| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 148/2017/0060/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2017-12-06 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 81
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Я.Туул
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор А.Энхтуяа
Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн давж заалдах гомдлоор, Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан “Танхайрах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн Боржигон овогт Баяраагийн Баяртогтох, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан “Догшин авирлаж, буюу бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Ананд овогт Батсуурийн Ганзориг, Тугалчин овогт Сэнгэдоржийн Дөлгөөн нарт холбогдох эрүүгийн 201218000278 дугаартай, 148/2017/0060/Э индекстэй, 10 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 1992 оны 12 дугаар сарын 28-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймаг Шаамар сумын 2-р баг 3-6 тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймаг Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баяраагийн Баяртогтох / Регистрийн дугаар: МО92122811/
2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 1990 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2-р баг Бүүргийн 5-8 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ананд овогт Батсуурийн Ганзориг / Регистрийн дугаар:МО90102611/
3.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 1991 оны 06 дугаар сарын 17-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, бетон раматурчин, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2-р баг Бүүргийн 1-3-4 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тугалчин овогт Сэнгэдоржийн Дөлгөөн / Регистрийн дугаар:МО91061713/
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Б.Баяртогтох нь урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгэгдэж ял эдэлж байхдаа согтуугаар 2012 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ амгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд талд Л.Эрдэнэбилэгийн хамт явж байсан Т.Түвшинтөрийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож танхайрсан, мөн яллагдагч Б.Ганзориг,С.Дөлгөөн нар нь согтуугаар бүлэглэн 2012 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд талд Т.Түвшинтөрийн хамт явж байсан Л.Эрдэнэбилэгийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Б.Баяртогтох, Б.Ганзориг, С.Дөлгөөн нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 135 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 1.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Баяраагийн Баяртогтоход 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан “Танхайрах” гэмт хэрэгт зүйлчилсэн үйлдэл холбогдлыг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 1.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ананд овогт Батсуурийн Ганзориг, Тугалчин овогт Сэнгэдоржийн Дөлгөөн нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт зүйлчилсэн үйлдэл холбогдлыг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ананд овогт Батсуурийн Ганзориг, Тугалчин овогт Сэнгэдоржийн Дөлгөөн нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан “Бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг болгон өөрчлөн зүйлчилж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлгийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ганзориг, С.Дөлгөөн нарыг мөн хуулийн тусгай ангийн 20.16 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Б.Ганзориг, С.Дөлгөөн нарын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,
-Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “адидас” гэсэн бичиглэлтэй цамц 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн кет 1 хос зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт хадгалах байранд шилжүүлж,
-Б.Баяртогтох, Б.Ганзориг, С.Дөлгөөн нараас бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртогтох нь энэ хэргийн улмаас 2012 оны 11 сарын 16-ны өдрөөс сэжигтнээр, 2012 оны 11 сарын 26-наас 2016 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон 1290 хоног, шүүх 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 07 сарын 25-ны өдөр хүртэл 53 хоног цагдан хорьсныг нэмж нийт 1343 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Ганзориг 2014 оны 05 сарын 02-ны өдөр хойшлуулшгүйгээр баривлагдаж, 2014 оны 05 сарын 05-наас 05 сарын 15-ны өдөр хүртэл сэжигтнээр, 2015 оны 09 сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл яллагдагчаар нийт 81 хоног, шүүх 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 05 сарын 25-ны өдөр хүртэл 22 хоног цагдан хорьсныг нэмж нийт 103 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч С.Дөлгөөн 2014 оны 05 сарын 02-ны өдөр хойшлуулшгүйгээр баривлагдаж, 2014 оны 05 сарын 05-наас 05 сарын 15-ны өдөр хүртэл сэжигтнээр нийт 13 хоног, шүүх 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 05 сарын 25-ны өдөр хүртэл 22 хоног цагдан хорьсныг нэмж нийт 35 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурьдан,
-Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үндэслэл нь 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол тогтоолыг хүчингүй болгохоор заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн 3.1-р зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэлийг заасан. Мөн хуулийн 3.1-р зүйлийн 4 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуулиар харъяалуулсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэнэ гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-р зүйлийн 3 хэсэгт эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ хуулийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна гэж хуульчилсан байна. Дээрхи таслан сэргийлэх арга хэмжээнүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-р зүйлийн 1.5 хэсэгт хуульчилсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг яллагдагч Б.Баяртогтох, С.Дөлгөөн, Б.Ганзориг нарт 2017 оны 05 сарын 23-ны өдрийн “таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” 143 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хянан шийдвэрлэсэн, шийтгэх тогтоол гаргасан шүүгч Б.Нацагдорж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн байдал тогтоогдлоо. Мөн 2017 оны 07 сарын 20-ны өдрийн 253 тоот шүүгчийн захирамжаар Б.Баяртогтоход авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэж байсан.
Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.3-д зааснаар ...энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан заалтыг шүүгч Б.Нацагдорж зөрчсөн байна. Тиймд дээрхи заалтуудаар хориглосон оролцож болохгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд хуулийг зөрчсөн нь тогтоогдож байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болох үндэслэл тогтоогдож байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлыг тодорхойлж өгсөн. Энэ нөхцөл үндэслэлээс бусад асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй гэсэн ойлголттой байсан. Тиймээс урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаагүй юм. Гэтэл хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч бид нар шүүх хуралдааны явцад хэргийг буруу тусгаарласан талаархи асуудал шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй байдал үүсвэл хуралдаанаас хэргийг прокурорт буцааж болох тухай ойлголтыг авсан байснаас хохирогчийн эрх хөндөгдөж хохирч үлдэж байгаад туйлаас харамсаж байна. Энэ ойлголтоор явснаар 2017 оны 10 сарын 04-ний өдрийн эрүүгийн шүүх хуралдаанаар хэрэг буруу тусгаарласан, хэргийн гэм буруугийн талаар үйлдсэн 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 83 тоот яллах дүгнэлтийн талаар хэлэлцсэн боловч зөвхөн яллах дүгнэлтэнд дурдсан асуудлаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн байр сууриар хэрэг хянан хэлэлцэгдэж дууссан.
Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 3 хэсэгт ...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь:
1. Шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар Б.Баяртогтоход үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан “танхайрах” гэмт хэрэгт зүйлчилж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай гэжээ.
2. Тогтоолын 2 дахь заалт Б.Ганзориг, С.Дөлгөөн нарын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт зүйлчилсэн үйлдэл холбогдлыг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон,
3. Тогтоолын 3 дахь заалт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан бүлэглэн танхайрсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 зүйл болгож өөрчилж гэм буруутайд тооцон хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байдал үүсч байгаа. Учир нь: 2017 оны 04 сарын 26-ны өдрийн 83 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт ...Яллагдагч Б.Баяртогтох нь 2012 оны 02 сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жилийн ял эдэлж байх хугацаандаа согтуугаар 2012 оны 08 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ...Түвшинтөрийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож танхайрсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж тодорхойлсон байгаа.
Шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт ...хэнийг хэзээ хэдийд яаж ямар байдлаар зодсон, яаж танхайрсан зэрэг нөхцөл байдлыг огт тусгаагүй ...шүүгдэгч Б.Баяртогтох нь мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай нь тогтоогдож байгаа боловч гэжээ. Энэ нь шүүхийн шийтгэх тогтоолд бичигдэх ёстой 36.7-р зүйлийн 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоож чадсангүй. Б.Баяртогтохын гэм бурууд эргэлзээ төрүүлэх байдлаар бичсэн байна. Б.Баяртогтох нь тухайн нөхцөл байдалд хэн нэгний эрүүл мэндэд гэм хор учруулахгүйгээр ямар нэгэн үйлдэл гаргаагүй байсан мэтээр бичигдсэн байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх шилжүүлсэн хэргийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх заалттай ч 10 хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тухайн хохирогчийн өмгөөлөгч нарын нотлон шилжүүлсэн нэг ч баримтыг шийтгэх тогтоолдоо бичээгүй байна. Энэ хэргийн тухайд маш ноцтой анхаарал татсан олон асуудал байгаа. Тухайлбал: 2012 оны 08 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Б.Баяртогтох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлд заасан гэм буруутайд тооцогдон 4 жилийн хорих ялыг эдэлж байх хугацаандаа зөвшөөрөлгүй гадуур сэлгүүцэн Шаамар суманд хэсэг нөхдийн хамт явж байхдаа зүгээр гэм зэмгүй явж байсан Түвшинтөрийг танихгүй байна уу гэсэн асуудлаар зодож, эрх чөлөөнд нь халдан амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд энэхүү хэргийг Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээс Улсын ерөнхий Прокурорын газраас харъяалал тогтоон Улаанбаатар хот руу шилжүүлсэн. Гэтэл Улаанбаатар хотод шалгаж байсан Нийслэлийн Прокурорын газар хяналт тавьж байсан. Б.Баяртогтох нарт холбогдох хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийн харъяаллын дагуу шилжүүлсэн талаар хэргийн оролцогч нарт огт мэдэгдээгүй, хэргийн материалтай шүүх хуралдаанаас өмнө танилцаж үзэхэд Эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол гарсантай танилцсан. Уг асуудлын талаар шүүх хуралдаан дээр ярьсан боловч зөвхөн гэм буруугийн талаар ярилцана гэж уг асуудлыг орхигдуулсанд гомдолтой байна.
Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч Б.Баяртогтох талийгаач Түвшинтөрийг үл хүндэтгэн зодсон талаар бичсэн байтлаа бусдын амь нас хохирсон асуудлыг орхигдуулсан нь боломжгүй байдлыг үүсгэж байгаа. Тухайн нөхцөл байдал болон гэрчүүд яллагдагч нар Түвшинтөрийг Баяртогтох зодсон, зодуулсан газраа хөдөлгөөнгүй хэвтэж байсан, түүний дэргэд хашааны банз сугарсан байсан, чи бос гээд нүүр рүү алгадаад байсан гэх мэдүүлгүүд байгаа. Гэтэл ямар үндэслэлээр Түвшинтөрийн амь насыг Баяртогтох хохироогоогүй гэж үзээд байгаа нь ойлгомжгүй тэгээд ч амь нас хохирсон асуудлыг суудлын галт тэргэнд дайруулсан мэтээр ярьж тусгаарлан үлдээж байгаа нь туйлаас буруу юм. Баяртогтох тухайн үед Түвшинтөрийг зодоогүй байсан бол талийгаач амь насаа алдахгүй байсан. Нөгөө талаар суудлын болон ачааны галт тэргэнд дайруулах ямар ч боломж байхгүй. Шинжээч Б.Даваасүрэнгийн 2 удаагийн дүгнэлтээр ...талийгаачийн толгойн оройд үүссэн гэмтэл нь босоо эсвэл хэвтээ хөдөлгөөнгүй байдалд толгойн чанх дээрээс тэгш гадаргуутай хүчтэй зүйлээр цохиж үүсгэсэн. Хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэсэн байгаа. Хэрэв галт тэргэнд дайрагдсан буюу шүргүүлсэн, мөргүүлсэн тохиолдолд хүн галт тэрэгний рэйс төмөр дээр гараа дэлгээд хэвтэх боломжгүй, галт тэргэнд очоод мөргүүлээд байх боломжгүй, тэр үед галт тэрэг явах үед замд ямар ч саад тотговор болох зүйл байгаагүй гэж галт тэрэгний машинч нар гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Төмөр замын мэргэжлийн шинжээч Бадрахын 2013 оны 07 сарын 08-ны өдрийн 2/003/179 тоот дүгнэлтэнд 80 км цагийн хурдтай явж байгаа галт тэргэнд хүн мөргүүлэх шүргүүлэх тохиолдолд ийм байдалтай үлдэх боломжгүй гэж дүгнэсэн байдаг.
4. Түүнчлэн талийгаачийн тухайн үед өмсөж явсан хувцас шүүх хуралдааны үед шинжлэн судлуулах гэсэн боловч байгаагүй. Бид Баяртогтохын өмсөж явсан гэх хувцсыг шинжлэн судлуулах ямар ч ач холбогдолгүй. Өмсөж явсан хувцсаа цагдан хорих байранд ирж сольсон байдаг. Хамгийн чухал нь талийгаачийн өмсөж явсан хувцас ямар хэмжээтэй хаанаа яаж цусаар бохирлогдсон болохыг л харуулах ёстой гэж үзэж байна. Энэ хэрэгт анхаарах олон асуудал байдаг. Үүнд: ...талийгаач тухайн үед энэ гэмтлийг авсан даруйдаа хөдөлгөөн хийх боломжгүй байдал
-талийгаачийг үхчихнэ гэж бодсонгүй. Эрдэнэбилэгийг үхчих байх гэж бодсон гэх мэдүүлэг
-өглөө Баяртогтохыг цагдан хорих байранд хүргэж өгсөн гэх машин хэрэг шалгах явцад зарагдсан,
-тухайн орой бороотой шалбааг ихтэй байсан байдлыг цаг уур шинжилгээний хүрээлэнгийн тодорхойлолт, тэнд байсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Хэрэв талийгаач өөрийн хөлөөр явж төмөр замын осолд орсон бол талийгаачийн өмсөж явсан пүүзнээс цус илрэх боломжгүй, бороонд түүний пүүзний цус арилах бүрэн боломжтой.
-өглөө үүрээр 2 хүн төмөр зам дээр хар юм дамжилан явж байсныг харсан гэх 2 гэрч нь Ганзоригийн хамаатан байсан бөгөөд сүлдээ дамжилж авч явсныг хараагүй гэж хүнд ярьсан асуудлаасаа буцдаг.
Харин анх дуудлага авч хэргийн газар очсон цагдаа Буяндэлгэр нь талийгаачийн баруун гар төмөр замын рейс төмөр дээр дэлгээтэй байсан галт тэрэг явах болсон тул гарыг нь биеийг нь дагуулж тавьсан гэх мэдүүлэг зэрэг нь ач холбогдолтой нотлох баримтын талаар шийтгэх тогтоолд огт бичигдсэнгүй. Үүнээс улбаалан хохирогчийн хохирлын асуудал хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй үлдэж байна. Хохирогч энэ олон жил сэтгэл санаа, эд материалын асар их хохирол амсаж байгааг бид анхаарах ёстой. Дээрхи байдлуудаас дүгнэн үзэхэд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхэд буцаах үндэслэл тогтоогдож байна гэж гомдол бичсэн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:
Баяртогтоход холбогдох хэрэг 2012 онд үйлдэгдсэн. 2017 оны 10 сарын 04-ний өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. 2017 оны 10 сард шийдэгдсэн учраас прокурорын яллах дүгнэлтэнд заасан зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлж өөрчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Тодорхойлох нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Баяртогтох нь урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгэгдэж ял эдэлж байхдаа согтуугаар 2012 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд талд Л.Эрдэнэбилэгийн хамт явж байсан. Т.Түвшинтөрийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож танхайрсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар,
Б.Ганзориг,С.Дөлгөөн нар нь согтуугаар бүлэглэн 2012 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд талд Т.Түвшинтөрийн хамт явж байсан Л.Эрдэнэбилэгийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Б.Баяртогтох, Б.Ганзориг, С.Дөлгөөн нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 135 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 1.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Баяраагийн Баяртогтоход 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан “Танхайрах” гэмт хэрэгт зүйлчилсэн үйлдэл холбогдлыг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 1.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ананд овогт Батсуурийн Ганзориг, Тугалчин овогт Сэнгэдоржийн Дөлгөөн нарт 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт зүйлчилсэн үйлдэл холбогдлыг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ананд овогт Батсуурийн Ганзориг, Тугалчин овогт Сэнгэдоржийн Дөлгөөн нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан “Бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг болгон өөрчлөн зүйлчилж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлгийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ганзориг, С.Дөлгөөн нарыг мөн хуулийн тусгай ангийн 20.16 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Б.Ганзориг, С.Дөлгөөн нарын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,
-Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “адидас” гэсэн бичиглэлтэй цамц 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн кет 1 хос зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт хадгалах байранд шилжүүлж,
-Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгаж шийдвэрлэсэн байна.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Ж.Яринпил нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Баяртогтох, С.Дөлгөөн, Б.Ганзориг нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Б.Баяртогтох нь урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгэгдэж ял эдэлж байхдаа согтуугаар 2012 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд талд Л.Эрдэнэбилэгийн хамт явж байсан. Т.Түвшинтөрийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож танхайрсан хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Энхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /10-р хх-ийн 140153-р ху/, хохирогч Л.Эрдэнэбилэг /1-р хх-ийн 30-34, 2-р хх-ийн 168, 241-242, 243-245, 4-р хх-ийн 145,147-р ху/, гэрч М.Батжаргал /1-р хх-ийн 70-76, 2-р хх-ийн 178,4-р хх-ийн 150,165-166-р ху/, Б.Соёмбо /1-р хх-ийн 49-54, 60-62, 2-р хх-ийн 176-177,4-р хх-ийн 167-169, 9-р хх-ийн 139-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Соембын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 121-125-р ху/, яллагдагч Б.Ганзоригийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 126-127-р ху/, яллагдагч С.Дөлгөөний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн128-129-р ху/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар,
Б.Ганзориг, С.Дөлгөөн нар нь согтуугаар бүлэглэн 2012 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд талд Т.Түвшинтөрийн хамт явж байсан Л.Эрдэнэбилэгийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Л.Эрдэнэбилэг /1-р хх-ийн 30-34, 2-р хх-ийн 168, 241-242, 243-245, 4-р хх-ийн 145,147-р ху/, гэрч М.Батжаргал /1-р хх-ийн 70-76, 2-р хх-ийн 178,4-р хх-ийн 150,165-166-р ху/, Б.Соёмбо /1-р хх-ийн 49-54, 60-62, 2-р хх-ийн 176-177,4-р хх-ийн 167-169, 9-р хх-ийн 139-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Соембын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 121-125-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 223 тоот дүгнэлт /1-р хх-ийн 172-173-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх тэдний гэм буруугийн асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Б.Баяртогтох, Б.Ганзориг, С.Дөлгөөн нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний эцэст /10-р хх-ийн 08-23-р ху/ Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 95 дугаартай “Шүүх хуралдаан даргалагч томилох тухай” захирамжаар /10-р хх-ийн 25-р ху/ Б.Баяртогтох, Б.Ганзориг, С.Дөлгөөн нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар томилогдсон шүүгч Б.Нацагдорж нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 143 дугаартай “Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамжаар шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүгч анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй…”, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “…Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэнэ…” гэсэн заалтуудыг зөрчөөгүй байх тул өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.3-д зааснаар “...энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан заалтыг шүүгч Б.Нацагдорж зөрчсөн байна. Тиймд дээрхи заалтуудаар хориглосон оролцож болохгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд хуулийг зөрчсөн нь тогтоогдож байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болох үндэслэл тогтоогдож байна…” гэсэн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Б.Баяртогтох, Б.Ганзориг, С.Дөлгөөн нарт холбогдох эрүүгийн хэрэг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн бөгөөд хохирогч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс энэ хугацаанд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй тул 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “…Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүй байж болно…” гэж заасны дагуу шүүх 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
1.Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.
1.1 хэргийг буруу тусгаарласан бол… гэж заасан бөгөөд Нийслэлийн Прокурорын Газрын прокурорын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаартай Сэжигтэнд холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор /10-р хх-ийн 15-17-р ху/ Эрүүгийн 201218000278 дугаартай хэргээс яллагдагч Б.Баяртогтоход холбогдох “Т.Түвшинтөрийг танхайн сэдэлтээр санаатай алсан” гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчийн 2017 оны03 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоолоор /10-р хх-ийн 06-07-р ху/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийг удирдлага болгон Б.Баяртогтох нарт холбогдох 201218000278 дугаартай хэргээс Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн төмөр замын хашаан дотор Төмөр замын 42 дугаар км-ийн 4 дүгээр зуутад рейс төмрийн иргэн Т.Түвшинтөр нас барсан байдалтай олдсон 20131800094 дугаартай хэргийг тусгаарлаж шалгахаар шийдвэрлэсэн, эдгээр тогтоолуудад хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан үндэслэл журмын дагуу албан ёсны гомдол, хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана…” гэж заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчийн 2017 оны03 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоолоор /10-р хх-ийн 06-07-р ху/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийг удирдлага болгон Б.Баяртогтох нарт холбогдох 201218000278 дугаартай хэргээс Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн төмөр замын хашаан дотор Төмөр замын 42 дугаар км-ийн 4 дүгээр зуутад рейс төмрийн иргэн Т.Түвшинтөр нас барсан байдалтай олдсон 20131800094 дугаартай хэргийг тусгаарлаж шалгахаар шийдвэрлэсэн тул анхан шатны шүүх тухайн гэмт хэрэгтэй холбоотой гэм хорын хохирлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байжээ.
Хэдийгээр Б.Баяртогтох нь урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгэгдэж ял эдэлж байхдаа согтуугаар 2012 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд талд Л.Эрдэнэбилэгийн хамт явж байсан. Т.Түвшинтөрийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож танхайрсан хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон боловч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинжийг …Нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан…хэмээн тодорхойлж, тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байх тул анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.5 дахь заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь энэ хуулийг зөрчөөгүй байна.
Б.Ганзориг, С.Дөлгөөн нар нь согтуугаар бүлэглэн 2012 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд талд Т.Түвшинтөрийн хамт явж байсан Л.Эрдэнэбилэгийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, дээр дурьдагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан танхайрах гэмт хэргийн …догшин авирлаж… үйлдсэн бүрэлдэхүүнийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээс хасаж эрүүгүйжүүлсэн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.5 дахь заалтыг баримтлан Б.Ганзориг, С.Дөлгөөн нарт холбогдох “догшин авирлаж танхайрсан” хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь энэ хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Б.Ганзориг, С.Дөлгөөн нар нь согтуугаар бүлэглэн 2012 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд талд Т.Түвшинтөрийн хамт явж байсан Л.Эрдэнэбилэгийн эрх чөлөөнд халдан хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 05 жилийн хугацаа өнгөрсөн байх тул анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.2 дахь заалтанд “…энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол…” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Ж.Яринпил нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1, 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Ж.Яринпил нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Д.БУЯНЖАРГАЛ