Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 692

 

 

“Б д ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00160 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Б д ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Х, М.Ц нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 81 539 800 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Х, М.Ц нар нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эрхэлдэг тоног төхөөрөмж түрээслэх бизнест хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа тул 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Зээлдэгч нарын материалтай танилцаад Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 71/1 дүгээр байр 5 тоот хаягт байрлах 66 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Зээл олгосноос хойш үндсэн зээлийн төлбөрөөс 29 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 558 900 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 012 100 төгрөг, нийт 5 600 000 төгрөг төлсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгч нарт хүлээцтэй хандаж ирсэн бөгөөд төлбөр тооцоог цаг тухайд нь төлж дуусгахыг шаардахад удахгүй төлнө, машины түрээсийн мөнгө удахгүй орно, мөн уул уурхайн ажил хийж байгаа төлнө хугацаа өгөөч гэж шалтаг тоочин өдийг хүрсэн. Иймд Т.Х, М.Ц нар байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 49 971 000 төгрөг, зээлийн хүү 28 274 900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 293 000 төгрөг, нийт 81 539 800 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэл нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөрт тооцоо, хадгаламжийн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 21.4-т “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар бэлнээр олгосон баримт авагдсан, харин тусгайлан данс нээгээгүй. Тийм учраас хариуцагчийн зүгээс үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хуульд заасан тусгайлсан дансаар зээлийг олгоогүй тул төлөх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэпийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Х, М.Ц нараас 75 569 180 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б д ББСБ ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 5 970 620 төгрөгийг хэрэгсэхгүй олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Х, М.Ц нар нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол /16080/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 71/1 дүгээр байр, 5 тоотод байрлах, 66 м.кв талбайтай Ү-2205043471 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц болох нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийм 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 635 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х, М.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжинд 681 796 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б д ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00160 дугаартай шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг төлбөрийг гаргуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.” гэж зааснаар нэхэмжлэгч зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсээгүй байсныг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь дээрх хуулийн шаардлага хангагдаагүй нь эрх бүхий хуулийн этгээдээс олгодог зээлийг олгоогүй гэж үзэхээр байгаа бөгөөд түүний үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж хэтэрсэн хугацааны хүү гэх 2 сая 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

Нэхэмжлэгч “Б д ББСБ” ХХК нь хариуцагч Т.Х, М.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 81 539 800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсэг болох хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нар төлөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Т.Х, М.Ц нар нь “Б д ББСБ” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 16/00013 дугаар зээлийн гэрээ байгуулж, сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 50 000 000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2205043471 дугаартай, 000480103 тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 71/1 байр, 5 тоот 66 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 10-13 дугаар тал/

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 5 600 000 төгрөгийг төлснөөс гэрээний хугацаанд 3 600 000 төгрөгийг, хугацаа дууссанаас хойш 2 000 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 2 000 000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 5 970 620 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Тодруулбал, зээлийн гэрээний хавсралтаар тохирсон зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу хариуцагч нарын 3 558 900 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрөөс, 29 000 төгрөгийг үндсэн зээлээс, мөн хариуцагч нарын зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 2 000 000 төгрөгийг үндсэн зээлээс тус тус хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 47 971 000 төгрөг, зээлийн болон хэтэрсэн хугацааны хүү 27 598 180 төгрөг, нийт 75 569 180 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Шүүх хариуцагч нараас 75 569 180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэснийг нэхэмжлэгч зөрчиж зээл олгосон тул мөн хуулийн 21.4 дэх хэсэгт  “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэггүй гэж маргаж байна.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлдүүлэгчийн зарлагын баримтанд гарын үсэг зурж 50 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан баримт хэрэгт авагджээ. Хариуцагч нар уг баримтыг няцаасан тайлбар, баримтыг гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар зээлийн гэрээ байгуулж, мөнгийг авсан талаар маргаагүй тул зээлдүүлэгч бусдад зээл олгох журмыг зохицуулсан дээрх хуулийн зохицуулалт нь зээлдэгч зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                             С.ЭНХТӨР