Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 75

 

Ө.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                           Я.Туул

Шүүгчид                                         Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                       Н.Дуламсүрэн

Шүүгдэгч                                        Ө.Э-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 236 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Энхтулгын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө-ын Э-д холбогдох 201409000970 тоот 2 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

- 1999 онд Дархан-Уул аймгийн СДШүүхийн 298 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан

- 2003 онд Дархан-Уул аймгийн СДШүүхийн 238 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1  сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан

- 2005 онд Говь-Алтай аймгийн СДШүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 7 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн

- 2005 онд Дархан-Уул аймгийн СДШүүхийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар  шийтгэгдэж 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан

- 2006 онд Дархан-Уул аймгийн СДШүүхийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн

- 2008 онд Дархан-Уул аймгийн СДШүүхийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сар 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан

- 2013 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан

- 2016 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн  хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Ө-ын  Э- /РД:**********/ нь Дархан сумын 1 дүгээр баг Партизаны 6 дугаар гудамж 95а тоотод оршин  суух иргэн Ц.Н-ын байшинд  2014 оны 12 дугаар сарын 10-наас 19-ний хооронд нэвтэрч 600.000 төгрөгийн үнэ бүхий “Делл” маркийн суурин компьютер, Дархан сумын 1 дүгээр  баг Пионерийн 7 дугаар гудамж 62 тоотод оршин суух Х.М-гийн байшинд болон гэрт 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12:30 цагийн орчим нэвтэрч 155.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, ”нокиа 6300” маркийн гар утас, Дархан сумын 3 дугаар баг Тосгоны 2 дугаар гудамжны 36 тоотод оршин суух М.М-ийн байшинд 2015 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны хооронд нэвтэрч Д.О-ын 479.920 төгрөгийн үнэ бүхий “Монел” маркийн 32 инчийн зурагт, Дархан сумын 2 дугаар баг Октябрийн 3 дугаар гудамж 2 тоотод оршин суух Л.Ё-ын байшинд 2015 оны 04 дүгээр сарын 08-наас 09-ний хооронд 500.000 төгрөгийн үнэ бүхий “Тошиба” маркийн 32 инчийн зурагт, Дархан сумын 3 дугаар баг Малчны 4 дүгээр гудамжны 61 тоотод оршин суух Г.Б-ы байшинд 2017 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-ны хооронд нэвтэрч 260.000 төгрөгийн үнэ бүхий “Шарп” маркийн 32 инчийн зурагт, морин хуур хулгайлж нийт 1.994.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ө.Э-д холбогдох хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 128 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас зарим буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ө.Э- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...би анхан шатны шүүх хуралдаан дээр 2014 оны 12 дугаар сарын 10-нд Ц.Н-ын, 2015 оны 02 дугаар сарын 02-нд Х.М-гийн, 2015 оны 06 дугаар сарын 20-нд М.М-ийн, 2015 оны 04 дүгээр сарын 08-нд Л.Ё-ын гэрт нэвтэрч хулгай хийсэн гэх хэргүүдийг хийгээгүй, намайг батлан даалтанд гаргана, хохирол байхгүй, хэрэг хүлээчих гэхээр нь хүлээсэн тухай мэдүүлсээр байтал үл анхаарч хэргийг шийдвэрлэсэн. Миний эдгээр хэргүүд болсон цаг хугацаанд хаана, юу хийж байсныг нотлох хүмүүс байгаа, мөн жинхэнэ хулгайчийг харсан хүн байгаа зэрэг нь надад хамааралгүй болох юм. Би бусдын үйлдсэн хэрэгт ял шийтгэл авсандаа туйлын их гомдолтой байна. Аливаа хүн зөвхөн өөрийн үйлдсэн хэрэгтээ хариуцлага хүлээх ёстой байдаг бизээ. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг шалгаж үнэн зөвийг тогтоож өгнө гэдэгт итгэж байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Э-: Би шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Би өөрийн давж заалдах гомдол бичсэн дээрх 4 гэмт хэргийг үйлдээгүй. Энэ тухай анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн. Эрүүгийн төлөөлөгч нар намайг баригдаад эрүүлжүүлэхэд байхад дагуулж яваад энэ 4 хэргийг хүлээчих хохирол төлбөр байхгүй, өршөөлд хамрагдана, батлан даалтанд гаргана гэхээр нь би энэ хэргүүдийг хүлээсэн юм. Энэ хэргүүдийг гарах үед намайг хаана байсныг мэдэх хүмүүс байгаа юм. Иймд надад холбогдох хэргийн үнэн мөнийг олж шударгагаар шийдвэрлэж өгнө үү гэв.   

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Н.Баярмаа: Шүүгдэгч надад болон анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын явцад энэ тухай ярьж байгаагүй. Ер нь бол зөвхөн ганцхан шүүгдэгчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэж болохгүй ээ. Ийм асуудал болсон байхыг үгүйсгэхгүй ээ. Урьд нь ийм асуудал гарч байсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор Н.Дуламсүрэн гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Ө.Э- нь 30-ны өдөр баривчлагдаад цагдан хоригдсон бөгөөд цагдан хорих байрнаас түүнийг эрүүгийн төлөөлөгч нар дагуулж гараад хулгай хийсэн гэх айлуудыг зааж өгөх боломжгүй, цагдан хорих байрнаас зөвхөн прокурорын зөвшөөрлөөр гаргадаг. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаан дээр өөрийн үйлдсэн хэргийг мэдүүлдэг. Ямар нэгэн байдлаар хэрэг үйлдээгүй, эрүүгийн төлөөлөгч нар айл зааж өгсөн гэж ярьж байгаагүй мөрдөн байцаалтын явцад ч энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй ээ. Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгт тодорхой тэмдэглэгдсэн. Түүний гэмт хэрэг үйлдсэн маршрутыг шалгах ажиллагаанд өмгөөлөгч нь оролцсон. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр энэ тухай ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Ийм учраас шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна  гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Ө.Э- нь 2014 оны 12 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 5 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж иргэдэд 1.994.920 төгрөгийн хохирол учруулсан гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ө.Э-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж, эдлэх ялыг хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ө.Энхтулгын шүүхэд ирүүлсэн давж  заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ө.Э- нь 2014 онд 12 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 5 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж нийт 1.994.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон анхан шатны шүүх Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Ө.Э- нь 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 04 дүгээр сарын хооронд үйлдэгдсэн хулгайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж давж заалдах гомдлын үндэслэл гаргасан боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар давж заалдах гомдлын үндэслэл тогтоогдохгүй байгаагийн зэрэгцээ мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын явцад энэ талаар хүсэлт, санал  гаргаж шалгуулаагүй, түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэдгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, нотлох баримтын шаардлага хангасан байх тул түүний давж заалдах гомдол дурдсан үндэслэлийг хүлээж авах хууль зүйн боломжгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Энхтулгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ