Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 73

 

Г.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 77 дугаар магадлалтай, Г.С-т холбогдох 201718010069 дугаартай эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор Л.Энхтайваны гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ц овогт Г-гийн С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх прокуророос Г.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, Г.С-ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-т оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.С-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор Л.Энхтайван гаргасан эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх Ж.Л-ийн гэрт нэвтэрсэн гэх үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй, хохирогчийн өгсөн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй, өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн шинжтэй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатган шийдвэрлэхдээ яллах үндэслэл болгосон нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэгдэж байгааг баталж, уг үндэслэлээ тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Л-ийн өгсөн мэдүүлэг нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг яллах талын нотлох баримтуудтай хэрхэн тохирч, эсхүл үгүйсгэгдэж байгаад огт дүгнэлт хийгээгүй атлаа зөвхөн хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Г.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т заасан “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” буюу энэ хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.С нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлснээс хойш 7 хоногийн дараа энэ гэмт хэрэгт холбогдсон байна. Шүүгдэгч Г.С-ийн холбогдсон хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж зүйлчлэх үндэслэлтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч Г.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр гаргасан прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос Г.С-ийн 2017 оны 6 дугаар сарын 13-наас 18-ны хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Х хорооллын Х гудамжны Х тоотод оршин суух иргэн Ж.Л-ийн гэрт нэвтэрч 42 инчийн LCD өнгөт зурагт хулгайлж 300,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.С нь өөрийн төрсөн эгчийн гэрт тэдний түлхүүрээ хадгалдаг газраас түлхүүрийг нь авч гэрт нь орж, гардаг байсан болох нь тогтоогдож байх тул Ж.Л-ийн гэрт хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, уг зүйл, хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгэж, түүний 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн хэсгийг нэмж нэгтгэн, нийт 3 жил 5 сар 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Г.С нь хохирогч Ж.Л-ийн гэрт хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж дүгнээд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нь бага хэмжээнд хамаарч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй байхад ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.С-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Г.С-т холбогдох хэргийн үйл баримт, гэм буруу, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтын хэрэглээний талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн Г.С-ийн урьд 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 3 жил хорих ял нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу хөнгөрч байгаа эсэхэд аль аль шатны шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд прокурорын хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, Г.С-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 77 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН