Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 169

 

Б.Алтансүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/01096 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Алтансүхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 79/9 дугаар байр, 46 тоот хаягт 39.6 м.кв талбайтай нэг өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Алтансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний бие тус үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг судалж үзэхэд төгрөгийн 95-100 сая төгрөгийн үнэтэй байхаар байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилогдсон шинжээч “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээ нь миний үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн бодит үнэ ханшаас хамаагүй багаар үнэлж байгаа явдал нь өмч хөрөнгийг маань үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг маань зөрчиж, улмаар намайг хохирол амсах байдалд хүргэж байна.

Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлд эхлээд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг талуудаас албан ёсоор авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр заасан байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээний талаар хууль ёсны өмчлөгч надаас албан ёсоор үнийн санал авалгүй, талуудын хооронд үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ авалгүйгээр, шууд шинжээч томилж, зах зээлийн үнэ ханшаас хамаагүй багаар үнэлгээ хийлгэж буй явдалд ч маш их гомдолтой байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Б.Алтансүх миний үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилж, үнэлгээ хийлгэж, албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа болохоо 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 3/14639 тоот мэдэгдлээр надад 4 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн.

Миний бие уг мэдэгдэл буюу үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул тухайн асуудлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Сүхбаатар дүүргийн тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэгт хандан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасан боловч тэрээр миний гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй буюу татгалзсан болохоо мөн оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 10 тоот хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэсэн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээг гардуулан өгөөгүй.

Иймд Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 79/9 дугаар байр, 46 тоот хаягт 39.6 м.кв талбайтай нэг өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 6417 тоот шийдвэрээр Б.Алтансүхээс 37 695 700 төгрөгийг гаргуулан Ч.Бямбацэрэнд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгчид дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу 73/9 дүгээр байрны 46 тоот, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017460 дугаарт бүртгэлтэй 39.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/13 тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн Шүүхийн шийдвэр тогтоол биелүүлэх мэдэгдэл өгсөн.

Мэдэгдлийн хугацаанд төлбөрийг төлөөгүй тул 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/18 тоот эд хөрөнгийг хураасан тогтоолоор дээрх барьцаа хөрөнгийг төлбөр төлөгч нь битүүмжлэн хураасан хөрөнгөнд иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд ирүүлээгүй тул 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/3728 тоот албан бичгээр үнийн санал ирүүлэхийг дахин мэдэгдсэн.      

Төлбөр төлөгч нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр барьцаа хөрөнгөнд үнийн санал өгөх боломжгүй талаар бичгээр тус албанд ирүүлсэн.

Мөн төлбөр авагч Ч.Бямбацэрэн нь дээрх барьцаа хөрөнгөнд үнийн санал гаргахаас татгалзан, хөндлөнгийн үнэлгээчнээр зах зээлийн үнийг тогтоолгож өгөх хүсэлтийг тус албанд ирүүлсэн тул шинжээч томилох тухай 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 72 тоот тогтоолоор “Итгэлт эстимэйт” ХХК зах зээлийн үнэлгээг тогтоолгоход дээрх барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг 72 000 000 төгрөгөөр тогтоосон болно.

Үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэлгээг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 3/14689 тоот албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдэж үнэлгээний тайлантай 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр танилцуулсан.

Б.Алтансүхэд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 3/14728 тоот мэдэгдэл өгч барьцаа хөрөнгийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт болох Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 72 000 000 төгрөгийн 70 хувь буюу 50 400 000 төгрөгеөр оруулахад үнийн санал ирээгүй болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар Б.Алтансүхийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Алтансүхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Алтансүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 6417 дугаар шийдвэрээр 37 695 700 төгрөгийг Ч.Бямбацэрэнд төлөхөөр шийдвэрлэгдсэн. Улмаар миний үл хөдлөх хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Их тойруу 73-9 дүгээр байрны 46 тоот орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон “Итгэлт эстимэйт” ХХК-иар зах зээлийн үнэлгээг 72 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл одоогийн зах зээлийн ханш нь 95-100 000 000 төгрөгөөр зарагдах ханштай байгаа тул уг үнэлгээг миний бие зөвшөөрөөгүй улмаас Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүхээс миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэгч Б.Алтансүх гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, барьцаа хөрөнгийн үнэлгээг хуулийн дагуу хийлгүүлсэн гэж маргасан байна.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 6417 дугаар захирамжаар Б.Алтансүх нь 37 350 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор Ч.Бямбацэрэнд төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж 73/9 тоот байрны 46 тоот 39.6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/13 тоот тогтоолоор битүүмжилж, мөн оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/18 тоот тогтоолоор хураан авчээ.

/хэргийн 15-17, 37, 40 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Б.Алтансүх нь тус төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийг нь бүрэн төлөөлөх итгэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Т.Мөнхзулд 1 жилийн хугацаатайгаар олгосны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон өмчлөгчөөс үнийн санал авах тухай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/3728 тоот мэдэгдлийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзулд гардуулан өгсөн байна.

/хэргийн 38, 41 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Б.Алтансүх нь 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр барьцаа хөрөнгийн талаар үнийн санал өгөх боломжгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн байх ба төлбөр авагч Ч.Бямбацэрэн нь хөндлөнгийн үнэлгээчнээр зах зээлийн үнийг тогтоолгох хүсэлт гаргасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 72 дугаар тогтоолоор “Итгэлт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж 73/9 тоот байрны 46 тоот 39.6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 72 000 000 төгрөгөөр үнэлжээ.

/хэргийн 44-52 дугаар тал/

 

Иймээс нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг 72 000 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны баримт нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад оролцох эрхээр нь хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнийг дээрх үнэлгээний 70 хувиар тооцож, 50 400 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 3/14689 тоот мэдэгдлийг 4 дүгээр сарын 25-ны өдөр, анхны албадан дуудлага худалдааг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт явуулах тухай мөн оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 5/181 дугаар тогтоолыг 5 дугаар сарын 06-ны өдөр тус тус нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. /хэргийн 54-56 дугаар тал/

 

Хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэсэн журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/01096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ        

 

                                             ШҮҮГЧИД                            Д.ЦОГТСАЙХАН

                       

                                                                                         С.ЭНХТӨР