Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2021/0637/з |
Дугаар | 221/МА2021/0642 |
Огноо | 2021-12-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2021/0642
“Э Т” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн төлөөлөгч Г.Ш, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч С.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 589 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Э Т” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 589 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4, 10.7 дугаар зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Э Т” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 0005676 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн.
... Хариуцагч шүүх хуралдаанд ““Э Т” ХХК нь өрсөлдөгч компани болохын хувьд “Э Т З” ХХК-ийг “Булагтай” баазад үйл ажиллагаа явуулж байгаа болохыг мэдэгдэх үүрэгтэй байсан” гэж тайлбарласан нь зөвхөн тухайн өрсөлдөгч аж ахуй эрхлэгч нь Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулахгүй байх үүрэгтэй буюу худал зөрүүтэй мэдээ тараахгүй байх үүрэгтэй гэсэн агуулгаар хийсэн тайлбарыг анхан шатны шүүх үндэслэл болгож “нэг нь нөгөөгөө сурталчлах үүргээ биелүүлээгүй үйлдлийн төлөө шийтгэл оногдуулсан нь хуулийг төсөөтэй хэрэглэсэн” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн анхан шатны шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хууль зүйн тодорхой үндэслэл дурдаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 589 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Гомдол гаргагч ““Э Т” ХХК-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0005676 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага гаргажээ.
Иргэн Б.Ш-гийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэн байгуулсан “Э Т” ХХК Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Булагтайн аманд байрлах “Булагтай” амралтын газарт аялал жуулчлалын чиглэлээр 2020 оны 05 дугаар сар хүртэл, харин үүнээс хойш уг байршилд иргэн Х.Төрболдын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үүсгэн байгуулсан “Э Т З” ХХК аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болсон нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Гомдол гаргагч Г.Ш өөрийн хөтөлдөг “Э М” фэйсбүүк хуудаст ““Э Т” ХХК үйл ажиллагааг зогсоосон” талаар 2021 оны 03 дугаар сарын 06, “дүүжин гүүрийг хөрөнгө оруулагчдаа өгсөн, фото зураг, бичлэг бүхий “Э Т З” ХХК-ийн явуулж үйл ажиллагааг “Э Т” ХХК биш, тус газарт гарсан үйлчлүүлэгчдийн хохиролд “Э Т” ХХК хариуцлага хүлээхгүй болох” зэрэг мэдээллүүдийг 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдэд тус тус байршуулсныг шууд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.1-д “өрсөлдөгчийн, эсхүл түүний бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй, эсхүл гуйвуулсан мэдээ тараах” гэж заасан зөрчил үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, тус газарт үйл ажиллагаа явуулахгүй байгаа талаараа залруулга мэдээллийг фэйсбүүк хуудасны дагагч нартаа хүргэсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 /өрсөлдөгчийн болон түүний бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах/-д заасан аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаанд хамаарахгүй.
Энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтан тухайн үндэслэлээр “Э Т” ХХК-ийн төлөөлөгчид шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан зарчимд нийцээгүй, хууль бус болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 589 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР