Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 137/2017/00314/И |
Дугаар | 001/ХТ2018/01116 |
Огноо | 2018-06-28 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2018/01116
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 137/ШШ2018/00037 дугаар шийдвэр,
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 202/МА2018/0007 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Д-т холбогдох,
Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг 2 844 525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Ж” ХХК нь Д-тай 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ЖМ16/683 тоот зээлээр худалдах- худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 11 426 000 төгрөгийн гар утас, дугаарыг 10 сарын хугацаатай зээлээр худалдсан. Гэрээг Замын-Үүд сумын Засаг дарга М.Даринчулуун, ерөнхий нягтлан бодогч Б.Чулуунцэцэг нар байгуулсан ба гэрээний дагуу төлөх төлбөрөөс 9 529 650 төгрөгийг төлж, үлдэх 1 896 350 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газраас ЖМ16/683 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 1 896 350 төгрөгийг гэрээний 3.3-т ... гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасны дагуу 948 175 төгрөг, нийт 2 844 525 төгрөгийг гаргуулж, хариуцагчийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас компанид учруулсан хохирлыг арилгаж өгнө үү.
...Талуудын хооронд байгуулагдсан ЖМ16/683 тоот зээлээр худалдах худалдан авах гэрээ нь хууль зүйн хувьд Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд гэрээг тус сумын Засаг дарга Д.Даринчулуун, ерөнхий нягтлан бодогч Б.Чулуунцэцэг нар байгуулж, бараа хүлээлцсэн актанд гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байдаг. Тус байгууллагын санхүүгийн бүртгэлд бүртгэх эсэх нь тухайн байгууллагын дотоод асуудал юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.3 дахь хэсэгт “худалдан авагчийн үйл ажиллагаа зогссон, удирдлага солигдсон нь зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж заасан тул өмнөх засаг даргын байгуулсан гэрээ хууль бус гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Сумын засаг даргаар ажиллаж байсан Д.Даринчулуун нь “Ж” ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна.
Уг гэрээний хувь хэсэг Засаг даргын тамгын газрын архив болон санхүүгийн баримтад хадгалагдаагүй байхаас гадна гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш Samsung A3 гар утасны багц 9 ширхэг 5 868 000 төгрөг, Samsung J5 гар утасны багц 9 ширхэг 4 248 000 төгрөг, L-6 hisense гар утасны багц 5 ширхэг 1 310 000 төгрөг бүхий гар утаснууд Засаг даргын тамгын газрын өмч болгон огт тусгагдаж бүртгэгдээгүй байгааг нэхэмжлэл гарсан дараагаар нягтлан шалгаж тогтоосон болно. Улмаар Засаг даргын тамгын газрын холбогдох данснаас “Ж” ХХК-д ямар нэгэн зээлийн эргэн төлөлтийг хийж байгаагүй байх тул уг гэрээтэй холбоотой асуудлыг цаашид цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж төрийн байгууллагад учирч болох хохирлыг өөрийн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн хийсэн байгаа буруутай этгээдүүдээр төлүүлэхээр хариу тайлбарыг хүргүүлж байна.
Дээрх байдлыг дүгнэн уг асуудлыг хариуцагчаар татагдсан сумын Засаг даргын тамгын газраас төлбөрийг эс зөвшөөрч хохирлыг буруутнаар төлүүлэх хүсэлтэй тул Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст нэхэмжлэлийг шилжүүлж өгнө үү гэжээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 137/ШШ2018/00037 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-д зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газраас гэрээний үүрэг 1 896 350 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 948 175 төгрөг, нийт 2 844 525 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 60 462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газраас 60 462 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 202/МА2018/0007 дугаар магадлалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 137/ШШ2018/00037 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Хэдийгээр сумын Засаг даргын тамгын газар нь гэрээ байгуулсан ч гэсэн “Жи-Мобайл” ХХК нь Хавсралт 3, Хавсралт 4 гэх гэрээний төгсгөлийг шинээр үргэлжлүүлэн хийсэн, шинээр хуурамч баримт бий болгосон гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч үүнийг анхаарч үзээгүй, мөн шүүхийн шатанд сумын Засаг даргын тамгын газраас гаргасан хүсэлтүүдийг хангахаас удаа дараа татгалзаж байсан нь нотлох баримтын эх сурвалжийг бүрдүүлэх, тал бүрээс нь шинжлэн судлуулах боломжийг олгоогүй, шүүх шийдвэр гаргахдаа нэг талын хүсэл зоригийг илэрхий баримталсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Гэм хор учирсан бодит нөхцөл байдлыг харгалзан шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхлынх нь төлөө үйлдэл хийгдсэн гуравдагч этгээдэд уг гэм хорыг арилгах үүрэг хүлээлгэх, эсхүл гэм хор учруулагч буюу гуравдагч этгээдийг дээрх үүргээс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлж болно” гэж заасанчлан гуравдагч этгээд рүү эд хөрөнгийг хариуцах эрх үүрэг бүрэн шилжсэн байхад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь гуравдагч этгээдийг огт харгалзан үзэлгүй орхигдуулсанд гомдолтой байна.
Дээрх 2 шаардлагыг хүлээн аваагүйн улмаас шүүх нэг талын эрхийг хангаж төсвийн байгууллагын санхүүгийн эрх зөрчигдөж, гуравдагч этгээдэд эд хөрөнгө завших боломжийг олгосон шударга бус шийдвэр гэж үзэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газраас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 844 525 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, гэрээний зүйл болох гар утаснууд Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэгдээгүй, гэрээ байгуулагдсан болохыг мэдэхгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Ж ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Д-тай “Зээлээр худалдах-худалдан авах” нэртэй гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээгээр Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар нь Самсунг А3 гар утасны багц 9 ш, Самсунг Жи5 гар утасны багц 9ш, Л-6 Хисенсе гар утасны багц 5ш нийт 11 426 000 төгрөгийн бараа худалдан авч, төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байна. Гэрээнд худалдан авагч талыг төлөөлж, Засаг даргын Тамгын газрын дарга, ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарагдсан байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үл баримтын талаар эрх зүйн хувьд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын дарга өөрчлөгдсөн, тухайн гэрээний хувь байгууллагад хадгалагдаагүй, худалдан авсан эд хөрөнгө санхүүгийн бүртгэлд бүртгэгдээгүй байх нь худалдан авагчийг худалдагч талын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагч тал өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардахад энэ хэргийн шийдвэр саад болохгүй юм.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна. Худалдан авсан эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр, магадлал хууль зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 202/МА2018/0007 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН