Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/001035

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1278 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар магадлалтай,

Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Д.С-т холбогдох,

4.027.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.С, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Д.С- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг Сод Монгол шатахуун түгээх станцын хойд замд миний унаж явсан Allion маркын ХӨВ 54-51 улсын дугаартай автомашиныг мөргөсний улмаас би нөгөө эгнээнд явж байсан машиныг мөргөж, миний машины хоёр тал гэмтсэн. Машинд их хэмжээний хохирол учирсан гэдгийг Д.С- мэдэж байгаа. Тэр миний машины гэмтэлд 2.525.000 төгрөгийн үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан. Би тэр үнэлгээг зөвшөөрөхгүй. Улаанбаатар хотод миний машины эвдрэлийг засах боломжтой гэсэн тул аргагүйн эрхэнд 2017 оны 08 сарын сүүлээр өөрийн зардлаар машинаа ачуулж, засварын газраар засвар үйлчилгээ хийлгэж, сэлбэг эд анги худалдан авч тавьсан. Тэнгэрийн шугам ХХК-иар машинаа ачуулж, төлбөрт  500.000 төгрөг өгсөн, кузов засварын ажлын хөлс 2.000.000 төгрөг, Да хүрээ захаас машины эд анги болох салхины шил 160.000 төгрөг, хойд гэрэл 180.000 төгрөг, гэрэл 160.000 төгрөг, хойд хаалга 180.000 төгрөг, хойд тэвш 150.000 төгрөг, хойд гуфер 300.000 төгрөгөөр тус тус авч тавьсан.  Д.С- одоо хүрээд ир, хоёулаа тохиръё гэж олон удаа нааш цааш явуулсаны  шатахууны үнэ 310.000 төгрөг, машинаа үзэхээр Улаанбаатар хот хоёр удаа явсан, ирэх очих зардал 120.000 төгрөг гарсан. Иймд Д.С-аас 4.060.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шатахууны үнэ 33.000 төгрөгийн баримтууд шаардлага хангахгүй байгаа тул хасч нийт 4.027.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.С-т шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр би Д.Б-ын машиныг мөргөж осол гаргасан нь үнэн. Тус машины эвдрэл гэмтлийн талаар үнэлгээ тогтоолгоход Д.С- хамт явсан ба энэ талаар мэдэж байсан. Хохирол төлбөрийг барагдуулахаар түүнтэй ярилцахад надаас их хэмжээний мөнгө нэхэж, эвлэрэх боломж өгдөггүй. Машинд хохирол учирсан тул тодорхой хэмжээний хохирол төлнө. Хэдий хэмжээний хохирол төлөхийг мэдэхгүй байгаа тул шүүхийн шийдвэрээр гарах төлбөрийг төлж барагдуулна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1278 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.С-аас гэм хорын хохирол 3.630.000 /гурван сая зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 397.000 /гурван зуун ерэн долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 73.030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар магадлалаар: Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1278 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт өмгөөлөгч Л.Цогтбаяр гэсний дараа иргэдийн төлөөлөгч Д.Пүрэвчулуун гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.С, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шатны шүүхийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 03 дугаар шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.Журмын хашаанаас зүгээр унаад гарсан автомашиныг чухам яагаад Улаанбаатар хот руу ачаад тээвэрлээд хүргүүлдэг, үүн дээр ажил гүйцэтгэх гэрээ хөлсөөр ачаа тээвэрлэх гэрээ, " Хан мандал " кузов засварын ажлын хөлс 2,000,000 төгрөгийн баримтаар ямар, ямар засвар хийгээд тийм их мөнгө гарсан талаар давхар нотлох баримт байхгүй байхад, түүнчлэн сэлбэгийг нь аваад, солиод 1,130,000 төгрөгийн авсан баримт нь байгаад байхад чухам яагаад энэхүү баримтыг үнэлээд байгаагаа анхан болон давж заалдах шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ уг иргэний хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт, үндэслэл, үнэлээд байгаа нотлох баримтуудын агуулгыг гаргаж тусгаагүй, бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж эдгээр баримтуудыг үнэлэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч Д.С-т татгалзлын үндэслэл болж байгаа баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй хариуцагч өөрөө татгалзлаа баримтаар нотлоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн байх бөгөөд гэтэл анхан шатны шүүх нь хариуцагчид уг хугацааг өгөөгүй шийдвэрлэснийг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Хөвсгөл аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 03 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож эсвэл өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Д.Б- нь гэм хорын хохиролд 4.027.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг зам тээврийн ослын улмаас учирсан хохирол гэжээ. Хариуцагч Д.С- “...шүүхийн шийдвэрээр гарах төлбөрийг төлнө” гэжээ.

Д.С- 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 98-81 ХӨА улсын дугаартай Соната маркийн автомашиныг  жолоодон явахдаа нэхэмжлэгчийн 54-51 ХӨВ улсын дугаартай Allion маркийн машинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэл, түүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Бусдын эд хөрөнгөнд гэм буруутай үйлдлээр гэм хор учруулсан этгээд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар эд хөрөнгийг өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

Хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсон, учирсан гэм хорыг төлөх ёстой хэдий ч хохирлын хэмжээ нотлогдсон байх шаардлагатай.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлээс 3.630.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийг нэрийг шийдвэрт бичээгүй орхигдуулсан анхан шатны шүүхийн алдааг  давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Д.С-, өмгөөлөгч Л.Цогтбаяр нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 73.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ