Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 589

 

 

“Я” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 103/ШШ2018/00005 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Я” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ү” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 326 518 208 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С, Д.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ү” ХХК 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн манай компани санхүүгийн хүнд байдалд орох гээд байна зээл олгож туслаач хэмээн манай компани дээр ирж уулзсан. 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 1 326 518 208 төгрөгийг зээлдүүлсэн. Тус компани бусдад асар их хэмжээний өртэй байсан нь дараа нь мэдэгдэж бид тэдэнд хөрөнгө оруулалт хийх, хамтарч ажиллах санал тавьсан. Гэтэл тус компанийн захирал манай компанид өөрийн компаниа 2 тэрбум төгрөгөөр авбал ав үгүй бол өгөхгүй, хамтарч ажиллахгүй гэж тулгаж эхэлсэн. Хоёр тал тооцоогоо нийлье гэж ярилцаад 2015 оны 10 сарын 14-ний өдөр тооцоо нийлж, харилцан хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж тамга тэмдгээ дарж өглөг авлагаа баталгаажуулсан. Энэ тооцоогоор “Ү” ХХК манай компанид 2015 оны 10 сарын 14-ний өдрийн байдлаар 947 160 545 төгрөгийн өртэй байсан. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн өрөнд 19 500 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баялаг Эмээлт ХХК-ийн үлдэгдэл өрөнд 12 193 200 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Капитал банкны өрөнд 84 100 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Ү” ХХК-ийн өрөнд тооцуулахаар н.Ганчимэгт 15 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр 500 000 төгрөг, нийт 131 293 200 төгрөг өгсөн. 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өгсөн зээлд хүү тооцсон, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн зээл болон түүнээс хойш өгсөн зээлд хүү тооцоогүй, хүү тооцсоноо өөрөө хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн. Иймд “Ү” ХХК-иас 1 326 518 208 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ү” ХХК-ийн захирал Ч.Н миний бие 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Я” ХХК-иас 100 000 ам.доллар, 100 000 000 төгрөгийг төслийн зээл хөөцөлдөж байгаа зээл авахаар өгье гэж авсан. 2012 онд Жайка олон улсын байгууллагаас 1 тэрбум 500 сая төгрөгийн зээл хүсч төсөлд хамрагдсан боловч барьцаа хөрөнгийн хэмжээ хүрэхгүй гээд 400 000 000 төгрөгийн зээл олгогдож санхүүжилт дутуу хийгдсэн. 2013 онд дахин Засгийн газрын үнэ тогтворжуулах төсөлд хамрагдсан. Төсөл сонгон шалгаруулалтаар уг төслийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газар мөнгөгүй болсон шалтгаанаар уг зээл олгогдохгүй болж манай компани санхүүгийн хүнд байдалд орсон. Дөнгөж эхэлж байгаа үйлдвэрлэл хэвийн жигд үйл ажиллагаа явуулж чадахгүй бусдад их хэмжээний өр төлбөртэй хэцүү байдалд орсон учир 2013 оны 11 сард “Я” ХХК-ийн захиралтай уулзаж манай төслийн зээл бүтсэнгүй танай мөнгийг өгөх боломжгүй, үйл ажиллагаа явуулж чадахгүй байдалд хүрээд байна гэж уулзсан. Бид ярилцаж тохиролцоод 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамтарч ажиллах тухай тэмдэглэл үйлдэж “Я” ХХК нь манай компанид хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллахаар шийдвэрлэсэн. “Я” ХХК-иас “Ү” ХХК-д 450 936 745 төгрөг, 100 000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан. “Я” ХХК хөрөнгө оруулагч байхаа болж бүрэн өөрчилж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 2013 оны 11 сард хийсэн тохиролцоогоор хамтарч ажиллах, цэвэр ашиг, алдагдлыг 51/49-ийн харьцаагаар эзэмшиж хариуцахаар тохиролцсон. Хамтран ажиллах гэрээнээсээ татгалзаж шүүхэд өгсөн учраас авсан мөнгөө л төлнө бусдыг нь төлөхгүй. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хоорондын өр зээлийн асуудлыг тооцож үзээд тооцоо нийлж хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан нь үнэн. Тооцоо нийлсэн баримтаа зөвшөөрч байгаа, үнэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч “Ү” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1 063 453 745 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Я” ХХК-д олгож, 263 064 463 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 790 541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5 475 219 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтын хамаарал, ач холбогдол зэргийг үл харгалзан тал бүрээс нь бодитой үнэлж дүгнээгүй. ...Хавтаст хэргээс харахад “Я” ХХК болон “Ү” ХХК-иудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, үр дагавартай холбогдуулан хэргийг шийдвэрлэх ёстой атал хэрэгт авагдаж шүүхээс үнэлсэн нотлох баримтууд нь “Ү” ХХК бус харин “Я” ХХК болон Ч.Н, оргиохүү, “Баялаг эмээлт” ХХК зэрэг өөр бусад иргэн, хуулийн этгээдүүдийн хооронд үүссэн харилцаанд хамааралтай мөнгө шилжүүлсэн гүйлгээний баримтууд байна. Өөрөөр хэлбэл бусдын үүргийг Үлэмж буян ХХК-д хүлээлгэхээр шүүх шийдвэрлэсэн нь нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлээгүй байна. ...Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Я” ХХК нь хариуцагч “Ү” ХХК-д зээлийн гэрээний дагуу түүний өмчлөлд мөнгийг шилжүүлсэн гэх баримтгүй, зээлийн гэрээг мөн бичгээр байгуулаагүй байхад анхан шатны шүүх талуудын хүсэл зоригийг буруу тайлбарлаж, зээлийн зүйлийг хүүгийн хамтаар гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс болж хариуцагч Ү ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Я” ХХК хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 326 518 208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагчид зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг зээл, зээлийн хүүгийн хамт төлөх баталгаа гаргасан тул 1 326 518 208 төгрөг төгрөг гаргуулна гэж, хариуцагч нэхэмжлэгч нь тус компанид 110 000 ам.доллар, 450 936 745 төгрөгний хөрөнгө оруулсан, хамтран ажиллах гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй учир төлөхгүй гэж татгалзлаа тайлбарлажээ.

 

Хэргийн 59 дүгээр талд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хамтарч ажиллах тухай протокол гэх бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримт нь “Ү" ХХК-ийн тахианы аж ахуйд хэрэгцээтэй байгаа хөрөнгийн эх үүсвэрийг “Я” ХХК гаргах, тахианы аж ахуйн үйл ажиллагаанаас олсон ашиг алдагдлыг 51:49 харьцаагаар эзэмшиж хариуцана гэх агуулгатай байна.

 

Дээрх бичгийн баримтаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь энэхүү бичгийн баримтад хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талууд ямар байдлаар оролцох, ямар үйл ажиллагаа явуулах, талуудын эрх үүрэг тодорхойгүй, бодитойгоор хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Энэ талаарх хариуцагчийн тайлбар болон гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч “Я” ХХК нь хариуцагч “Ү” ХХК-д 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 110 000 ам.доллар буюу 136 155 800 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 100 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 8 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 30 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 53 775 545 төгрөг, 27 868 000 төгрөг, 32 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 30 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 19 500 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 12 193 200 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 84 100 000 төгрөг, нийт 587 092 545 төгрөг тус тус зээлдүүлсэн үйл баримт хэргийн 10, 12, 15, 17, 20, 22, 24, 26, 28, 37-38, 42 дугаар талд авагдсан Капитал банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, Капитал банкны төлбөрийн баримт, Голомт банкны дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, Хаан бакны орлогын мэдүүлэг болон талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогджээ.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Нэхэмжлэгч “Я” ХХК-ийн Ерөнхий санхүүч Л.Энхбаатар, хариуцагч “Ү” ХХК-ийн захирал Ч.Нямцогт нар тооцоо нийлж 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар гэрээний дагуу нийт 947 160 545 төгрөг төлөхөөр тооцоо нийлсэн баримт үйлдсэн бөгөөд нэхэмжлэгч компанийн Ерөнхий санхүүч Л.Энхбаатар, хариуцагч “Ү” ХХК-ийн захирал Ч.Н нар тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан, эдгээр гарын үсгийн үнэн зөв эсэх талаар талууд маргаагүй байна.

 

            Дээрх тооцоо нийлсэн баримтанд нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч зээл болон зээлийн хүүгийн хамт 947 160 545 төгрөг төлөхөөр  зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрсөнөөр гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн баримтыг үндэслэн 947 160 545 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 500 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 12 193 200 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 84 100 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 500 000 төгрөг, нийт 1 063 453 745 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 263 064 463 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулав.

 

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 263 064 463 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул “анхан шатны шүүх нотлох баримтын хамаарал, ач холбогдол зэргийг үл харгалзан тал бүрээс нь бодитой үнэлж дүгнээгүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 103/ШШ2018/00005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “43 дугаар зүйлийн 43.2.1, 43.3” гэснийг “199 дүгээр зүйлийн 199.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ү” ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 300 823 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

 

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ