| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 148/2017/0128/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2017-12-06 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 78
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Я.Туул
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Д.Нямдэлэг
Хохирогч Ц.Ханд
Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, Д.Эрдэнэ-Оргил
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт Ваганов Александр Георгиевичид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718000172 дугаартай, 148/2017/0128/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч: Оросын Холбооны Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хиагт хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ОХУ-ын Хиагт хотын транспортнъя гудамжны 13 дугаар байр 02 тоотод оршин суух, хувиараа тээвэр зуучлалын ажил үйлчилгээ хийдэг, хувь хүний компанид жолоочоор ажилладаг, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Ваганов Александр Георгиевич /Паспортын дугаар: 8102508450/
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Ваганов Александр Георгиевич нь согтуурулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Магнай трейд шатахуун түгээх станцын ойролцоо 3801АХ03 RUS улсын дугаартай камаз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас С.Шаандарын жолоодож явсан мотоциклыг мөргөж С.Шаандарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Ваганов Александр Георгиевичид холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 132 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ваганов Александр Георгиевичид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ваганов Александр Георгиевичийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчиж хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ваганов Александр Георгиевичийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /таван/ жилийн хугацаагаар хасч, 01 жил 04 сарын хорих ял шийтгэж,
-Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ялтан В.А.Георгиевичид оногдуулсан 01 жил 04 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
-Ялтан В.А.Георгиевич энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж,
-Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мотоциклын гэрлийн шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, ялтан В.А.Георгиевичийн №0303313176 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, 7683403 дугаарын гадаад паспорт, 8102505450 дугаарын иргэний үнэмлэхийг эзэшигчид нь буцаан олгож,
-Иргэний хариуцагч Ц.Б.Сергеевичийн өмчлөлийн 0327 №019259 дугаар гэрчилгээтэй З801АХ03 RUS улсын дугаартай камаз маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 03 РК 064958 дугаар бүхий чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Ц.Б.Сергеевичид буцаан олгож,
-Ялтан В.А.Георгиевичид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, Д.Эрдэнэ-Оргил нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ваганов Александр Георгиевичид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй гэжээ. Тогтоох хэсгийн энэ заалтыг хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацааны талаар хууль тогтоогч гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заажээ. Энэ гэмт хэрэг 2017 оны 06 сарын 21-ний өдөр буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед гарсан байгаа юм. Шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн гэж байгаа боловч шүүх хөнгөрүүлэн зүйлчилсэн гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Бид үүнийг эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд хууль буцаан хэрэглэх талаар гурван тохиолдлыг хуульчилсан байна. Үүнд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хувьд энэ хэрэгт хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй байсан гэж үзэж байна. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэдгийг гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үр дагавар бий болгохыг хэлж байгаа гэж ойлгож байна. Бидний гомдлыг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял оногдуулж оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэжээ.
Прокурор Д.Нямдэлэг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд …В.А.Георгиевичид 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийг зөрчин эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:
Гэмт хэргийн ангиллын хувьд: 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байх ба энэ зүйл анги нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жилийн хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хүнд ангилалд хамрагдаж байна.
Ял шийтгэлийн хувьд: 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээнээс 3 жилээр илүү хорих ял оногдуулахаар заасан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хувьд 2015 оны хуулийн мөн зүйл нь 2002 оны эрүүгийн хуулийн мөн зүйлд заасан эрх хасах ялын дээд хэмжээнээс 4 жилээр илүү эрх хасах ял оногдуулж болохоор заасан байна. Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасан байхад шүүх В.А.Георгиевичийн үйлдэлд Эрүүгийн хуулийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь үндэслэлгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд Ваганов Александр Георгиевичид холбогдох Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.
Хохирогч Ц.Ханд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний нөхөр 2017 оны 06 сарын 21-ний өдөр авто тээврийн осолд орж нас барсан. Өмнөх хуралд хэлсэн саналтайгаа нэг байна. Өмнө нь энэ хүмүүстэй ойлголцоогүй байсан. Харин одоо бол бие биетэйгээ уулзаад хохирол төлбөрөө барагдуулсан. Хохиролгүй гэж хэлэхгүй, гэхдээ ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нарын гомдол, прокурорын эсэргүүцэлтэй танилцсан. Өмгөөлөгчийн хувьд хуулийг зөв хэрэглэх ёстой гэж үзэж байна. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон нь үнэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдын амь насыг хохироосон нь тогтоогдсон. Хууль хэрэглээний хувьд шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. “Хорих ялын доод хэмжээ нь хуучин хуулиас доогуур байгаа нь эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ” гээд шүүхээс уг дүгнэлтийг хийсэн байдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт “4 жил хүртэл хугацаагаар эрх хасна” гэсэн байхад 2015 оны Эрүүгийн хуулиар “5-8 жил хасна” гэж заасан байхад шүүхээс дээрх дүгнэлт хийж 2015 оны Эрүүгийн хуулиар ял оногдуулсан байгаа нь үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломж байна гэж үзэж байна. Хохирогчийн хувьд хань ижлээ алдсан нь үнэн боловч “хүнд энэрэнгүй сэтгэлээр хандвал миний амьдрал сайжирна шүү” гэсэн сэтгэлээр хандаж байгаа учраас тэнсэн харгалзаж өгнө үү гэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Ваганов Александр Георгиевич нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Магнай трейд” шатахуун түгээх станцын ойролцоо 3801АХ03 RUS улсын дугаартай “Камаз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас С.Шаандарын жолоодож явсан мотоциклыг мөргөж С.Шаандарын амь насыг хохироосон гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Ваганов Александр Георгиевичид холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 132 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ваганов Александр Георгиевичид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ваганов Александр Георгиевичийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчиж хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ваганов Александр Георгиевичийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /таван/ жилийн хугацаагаар хасч, 01 жил 04 сарын хорих ял шийтгэх,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ялтан В.А.Георгиевичид оногдуулсан 01 жил 04 сарын хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр ...тус тус зааж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 07 тоот эсэргүүцэл, шүүгдэгч Ваганов Александр Георгиевичийн өмгөөлөгч А.Отгонбаяр, Л.Эрдэнэ-Оргил нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ваганов Алаксанд Георгиевичид холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Шүүгдэгч Ваганов Александр Георгиевич нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Магнай трейд” шатахуун түгээх станцын ойролцоо 3801АХ03 RUS улсын дугаартай “камаз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас С.Шаандарын жолоодож явсан мотоциклыг мөргөж С.Шаандарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Шаандарын өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 030-032, 228-237-р ху/, гэрч Ц.Отгонмягмар /1-р хх-ийн 77-р ху/, Г.Мөнхдаваа /1-р хх-ийн 73-р ху/, Ч.Гантогоо /1-р хх-ийн 79-р ху/, Г.Адьяабазар /1-р хх-ийн 80-р ху/, Ф.Бекбол /1-р хх-ийн 81-р ху/, Н.Тунгалаг /1-р хх-ийн 82-83-р ху/, Ж.Отгондэмбэрэл /1-р хх-ийн 84-р ху/, шинжээч Т.Насанжаргал /1-р хх-ийн 91-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 08-09-р ху/, Осол, хэрэг учралын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-14-р ху/, Согтуурлын хэмжээ тогтоосон тодорхойлолт /1-р хх-ийн 15-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны 61 тоот дүгнэлт /1-р хх-ийн 90-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 6292 тоот дүгнэлт /1-р хх-ийн 99-р ху/, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн Газрын шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 49 тоот дүгнэлт /1-р хх-ийн 103-р ху/, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ¹15/17 тоот дүгнэлт /1-р хх-ийн 109-р ху/, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ¹16/17 тоот дүгнэлт /1-р хх-ийн 114-р ху/ болон хавтаст хэрэг авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Гэвч Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ваганов Александр Георгиевичид холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Учир нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ…” гэж заасан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтонд гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозецийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтанд хамаарах бусад хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ваганов Александр Георгиевичид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт “…тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ…” гэж заасан бөгөөд энэ хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт хамаарагддаг тул Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг баримтлан тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл хорих ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэх боломжтой байжээ.
Гэтэл Ваганов Александр Георгиевичид холбогдох эрүүгийн хэрэгт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг анхан шатны шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дүгээр хэсгийн 4.1 болгож өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “…тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ…” гэж заасан бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэгт хамаарагддаг, хэдийгээр хорих ялын доод хэмжээ 01 жилийн хугацаагаар буурч байгаа боловч дээд хэмжээ нь 03 жилийн хугацаагаар нэмэгдсэн, эрх хасах ялын хугацаа өссөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах боломжгүй болсон байх тул анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байх тул Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 07 тоот эсэргүүцэл, шүүгдэгч Ваганов Александр Георгиевичийн өмгөөлөгч А.Отгонбаяр, Л.Эрдэнэ-Оргил нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1,2,3,4 дүгээр заалтуудад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1,1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтыг:
“1.Шүүгдэгч Ваганов Александр Георгиевичийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дугаар заалтыг:
“2.Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Ваганов Александр Георгиевичийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дугаар заалтыг:
“3.Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ваганов Александр Георгиевичид оногдуулсан 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,
4 дүгээр заалтыг:
“4.Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Ваганов Александр Георгиевичид оногдуулсан 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 03 /гурав/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Ваганов Александр Георгиевичид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Д.БУЯНЖАРГАЛ