Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01070

 

“Я” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 103/ШШ2018/00005 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 589 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Я” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ү” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1 326 518 208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Нямцогтын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар, Д.Ганбаатар, хариуцагчийн төлөөлөгч Ц.Нямцогт, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Ү” ХХК 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн манай компани санхүүгийн хүнд байдалд орох гээд байна зээл олгож туслаач хэмээн манай компани дээр ирж уулзсан. 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 1 326 518 208 төгрөгийг зээлдүүлсэн. Тус компани бусдад асар их хэмжээний өртэй байсан нь дараа мэдэгдэж бид тэдэнд хөрөнгө оруулалт хийх, хамтарч ажиллах санал тавьсан.

Гэтэл тус компанийн захирал манай компанид өөрийн компаниа 2 тэрбум төгрөгөөр авбал ав үгүй бол өгөхгүй, хамтарч ажиллахгүй гэж тулгаж эхэлсэн. Хоёр тал тооцоогоо нийлье гэж ярилцаад 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлж, харилцан хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж тамга тэмдгээ дарж өглөг авлагаа баталгаажуулсан. Энэ тооцоогоор “Ү” ХХК манай компанид 2015 оны 10 сарын 14-ний өдрийн байдлаар 947 160 545 төгрөгийн өртэй байсан.

2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн өрөнд 19 500 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Баялаг Эмээлт” ХХК-ийн үлдэгдэл өрөнд 12 193 200 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Капитал банкны өрөнд 84 100 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Ү” ХХК-ийн өрөнд тооцуулахаар н.Ганчимэгт 15 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр 500 000 төгрөг, нийт 131 293 200 төгрөг өгсөн. 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өгсөн зээлд хүү тооцсон, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн зээл болон түүнээс хойш өгсөн зээлд хүү тооцоогүй, хүү тооцсоноо өөрөө хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн. 

Иймд “Ү” ХХК-иас 1 326 518 208 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

“Ү” ХХК-ийн захирал Ч.Нямцогт миний бие 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Я” ХХК-иас 100 000 ам.доллар, 100 000 000 төгрөгийг төслийн зээл хөөцөлдөж байгаа зээл авахаар өгье гэж авсан.

2012 онд Жайка олон улсын байгууллагаас 1 тэрбум 500 сая төгрөгийн зээл хүсч төсөлд хамрагдсан боловч барьцаа хөрөнгийн хэмжээ хүрэхгүй гээд 400 000 000 төгрөгийн зээл олгогдож санхүүжилт дутуу хийгдсэн.

2013 онд дахин Засгийн газрын үнэ тогтворжуулах төсөлд хамрагдсан. Төсөл сонгон шалгаруулалтаар уг төслийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газар мөнгөгүй болсон шалтгаанаар уг зээл олгогдохгүй болж манай компани санхүүгийн хүнд байдалд орсон. Дөнгөж эхэлж байгаа үйлдвэрлэл хэвийн жигд үйл ажиллагаа явуулж чадахгүй бусдад их хэмжээний өр төлбөртэй хэцүү байдалд орсон учир 2013 оны 11 сард “Я” ХХК-ийн захиралтай уулзаж манай төслийн зээл бүтсэнгүй танай мөнгийг өгөх боломжгүй, үйл ажиллагаа явуулж чадахгүй байдалд хүрээд байна гэж уулзсан.

Бид ярилцаж тохиролцоод 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамтарч ажиллах тухай тэмдэглэл үйлдэж “Я” ХХК нь манай компанид хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллахаар шийдвэрлэсэн. “Я” ХХК-иас “Ү” ХХК-д 450 936 745 төгрөг, 100 000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан. “Я” ХХК хөрөнгө оруулагч байхаа больж бүрэн өөрчилж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

2013 оны 11 сард хийсэн тохиролцоогоор хамтарч ажиллах, цэвэр ашиг, алдагдлыг 51/49-ийн харьцаагаар эзэмшиж хариуцахаар тохиролцсон. Хамтран ажиллах гэрээнээсээ татгалзаж шүүхэд өгсөн учраас авсан мөнгөө л төлнө бусдыг нь төлөхгүй. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хоорондын өр зээлийн асуудлыг тооцож үзээд тооцоо нийлж хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан нь үнэн. 

Тооцоо нийлсэн баримтаа зөвшөөрч байгаа гэжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 103/ШШ2018/00005 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч “Ү” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1 063 453 745 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Я” ХХК-д олгож, 263 064 463 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 790 541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5 475 219 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 589 дүгээр магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 103/ШШ2018/00005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ­­“43 дугаар зүйлийн 43.2.1, 43.3” гэснийг “199 дүгээр зүйлийн 199.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ү” ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 300 823 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт …гэж заасан боловч анхан шатны шүүх нотлох баримтын хамаарал, ач холбогдол зэргийг үл харгалзан тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэсэнгүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нь нэхэмжлэгч “Я” ХХК 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдор “Нямцогтын зээл хаах” гэсэн утга бүхий 53 775 545 төгрөгийг “оргиохүүгийн зээл хаах” гэсэн утгатайгаар, мөн өдөр 27 868 000 төгрөг, 32 000 000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 19 500 000 төгрөгийг “Ү” ХХК-ийн өмнөөс зээл төлөв гэсэн утгатайгаар, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 30 000 000 төгрөгийг “Ү” ХХК-ийн өмнөөс зээл төлөв гэсэн утгатайгаар, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 12 193 200 төгрөгийг “Баялаг эмээлт” ХХК руу гэсэн утгатайгаар, 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 84 100 000 төгрөгийг Санжаадорж зээл төлөв гэсэн утгатайгаар, “Ү” ХХК-ийн өмнөөс төлбөр, зээл хаах гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн. Хавтаст хэргээс харахад “Я” ХХК болон “Ү” ХХК-иудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, түүний үр дагавартай холбогдуулан хэргийг шийдвэрлэх ёстой атал хавтаст хэрэгт авагдаж шүүхээс үнэлсэн дээрх нотлох баримтууд нь “Ү" ХХК бус харин “Ялгуусап” ХХК болон Нямцогт, Оргиохүү, “Баялаг эмээлт” ХХК зэрэг өөр бусад иргэн, хуулийн этгээдүүдийн хооронд үүссэн харилцаанд хамааралтай мөнгө шилжүүлсэн гүйлгээний баримтууд юм. Өөрөөр хэлбэл бусдын үүргийг “Ү” ХХК-д хүлээлгэхээр шүүх шийдвэрлэсэн нь нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлээгүй байна.

...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж тус тус заасан. Давж заалдах шатны шүүх “Хэргийн 59 дүгээр талд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамтарч ажиллах тухай протокол гэх бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримт нь “Ү” ХХК-ийн тахианы аж ахуйд хэрэгцээтэй байгаа хөрөнгийнх нь үүсвэрийг “Я” ХХК гаргах, тахианы аж ахуйн үйл ажиллагаанаас олсон ашиг алдагдлыг 51:49 харьцаагаар эзэмшиж хариуцна гэх агуулгатай байна. Дээрх бичгийн баримтаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй” гэж тайлбарласан байдаг. Давж заалдах шатны шүүх талуудын хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцлийг хамтран ажиллах гэрээний гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн. Тухайн нотлох баримтыг дүгнэх дүгнэхгүй талаарх хариуцагч талын маргааныг эцэслэн шийдвэрлээгүй.

Мөн давж заалдах шатны шүүх “Я” ХХК-ийн ерөнхий санхүүч Л.Энхбаатар ...гэж тухайн этгээдийг шууд зааж байгаа нь ойлгомжгүй юм. Шүүх тооцоо нийлсэн актыг ерөнхий санхүүчтэй хамт үнэлж нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэж дурджээ. Хэргийн оролцогчид бол тооцоо нийлсэн акт дээр маргаж, тухайн тооцоо нийлсэн актаар хамтран ажиллах гэрээний үүрэгт шилжүүлсэн үнийн дүнг төлөхгүй гэж маргасан хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж шийдвэрлэж байна. Хариуцагч гал тооцоо нийлсэн акт дээр маргаж байгаагаа мөн давхар цохон тэмдэглэх нь зүйтэй юм. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Я” ХХК нь хариуцагч “Ү” ХХК-д шувууны аж ахуйд гэсэн утга бүхий анхан шатны санхүүгийн баримтыг зээлийн гэрээний үүрэг гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар талуудын хүсэл зоригийг буруу тайлбарлаж, зээлийн гэрээний үүрэг буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд хамруулж шийдвэрлэсэн нь хариуцагч “Ү” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тyc тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Я” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “Ү” ХХК-иас зээлийн гэрээний гүйцэтгэлд 1 326 518 208 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч “Ү” ХХК нь нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн байдлыг хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн үүргийн харилцааны төрлийг зөв тодорхойлоогүй, улмаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хангалттай бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, банкны өөрийн компанийн дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын болон санхүүгийн баримтууд, хариуцагчтай тооцоо нийлсэн хүснэгт зэргийг шүүхэд гаргажээ. Эдгээр баримт нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шилжүүлсэн мөнгөний хэмжээг тодорхойлж байх ба хариуцагч мөнгийг хүлээж авсан болон тооцооны талаар маргаагүй байна.

Тооцоо нийлсэн баримтад ““Я” ХХК-иас “Ү” ХХК-д зээлдүүлсэн мөнгө, хүү” гэж, санхүүгийн баримтуудад “зээлийн мөнгө” гэж тодорхойлсноос өөрөөр зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх байдал тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч “Я” ХХК-иас хариуцагч “Ү” ХХК-д шилжүүлсэн мөнгийг хариуцагч буцаан төлөх үүрэг хүлээсэн эсэх, авч буй мөнгийг хэдий хугацаанд эгүүлэн төлөх ёстой байсан, Нямцогт, Оргиохүү, “Баялаг эмээлт” ХХК зэрэг гуравдагч этгээдийн нэрээр шилжүүлсэн мөнгийг “Ү” ХХК хариуцах эсэх, урьд авсан мөнгийг эгүүлэн өгөөгүй байхад нэмж их хэмжээний мөнгө зээлдүүлэх болсон шалтгаан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

Зохигч нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Хамтран ажиллах тухай протокол” нэртэй баримт үйлдэн, хоёр компанийн захирал гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамгаар баталгаажуулсан байна. Уг баримтад зааснаар “Ү” ХХК-ийн тахианы аж ахуйд хэрэгцээтэй байгаа хөрөнгийн эх үүсвэрийг “Я” ХХК гаргах, тахианы аж ахуйн үйл ажиллагааг үр ашигтай, хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж, олсон цэвэр ашгийг, мөн алдагдлыг 51:49 харьцаагаар эзэмших, хариуцахаар тохиролцсон байна. Харин цаашид аж ахуйн үйл ажиллагааг өргөтгөх, ашиг орлогыг хуваан эзэмших талаар нарийвчилсан гэрээг хамтран хийж болохоор уг тохиролцоонд заажээ.

Анхан шатны шүүх уг баримтыг хэрхэн үнэлсэн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй бол давж заалдах шатны шүүх тухайн баримтад хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын оролцоо, үйл ажиллагаа, эрх, үүрэг тодорхой тусгагдаагүй тул хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй гэж дүгнэжээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг байна.

Хамтран ажиллах гэрээг амаар болон бичгээр байгуулах боломжтой ба бичгээр байгуулах гэрээнд тусгагдвал зохих мөн зүйлийн 476.2.-т заасан нөхцлүүдийг талууд гэрээ, протокол, хэлцэлд дутуу тусгасан байх нь тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн, гэрээний хэлбэрт хуулиар тусгайлсан шаардлага тогтоогоогүй нөхцөлд талуудын хүсэл зоригийн илэрхийллийг гэрээний хэлбэр болон агуулгын дутагдлаар үгүйсгэх үндэслэлгүй.

Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодруулахгүйгээр шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ажиллагааг хангалттай гүйцэтгээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байх ба шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 103/ШШ2018/00005 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 589 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 103/ШЗ2018/00444 дүгээр захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН