Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01044

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00269 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 644 дүгээр магадлалтай,

Д.М-ын нэхэмжлэлтэй,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би 1990 оноос хойш УБТЗ-ын Сүхбаатар депод засварчнаар тасралтгүй 27 жил ажиллаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр сахин биелүүлсээр ирсэн жирийн ажилтан, засварчин хүн. 1995 онд вагонд дайруулан зүүн хөл нарийн шилбээр тайруулсан, 2017 оны 10 сарын 20-ны өдөр протезон дотор буглаа үүсч, эдгэж өгөхгүй байсан ба зүүн хөлд халдварлагдсан шархтай тул мэс заслын эмчид үзүүлэн, 2017 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар 27-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаа авч боолт хийлгэсэн. Ингээд эмнэлгийн актай байсан хугацаа дуусч, ажилдаа иртэл миний эмнэлгийн хуудас бусад баримтыг хуурамч гэж хураан авч, ажилд гаргалгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 897 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Намайг өвчний учир эмнэлэгийн магадлагаатай байсан гэдгийг эмчлэгч эмч Батжавхлангийн олгосон эмнэлгийн магадлагаа, амбулториор эмчлүүлэгчийн картанд 0911580 дугаартай лист олгов гэсэн тэмдэглэгээгээр бүрэн нотлогдоно. Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 897 дугаар тушаал Хөдөлмөрийн хуулийг зөрчин хуулийн болоод бодит үндэслэлгүйгээр цуцалж, хууль ёсны эрх ашгийг хохироолоо. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг шүүхэд гаргасан тайлбартаа: Д.М- нь 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр УБТЗ-ын Сүхбаатар депод илчит тэрэгний засварчнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Д.М- нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд батлагдсан графикт ажил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслахдаа хэл сураггүй, эмчдээ болон удирдлагууддаа мэдэгдээгүй. Т.Одонзаяатай 2017 оны 10-р сарын 24, 26-ны өдрүүдэд гудамжинд согтуу тааралдсан, өвчтэй гэсэн атлаа хүлээн авагч, ахлах хүлээн авагч нарт магадалгаа авах журмын дагуу мэдэгдээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Сүхбаатар депогийн даргын шуурхай хурал хуралдаж, түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Д.М- ажил олгогчдоо эмнэлгийн хуудсыг хуурамчаар бүрдүүлж өгсөн болохыг Б.Дэмбэрэлийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №359 албан тоотоор нотолсон болно. Дархан татах хэсгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №04 тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 8.7-д заасныг зөрчиж, Хөдөлмөрийн гэрээний 2.3-т зааснаар удаа дараа ажил тасалсан тул Дархан татах хэсгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №897 тушаалаар Д.М-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд Д.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00269 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Илжигэн овгийн Даньхүрэлийн Мандалбаярыг Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн харъяа Сүхбаатар депогийн илчит тэрэгний засварчны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 3.909.635 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д.М-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 77504 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 77.504 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 644 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00269 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 77.504 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00269 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 644 магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна. Д.М- нь эмнэлгийн хуудсыг хуурамчаар бүрдүүлж өгсөн болохыг Б.Дэмбэрэлийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №359 албан тоотоор нотолсон. Мөн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №19 албан бичгээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн албан бичигт Д.Мандбаярын эмнэлгийн актыг хүчингүй болгосон үндэслэлээ бичиж ирүүлсэн байдаг. Д.М- нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд батлагдсан графикт ажил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслахдаа хэл сураггүй, байгууллагын эмч болон удирдлагууддаа мэдэгдээгүй. Өвчтэй гэсэн атлаа хүлээн авагч, ахлах хүлээн авагч нарт мэдэгдээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан. УБТЗ-ын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №04 тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 8.7-ийн е-д зааснаар "Дараалсан 3 өдөр буюу жилд нийлбэр дүнгээрээ 4 өдөр түүнээс дээш өдрийн ажил тасалсан" гэсэн заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон. УБТЗ ХНН-ийн Дархан татах хэсгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №897 тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Д.М- хуурамч бичиг баримт бүрдүүлж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан байхад Анхан шатны шүүх хууль бус хуурамч зүйлийг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтыг шударга ёсны зарчмаар дүгнээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00269 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №644 магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Д.М- нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлага гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ. Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Ажил олгогч 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 897 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгчийг Дархан татах хэсгийн харьяа Сүхбаатар депогийн илчит тэрэгний засварчны ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх  заалтыг баримталж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэл дурджээ.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй хэдий ч ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 22-24, 26-28-ний өдрүүдэд өвчний улмаас эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдоогүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусган, нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т нийцжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00269 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 644 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 77.504 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ