Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 49

 

“Гэгээн өндөр гүмсэд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00800 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Бат-Амгаланд холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 913 062 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Зээлийн гэрээний 4.1.2 болон 2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-ийн төлөөлөгч Б.Цэнджав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бат-Амгалан нь 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-тай ЗГ-У-15/2-304 тоот зээлийн гэрээ байгуулж 4 500 000 төгрөгийг 7 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлж, Б.Бат-Амгалан нь зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөлгүй 13 cap болсон болно. Зээлийн үлдэгдэл өр төлбөр, зээлийн хүү, алданги нийт 13 342 248 төгрөгийг төлөөгүй байна. Хариуцагч Б.Бат-Амгалангаас үндсэн зээл 4 500 000 төгрөг, зээлийн хүү 1 592 417 төгрөг, алданги 7 259 926 төгрөг, нийт 13 342 248 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээл 4 500 000 төгрөг, зээлийн хүү 4 400 106 төгрөг, алданги 1 423 050 төгрөг, цоожлогч эвдсэний төлбөр 600.000 төгрөг, нийт 10 913 062 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Бат-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бат-Амгалан анх үндсэн зээлд 4 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй авсан талаар хариуцагч талын зүгээс маргахгүй. Нэхэмжлэгч тал сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нийт зээлийн хүүнд 4 400 106 төгрөг гэсэн байна. Энэ хүүг төлөх үндэслэлгүй. Яагаад гэвэл тухайн нэхэмжлэгч байгууллага буюу “Гэгээн өндөр гүмсэд” ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хэлбэртэй компани байгаа. Тийм учраас банк бус санхүүгийн байгууллага болон банк шиг ашигласан хугацааны зээлийг шаардах боломжгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүсч байгаа. Алданги тооцохдоо анхнаасаа гэрээнд хуульд заасан журмыг зөрчиж байгуулсан учраас энэхүү алдангийг зохицуулсан гэрээний заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзээд хүчин төгөлдөр бус болгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус үйлдэл гаргаад Б.Бат-Амгалангийн хууль ёсоор эзэмшиж байсан тухайн автомашиныг булаан авах оролдлого хийгээд түгжсэн байдаг. Тухайн үед ямар нэгэн байдлаар эвдэлгүйгээр буцааж өгсөн. Тийм учраас эвдэрч, хэдэн төгрөгөөр засварлуулсан гэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй учраас 600 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч тал сарынхаа хүүг 322 500 төгрөг гээд, 4 500 000 төгрөгийн хүүг 7 хувиар бодоход нэг сарын хүү нь 315 000 төгрөг болж байгаа. Ингээд 6 сарын хүү нь нийтдээ 1 535 000 төгрөг болоод үүнээс төлсөн сарынх нь хүүг хасаад манайх нийтдээ 1 559 259 төгрөгийг төлөх дүн гарч байгаа. Тэгэхээр үндэслэлгүйгээр хүү шаардсан байна гэж үзэж байна.

“Гэгээн өндөр гүмсэд” компани нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Б.Бат-Амгаланд холбогдуулан үндсэн зээлд 4 500 000 төгрөг, зээлийн хүүнд 4 400 106 төгрөг, алданги 1 423 050 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Нийт 10 913 062 төгрөг гэж байгаа. Үүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас хариуцагч талын зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан. “Гэгээн өндөр гүмсэд” ХХК болон Б.Бат-Амгалан нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 4.1.2 болон 2.5 дахь хэсэгт зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх өдрийн дараагийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн нийт дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлүүлнэ гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгч тал хариуцагчаас алданги шаардсан. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний энэ заалт буюу анзын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Иймд уг зээлийн гэрээний 4.1.2, 2.5 дахь заалтыг хүчингүй болгож, алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Бат-Амгалангаас 7 453 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 460 012 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бат-Амгалангийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-У-15/2-304 дугаар “Зээлийн гэрээ”-ний 2.5 болон 4.1.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 224 664 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бат-Амгалангаас 134 198 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК-д олгох, хариуцагч Б.Бат-Амгалангаас 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 131 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2016/00800 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.

1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Шүүх зээлийн гэрээний 4.1.2 болон 2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн атлаа 2.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй гэж дүгнэн хариуцагчаас алдангид 1 423 050 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгуй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тодорхой заасан байдаг. Гэтэл талуудын хоооонд байгуулсан Зээлийн гэрээний 2.5 дах хэсэгт “...үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд нийт төлөх ёстой зээл, хүүгийн нийлбэр дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцно”, 4.1.2 дахь хэсэгт “...үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үндсэн зээлийн нийт дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги төлүүлнэ.” гэж заасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн болох нь тодорхой харагдаж байгаа бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй байна. Мөн хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжпэлийн шаардлага нь зээлийн гэрээний алданги шаардсан холбогдох заалтыг хүчин төгөлдөр бус болгох тухай бус нийт шаардсан алданги нь хууль зарчсөн хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж үзэж хүчин төгөлдөр бус болгосны үр дагаврыг тооцож алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байхад шүүхээс алданги шаардсан холбогдох хэсэг буюу энэ тухай нарийвчлан заасан заалтууд нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байхад эдгээр заалт хүчин төгөлдөр бус болсон ч зээлийн гэрээний 2.1.5-т зааснаар алданги шаардах эрхтэй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгчийн зүгээс цоожлогч эвдсэний төлбөрт 600 000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг бөгөөд энэ нь Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгөд учруулсан гэм хортой холбогдох маргаан байх бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд шүүгч хэргийг дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргааныг хуульд тусгайлан зааж тусгаж өгсөн бөгөөд тус хуулийн 81.1 дэх хэсэт “Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ” гэснийг зөрчиж шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрпэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хариуцагч Б.Бат-Амгаланд холбогдуулан нэхэмжлэгч “Гэгээн өндөр гүмсэд” ХХК нь “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд, зээл 4 500 000 төгрөг, хүү 4 400 106 төгрөг, алданги 1 423 050 төгрөг, гэрээний бус үүрэг болох цоожлогч эвдсэний төлбөр 600 000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар гэрээний 4.1.2, 2.5 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Гэрээний бус үүргийн харилцаатай холбоотой эрх зүйн маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэргийн төрөлд хамаарахгүй байх бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжаар тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ж.Сэмжидийг томилсны дагуу тэрээр хэргийг дангаар хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ” гэснийг зөрчжээ.

 

Энэ нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан үндэслэлд хамаарч байх тул давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг арилгаж, хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00800 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Бат-Амгалангаас төлсөн 37 720 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ                                         

                                             ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                        

                                                                                              С.ЭНХТӨР