Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/01120

 

Ц.А-, Ж.Н- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 138/ШШ2018/00061 дүгээр шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 201/МА2018/00007 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.А-, Ж.Н- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ө.О-д холбогдох,

Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн Ө.О-д эзэмшүүлсэн 1170 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хамтран эзэмшигч Ж.Н-гийн нэрийг хасахыг даалгасан шийдвэр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-, А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нэхэмжлэгч Ц.А-г төлөөлж, түүний надад олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Бид өмнө нь тус шүүхэд хандан хариуцагч Ө.О-д холбогдуулан Ц.А-, Мио Фуян нарын өмчлөлийн барилгыг буулгасан материалын үнэ 20 000 000 төгрөгийг гаргуулах, мөн 351 мкв газрын гэрчилгээг Ө.О-гээс Ж.Н-гийн нэр дээр шилжүүлж, 819 мкв газрын гэрчилгээнээс Ө.О-гийн нэрийг хасаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Н-гийн нэр дээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч бид хууль зүйн туслалцаа авсны үндсэн дээр өмнөх нэхэмжлэлийн шаардлага маань тодорхойгүй байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилсөн. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилсөнтэй холбогдуулан буулгасан материалын үнэ 20 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын нэхэмжлэгч Мио Фуян энэ хэрэгт оролцох шаардлагагүй болсон тул түүний надад олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг нэхэмжлэгчээс хасуулсан байгаа. Харин Ц.А-гийн надад өмнө нь олгосон итгэмжлэлийн дагуу Ц.А- болон Ж.Н-, Ө.О- нарын дунд байгуулагдсан 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлах 1170 мкв газрын 70 хувийг Ж.Н-д, 30 хувийг Ө.О-д эзэмшүүлэхээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний Ө.О-д 30 хувийг эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Учир нь миний нөхөр Мио Фуян нь Ц.А-тай гэр бүл байхдаа Г.Болормаагийн эзэмшилд байсан дээрх 1170 мкв газрыг дээр нь байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн 220 000 000 төгрөгөөр худалдан авсан. Хятад улсын иргэн Монгол улсад газар эзэмших эрхгүй учраас хуучин эхнэр Ц.А-гийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Ингээд 2012 онд Ц.А-гааас гэр бүлээ цуцлуулсан бөгөөд эд хөрөнгөө хувааж авсан.

Ингээд Ц.А-гаас дээрх газрыг бүхэлд нь одоогийн эхнэр Ж.Н- миний нэр дээр шилжүүлэх гэж байсан. Гэтэл тэр үед Мио Фуян, Лэнг Фэнгси, Ө.О- нар тухайн газар дээр хамтарч барилга барихаар болж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ үед Ө.О- нь “Моза” ХХК-тай, манай компани барилгын компани, барилга барих зөвшөөрөлтэй, барилга барих газар миний нэр дээр байхгүй бол болохгүй гэж биднээс газрын 50 хувийг өгөхийг шаардсан. Бид 50 хувийг өгөхийг зөвшөөрөөгүй. Ингээд ярилцаж байгаад 30 хувийг шилжүүлэхээр болж, Ц.А-г дуудан нотариат дээр очиж, дээрх 1170 мкв газрын 70 хувийг Ж.Н-д, 30 хувийг Ө.О-д шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Улмаар Ө.О- нь даварсаар сүүлдээ Ж.Н-гийн эзэмшиж байсан 819 мкв газрыг мөн хууран мэхлэх аргаар өөрийн эзэмшил болгосон байгаа. Гэтэл Ө.О- нь барилгын тусгай зөвшөөрөлгүй, мөн барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй байсан болох нь мэдэгдсэн бөгөөд эхнээсээ л энэ газрыг өөрийн болгох хүсэл зорилготой байсан учраас Ц.А-г төөрөгдүүлэн гэрээ байгуулсан байна.

Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар Ө.О- нь Ц.А-г ноцтой төөрөгдүүлсэн учир дээрх гэрээний Ө.О-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Хариуцагч Ө.О-гийн хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Ө.О- нь БНХАУ-ын иргэн Лэнг Фэнгси, Мио Фуян нартай хамтран 2013 оны 01 сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 1170 мкв газар дээр орон сууцны барилга барихаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр талууд адил хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр тохирсон. Гэтэл барилга барих газар нь Мио Фуяны хуучин эхнэр Ц.А-гийн нэр дээр байсан бөгөөд уг барилгын ажилд ямар ч хамааралгүй Ц.А-гийн нэр дээр барилгын техникийн нөхцлүүд гарч эхэлсэн. Ингээд энэ гурван этгээд хоорондоо ярьж тохиролцоод барилга барих газрын нэг хэсгийг Ө.О- хамтран эзэмшиж байвал дуусаагүй барилгын гэрчилгээ гарах байсан учир тэд тохирсны үндсэн дээр Ц.А-гийн эзэмшиж байсан 1170 мкв газрын 30 хувь буюу 351 мкв газар Ө.О-гийн эзэмшилд ирсэн. Ингээд газрыг шилжүүлж авахаар материалаа бүрдүүлж өгөөд бүтэн нэг жилийн хугацаанд газрын гэрчилгээ гарахгүй хүлээлгэсэн. Газрын гэрчилгээ гарч ирэхдээ Ж.Н-, Ө.О- нарын нэр дээр тус тусдаа гэрчилгээтэй гарч ирсэн. Барилгын санхүүжилт дутаад банкнаас зээл авахаар хандахад хоёр тусдаа гэрчилгээтэй газарт зээл олгохгүй гэсэн. Гэтэл тухайн үед Мио Фуян газраа зарна, барилгын ажлаас гарна гэсэн учраас газрын төлбөрт 225,0 сая төгрөгийг Лэнг Фэнгси нь Мио Фуянд бэлнээр болон бэлэн бусаар өгсөн байдаг. Ингээд Мио Фуян нь газрын төлбөрөө аваад зогсохгүй, барилгаас ашиг авна гэж газар ашиглах гэрээг байгуулж уг гэрээгээр барилгын ажил дуусахаар 3 өрөө байр хоёрыг авахаар тохирсон. Ингээд Ж.Н-тай 819 мкв газрыг хамтран эзэмшихээр гэрээ байгуулсан. Газрын мөнгөө бүрэн авчихаад газрыг бүтэн шилжүүлж өгөхгүй, хамтран эзэмшигчээр шилжүүлнэ гэж гэрээ байгуулсан. Түүнээс биш Ө.О-гийн хувьд Ц.А- болон Ж.Н- нарыг ноцтой төөрөгдүүлж, хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Ж.Н-гийн газрыг бүхэлд нь өөрийнхөө нэр дээр болгох гээд улайраад байгааг огт ойлгохгүй байна. Ж.Н- нь энэ барилгын ажилтай огт хамааралгүй, газар эзэмших эрх нь хэвээр байхад ийм нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Ж.Н- нь нөхөр Мио Фуяны хамт газар ашиглах гэрээний дагуу газрын төлбөрийг бүрэн авсан, мөн барилгын ажил дуусахаар уг барилгаас 3 өрөө байр хоёрыг авахаар тохирсон. Энэ газар ашиглах гэрээгээр Ж.Н- нь газар эзэмших, барилга барих ажилд саад учруулахгүй байх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж, Ө.О-гийн газар эзэмших, барилга барих ажилд саад учруулж байгаа тул Ө.О-д эзэмшүүлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай, нэгж талбарын 2016000185 дугаартай, 000441231 дугаартай 1170 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хамтран эзэмшигч Ж.Н-гийн нэрийг хасахыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Ж.Н-гийн хувьд газар эзэмших эрхээ Ө.О- болон Хятад улсын иргэн Лэнг Фэнгси нарт худалдсан зүйл байхгүй. Уг газрын хууль ёсны эзэмшигч хэвээрээ байгаа. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 138/ШШ2018/00061 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 58 дугаар зүйлийн 58.3.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т тус тус заасныг баримтлан Ж.Н-, Ө.О- нарын дунд байгуулагдсан 2014 оны 9 сарын 02-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 819 м2 газрыг Ө.О-тэй хамтран эзэмшихээр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Ц.А-, Ж.Н- болон Ө.О- нарын дунд байгуулагдсан 2013 оны 5 сарын 24-ний өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлах 1170 м2 газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээний Ө.О-д 30 хувийг шилжүүлсэн хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай шаардлагыг, Ж.Н-д холбогдох Ө.О-д эзэмшүүлсэн 1170 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хамтран эзэмшигч Ж.Н-гийн нэрийг хасахыг даалгасан шийдвэр гаргуулах тухай хариуцагчийн төлөөлөгч Д.Ганбаярын гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн 328 150 төгрөгөөс 140 400 төгрөгийг, мөн хариуцагчийн сөрөг шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгч нараас илүү төлсөн 187 750 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-, Ц.А- нарт олгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 201/МА2018/00007 дугаар магадлалаар нэхэмжлэгч Ж.Н-, хариуцагч Ө.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 138/ШШ2018/00061 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Ж.Н-гийн төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн төлөөлөгч Д.Ганбаярын төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч Ж.Н- хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэлд дурдсанаар 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1 170 мкв газрын 30%-ийг Одхүүд шилжүүлсэн хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг анхан шатны шүүх Миао Фуяаны хүсэл зориг гээд шийдвэр гаргасан бол давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэл зоригийн илэрхийлэлтэй холбогдуулан дүгнэлт гаргалгүй шийдвэрийг зөв гэж гаргалаа. Алимаагаас Одхүүд шилжүүлсэн газарт Алимаа, Миао Фуяан, Насанбуян нарын хүсэл зориг шууд хамааралтай. Учир нь тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг Миао фуяан 220 сая төгрөгөөр худалдан авсан ба үл хөдлөх хөрөнгийг дагалдах эрх болох газар эзэмших эрх нь гадаадын иргэнд эзэмшүүлж болдоггүй учраас эхнэр Алимаа дээр уг эрх хадгалагдаж байдаг. Улмаар сүүлд гэр бүл болсон Насанбуянд Газар эзэмших эрх шилжүүлэх болоход Миао Фуяан, Насанбуян нар нь Одхүүд хууран мэхлэгдэж, мөн төөрөгдөж Одхүүгийн нэр дээр шилжүүлэх зөвшөөрөл өгсөн байдаг ба энэ тохиолдолд Алимаа мэхлэгдсэн этгээдүүдийн хүсэлтээр төөрөгдөж уг үйлдлийг хийдэг. ...Алимаа нь Одхүүг танихгүй, мэдэхгүй өөрийн хүсэл зоригоор Одхүүд Газар шилжүүлэх боломжгүй, газар нь газар дээрх хөрөнгөө дагаж явах ёстой ба дараагийн эзэмшигч байх ёстой, шаардах ёстой этгээд нь Насанбуян юм.

Иймд шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж 220 сая төгрөгөөр худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг ямар ч хөрөнгөгүйгээр, барилгын компанитай, барилга барих эрхтэй гэж хууран өөрийн нэрэн дээр Одхүүгийн шилжүүлэн авсан үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч Ж.Н- анх иргэн Одхүүгээс 20 сая төгрөг гаргуулах, 351 мкв газар эзэмшүүлсэн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, 1170 мкв газраас Ө.О-гийн нэрийг хасуулж бүхэлд нь өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан. Гэвч шат шатны шүүхээр явж гаргасан нэхэмжлэл нь луйвар хийж ашиг хонжоо олох зорилготой болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тодорхой болоод ирэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Дорнод аймагт луйвраар мэргэшсэн БНХАУ-ын иргэн Мио Фуяныг нэхэмжлэгчээс хассан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд БНХАУ-ын иргэн Мио Фуян иргэн Ө.О-, Ленг фенг Си нартай хамтарч ажиллаж байхдаа эд хөрөнгө, бэлэн мөнгө дутаасан, завшсан тухай эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаж байсан нь хангалттай нотлогдож байгаа.

Мио Фу Ян нь уг газраа зарж мөнгөө авчихсан мөртлөө эхнэр Насанбуянгаар ноцтой төөрөгдсөн мэтээр нэхэмжлэл гаргуулж байгаа нь үнэн хэрэгтээ мөнгө авсан тухай нотлох боломжгүй гэж үзээд давхар ашиг олох гэсэн үйлдэл, залилан мэхэлсэн үйлдлийн халхавч юм. Анхан шатны шүүхэд нотлох баримтыг хилийн чандад бүрдүүлж хэрэгт хавсаргаж өгөөч гэсэн боловч шүүх хүсэлтийг хангаагүй шийдвэр гаргасан. Барилга барьж, борлуулан ашиг олох энэхүү бизнесийн үйл ажиллагаанд иргэн Насанбуян огт хамааралгүй бөгөөд ноцтой төөрөгдөх үндэслэл байхгүй. Мио Фуян нь цаашид хамтарч ажиллаж чадахгүй хэмээн хамтран ажиллах гэрээнээсээ гарсан, хамтарч ажиллаж байсан Ө.О-, Ленг фенг Си нарт дээр дурдагдсан газраа бүхэлд нь зарсан, төлбөрөө бүрэн авчихсан мөн барилга баригдаж дуусмагц 3 өрөө байр 2 ширхэгийг авахаар гэрээ байгуулчихсан байгаа зэргээс үйл явдал баримтыг тодорхой харж болно. Хавтаст хэрэгт авагдсан барилга дуусахад 3 өрөө байр 2 ширхэгийг авахаар байгуулсан газар ашиглах гэрээг үнэлээгүй.

...Өнөөдөр уг газар дээр төсөвт өртөг нь 2 924 210 529 төгрөгийн барилга 75 хувийн гүйцэтгэлтэй баригдчихсан байж байна. Уг гүйцэтгэлд Насанбуянгийн нэг ч төгрөгний хөрөнгө оруулалт байхгүй. Уг барилгыг дуусгахад нэмэлт хөрөнгө зайлшгүй хэрэгтэй түүнийг цааш явуулахад дуусаагүй барилгын гэрчилгээг барьцаалж зээл авах шаардлага үүсч байгаа. Гэтэл 1 барилгын газар нь 2 тусдаа эзэмшигчийн гэрчилгээтэй. Банк үүнд барьцааны шаардлага хангахгүй байгаа учраас энэ асуудлаа шийдвэл зээл олгох боломжтой талаар хэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэг барилга 2 тусдаа эзэмшигчийн гэрчилгээтэй газарт зээл олгохгүй гэсэн тухай хэлсэн байдаг. Гэтэл шүүх Иргэний хууль, Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хууль тогтоомжид банкнаас зээл авахдаа зээлдэгч нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж болох боловч бусдын өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалахдаа заавал өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаарддаггүй гэж өнгөц ойлгож уг хуулийг хэрэглэжээ. Хуульд өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаарддаггүй ч банкны эрх бүхий этгээдээс 1 газрын гэрчилгээтэй байхаар үндсэн болон хамтран эзэмшигчтэй байх шаардлагыг тавьж байсан. Энэ боломжийг ч хуульд нийцүүлсэн байдлаар 2 тусдаа газар эзэмших гэрээг 1 гэрээ болгон 2 хамтран эзэмшигчтэйгээр байж болох зохицуулсан байдаг түүнийг Ж.Н- Ө.О- нар хэрэглэсэн байдаг. Шүүх банкны журам, банкны эрх бүхий этгээдээс тавьсан шаардлагыг болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг шууд үгүйсгэн, нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбарыг туйлын үнэн мэтээр дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

...Ө.О- газар эзэмших гэрээг дангаараа эзэмшихээр гэрээ хийсэн бол хууран мэхэлсэн байна гэж үзэж болохсон. Гэтэл үнэндээ өнөөдрийг хүртэл газрыг хамтран эзэмшигч, газрын их багаас хамаарахгүйгээр бие биендээ хамааралтай байгаа шүү дээ. Мөн Ө.О- Ж.Н- нарын хооронд байгуулагдсан газар ашиглах гэрээ түүнд тусгасан төлбөрт тооцогдох 3 өрөө 2 байрны асуудал ямар учиг зангилааг тайлах тал дээр шүүх үнэлээгүй, дүгнээгүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтүүдийг удаа дараа хангахгүй, хэргийн бодит үнэнийг олж тогтооход чухал ажиллагааг хийлгэхгүй хаасан. Иргэн Ленг фэнг си-гийн газрын төлбөрт Мио Фуянд төлсөн төлбөрийн баримтуудыг БНХАУ-ын банкнаас гүйлгээний хуулгаар авчруулсан бол уг газрыг худалдсан гэдгийг шууд нотлохоор байсан ба энэ ажиллагааг хийгээгүй нь хэргийг буруу шийдвэрлэхэд нөлөөлжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Ж.Н-гийн нотлох баримтгүйгээр зохиож ярьж байгаа болгон нь энэхүү газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч баригдаж байгаа барилгын ажлыг гацааж цаашлаад шантаажлах, барьцаалах замаар байгуулсан гэрээ, тохиролцооноосоо буцаж үндэслэлгүйгээр баяжихыг санаархаж байна гэж үзэж эсэргүүцэж байна гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Ц.А-, Ж.Н- нар нь хариуцагч Ө.О-д холбогдуулан, Ц.А-, Ж.Н-, Ө.О- нарын 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 1170 мкв талбай бүхий газрын 30 хувийг Ө.О-д эзэмшүүлэхээр шилжүүлсэн хэлцлийг, Ж.Н-, Ө.О- нарын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан, дээрх газрын 819 мкв талбайг Ө.О-тэй хамтран эзэмших тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ө.О- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 1170 мкв талбай бүхий газрын хамтран эзэмшигчээс Ж.Н-г хасуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс, бодитоор, тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 819 мкв газрыг Ө.О-тэй хамтран эзэмшихээр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх нэхэмжлэгч Ж.Н-, хариуцагч Ө.О- нарын 2014 оны 09 сарын 02-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, харин Ц.А-, Ж.Н- болон Ө.О- нарын дунд байгуулагдсан 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1170 мкв газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээний Ө.О-д 30 хувийг шилжүүлсэн хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1., 59 дүгээр зүйлийн 59.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1.-д зааснаар хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн бол шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож болдог байна. Түүнчлэн, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болдог.

Хэрэгт авагдсан баримтаар Ц.А-, Ж.Н- болон Ө.О- нарын дунд байгуулагдсан 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1170 мкв газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээний Ө.О-д 30 хувийг шилжүүлсэн хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, нэхэмжлэгчийг уг хэлцлийг хийхдээ ноцтой төөрөгдсөн, эсхүл хууран мэхлэгдсэн гэж үзэх  үндэслэл тогтоогдоогүй гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Харин шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 819 мкв газрыг Ө.О-тэй хамтран эзэмшихээр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх нэхэмжлэгч Ж.Н-, хариуцагч Ө.О- нарын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцохдоо хариуцагчийг “банкнаас зээл авахын тулд нэг эзэмшигчтэй байх шаардлагатай” гэж нэхэмжлэгчийг хуурч мэхэлсэн гэж үзжээ.

Нэхэмжлэгч Ж.Н-д холбогдох сөрөг нэхэмжлэлийг шүүх Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д зааснаар хангах үндэслэлгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.-д зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй бөгөөд хариуцагчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа, эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч саад болж байгаа гэх байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг хамтран эзэмшигчээс хасуулах хариуцагчийн сөрөг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 138/ШШ2018/00061 дүгээр шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 201/МА2018/00007 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН