Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01088

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00161 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 689 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Г” ХХК, Б.Б-, Г.Ч-, Б.А-, Б.Ж- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 138 621 531 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхмэндийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Б.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Г” ХХК-ийн төсөл Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас сонгогдож, Хөгжлийн банкны санхүүжилтээр олгох хөнгөлөлттэй зээлд хамруулахаар манай банкинд ирүүлсэн тул манайх Хөгжлийн банк, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу төсөл нь шалгарсан зээлдэгчээ судалж, түүнтэй 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, жилийн 9 хувийн хүүтэй, 180 000 000 төгрөгийн зээлийг олгосон.

Зээлдэгч нь зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо,1-р хороолол, 1-р байрны 376 тоотод байрлах, Г.Ч-ийн өмчлөлийн 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 34-р байрны 130 тоотод байрлах, Г.Ч-, Б.Б-, Б.А-, Б.Ж- нарын өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 46-р байрны 99 тоотод байрлах, Б.Ж-ы өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18-р хороо, 46-р байрны 99 тоотод байрлах, “Г” ХХК-ийн мебель бүрэгч машин, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Шадивлан 15020, 1-р хэсгийн 88 тоотод байрлах, Б.Ж-ы өмчлөлийн, 240 мкв талбайтай хувийн сууц, 400 мкв эзэмших эрхтэй газар, мебелийн үйлдвэр зэргийг барьцаалсан.

“Г” ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа учраас хариуцагч нараас Хөгжлийн банкны санхүүжилтээр олгосон үндсэн зээл 99 250 000 төгрөг, хүүгийн төлбөр 3 630 205.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 41 695.90 төгрөг, нийт 102 921 901.39 төгрөгийг, манай банкны эх үүсвэрт шилжсэн зээл 32 523 586.86 төгрөг, зээлийн хүү 2 908 729.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 267 314.13 төгрөг, бүгд 35 699 630.33 төгрөг, нийт 138 621 531.71 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарын барьцаалуулсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 

“Улаанбаатар хотын банк” ХХК нь “Г” ХХК-тай анх тохиролцсоны дагуу 350 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцсон бөгөөд “Г” ХХК нь 350 000 000 төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авснаар үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, банкны зээлийг төлж барагдуулах, бүрэн бололцоотой байсан. Гэтэл “Улаанбаатар хотын банк” ХХК нь тохиролцооноос буцаж, 180 000 000 төгрөгийн зээл олгосноор “Г” ХХК-ийн бизнес төлөвлөгөө биелэгдэхгүй, зээлийг хэвийн байдлаар төлөх бололцоог алдагдуулсан. Нэхэмжлэлээс 102 921 901.39 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Улаанбаатар банкны эх үүсвэрт шилжсэн зээлийн үүрэг буюу 35 699 630.33 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг зөвшөөрөхгүй.

Зээлийн гэрээний үүрэгт Г.Ч-ийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгээр үүргийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Учир нь Г.Ч- уг орон сууцыг барьцаалахыг зөвшөөрсөн эсэхийг шалгалгүйгээр бүртгэлийн байгууллага барьцааны гэрээг бүртгэснийг хүчингүй болгуулахаар Захиргааны шүүхэд хандаж, захиргааны хэрэг үүсгэсэн байгаа тул уг хөрөнгөөр үүргийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00161 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-иас 138 621 531 төгрөгийг гаргуулан “Улаанбаатар хотын банк” ХХК-д олгож, Хариуцагч “Г” ХХК үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 921 257.66 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас 921 257.66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 689 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00161 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 950 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх банкны эх үүсвэрт шилжсэн зээлийн хүүг тооцоход мэргэжлийн тусгай мэдлэг, шинжээчийн оролцоо шаардлагагүй гэж үзэж хариуцагчаас гаргасан “Зээлийн хүүгийн тооцооллыг шалгуулах” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Банкнаас гаргаж өгсөн тооцооллыг шаардлагатай гэж үзвэл ердийн тоон тооцооллыг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шалгах боломжтой, хариуцагч уг тооцоолол алдаатай бол өөрөө тооцоо хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгч татгалзлаа нотлох боломжтой байхад энгийн үржүүлэх, хуваах үйлдлийг заавал шинжээчээр хийлгэх ёстой гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Энд дурдсан 32 523 586,86 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл хэрхэн тооцоологдсон нь Улаанбаатар хотын банкны Хөгжлийн банк болон Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай байгуулсан Дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу Хөгжлийн банкинд төлсөн зээлийн төлбөр болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогддог. Мөн Улаанбаатар хотын банк нь Дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу Хөгжлийн банкинд дэд зээлдэгч болох хариуцагчийн өмнөөс төлбөр төлснийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг, уг нөхцөл байдалтай маргадаггүй бөгөөд давж заалдах шатны шүүх банк ийм үүрэг хүлээсэн болохыг магадлалдаа дурдсан хэрнээ тус төлбөр хэрхэн гарсан нь тодорхойгүй байна гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй юм.

Улаанбаатар хотын банк нь зээлдэгч “Г” ХХК-ийн төлөх ёстой байсан боловч хугацаандаа төлөөгүй мөнгийг Хөгжлийн банкинд өөрөө төлж, ингэж төлсөн дүнгээ хуримтлуулан төслийн бус өөрийн эх үүсвэрийн зээлийн хүүг тооцож тусад нь бүртгэсэн болох гэрээ болон талуудын тайлбараар нотлогддог. Үүнээс үзвэл давж заалдах шатны шүүхээс “тодорхойгүй” гэж тодорхойлсон дүн нь “хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүн” болох нь илэрхий байгаа. Мөн “нэг талын баримтыг ... үнэлсэн” гэх агуулга нь өөрөө тодорхойгүй, нөгөө тал уг тооцооллыг буруу гэж үзсэн бол түүнийгээ нотлох үүргээ биелүүлээгүй, зөвхөн “мэдэхгүй” гэсэн тайлбарт үндэслэн дүгнэсэн нь нотлох баримт эргэлзээгүй үнэлэх зохицуулалтыг “хариуцагчийн өмнөөс шүүх нотлох” байдлаар буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, нэхэмжлэгч талаас 2 төрлийн буюу төслийн болон банкны эх үүсвэрт шилжсэн зээлийн үлдэгдэл, тэдгээрийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн бөгөөд дээрх 2 зээлийн “хүүний хэмжээ” нь л өөр болохоос тооцоолол нь адил. Ийм байхад давж заалдах шатны шүүх төслийн зээлийн үлдэгдлийг тооцсон аргачлалыг эргэлзээтэй гэж үнэлээгүй атлаа адил тооцоолол, аргачлалаар бодогдсон банкны өөрийн эх үүсвэрт шилжсэн зээлийн үлдэгдлийг тогтооход шинжээч томилох байсан гэх агуулгаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 689 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь хариуцагч “Г” ХХК-иас зээлийн гэрээний гүйцэтгэлд 138 621 531 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн боловч заримыг нь зөвшөөрөөгүй учир нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн, хэрэгт ач холбогдолтой байдлыг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хариуагчийн хүсэлтийг анхан шатны шүүх үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон гэж үзжээ.

Маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдлийн талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хангалттай бүрэн гүйцэтгээгүй гэж үзсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.5., 168.3.-т заасан шаардлагад нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч  өөрөө олж авах боломжгүй, зөвхөн шүүхээр хийж гүйцэтгүүлэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг.

Мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3.-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд л хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан ажиллагааг явуулдаг ба нотлох баримт бүрдүүлэх тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг хангах эсэх нь анхан шатны шүүхийн бүрэн эрхийн асуудал гэж үзнэ. Гагцхүү давж заалдах шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх буюу шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буюу хэрэгт ач холбогдол бүхий байдал тогтоогдоогүй байхад ийнхүү тогтоох шаардлагагүй гэж үзсэн үндэслэлийг буруутгасан байх тул анхан шатны шүүхийн бүрэн эрхийг үгүйсгэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 689 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /584 808+336 449/ нийт 921 257 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН