Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 79

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

    Шүүгчид                              Я.Туул                                       

                                                                             Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                                  Прокурор                            Д.Нямдэлэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч    Р.Атарцэцэг

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Тогооч овогт Батжаргалын Уламбаяр, Боржигон овгийн Цэвэлмаагийн Батбаатар нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618000358 дугаартай, 148/2017/0034/Э индекстэй, 3 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээ сарын 07-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1990  оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөрлөгийн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт,  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 3 дугаар хэсгийн 131 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ “Сэлэнгэ-Энерго” орон нутгийн өмчит компанид үнс зайлуулах төхөөрөмжийн машинист ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тогооч овогт Батжаргалын Уламбаяр /Регистрийн дугаар: МЬ90110810/

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймаг Булнай суманд 1971  оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт,  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 5 дугаар хэсгийн 102 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Цэвэлмаагийн Батбаатар /Регистрийн дугаар: ИЦ71043010/

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Уламбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчимд техникийн хувьд бүрэн бус буюу урд гэрлийн тусгалын чадлын хэмжээ, тохиргоо, жоллооны механизмын тохиргоо алдагдсан 40-14 СЭҮ улсын дугаартай “Avente XD” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/ хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, б/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт ойрын гэрлийг асаана” гэснийг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Шунхлай” шатахуун түгээх станцын зүүн талын буюу Сэлэнгэ-Дархан чиглэлийн төв асфальтан зам дээр явган зорчигч Ж.Чимэгмааг дайрч амь насыг нь хохироосон,

 Шүүгдэгч Ц.Батбаатар нь 2016 оны  12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчимд техникийн хувьд урд их гэрлийн тусгалын чадлын хэмжээ, тохиргоо, хойд тэнхлэгийн тоормос стандарт шаардлага хангахгүй, 68-62 УБЦ улсын дугаартай “Nissan Plusar” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/ хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, б/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт ойрын гэрлийг асаана” гэснийг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Шунхлай” шатахуун түгээх станцын зүүн талын буюу Сэлэнгэ-Дархан чиглэлийн төв асфальтан зам дээр явган зорчигч Ж.Чимэгмааг дайрч амь насыг нь хохироосон үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Уламбаяр,  Ц.Батбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 130 дугаартай шийтгэх тогтоолоор:

 -Тогооч овогт Батжаргалын Уламбаяр, Боржигон овогт Цэвэлмаагийн Батбаатар нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлгийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюудгүй байдал, ашиглалтын журам зөрчснөөс хүний амь нас хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Тогооч овогт Батжаргалын Уламбаяр, Боржигон овогт Цэвэлмаагийн Батбаатар нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус тус 3 жилийн хугацаагаар хасч, тус тус хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Батбаатар, Б.Уламбаяр нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Уламбаяр нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Батбаатараас 1.556.966 төгрөг гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар төлбөрийг тэнссэн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн 3-р хэсгийн Төмөр замын дан байранд оршин суух Төмөр замын зам ангийн 1-р хэсэгт бригадын дарга ажилтай Жимбээгийн Нямцэрэнд  олгож,

-Талийгаач Ж.Чимэгмаагийн 10 настай охинд тэтгэлэг төлүүлэх талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нямцэрэнгийн гаргасан хүсэлтийг  хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Тогооч овогт Батжаргалын Уламбаяр, Боржигон овогт Цэвэлмаагийн Батбаатар нарт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн ялын биелэлтийн хугацаанд зан үйлээ засах, сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Уламбаярын №00978666 тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №962875 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх,  шүүгдэгч Ц.Батбаатарын №01110463 тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №973446 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг хурааж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 40-14 СЭҮ улсын дугаартай “Аvante XD” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, 68-62 УБЦ улсын дугаартай “Nissan Plusar “ маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслүүдийг тус тус битүүжлэлээс чөлөөлж, Б.Уламбаяр, Ц.Батбаатар нарт эргүүлэн олгож,

-Энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал гараагүй болохыг дурьдаж,

-Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уламбаяр, Ц.Батбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Ариузаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн”, 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” үндэслэл тогтоогдож байна. Үүнд: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Уламбаяр, Ц.Батбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, оногдуулсан ялын төрөл хэмжээ, эдэлбэл зохих ялын хэмжээг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараахь байдлаар заасан нь буруу байна. Учир нь шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй буюу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дах хэсэгт Тогооч овогт Батжаргалын Уламбаяр, Боржигон овогт Цэвэлмаагийн Батбаатар нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус тус 3 жилийн хугацаагаар хасч, тус тус хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай” гэж заасан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “торгох ялын хэмжээ нь нэг зуун нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна” гэж заасныг шүүх хэрэглэн улмаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай гэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад дурьдсан нь шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзахаар заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалттай зөрчилдсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

         Б.Уламбаяр, Ц.Батбаатар нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх 2017 оны 09 сарын 29-ний өдөр шийдвэрлэсэн. Прокурор шийтгэх тогтоолын 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. Хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй.  Мөн 3 дахь заалт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан оногдуулсан хорих ялыг нээлттэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн. Б.Уламбаяр, Ц.Батбаатар нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг барихыг мөн хуулийн 6.1 дүгээр зүйл барьж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд үүнийг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 3 дахь заалт нь хасагдах ёстой гэж үзэж байна. Торгуулийн ял байхгүй, техникийн алдаа гарсан байх гэж үзээд шийтгэх тогтоолоос хасч, шийтгэх тогтоолд баримталсан Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийг мөн хуулийн 7.1 дүгээр зүйл  болгон өөрчлөх боломжтой гэж үзэж байна гэв.

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Б.Уламбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчимд техникийн хувьд бүрэн бус буюу урд гэрлийн тусгалын чадлын хэмжээ, тохиргоо, жоллооны механизмын тохиргоо алдагдсан 40-14 СЭҮ улсын дугаартай “Avente XD” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/ хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, б/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт ойрын гэрлийг асаана” гэснийг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Шунхлай” шатахуун түгээх станцын зүүн талын буюу Сэлэнгэ-Дархан чиглэлийн төв асфальтан зам дээр явган зорчигч Ж.Чимэгмааг дайрч амь насыг нь хохироосон,

Шүүгдэгч Ц.Батбаатар нь 2016 оны  12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчимд техникийн хувьд урд их гэрлийн тусгалын чадлын хэмжээ, тохиргоо, хойд тэнхлэгийн тоормос стандарт шаардлага хангахгүй, 68-62 УБЦ улсын дугаартай “Nissan Plusar” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/ хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, б/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт ойрын гэрлийг асаана” гэснийг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Шунхлай” шатахуун түгээх станцын зүүн талын буюу Сэлэнгэ-Дархан чиглэлийн төв асфальтан зам дээр явган зорчигч Ж.Чимэгмааг дайрч амь насыг нь хохироосон үйлдэлд нь Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх Б.Уламбаяр,  Ц.Батбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 130 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дах хэсэгт Тогооч овогт Батжаргалын Уламбаяр, Боржигон овогт Цэвэлмаагийн Батбаатар нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус тус 3 жилийн хугацаагаар хасч, тус тус хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Батбаатар, Б.Уламбаяр нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Уламбаяр нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Батбаатараас 1.556.966 төгрөг гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар төлбөрийг тэнссэн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн 3-р хэсгийн Төмөр замын дан байранд оршин суух Төмөр замын зам ангийн 1-р хэсэгт бригадын дарга ажилтай Жимбээгийн Нямцэрэнд  олгож,

-Талийгаач Ж.Чимэгмаагийн 10 настай охинд тэтгэлэг төлүүлэх талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нямцэрэнгийн гаргасан хүсэлтийг  хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Тогооч овогт Батжаргалын Уламбаяр, Боржигон овогт Цэвэлмаагийн Батбаатар нарт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн ялын биелэлтийн хугацаанд зан үйлээ засах, сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар ... тус тус зааж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын    03-ны өдрийн 09 тоот эсэргүүцлийн дагуу Б.Уламбаяр, Ц.Батбаатарт нарт холбогдох эрүүгийн хэргийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Б.Уламбаяр, Ц.Батбаатар нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Ж.Нямцэрэнгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 32-33, 2-р хх-ийн 230-241-р ху/, гэрч И.Одончимэг /1-р хх-ийн 35-р ху/, Б.Туяа /1-р хх-ийн 37-р ху/, И.Цэрэнноров /1-р хх-ийн 39-р ху/, З.Батжаргал /1-р хх-ийн 41-р ху/, Э.Энхбулган /1-р хх-ийн 43-р ху/, Н.Анхбаяр /1-р хх-ийн 44-р ху/, Г.Мөрөн           /1-р хх-ийн 45-р ху/, Д.Цогтгэрэл /1-р хх-ийн 47-р ху/, Ц.Золбаатар /1-р хх-ийн 48-р ху/, О.Тулга /1-р хх-ийн 49-р ху/, Ц.Гиймаа /1-р хх-ийн 53-р ху/, М.Түвшинжаргал /1-р хх-ийн 55-р ху/, шинжээч Д.Мөнхбат /1-р хх-ийн 57-р ху/, Т.Насанжаргал /1-р хх-ийн 58-р ху/, Н.Даваатулга / 2-р хх-ийн 151-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ¹36 тоот дүгнэлт /1-р хх-ийн 85-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын      16-ны өдрийн ¹37 тоот дүгнэлт /1-р хх-ийн 86-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 168 тоот дүгнэлт /1-р хх-ийн 124-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 тоот дүгнэлт /1-р хх-ийн 128-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 871 тоот дүгнэлт /2-р хх-ийн 155-р ху/, Тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 161-163-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх тэдний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

 

Гэвч анхан шатны шүүх Б.Уламбаяр, Ц.Батбаатар нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно…” гэсэн заалтыг баримтлалгүйгээр шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ…” гэсэн заалтыг баримтлан тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

 Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт  хорих ял оногдуулахгүйгээр тус тус 02/ хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн боловч мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Торгох ялын хэмжээ нь нэг зуун  нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна…” гэж заасан заалтыг баримтлан Ц.Батбаатар, Б.Уламбаяр нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул дээрх үндэслэлүүдээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дугаар заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “…Иргэний нэхэмжлэлийг хангасан ба түүнийг хангах талаар урьд нь арга хэмжээ аваагүй бол шүүх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл нэхэмжлэлийг  хангах арга хэмжээ авч болно…” гэсэн заалтыг баримтлан Ц.Батбаатараас 1.556.966 төгрөг гаргуулахаар  шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Батбаатараас 1.556.966 төгрөг гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар төлбөрийг тэнссэн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн 3-р хэсгийн Төмөр замын дан байранд оршин суух Төмөр замын зам ангийн 1-р хэсэгт бригадын дарга ажилтай Жимбээгийн Нямцэрэнд  олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт  оруулан зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн  130 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 5 дугаар заалтуудад өөрчлөлт оруулж, 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.5, 2 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 5 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай.

Үүнд:

2 дугаар заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Тогооч овогт Батжаргалын Уламбаяр, Боржигон овогт Цэвэлмаагийн Батбаатар нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус тус 3 жилийн хугацаагаар хасч, тус тус хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй гэж,

5 дугаар заалтыг:

“5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ц.Батбаатараас 1.556.966 төгрөг гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар төлбөрийг тэнссэн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн 3-р хэсгийн Төмөр замын дан байранд оршин суух, Төмөр замын зам ангийн 1-р хэсэгт бригадын дарга ажилтай Жимбээгийн Нямцэрэнд  олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ