Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 77

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

    Шүүгчид                              Я.Туул                                       

                                                                             Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                                  Прокурор                            Л.Энхтайван

    Шүүгдэгчийн өмгөөлөгч     Д.Даваахүү                                      

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цог-Өндөр овогт Ганболдын Сайнбилэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718010069 дугаартай, 150/2017/0076/Э индэкстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р багийн нутаг, Туслах аж ахуйд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлтэй, 2017 оны 06-р сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 26 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Цог-Өндөр овогт Ганболдын Сайнбилэг  /Регистрийн дугаар: РЛ93102312/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Г.Сайнбилэг нь 2017 оны 06 дугаарсарын 13-наас 18-ны хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Овоот хорооллын 9А гудамжны 3 тоотод оршин суух иргэн Ж.Лхадоржийн гэрт нэвтэрч 42 инчийн LCD өнгөт зурагт хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Г.Сайнбилэгт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 56 дугаартай шийтгэх тогтоолоор:

 -Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж,

-Шүүгдэгч Цог-Өндөр овогт Ганболдын Сайнбилэгийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Сайнбилэгийг 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Сайнбилэгт оногдуулсан 06 сарын хорих ял дээр 2017 оны 06-р сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 02 жил 11 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Сайнбилэгийн нийт эдлэх ялыг 03 жил 05 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Г.Сайнбилэгт оногдуулсан 03 жил 05 сар 22 хоногийн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн шаргал хүрээтэй 42 инчийн LCD маркийн зурагтыг хохирогч Ж.Лхадоржид буцаан олгож,

-Шүүгдэгч Г.Сайнбилэг нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд  хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдаж,

-Шүүгдэгч Г.Сайнбилэгт авсан хувийн батлагаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Бадамын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

...Сайхан сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Сайнбилэгт Сум дундын 2-р прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгэр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “Хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалтаар орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл эргэлзээтэй байх тул Г.Сайнбилэгийн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Сайнбилэгийг 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчжээ. Учир нь

Хохирогч Х.Лхадоржийн 2017 оны 06 сарын 27-ны өдөр ...би эхнэр Даваажаргалын хамт 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хөдөө явахаар болоод бид хоёр гэрийнхээ 4 ширхэг вакум цонхыг түгжээд дотор талаас нь шурупдээд хаалгаа түгжээд бүх юмаа шалгачихаад явсан. Тэгээд эхнэр бид хоёр 06 сарын      18-ны өглөө 10 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалган талын цонхны порчик /салхивч/ онгорхой байсан. Тэгээд онгорхой цонхоор гэр доторх зүйлийг харахад 42 инчийн зурагт маань байхгүй харагдаж байхаар цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Гэрч Э.Төрмөнхийн ...утас цэнэглүүлж байсан нөхөр орж ирээд зурагт авах уу гэж асуугаад байсан ... ...тэгээд би түүнтэй ярилцахад зурагтаа аваад ирье гээд удалгүй 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт тэвэрч ирсэн. Уг зурагтаа 100.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би авахгүй гэтэл 40.000 авчих гээд гуйгаад байхаар нь 40.000 төгрөг өгөөд зурагтыг нь авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Яллагдагч Г.Сайнбилэгийн ...Лхадорж ахын 42 инчийн зурагтыг авч Сайхан сумын төвд байх Найс худалдааны төвд гар утас засдаг Төрмөнх гэдэг хүнд ярилцаж байгаад 40.000 төгрөгөнд өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар хохирогч Ж.Лхадоржийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Ж.Лхадоржийн орон байранд хамаатан садан хэн боловч дураараа нэвтрэх боломжтой мэтээр дүгнэлт хийж зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” дүгнэлт хийсэн байна.

Мөн Г.Сайнбилэгт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Г.Сайнбилэг уг үйлдлийн улмаас хохирогч Ж.Лхадоржид 300.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбараар “энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан байхад гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” ноцтой зөрчил гаргажээ.

Иймд Г.Сайнбилэгт холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр, Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхээс Г.Сайнбилэгийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалах байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээтэй гэж үзэж прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж дүгнэн зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлтэй бөгөөд энд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй байна. Харин ч шүүх хэргийн бодит байдлыг үндэслэлтэй тогтоосон. Хохирогч Лхадоржийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлгээс тэднийх гэрийнхээ нэг ширхэг түлхүүрийг хашаандаа блокон дотор нууж хийдэг, уг түлхүүрээр хөдөө амьдарч байгаа хадмууд нь /Г.Сайнбилэг болон түүний аав, ээж ах нар нь/ Хөтөлд орж ирэхдээ гэрийг нь онгойлгож гэрт амарч, хонож өнждөг талаар мэдүүлсэн. Тодруулбал уг түлхүүрийг дээр дурдсан зориулалтаар орхиод өөрсдийнхөө түлхүүрийг аваад хөдөө гэр бүлээрээ явсан нь нотлон тогтоогдож байгаа бөгөөд Г.Сайнбилэг нь уг түлхүүрээр гэрт орж хонож өнжсөн байдаг. Энэ үедээ тэдний гэрээс 42 инчийн зурагтыг нь авч бусдад зарсан байна. Хохирогч Лхадорж нь гэр бүлээрээ тариан талбайн харуул хийхээр хөдөө нүүсэн гэж мэдүүлдэг бөгөөд гэрийнхээ түлхүүрийг блокон дотор нууж үлдээгээд байгаа үйлдэл нь хадмуудаа ах дүү нараа сумын төв рүү орж ирэхдээ гэртээ орж хонож өнжөөд явахыг зөвшөөрсөн, тэдэнд л түлхүүрээ үлдээгээд байгаа асуудал гэдэг нь шүүх хуралдааны явцад тодорхой болсон. Шүүгдэгч Г.Сайнбилэг нь Лхадоржийн гэрт хонож өнжих гэж орсон тэнд байрлаж байсан нь хохирогч Лхадоржийн манай хажуугийн айлын эгч Янжмаа нэг хүн танайх руу өөрийн юм шиг орж байхыг харсан гэсэн мэдүүлгээр нотлогддог. Мөн гэрч Э.Төрмөнхийн мэдүүлгээр шүүгдэгч Г.Сайнбилэг нь эхлээд зурагтгүй ирээд дараа нь буцаж явж зурагтыг авчирсан нь нотлогдож байгаа бөгөөд энэ мэдүүлэг нь Г.Сайнбилэгийн ахынхаа гэрт хонож өнжөөд өөрийн дураар орж гарч байсныг гэрчилж байна. Эндээс Г.Сайнбилэг нь хөдөөнөөс Хөтөлд орж ирээд ахынхаа гэрт байрлаж байсан, зөвхөн хулгай хийх гэж ороогүйг нотолж байгаа тул түүний үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч Г.Сайнбилэгийн үйлдлийн улмаас хохирогчид 300.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учирсан нь үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул түүний үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Тодорхойлох нь:

 

Г.Сайнбилэг нь 2017 оны 06 дугаар сарын 13-наас 18-ны хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Овоот хорооллын 9А гудамжны 3 тоотод оршин суух иргэн Ж.Лхадоржийн гэрт нэвтэрч, 42 инчийн LCD өнгөт зурагт хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Г.Сайнбилэгт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 56 дугаартай шийтгэх тогтоолоор:

 -Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж,

-Шүүгдэгч Цог-Өндөр овогт Ганболдын Сайнбилэгийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Сайнбилэгийг 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Сайнбилэгт оногдуулсан 06 сарын хорих ял дээр 2017 оны 06-р сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 02 жил 11 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Сайнбилэгийн нийт эдлэх ялыг 03 жил 05 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Г.Сайнбилэгт оногдуулсах 03 жил 05 сар 22 хоногийн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр ... тус тус зааж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот эсэргүүцлийн дагуу Г.Сайнбилэгт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

 Г.Сайнбилэг нь 2017 оны 06 дугаар сарын 13-наас 18-ны хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Овоот хорооллын 9А гудамжны 3 тоотод оршин суух иргэн Ж.Лхадоржийн гэрт нэвтэрсэн гэх үйлдэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд гол ач холбогдол бүхий хохирогч Ж.Лхадоржийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй, өмнөх мэдүүлгүүдээ үгүйсгэсэн шинжтэй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт “…Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ…” гэж заасны дагуу тухайн үйлдлийг Г.Сайнбилэгт ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн  заалтыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Хэдийгээр Г.Сайнбилэг нь 2017 оны 06 дугаар сарын 13-наас 18-ны хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Овоот хорооллын 9А гудамжны 3 тоотод оршин суух иргэн Ж.Лхадоржийн гэрээс 42 инчийн LCD өнгөт зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Лхадоржийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 21-23, 69-81-р ху/, гэрч Э.Төрмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р ху/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06-р ху/, Үнэлгээний комиссын акт /хх-ийн 13-р ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт “…Энэ хуульд заасан хохирлын хэмжээг доор дурьдсанаар ойлгоно…”, 4.3 дахь хэсэгт “…бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг…”, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “…Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна…”, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2,3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй…” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх Г.Сайнбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн заалтыг хүлээн авах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

    Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Сайнбилэгт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5, 39.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн  1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн  1.2, 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Сайнбилэгт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Г.Сайнбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ