Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128/шш2021/0587

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Л.Х

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-уул дүүргийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Л.Х нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/309 тоот захирамжаар тус дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг чиглэлийн авто зам дагуу байршилд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших зөвшөөрлийн дагуу Газрын албатай 15 жилийн хугацаатай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар 2012 оны А/309 дүгээр захирамжийн Л.Хт холбогдох хэсгийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь дараах үндэслэлээр эрх зүйн зөрчилтэй, хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой болон бусад эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт гэж үзэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Л.Хийн эзэмшилд байсан газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамтын хэрэгцээний газар юм. Иймээс тус хуулийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу үнэ төлбөргүй эзэмшүүлнэ. Түүнчлэн захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргахад нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах заалтыг зөрчсөний улмаас хууль бус захирамж гаргаж, нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулж, тайлбар, санал өгөх боломжийг олгоогүй бөгөөд, уг захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хаана гаргах талаар дурдаагүй, захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарласан шинжтэй байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасан төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн байна” гэж тодорхойлсон.

Харин 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Хан - Уул дүүргийн Засаг даргын 2012 оны А/309 тоот захирамжаар газар эзэмших эрхийг олгож, 000414772 дугаартай гэрчилгээг Л.Хт олгосон боловч газар эзэмшүүлэх гэрээг байгуулаагүй байдаг. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “ Аймаг , нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:", 23.3.7-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;" гэж тус тус заасны дагуу уг чиг үүргийг Хан-Уул дүүргийн газрын алба хэрэгжүүлэхээр хуульчилсан бөгөөд газар эзэмшигчтэй гэрээ байгуулах, гэрээний дагуу уг газраа эзэмшиж, ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах бүрэн эрхийг газрын алба хуульд заасны дагуу хэрэгжүүлж ажиллах ёстой юм. Гэтэл Хан-Уул дүүргийн газрын алба хуульд заасан энэхүү чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээ байгуулаагүй, энэ талаар ажиллагаа хийгээгүй, эс үйлдэхүй гаргасан байж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу уг газрын ашиглаагүй” гэсэн үндэслэл зааж, хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;", 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;” гэснийг зөрчсөн хууль бус шийдвэр юм. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ирүүлсэн тайлбарт “Газрын тухай хууль болон гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй” гэж байгаа боловч иргэнтэй газар эзэмших гэрээг байгуулаагүй учраас Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан “иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх” гэдэгт хамаарах эсэх, газрын төлбөрийн хэмжээ, хэзээ хэрхэн төлөх зэргийг мэдэх боломжгүй байсан гэж үзэхээр байна. Учир нь газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, зориулалт, газар эзэмшигчийн эрх, үүрэг, хариуцлага зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгадаг байна. Үүнээс гадна, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулж, тайлбар гаргах, санал өгөх боломжийг нэхэмжлэгчид олгоогүй шийдвэр гаргасан нь иргэний эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл юм .

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааны хэлбэрийг хуульчилж өгсөн бөгөөд сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах гэсэн олон арга, хэлбэрийг зааж өгсөн байтал нэхэмжлэгчийг гадаад улсад суралцаж байх хугацаанд уг шийдвэрийг гаргаснаар Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулиар олгосон эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан байна. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/261 дүгээр захирамжийн Л.Хт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус дүүргийн Засаг даргын 2012 оны А/309 дүгээр захирамжаар иргэн Л.Хт 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар 1000 м.кв газрыг эзэмшүүлсэн. Газар эзэмшигч нь Газрын тухай хууль болон гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Л.Хт Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаанд ирж оролцох талаар мэдэгдлийг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 16/3039 дүгээр албан бичгээр мөн өдрийн сонины 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 195 дугаар хэвлэлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох иргэн аж ахуйн нэгж, байгууллагын сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдлийн дагуу заасан хугацаанд нэхэмжлэгч нь ирээгүй тул хуульд заасны дагуу дүүргийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А / 261 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү .” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн иргэн дээр Засаг даргын захирамж гарахын тулд тухайн иргэн материалаа бүрдүүлж өгдөг. Хаана, ямар хэмжээтэй газрыг авах гэж байгаа хүсэлтээ газрын албанд өгдөг. Тэр хүсэлтийг үндэслэж Засаг даргын захирамж гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа хаана, ямар газар, ямар зориулалтаар эзэмших гэж байгаа нь тодорхойгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Анх газрыг олгохдоо ямар зориулалтаар хаана газар авах гэж байгаа гэдгээ тухайн иргэн хүсэлтээ өгдөг. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлээгүй гэж байна. 6 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гараад 6 дугаар сарын 16-ны өдөр манай Газар зохион байгуулалтын албанаас иргэн Л.Хт сонсох ажиллагаа явуулахаар мэдэгдэл хүргүүлсэн.” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т тус шүүхэд хандаж “Хан-уул дүүргийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...гэр бүлийн хамтын хэрэгцээний газар тул үнэ төлбөргүй эзэмшинэ, мэдэгдэх сонсгох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж тайлбарласныг хариуцагч “...Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэж шийдвэрлэсэн, захирамж хууль зүйн үндэслэлтэй...” гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Хан-Уул дүүргийн Засаг даргын, 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/309 дүгээр “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 м2 газрыг тус бүр 15 жилийн хугацаатай эзэмшүүлэн баталгаажуулж шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжийн хавсралтын 21-д “Л.Х, амины орон сууц, 15 жилээр эзэмшүүлэх” гэж заасан,

Уг захирамжийг үндэслэн Л.Хт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд амины орон сууцны зориулалтаар 1000 м2 газрын Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000414772 дугаар гэрчилгээг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон,

Түүнчлэн уг 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/309 дүгээр шийдвэрийг үндэслэн Л.Х болон Хан-Уул дүүргийн газрын албаны хооронд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 15 жилийн хугацаатай байгуулсан байх ба уг гэрээний 2.2-т “газрын нэгж төлбөр-8 төг, нийт 8000 төгрөгийг 2000 төгрөгөөр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх, төлбөр хийх хугацааг газар эзэмшүүлэх тухай Засаг даргын шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолох”-оор талууд тохиролцсон үйл баримтууд тогтоогдов.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт болох тус дүүргийн Засаг даргын, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6, 40.2-т заасныг тус тус үндэслэн 1 дэх заалтаар тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр 29 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч Л.Х багтсан байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно“ 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзвэл нэхэмжлэгч нь тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй байх ба ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл, баримт нотолгоо тогтоогдоогүй, түүнчлэн нэхэмжлэгч нь “уг газар дээрээ хашаа хатгасан байсныг хариуцагч захиргааны байгууллагаас нурааж буулгасан” гэж тайлбарласан боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, уг нөхцөл байдал нь тодорхой нотлогдохгүй байна.

Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй, түүгээр зогсохгүй нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг шалгаж тогтоох үүрэг үүсэхгүй тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” хэлэх ба мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна” 28.1.1-д “гэр бүлийн хамтын хэрэгцээний” гэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж тус тус  заасан.

Нэхэмжлэгч нь уг газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулж амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болсон тул газрын төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргаж байх боловч Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж зааснаар тухайн газар эзэмшигч этгээд болохын хувьд гэрээнд тохиролцсоноор газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй, энэ талаархи нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй

Нөгөө талаар нэхэмжлэгч нь газар эзэмших эрх олгосон захирамж гарснаас хойш дүүргийн газрын албатай гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулаагүй учраас газрын төлбөрийн хэмжээ, хэзээ, хэрхэн төлөх зэргийг мэдэх боломжгүй гэж тайлбар гаргасан боловч Л.Х болон дүүргийн газрын албаны хооронд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 15 жилийн хугацаатай байгуулсан болох нь дээр дурдсанаар тогтоогдсон, тухайн гэрээ хуулийн шаардлага хангасан байдлаар хэргийн материалд авагдсан тул уг гэрээний дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй байна.

Гэтэл нэхэмжлэгч нь газар эзэмших эрх үүсч гэрээ байгуулснаас хойш газрын төлбөр огт төлж байгаагүй, энэ талаархи хариуцагчийн тайлбарт хариу няцаалт хийгээгүй, төлбөр төлж байсан гэх нотлох баримт гаргаагүй атлаа “гэрээ байгуулаагүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, уг гэрээний хүчин төгөлдөр эсэх, гарын үсэг үнэн зөв эсэх талаар Захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй.

            Хариуцагч захиргааны байгууллага “мэдэгдэх сонсгох ажиллагаа явуулаагүй шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг ноцтой зөрчсөн” гэх тухайд, Хан-Уул дүүргийн газрын албанаас 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 16/3039 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн талаар хариуцагчид бүртгэгдсэн албан ёсны хаягаар шуудангаар явуулсан боловч “хаягтаа байхгүй” шалтгаанаар уг албан бичиг буцаагдсан байна.

Түүнчлэн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Өдрийн сонин”-ы 195 дугаарт нийт 55 иргэн, аж ахуйн нэгжийн газрын гэрчилгээг хүчингүй болгох болсныг “Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан дараах иргэн, хуулийн этгээдийн газрын гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгох болсныг мэдэгдэж байна” гэсэн гарчигтайгаар мэдэгдсэний дотор иргэн Л.Хийн нэр орсон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, тус сонины эх хувь баримтаар тогтоогдов.

            Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасан, энэ тохиолдолд нийт оролцогчдын тоо 25-аас дээш байгаа үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан сонгох боломжийн хүрээнд өдөр тутмын сонинд зарлуулсан нь дээрхи хуулийн заалттай нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 40.1.6-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон тул энэ үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Хээс гаргасан “Хан-уул дүүргийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН