Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 485

 

 

 

 

 

 

 

   2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2019/00485

                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: УБХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГГ ХХК

Хариуцагч: Б.Б

Хариуцагч: Г.Ч

Хариуцагч:Б.А

Хариуцагч: Б.Ж нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 167,614,282.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч УБХ банк ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, хариуцагч “Г Г” ХХК, Б.Б, Г.Ч, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч УБХ банк ХХК-ийншүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г Г” ХХК нь УБХ банк ХХК -тай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, жилийн 9 хувийн хүүтэй, 180,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор нийт 5 хөрөнгө, 2 газар барьцаалсан. Уг зээлийн хувьд Хөгжлийн банкны зээлээр санхүүжигдсэн. Тийм учраас өнөөдрийн байдлаар зээлийн тооцоолол болон дүн гэрээнд заагдсаны дагуу зарим эх үүсвэрт 9 хувь, зарим хэсэгт 27.5 хувь байгаа. “Г Г” ХХК нь 2016 оны 10 дугаар сараас зээлээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтрэлттэй болж эхэлсэн. Ийм учраас УБХ банк ХХК  нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гэрээнд заасны дагуу гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 99,051,860.28 төгрөг, банкны өөрийн эх үүсвэрт шилжсэн зээлийн төлбөрт 68,562,422.68 төгрөг нийт 167,614,282.96 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнийг задалбал Хөгжлийн банкны зээлээс төлөгдөөгүй 85,000,000 төгрөг, хүү 13,191,472 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 860,387 төгрөг, гэрээнд заасны дагуу өөрийн эх үүсвэр рүү шилжүүлсэн зээл 46,773,586 төгрөг, хүү 18,625,917 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,162,918 төгрөг болно. Энэ мөнгийг хариуцагч “Г Г” ХХК-иас гаргуулна. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хариуцагч “Г Г” ХХК, Г.Б, Б.Ч, Г.А, Б.Ж нарын өмчлөлийн нэхэмжлэлд дурдагдсан 7 барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Г Г” ХХК, Г.Б, Б.Ч, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 123,000,000 төгрөгийг төлөх боломжтой. 123,000,000 төгрөгийн тооцоолол нь зээлийн үлдэгдэл 99,051,860 төгрөг байгаа. Энэ үлдэгдлийг жилийн 9 хувийн хүүтэйгээр тооцож үзэхэд үндсэн зээл, хүү нийт 123,000,000 төгрөг болно. Тийм учраас энэ хэмжээний мөнгийг төлнө. Улаанбаатар хотын банк ХХК-иас зээлийн эх үүсвэр рүү шилжсэн мөнгөний гуравны хоёрыг төлөхгүй гэж байгаа шалтгаан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар Хөгжлийн банкнаас шилжүүлсэн 180,000,000 төгрөгөөс 126,000,000 төгрөгөөр Улаанбаатар хотын банк ХХК өөрийнхөө активыг хааж үлдэх 54,000,000 төгрөгийг Б.Жд өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр чек бичигдээд, дараа нь орлого гээд 2014 оны зээл, зээлийн гэрээтэй холбоотой активаа хаасан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна. Тэгэхээр эх үүсвэр рүү шилжих болсон шалтгаан нь Улаанбаатар хотын банк ХХК-тай холбоотой гэж үзэж байгаа. Улаанбаатар хотын банк ХХК, Хөгжлийн банктай хийсэн гэрээгээрээ ч тэр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож байгаа зээлийг бүрэн олгох үүрэгтэй болохоос биш улсын төсвөөс олгож байгаа мөнгөөр өөрийнхөө активыг хаах эрхгүй. Ийм хууль бус ажиллагаа явуулсан. Банкны эх үүсвэр рүү шилжсэн гэсэн эрсдэлээ Улаанбаатар хотын банк ХХК өөрөө хариуцах ёстой. Иймд 123,000,000 төгрөгийг төлнө. Үлдсэн мөнгийг төлөхөөс татгалзаж байна. Үүргийн гүйцэтгэлийг Г.Ч, Б.Б, Б.А, Б.Ж гэсэн 4 хүний өмчлөлийн орон сууцнаас хангахыг хүлээн зөвшөөрөхгүй. Нийт 380,00,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний барьцаа хөрөнгө барьцаалсан хирнээ 380,000,000 төгрөгийн тал болох 180,000,000 төгрөгийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгээс хэт давсан барьцаа хөрөнгийг барьцаалж авч үлдсэн. Тиймээс орон сууцтай холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч УБХ банк ХХК  нь хариуцагч “Г Г” ХХК-д холбогдуулан 138,621,531 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 167,614,282 төгрөг гаргуулах, хамтран хариуцагч Г.Б, Б.Ч, Г.А, Б.Ж нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргаснаас хариуцагч 123,000,000 төгрөг төлөх, орон сууцнаас бусад барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч, үлдсэнийг нь эс зөвшөөрч маргажээ. 

 

Шүүх нэхэмжлэгч УБХ банк ХХК-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч УБХ банк ХХК  нь хариуцагч “Г Г” ХХК-ийг 2016 оны 10 дугаар сараас зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тул 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гэрээг цуцалж, зээлийн хүүг жилийн 9 хувь, өөрийн банкны эх үүсвэрт шилжсэнтэй холбоотой жилийн хүүг 27.6, хувиар тооцож, төлөгдөөгүй зээл 85,000,000 төгрөг, хүү 13,191,472 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 860,387 төгрөг, гэрээнд заасны дагуу зээлээс банкны өөрийн эх үүсвэр рүү шилжүүлсэн зээл 46,773,586 төгрөг, хүү 18,625,917 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,162,918 төгрөг нийт 167,614,282.96 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч “...Зээлийн үлдэгдэл 99,051,860 төгрөг төлөгдөөгүй. Энэ үлдэгдлийг жилийн 9 хувийн хүүгээр тооцож үзвэл үндсэн зээл, хүү нийт 123,000,000 төгрөг болно. Энэ хэмжээний мөнгийг төлнө. УБХ банк ХХК  нь Хөгжлийн банктай хийсэн гэрээгээр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож байгаа зээлийг бүрэн олгох үүрэгтэй. Үүний дагуу 350,000,000 төгрөгийн зээл олгох байснаас 180,000,000 төгрөг зээлдүүлсэн. Хөгжлийн банкнаас шилжүүлсэн 180,000,000 төгрөгөөс 126,000,000 төгрөгөөр УБХ банк ХХК  нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2014 оны зээл, зээлийн гэрээтэй холбоотой активаа хаасан. Үлдэх 54,000,000 төгрөг авсан. Улсын төсвөөс олгож байгаа мөнгөөр өөрийнхөө активыг хаах хууль бус ажиллагаа явуулсан учир зээл банкны эх үүсвэр рүү шилжсэн эрсдэлээ УБХ банк ХХК  өөрөө хариуцах ёстой” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч УБХ банк ХХК  нь Хөгжлийн банк болон Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай дамжуулан зээлдүүлэх З-ЖД-С 2015-49 тоот гэрээг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулж, жижиг дунд үйлдвэрлэлийн төслүүдэд өөрийн банкаар дамжуулан зээл олгох, хянах, эргэн төлөх үүрэгтэй зээлдэгч болсон байна. /хх-ийн 78-81 дүгээр тал/

 

Гэрээний 4.2-т зээлдэгч дэд зээл эргэн төлөгдсөн эсэхээс үл хамааран дэд зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу тухайн хуанлийн улиралд нийт төлөгдөх дэд зээлүүдийн үндсэн төлбөрүүдийн нийлбэр дүнг, хүүгийн төлбөрийг хамт гэрээний 2.1.9-д заасан дансанд тухайн улирлын сүүлийн сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэх, 5.1.1-д дэд зээлийн эргэн төлөлтийн эрсдэлийг Хөгжлийн банкны өмнө бүрэн хариуцах, 5.1.4-т зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд дэд зээлдэгч зээл, хүүгийн төлбөрийг төлсөн эсэхээс үл хамааран бүрэн төлөх үүрэг хүлээжээ.

 

            Мөн гэрээний 2.1.10-т заасны дагуу Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас сонгогдсон “Г Г” ХХК нь нэхэмжлэгч УБХ банк ХХК -тай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 180,000,000 төгрөгийг жилийн 9 хувийн, Улаанбаатар хотын банкны эх үүсвэрт шилжсэн тохиолдолд жилийн 27,6 хувийн хүүтэй, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 40 сарын хугацаатай, Улаанбаатар хотын банкны эх үүсвэрт шилжсэн тохиолдолд зээлийн хугацаа 3 сар байхаар харилцан тохирч, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээ хууль, талуудын хүсэл зоригт нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

Зохигч зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хариуцагч зээлийн гэрээний үүрэгт нийт 68,212,397.16 төгрөгийг төлсөн талаар маргаагүй.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 180,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид гэрээний дагуу шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Харин зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ. Хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 125,425,271.23 төгрөгийг 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөрт шилжүүлсэн хэдий ч зээлдэгч зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй.

 

Зээлийн гэрээний 4.1.1-д гэрээний хугацааг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл буюу нийт 40 сар, гэрээний 3.3.2-т заасны дагуу банкны эх үүсвэр рүү шилжсэн зээлийн хүүг жилийн 27,6 хувь, гэрээний 4.1.2-т зээл Улаанбаатар хотын банкны эх үүсвэрт шилжсэн тохиолдолд зээлийн хугацаа 3 сар байхаар талууд тохирсон байна.

 

Хариуцагч “Г Г” ХХК-ийг 2016 оны 10 дугаар сараас зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлснээс нэхэмжлэгч “Улаанбаатар банк” ХХК нь Дамжуулан зээлдүүлэх гэрээний 5.1.4-т заасны дагуу тухай бүр нь зээлийг Хөгжлийн банк руу шилжүүлж, хариуцагчийг үүргээ зөрчсөн үндэслэлээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хугацааг гэрээний 4.1.2-т заасан хугацаагаар тооцон гэрээг цуцлах нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалтыг зөрчөөгүй байна. /хх-ийн 79, 22 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр гэрээг цуцалж, Хөгжлийн банкны эх үүсвэртэй зээлээс төлөгдөөгүй зээл 85,000,000 төгрөг, хүү 13,191,472 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 860,387 төгрөг, гэрээнд заасны дагуу зээлээс банкны өөрийн эх үүсвэр рүү шилжүүлсэн зээл 46,773,586 төгрөг, хүү 18,625,917 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,162,918 төгрөг нийт 167,614,282.96 төгрөгийг Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйл, зээлийн гэрээний 3.3.2, 3.4-т заасны дагуу хариуцагч “Г Г” ХХК-иас гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй байна.

 

Талууд Зээлийн гэрээний үүрэгт Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо,1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 376 тоотод байрлах, хариуцагч Г.Чийн өмчлөлийн 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 130 тоотод байрлах, хариуцагч Г.Ч, Б.Б, Б.А, Б.Ж нарын өмчлөлийн 2 өрөө орон сууц,  Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байрны 99 тоотод байрлах, хариуцагч Б.Жы өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байрны 99 тоотод байрлах, “Г Г” ХХК-ийн мебель бүрэгч машин, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан 15020, 1 дүгээр хэсгийн 88 тоотод байрлах, хариуцагч Б.Жы өмчлөлийн, 240 м.кв талбайтай хувийн сууц, 400 м.кв эзэмших эрхтэй газар, мебелийн үйлдвэрийг барьцаалсан барьцааны гэрээг хариуцагч Г.Ч, Б.Б, Б.А, Б.Ж нараас олгосон итгэмжлэлийг үндэслэн “Г Г” ХХК-ийг захирал Б.Ж төлөөлөн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

“Г Г” ХХК зээл авахад орон сууцыг барьцаалах, зээлийн барьцааны гэрээ болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, лавлагаа авах, барьцааг улсын бүртгэлийн албанд бүртгүүлэх зэргээр барьцаалахтай холбоотой бусад бичиг баримтад бүрэн төлөөлөх эрхийг хариуцагч Г.Ч, Б.Ж, Б.А, Б.Б нар “Гоё говь ХХК” болон захирал Б.Жд итгэмжлэлээр олгосон байна.

 

“Г Г” ХХК нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээг нэхэмжлэгчтэй хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаж байгуулсан. 

 

Хариуцагч “Г Г” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч сайн дураараа үүргээ эс биелүүлбэл Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны гэрээнд тусгагдсан хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Б.Ж өөрийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг түүний эзгүйд хэлэлцсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч “Г Г” ХХК-иас 167,614,282.96  /Нэг зуун жаран долоон сая зургаан зуун арван дөрвөн мянга хоёр зуун наян хоёр төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "УБХ банк" ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо,1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 376 тоотод байрлах, хариуцагч Г.Чийн өмчлөлийн 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 130 тоотод байрлах, хариуцагч Г.Ч, Б.Б, Б.А, Б.Ж нарын өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байрны 99 тоотод байрлах, хариуцагч Б.Жы өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байрны 99 тоотод байрлах, “Г Г” ХХК-ийн мебель бүрэгч машин, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан 15020, 1 дүгээр хэсгийн 88 тоотод байрлах, хариуцагч Б.Жы өмчлөлийн, 240 м.кв талбайтай хувийн сууц, 400 м.кв эзэмших эрхтэй газар, мебелийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч "Улаанбаатар хотын банк" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,338,630 төгрөгөөс 1,066,221 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 272,409 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “Г Г” ХХК-иас 1,066,211 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР