдол гаргаснаар анхан шатны шүүхийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотойгоор нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй, эсхүл хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй, Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг маргааныг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН