Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/236

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0211/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Иргэний нэхэмжлэгч М.М,

Шүүгдэгч Ө.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Ө.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн эрүүгийн 201409000970 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... оны ..... дугаар сарын .....-ны өдөр ........ аймагт төрсөн, ....... настай, эрэгтэй,......... боловсролтой, ....... миэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ....... аймгийн ...... сум ... дугаар баг ....... тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдохоосоо өмнө ... сум ...дугаар баг ... .. М.Б  амьдардаг байсан, Урьд:

1999 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ....... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн "23.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2д зааснаар 3 сар 7 хоног баривчлах ял,

2005 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2006 оны өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

2006 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ....   дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн 1 сарын хорих ял шийтгүүлж, 2007 онд шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 8 сар 1 хоног хорих ял шийтгүүлж, 2010 онд шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил хорих ял шийтгүүлж, 2014 онд шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ө. Э, регистрийн дугаар ........;

                                                                                                                               

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Э нь ...... аймгийн ........ сум ...... дүгээр баг ........... тоотод оршин суух иргэн Ц.Н-гийн байшинд 2014 оны 12-р сарын 10-аас 19-ний хооронд нэвтэрч 600.000 төгрөгний үнэ бүхий делл маркийн суурин компьютер,

...... аймгийн .......... сумын ....... дүгээр баг .....тоотод оршин суух Х.М-гийн Монгол гэр, байшинд 2015 оны 02-р сарын 02-ны өдөр 12 цаг 30 минутын орчим нэвтэрч 155.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, нокиа 6300 маркийн гар утас,

.......... аймгийн ........сумын ... дугаар баг ..... тоотод оршин суух иргэн М.М-гийн байшинд 2015 оны 06 дугаар сарын 20-оос 30-ны хооронд нэвтэрч Д.О-ын эзэмшлийн 479.920 төгрөгийн үнэ бүхий монел маркийн 32 инчийн зурагт,

......... аймгийн ...........сумын.... дугаар баг ....тоотод оршин суух Л.Ё-ын байшинд 2015 оны 04-р сарын 08-аас 09-ний хооронд нэвтэрч 500.000 төгрөгийн үнэ бүхий тошиба маркийн 32 инчийн зурагт,

......... аймаг ....... сум ......р баг ........тоотод оршин суух Г.Б-ны байшинд 2017 оны 05-р сарын 24-өөс 25-ны хооронд нэвтэрч 260.000 төгрөгийн үнэ бүхий Sharp маркийн 32 инчийн зурагт, морин хуур тус тус хулгайлж нийт 1.994.920 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Э нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 5 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлан бусдад нийт 1.994.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ө.Э-ын өгсөн: Гэр бүлийн хүмүүс маань ойрхон зайтай өөд болсон. Тэрнээс болоод сэтгэл санаагаар унаад архи уудаг болсон. Архи уухаараа хулгай хийчихдэг. Яллах дүгнэлтэд бичигдсэн хулгайн үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч М.М-ын өгсөн: Тухайн өдөр /он сарыг нь сайн санахгүй байна/  өглөө эрт 06:00 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад ажил руугаа явж байтал гүүрний тэнд зурагт барьчихсан нэг хүн явж байсан. Манай тэр хавиас такси олддоггүй учир зам дээр зогсож байсан Ө.Э-ыг машиндаа суулгаад хаа хүрэх гэж байгаа вэ? гэж асуутал Таван толгой руу ажилдаа явах гэтэл зардалгүй болчихоод зурагтаа ломбарданд тавих гэсэн юм гэхээр нь би одоо ломбард онгойх болоогүйдээ гэтэл та авчихаач гэсэн. Тэгэхээр нь би бэлэн 100.000 төгрөг өгөөд авсан. Юмыг яаж мэдэх вэ? гээд хоёулаа нэг зургаа авахуулчихая гээд гар утсаараа зургийг нь авсан. Тэгээд ажлаасаа иртэл эхнэр нөгөө чиний авчирсан зурагт чинь хулгайн зүйл байсан байна, хүмүүс нь ирээд аваад явсан гэж хэлсэн. Зурагтны үнэ болох 100.000 төгрөгөө авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ц.Н-ын өгсөн: 2014 оны 12 дугаар сарын 19-нд гэрийн чинь хаалга онгорхой байна гэж хүн хэлүүлсэн байна гэхээр нь би гэртээ очиж үзэхэд байшингийн хаалга онгорхой байсан тул цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Эд зүйлээ шалгахад делл маркийн суурин компъютер алдагдсан байсан гэсэн мэдүүлэг/ 1-р хх-ийн 10/,

Гэрч Б.Б-ийн: 2014 оны 12 дугаар сарын дундуур манай нөхөр Б гэрийнхээ пийшинг янзлаад дээвэр дээрээ гарчихсан байсан. Тэгээд манай хажуу талын айлын хаалга онгорхой байна гэж хэлсэн. Хүн харагдахгүй байна гэхээр нь гэрийн эздэд нь хэл хүргүүлсэн... гэсэн мэдүүлэг /1-р хх-11-12/,

Хохирогч Х.М-ийн өгсөн: 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг 30 минутын үед би гараасаа гараад 14 цагт гэртээ ирэхэд байшингийн цоож цүүгээрээ татагдаад алга болсон байсан. Мөлхөө стекэн дээр байсан нокиа 6300 гар утас, хүрэн өнгийн суран бүс, байшингийн хажуу талын илүү гэрт байсан мөнгөн бүс, зэс аяга, дунд гарын мөнгөн аяга, Э хааны дүр бүхий шилэн бурхан, шинэ тэлээ зэрэг эд зүйл алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 47/,

Гэрч А.З-ын өгсөн: ...2015 оны 2 дугаар сарын 02-нд 13 цагийн орчим М эгчийн гэрт гурил машинддаг машин оруулж өгөхөөр хашаа руу ороход дунд гэрийн хаалга онгорхой байсан. Хаалгаар нь шагайхад 50 орчим насны саарал хувцастай, хар өнгийн савхин малгайтай эрэгтэй хүн зогсож байсан. Би М эгчийнх гэр лүү ороод гурилын машин оруулж тавиад буцаад гараад ирэхэд нөгөө хүн явчихсан байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-48/,   

Хохирогч Д.О-ын өгсөн: ...Би уурхайд ажилладаг юм. 20 хоног ажиллаад 10 хоног амардаг. Амрах хугацаандаа ........ сумын ....дугаар ...... тоотод байх төрсөн эгчийн охин М-ийн хашаа байшинд амьдардаг юм. 2015 оны 6 дугаар сарын 20-нд ажилдаа яваад 29-нд ирэхэд гэрт хулгай орсон талаар дүү М хэлсэн. Миний монел маркийн 39 инчийн зурагт алга болсон байна. Дээрх эд зүйлийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 100/,

Гэрч Г.Н-ын өгсөн: ...Манай хажуу талын айл эзэнгүй байдаг юм. Тэр өдөр манай эмгэн нохойд нь хоол өгөх гэж гараад хажуу айлын хаалга нь онгорхой байна. О ирсэн байх гэж бодлоо гэсэн. Эмгэн бид хоёр гараад орж үзэхэд гадна болон дотор бүргэд хаалга нь онгорхой, дэлгээтэй байсан. Хартал цонх нь хагарсан, зурагт нь байхгүй байхаар нь М хэлсэн... гэсэн мэдүүлэг /1-р хх-104-105/,

Гэрч Ж.Б-ын өгсөн: ... 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр манай эхнэр М тосгоны гэрт хулгай орсон талаар мэдээд цагдаад мэдэгдсэн. М хөрш айлын эмгэн хулгай орсон талаар хэлсэн байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 106-107/,

Гэрч Г.Н-ийн өгсөн: ... Би хөрш айлыг эзгүй байхад гэрээс нь хоол авч нохойг нь хооллодог юм. Тэр өдөр түлхүүрийг нь бариад нохойн хоолыг нь авах гээд гартал хөрш айлын хаалга нь онгорхой байхаар нь өвгөнийг дуудаад орж харахад 2 хаалга нь онгорхой, цонх нь хагарсан, зурагт нь байхгүй байхаар нь гэрийн эзэнд нь хэлсэн юм... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 108/, 

Хохирогч Л.Ё-ын өгсөн: ...2015 оны 4 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн орчим Зүүнхараа руу тээвэрт явсан юм. Манай гэрт хүн үлдээгүй, гэрээ түгжээд явсан. Маргааш нь 23 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд 32 инчийн тошиба нэртэй хар өнгийн зурагт, авдар дээр байсан 120.000 төгрөг алга болсон байсан. Манай цоожийг хөшөөд газар унагасан байсан...  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 150-151/,

Хохирогч Г.Б-ны өгсөн: ... 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн орчим гэртээ ирэхэд манай байшинд хулгайт орсон байсан. 32 инчийн шарп маркийн зурагт, ВSВ маркийн тоос сорогч, морин хуур зэрэг эд зүйл алдагдсан байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 214/,

Гэрч Ш.О-ийн өгсөн: ... Би нөхөр Б хамт Шинэ Дархан луу хүүхдийндээ очиж хонохоор явсан. Маргааш нь 2017 оны 5 дугаар сарын 25-нд 18 цагийн орчим гэртээ ирэхэд манай байшингийн цоожийг хөшөөд хулгайч орж 32 инчийн шарп маркийн зурагт, ВSВ маркийн тоос сорогч, морин хуур зэрэг эд зүйл авсан байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-218/,

Гэрч М.Б-ийн өгсөн: ...Ө.Э нь миний төрсөн эгчийн бага хүү байгаа юм. 2017 оны 5 дугаар сарын 23, 24-ний үед манай дүү охин үүдний таамбар хийгээд өгөөч гэхээр нь би очиж хийж байгаад орой гэгээ тасрах үед гэртээ ирсэн. Э манайд согтуу унтаж байсан. Өглөө гэгээ орох үед Э гараад явчихсан. Хэсэг хугацааны дараа гаднаас юм барьж орж ирээд орны араар хийчих шиг болоод гараад явсан. Тэгээд өглөө нь би босоод Э-ын орны араар хийсэн зүйлийг харсан чинь морин хуур байсан. 1, 2 хоногийн дараа тэр морин хуур нь эвдэрсэн байсан. Өөр ямар нэгэн эд зүйл авч ирээгүй... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 219/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн  2-3, 38-43, 88-90, 144-147, 186-189/,

Делл маркийн суурин компьютер 600.000 төгрөг, Нокиа 6300 маркийн гар утас 30.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 125.000 төгрөг, Монел маркийн 32 инчийн зурагт 479.920 төгрөг, Тошиба маркийн 32 инчийн зурагт 500.000 төгрөг, Sharp маркийн 32 инчийн зурагт 260.000 төгрөг, Морин хуур 30000 төгрөгийн үнэлгээтэй байна гэх Капитал зууч ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 239-240/,

Эвдэрхий морин хуур, 32 инчийн шарп маркийн зурагт зэргийг хураан авч, хорихгч Г.Б-д хүлээлгэн өгсөн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 205-209/,

Иргэний нэхэмжлэгч М.М-аас Ө.Э хамт авахуулсан фото зургийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцогдож хэрэгт хавсаргагдсан фото зураг / 1-р хх-ийн 210-212, 217/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фотоф зургууд /2-р хх-5-10/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан нь оногдуулах ялын дээд хэмжээ ихэсч ялтан Ө.Э-ын эрх зүйн байдлыг дордуулж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Ө.Э-ын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хууль нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна гэж заасан тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Ө.Э-ын 2014 оны 12-р сарын 10-аас 19-ний хооронд ........... аймгийн ......... сум ..... дүгээр баг ........ тоотод оршин суух иргэн Ц.Н-ийн байшинд нэвтэрч Делл маркийн суурин компьютер хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 02-р сарын 02-ны өдөр 12 цаг 30 минутын орчим ........ аймгийн ........ сумын 1 дүгээр баг Пионерийн 7-62 тоотод оршин суух Х.М-гийн Монгол гэр, байшинд нэвтэрч мөнгөн аяга, нокиа 6300 маркийн гар утас хулгайлж 155.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 04-р сарын 08-аас 09-ний хооронд ..... аймгийн......... сумын ........ дугаар баг ........тоотод оршин суух Л.Ё-ын байшинд нэвтэрч Тошиба маркийн 32 инчийн зурагт хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 06 дугаар сарын 20-оос 30-ны хооронд .......... аймгийн .........сумын ..... дугаар баг .......... тоотод оршин суух иргэн М.М-ийн байшинд нэвтэрч Д.О-ын эзэмшлийн Монел маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж 479.920 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.Э гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Н-д 600.000 төгрөгийн, хохирогч Х.М-д 155.000 төгрөгийн, хохирогч Д.О-т 479.920 төгрөгийн, хохирогч Л.Ё-д 500.000 төгрөгийн, хохирогч Г.Б-д 260.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.М-д 100.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба хохирогч Г.Б нь 230000 төгрөгийн үнэлгээтэй 32 инчийн Шарп маркийн зурагт, 30.000 төгрөгийн үнэлгээтэй морин хуур зэргийг буцаан авсан, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч М.М-д 100000 төгрөг төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ө.Э-аас 1.734.920 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Н-д 600.000 төгрөг, хохирогч Х.М-д 155.000 төгрөг, хохирогч Д.О-т 479.920 төгрөг,  хохирогч Л.Ё-д 500.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

2. Ял, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ө.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ө.Э-д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.Э нь .......... аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн.......... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

............ аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн.......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

.......аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн.... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 7 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,

...... аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн .......дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 05-нд Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

........ аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 12 дугаар сарын 26-нд эдлээгүй үлдсэн 8 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

..... аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 8 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 4 дүгээр сарын 01-нд эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 24 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

....... дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 02-нд эдлээгүй үлдсэн 6 сар 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

....аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоол, өршөөл үзүүлэх комиссийн тогтоол, шүүгчийн захирамжууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүх 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар Ө.Э-д ногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр .......... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч Ө.Э нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 231-232 дугаар талуудад авагдсан сэжигтнээр цагдан хорих тогтоол, шүүгчийн захирамжууд зэргээр тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон 106 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн гэрэл зургийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.Э-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаас бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  шүүгдэгч Ө.Э-аас 1.734.920 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Н-д 600.000 төгрөг, хохирогч Х.М-нд 155.000 төгрөг, хохирогч Д.О-т 479.920 төгрөг,  хохирогч Л.Ё-д 500.000 төгрөг тус тус олгосугай.  

3. Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч М.М-д 100.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000970 дугаартай хэргээс шүүгдэгч Ө.Э-ын 2014 оны 12-р сарын 10-аас 19-ний хооронд хохирогч Ц.Н-ийн байшинд нэвтэрч Делл маркийн суурин компъютер хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 02-р сарын 02-ны өдөр 12 цаг 30 минутын орчим хохирогч Х.М-ийн Монгол гэр, байшинд нэвтэрч мөнгөн аяга, нокиа 6300 маркийн гар утас хулгайлж 155.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 04-р сарын 08-аас 09-ний хооронд хохирогч Л.Ё-ын байшинд нэвтэрч Тошиба маркийн 32 инчийн зурагт хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 06 дугаар сарын 20-оос 30-ны хооронд хохирогч М.М-ийн байшинд нэвтэрч Д.О-ын эзэмшлийн Монел маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж 479.920 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ө.Э-д эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Ө.Э-д ногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ө.Э-д оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-ын цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэрэл зургийг хэрэгт хавсаргасугай.

10. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

11 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР