Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 74

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал                

Прокурор                                         Н.Дуламсүрэн

Хохирогч                                          Ж.Д-

Шүүгдэгч                                          Д.Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын даргалж 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 277 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-гийн бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Б-д холбогдох эрүүгийн 17180000770047 тоот 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С- овогт Д-ийн Б-, /РД: **********/ нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 20:00 цагийн орчим Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр “Тэди” төвийн орчим архи ууж согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ж.Д-тай маргалдаж улмаар түүнийг хутгалж биед нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Д.Б-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Д-д эмчилгээний зардал 300.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.Б- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...мөрдөн байцаагч, прокурорын буруутай илтэд нэг талыг барьсан үйлдэл, үйл ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор  шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор ямар ч нотлох баримтгүйгээр гэм буруутайд тооцож ял оногдуулсан сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг үнэн мөнөөр нь шүүж, шударга үнэнийг тогтоож, гагцхүү нотлох баримтанд үндэслэн шийдвэр гаргаж, гэм буруугүй болохыг минь тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч гоидол гаргав...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б-: Би шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Миний хэргийг шүүх шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг баримталж ямар ч нотлох баримтгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие тухайн өдөр шагайн харваанд бооцоотой харваж н.Нинжжамбаар 1 шил “Хараа” архи авахуулж хувааж уугаад н.Мөнхдалай бид хоёр бас нэг шил архи авч дахин хувааж уугаад нилээд согтсон. Автобус зогссон байсан учраас таксинд суусан юм. Тэгээд таксинд ороход энэ Ж.Д- ”Ардын намын 2 орж ирлээ” гэж хэлээд түүнээс болж бид нар хоорондоо маргалдсан бөгөөд “Номин” дэлгүүрийн зогсоол дээр ирж таксинаас буухдаа би Ж.Д-ын биенд барьж явсан шагайны хэрэгсэл хийсэн хайрцгаараа шүргэсэн юм болов уу тэгээд намайг Ж.Д- цохиод машин тойруулж хөөсөн юм. Тэндээс би  шагайны хэрэгсэл хийсэн хайрцгаа бариад зугтаасан. Ингэж яваад “Шунхлай” шатахуун түгээх станцын тэнд гүйж яваад тээглэж унасан юм. Энэ үед Ж.Д- намайг гүйцэж ирээд хэд хэдэн удаа намайг өшиглөсөн. Үүнээс хойш юу болсныг би санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд нилээн орой болчихсон би 16 давхрын урд талын сүүдрэвчин дотор ганцаараа сууж байсан. Ингээд би таксины ч мөнгө байхгүй байсан болохоор явган явсаар гэртээ ирж унтаад маргааш өглөө нь цуг явсан н.Мөнхдалайтай утсаар ярьж “...юу болсон  тухай  асуусан...” чинь “...Намайг Ж.Д-аас салгахад барьж явсан шагайн харвааны хэрэгсэл хийсэн хайрцаг болон малгайгаа орхиод “Цуурай Цо” төвийн тийшээ гүйгээд явсан. Чамайг жаахан хүлээгээд буцаж ирэхгүй болохоор чинь юмыг чинь аваад гэртээ ирсэн...” гэж хэлсэн. Ингээд би маргааш нь Шарын гол руу шагайн тойромд яваад 3 хоноод ирэхэд Цагдаа дээр дуудсан. Ийм л асуудал болсон. Би мөрдөн байцаалтын явцад энэ хүнийг анх үзсэн эмч болон таксины жолооч, таксинд суулгасан залуу зэргийг олж гэрчээр асууж өгөөч гэж амаар хүсэлт гаргаж байсан боловч миний хүсэлтийг биелүүлээгүй. Ингээд хэргийг прокурорт байхад бас бичгээр хүсэлт гаргасан чинь “...одоо шүүхэд шилжүүллээ. Наад гомдлоо шүүхэд өг...” гэсэн. Ингээд л би шүүхэд хэрэг ирсний дараа Т.Батжаргал шүүгчийн туслахад гомдлоо өгсөн боловч шүүгчид танилцуулаагүй, шүүх хуралдаан хийсэн өдөр шүүгчид өгсөн байсан. Би маш их гомдолтой байна. Намайг хийгээгүй хэрэгт илтэд нэг талыг баримтлан нотлох баримтгүйгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ийм учраас үнэн мөнийг олж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогч Ж.Д- гаргасан тайлбартаа: Би Д.Б-гийн давж заалдах гомдолтой танилцсан. Анхан шатны шүүх хуралдаанд ч оролцсон. Энэ хүн яагаад ингэж худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Бид хоёр ойролцоо насны ахмад хүмүүс бие биенээ ингэж үндэслэлгүйгээр гүтгэх, худлаа ярих шаардлагагүй гэж бодож байна. Энэ хүн намайг бодвол боловсролтой, ажил төрөл эрхлэж явсан хүн юм байна лээ. Би бол 8 дугаар анги төгссөн насаараа жолооч хийсэн хүн. Гэхдээ би энэ хүнийг хилс хэрэгт гүтгэх худлаа ярих шаардлага байхгүй. Ийм хэрэг хийчихээд одоо болтол надаас уучлалт гуйгаагүй. Тэр өдөр би өөрийн машинаа “Цуурай Цо”-гийн гадаа орхисон байснаа дотогш нь оруулах санаатай гэрээсээ гарсан бөгөөд таксинд суугаад нэг гараа жолоочийн суудлын ар дээр тавьсан сууж байсан чинь хоёр хүн орж ирээд арын суудал дээр суухдаа “... Чи яасан том хүн бэ наад гараа ав “ гэсэн би юм хэлээгүй гараа авсан. Энэ хоёр хүн хоёулаа нилээд согтуу байсан бөгөөд таксинд суусан цагаасаа эхлээд элдэв юм яриад согтуурхаад байсан бөгөөд таксиннаас буухдаа миний хоолой руу барьж явсан хайрцгаараа  шахаж түлхсэн тэгэхээр нь би түүний барьж явсан хайрцагийг хойш нь болгосон чинь намайг цохиод авсан. Тэгэхээр нь би түүнийг нэг цохисон чинь машин тойрч гүйгээд явчихсан. Тэгээд би хойноос нь хөөсөн чинь “Шунхлай” колонкийн тэнд тээглээд уначихсан. Би гүйцэж очоод энэ хүнийг цохисон. Энэ хүнтэй цуг явж байсан хүн нь гүйцэж ирээд бид хоёрыг салгахад нь би “Цуурай Цо” тийшээ машин луугаа яваад өгсөн. Гэтэл энэ хүн араас гүйцэж ирээд миний цээж рүү хутгалсан юм. Би түүнд чи намайг хутгалчихлаа шүү дээ гэсэн чинь энэ хүн зугтаагаад явчихсан. Замд  тааралдсан залууг бариад аваарай гэсэн чинь барьж авч чадаагүй, тэгээд төрийн банкны тийшээ гүйгээд явсан. Нөгөө замд тааралдсан залуу над дээр ирээд “Ах аа та эмнэлэг яв та цус алдаж байна” гэсэн. Ингээд такси зогсоож намайг суулгаж, таксины жолоочид 1000 төгрөг өгсөн. Ингээд би шууд эмнэлэг орсон. Би эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Эмч болон цагдаа надаас тэр хүнээ таних уу гэхэд нь танихгүй гэж хэлсэн. Энэ хүнийг надтай адилхан настай хүн болохоор нь ирээд уучлалт гуйж учраа олох байх гээд хүлээсэн. Гэтэл сураг чимээгүй болсон. Ингээд би цагдаад мэдэгдэж болсон явдлыг хэлсэн. Цуг явсан хүнийг нь сураглаж олоод энэ хүний утас, нэр усыг нь мэдсэн. Яагаад хийсэн хэргээ ч хүлээхгүй, худлаа яриад явааг нь ойлгохгүй байна. Бидний үеийн улсууд ийм байдалд хүрсэнд нь их харамсаж, гомдож байна. Би зөгийний аж ахуй эрхэлдэг. Энэ хүний үйлдлээс болж бүтэн сарын ажлаа алдсан. Яг ид зөгийн бал хураадаг үеэр ажлаа алдаж хохирсон. Энэ хүн нэгэнт гэм буруугаа хүлээхгүй байгаа болохоор бүх хохирлоо нэхэмжилнэ гэж бодож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дуламсүрэн гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлага хангасан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.Б- нь хохирогч Ж.Д-тай маргалдаж улмаар түүнийг хутгалсан нь нотлогдсон. Хэрэг учрал болох үед Д.Б- нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан болох нь тогтоогдсон. Харин хохирогч эрүүл байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчид шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон гэж үзэж байна гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Д.Б- нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 20:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Тэди төв”-ийн  орчим архи ууж согтуурсан үедээ хувийн хаарамжгүй харьцааны улмаас хохирогч Ж.Д-тай маргалдаж улмаар цээжин тус газар нь хутгалж түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Д.Б-д холбогдох хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан журмын дагуу ял шийтгэл оногдуулж 277 дугаартай шийтгэх тогтоол гаргажээ.

Шүүгдэгч Д.Б-гийн  шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянахад давж заалдах гомдолд дурдсанчлан “....түүнд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа болон шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхдээ илтэд нэг талыг баримтлан, ямар ч нотлох баримтгүйгээр, гэмт хэрэг үйлдээгүй байхад гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан...” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Б-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ