Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01089

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00160 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 692 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Х-, М.Ц- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 81 539 800 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.Х-, М.Ц- нар нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эрхэлдэг тоног төхөөрөмж түрээслэх бизнест хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа тул 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Зээлдэгч нарын материалтай танилцаад Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 71/1 дүгээр байр 5 тоот хаягт байрлах 66 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн.

Зээл олгосноос хойш зээлдэгч нар үндсэн зээлийн төлбөрөөс 29 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 558 900 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 012 100 төгрөг, нийт 5 600 000 төгрөг төлсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгч нарт хүлээцтэй хандаж ирсэн бөгөөд төлбөр тооцоог цаг тухайд нь төлж дуусгахыг шаардахад удахгүй төлнө, машины түрээсийн мөнгө удахгүй орно, мөн уул уурхайн ажил хийж байгаа төлнө хугацаа өгөөч гэж шалтаг тоочин өдийг хүрсэн.

Иймд Т.Х-, М.Ц- нар байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 49 971 000 төгрөг, зээлийн хүү 28 274 900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 293 000 төгрөг, нийт 81 539 800 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэл нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ийнхүү зөвшөөрөхгүй байх хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөрт тооцоо, хадгаламжийн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 21.4-т “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар бэлнээр олгосон баримт авагдсан, харин тусгайлан данс нээгээгүй. Тийм учраас хариуцагчийн зүгээс үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хуульд заасан тусгайлсан дансаар зээлийг олгоогүй тул төлөх боломжгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00160 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Х-, М.Ц- нараас 75 569 180 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 5 970 620 төгрөгийг хэрэгсэхгүй олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Х-, М.Ц- нар нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол /16080/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 71/1 дүгээр байр, 5 тоотод байрлах, 66 мкв талбайтай Ү-2205043471 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц болох нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 635 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х-, М.Ц- нараас улсын тэмдэгтийн хураамжинд 681 796 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 692 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хариуцагч нараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг төлбөрийг гаргуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно...” 4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.” гэж зааснаар нэхэмжлэгч зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсээгүй байтал анхан болон давж заалдах шатны шүүх зээлийг энэхүү хуульд зааснаар олгогдсон гэж үзэх үндэслэлгүй байтал Иргэний хуулийн тухайн зохицуулалт болон дээрх хуулийн дагуу хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь дээрх хуулийн шаардлага хангагдаагүй нь эрх бүхий хуулийн этгээдээс олгодог зээлийг олгоогүй гэж үзэхээр байгаа бөгөөд түүний үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хэтэрсэн хугацааны хүү гэх 2 сая 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Т.Х-, М.Ц- нараас зээлийн гэрээний гүйцэтгэлд  81 539 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч нар, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаарх шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Зохигч нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч нарт 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5% хүүтэйгээр зээлдүүлсэн байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцох талаар зээлийн гэрээнд тусгасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч “Б” ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримт, зээлдэгч нарын төлбөл зохих төлбөрийн хэмжээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.  Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгч нарын дансанд шилжүүлээгүй харин бэлнээр олгосон байх нь зээлийн гэрээний харилцааг үгүйсгэх, улмаар хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00160 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 692 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН