Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 220

 

Г.Гарьд, Т.Өнөртэгш нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00956 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Гарьд, Т.Өнөртэгш нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Оюунчимэгт холбогдох

 

Зээлийн болон худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж, гэрчилгээ хүчингүй болгож, байруудыг буцаан олгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтангэрэл,

Хариуцагч Ч.Оюунчимэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Батсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Гарьд, Т.Өнөртэгш нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галсанпунцаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Өнөртэгш гаалиас бараагаа авах гэтэл мөнгөгүй болсон учир Ч.Оюунчимэгтэй уулзан мөнгө зээлэхийг хүссэн. Ч.Оюунчимэг нь “70 сая төгрөгийг барьцаа үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн тохиолдолд зээлнэ.” гэсэн. Мөнгөтэй болохын эрхэнд уг шаардлагыг нь зөвшөөрсөн. Ийнхүү Ч.Оюунчимэг нь бид нартай 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 80 сая төгрөгийн зээлийн ба улсын бүртгэлийн Ү-22050058381, Ү-22050058382 дугаартай 2 үйлчилгээний байрыг худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулсан.

Гэвч Г.Гарьд бид хоёр эдгээр гэрээг байгуулсан нь буруу болжээ. Учир нь бид 80 сая төгрөг хүлээж аваагүй учир зээлийн гэрээнд зааснаар 80 сая төгрөгөөс хүү тооцохоор бид нарт илэрхий хохиролтой байна. Мөн худалдах, худалдан авах гэрээ нь хуульд зааснаар байгуулах ёстой байсан барьцааны гэрээг хайцаалж халхавчилсан байна.

Иймд дээр дурдсан зээлийн болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байгааг албан ёсоор тогтоож Ү-22050058381, Ү-22050058382 дугаартай үйлчилгээний 2 байрыг Ч.Оюунчимэгийн нэр дээр бүртгэж олгосон улсын үртгэлийн 000400170, 000400171 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож уг 2 үйлчилгээний байрыг нэхэмжлэгч нарт буцаан олгох тухай шийдвэр гаргаж өгнө үү. Харин зээлийн 70 000 000 төгрөгөө Т.Өнөртэгш би Ч.Оюунчимэгт төлөх болно гэжээ.

 

Хариуцагч Ч.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Өнөртэгш, Г.Гарьд нар хариуцагч Ч.Оюунчимэг миний өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Намсрайн гудамжны 45/А байрны 16, 17 тоот үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22050058181, Ү-22050058382 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох нэхэмжлэл гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан шүүхийн харьяалал зөрчсөн нэхэмжлэл байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

1. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэдэг. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосны дараа буцаан олгож өгнө үү гэж шаардсан нь ойлгомжгүй байна. Энэхүү шаардлага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан өмчлөгчийн эрхэнд бүдүүлгээр халдаж буй ойлголт юм.

2. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үйл баримтын талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/02808 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 997 тоот хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Оюунчимэгтэй байгуулсан зээлийн болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байгааг тогтоож, 000400170, 000400171 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, уг 2 үйлчилгээний зориулалттай байруудыг буцаан олгох тухай нэхэмжлэгч Г.Гарьд, Т.Өнөртэгш нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Гарьдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 911 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтангэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00956 тоот шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Шүүх нэхэмжлэгч Т.Өнөртэгш хариуцагч Ч.Оюунчимэгтэй 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, нэхэмжлэгч нар нь хариуцагчтай 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа “нэхэмжлэгч Т.Өнөртэгш хариуцагчтай 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 80 000 000 төгрөгний зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байгааг тогтоох, 2 үйлчилгээний зориулалттай байрыг нэхэмжлэгч нарт буцаан олгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч тус нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлохгүй байна” гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Т.Өнөртэгш 70 сая төгрөгийг хариуцагчаас зээл зээлжээ. Түүний 80 сая болгож өгөхөөр гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх ч мөнгө зээлсэн гэж уг гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь шүүхийн шийдвэрт харагддаг.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ч.Оюунчимэг өөр ямар нэгэн эх үүсвэрээс мөнгөн төлбөр хийж, уг маргаж байгаа байруудыг худалдан авсан болох баримт огт байдаггүй. Өөрөөр хэлбэл, зээлсэн мөнгөний барьцаа болох нь хэн ч ойлгомжтой юм. Үүнийг шүүх зөв үнэлэхгүй нэг талын барин хэргийг шийдвэрлэжээ.

Дээрх нотлох баримт нь худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу барьцаат зээлийн гэрээ хийгдэх ёстой байсныг нотлож байгаа нотолгоо гэж ойлгож байна.

Харин ч энэ худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэх үндэслэл энэхүү зээлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

Уг хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал нь П.Ганбат гэгчийн гаргасан нэхэмжлэлээр шийдвэрлэгдсэн хэрэг П.Ганбат нь Ч.Оюунчимэгт холбогдуулан гаргасныг шаардах эрх үүсээгүй байсан учир хэрэгсэхгүй болгожээ.

П.Ганбат Ч.Оюунчимэгтэй ямар нэгэн гэрээ хийж, үүргийн гүйцэтгэлийн талаар маргах үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрээс харагддаг. Харин энэхүү нэхэмжлэл нь нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөж байгаа учир бодит байдлыг шүүхээр хуулийн дагуу шийдвэрлүүлэх гол асуудал юм. Дээрх байдлуудыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шиидвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, талуудын хоорондох маргаанд хамааралтай Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Зээлийн болон худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, орон сууцыг буцаан олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Г.Гарьд Т.Өнөртэгш нар нь хариуцагч Ч.Оюунчимэгт холбогдуулан гаргасныг тэрээр эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Өнөртэгш, хариуцагч Ч.Оюунчимэг нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, нэхэмжлэгч Т.Өнөртэгш, Г.Гарьд хариуцагч Ч.Оюунчимэг нарын хооронд мөн өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ц.Намсрай гудамж, 45а байрны 16, 17 тоот Ү-22050058381, Ү-22050058382 дугаарын улсын бүртгэлтэй, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах-худалдан авах гэрээ тус тус байгуулагдаж, орон сууцны өмчлөх эрх хариуцагчид шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хэргийн 8-10 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нар нь бүх шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн бүх эрхийг эдлэж, өөрсдийгөө төлөөлөн оролцох итгэмжлэлийг З.Алтангэрэлд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд тэрээр давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхэд хамаарч байх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсаныг батлах үндэслэл болох юм.   

 

Харин нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу барьцааны гэрээг халхавчилж орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн” гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэсэн тайлбар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй ба худалдах-худалдан авах гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан боловч, одоог хүртэл орон сууцны эзэмшил, ашиглалтыг бодитойгоор өөртөө шилжүүлэн авч, нэхэмжлэгчид гэрээнд зааснаар орон сууцны үнэ 50 000 000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор Ч.Оюунчимэгийн нэр дээр байгаа улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, байруудыг буцаан олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэргийн зохигч нарт холбогдуулан П.Ганбат нь Т.Өнөртэгштэй байгуулсан Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээг үндэслэн гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/02808 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 997 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэх үндэслэлээр Ч.Оюунчимэгт холбогдуулан нэхэмжлэгч Г.Гарьд, Т.Өнөртэгш нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөр болон тухайн хэргүүдийн оролцогчийн эрх зүйн байдал буюу нэхэмжлэгч нар нь өөр байх тул уг шийдвэр, магадлалуудаар П.Ганбатын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтанд хамаарахгүй болно.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус зааснаар гэрээний зорилго, талуудын эрх, үүрэг, гэрээний зүйлийн өмчлөх эрх шилжих зэрэг нөхцөл байдлууд өөр өөр байхаар зохицуулагдсан болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/02808 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 997 дугаар магадлалтай хэрэгт хариуцагч Ч.Оюунчимэг нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор буюу барьцаалсан, төлбөрийг шилжүүлж, өмчлөлдөө авах буюу худалдах-худалдан авах хэлцэл хийх хүсэл зориг байгаагүй гэх тайлбар нь хэвээр байгаа эсэхийг давж заадах шатны шүүх хуралдааны шатанд тодруулахад үгүйсгэхгүй зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ц.Намсрай гудамж 45а  байрны 16 тоот 59.7 м.кв, уг байрны 17 тоот 49.3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар “Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Хэрэгт цугларсан баримтаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан журмын дагуу зохигчид зээлийн гэрээний үүргийг худалдах-худалдан авах гэрээний үүргээр сольж дуусгавар болгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт тооцож үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч шилжүүлэн авсан талаарх хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар үндэслэлгүй байна.

 

Гэтэл шүүх нэхэмжлэгч нар хүчин төгөлдөр гэрээний үүргийг шаардаагүй байхад түүний шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл нэхэмжлэгч нар нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах хэлцлийг халхавчилж хийсэн мөн өдрийн худалдах-худалдан авах хэлцлүүдийг үндэслэн гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагчийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн бүртгэлийг буцаалгах буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх...үүрэгтэй.” гэж зааснаар үр дагаврыг шийдвэрлүүлэх агуулгатай байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт “...шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заана.” гэж зааснаар маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр буцаан бүртгэхийг бүртгэлийн байгуулагад даалгах нь зүйтэй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, орон сууцыг буцаан олгуулах гэсэн нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлснийг буцаалгах агуулгатай байгаагаас бус, улсын бүртгэлийн байгууллагын эрх зүйн актанд болон хариуцагчийн өмчлөлд бодитой шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулахаар шаардаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болон хариуцагч нь зээлийн гэрээтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул давж заалдах шатны шүүх уг гэрээний хүчин төгөлдөр байдал, үүргийн гүйцэтгэлийн биелэлт, үр дагаврын талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг дээр дурьдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00956 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Гансүх, Т.Өнөртэгш, Ч.Оюунчимэг нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ц.Намсрай гудамж 45а байрны 16 тоотын 59.7 м.кв, уг байрны 17 тоотын 49.3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Гансүх, Т.Өнөртэгш нарыг буцаан бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Г.Гансүх, Т.Өнөртэгш нар нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Ч.Оюунчимэгээс 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гансүх, Т.Өнөртэгш нарт олгосугай” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч нар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 912 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО    

 

                                                         ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ    

                       

                                                                                                            С.ЭНХТӨР