Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/00269

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.М

Хариуцагч: МОХНУБТЗН

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э

        хариуцагчийн төлөөлөгч А.Цэндзаяа, Б.С

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.М 1990 онд Төмөр замын дунд сургуулийн  Илчит тэрэгний засварчны анги төгсөөд, 1990 оноос  хойш УБТЗ-ын Сүхбаатар депод засварчнаар тасралтгүй 27 жил ажиллаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр сахин биелүүлсээр ирсэн жирийн ажилтан, засварчин хүн билээ. 1995 онд вагонд дайруулан зүүн хөл нарийн шилбээр тайруулсан, 2017 оны 10 сарын 20-ны өдөр протезон дотор буглаа үүсч, эдгэж өгөхгүй байсан ба зүүн хөлд халдварлагдсан шархтай тул мэс заслын эмчид үзүүлэн, 2017 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар 27-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаа авч боолт хийлгэсэн. Ингээд эмнэлэгийн акттай байсан хугацаа дуусч, ажилдаа иртэл миний эмнэлэгийн хуудас бусад баримтыг хуурамч гэж хураан авч, ажилд гаргалгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 897 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би тухайн өдөр манай Сүхбаатар депогийн дарга Д-т эмнэлэгийн хуудсаа өгсөн боловч хуурамч гэж хураан аваад буцааж надад өгөөгүй. Хэдийгээр эмнэлэгийн хуудсыг Д хураан авч надад буцааж өгөөгүй боловч намайг өвчний учир эмнэлэгийн магадлагаатай байсан гэдгийг эмчлэгч эмч Бгийн олгосон эмнэлэгийн магадлагаа, амбулториор эмчлүүлэгчийн картанд 0911580 дугаартай лист олгов гэсэн тэмдэглэгээгээр бүрэн нотлогдоно. Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 897 дугаар тушаал хөдөлмөрийн хууль тогтоомжийг  зөрчсөн талаар: Намайг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтаар цуцалсан бөгөөд урьд нь сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ноцтой зөрчил гэсэн үндэслэлээр цуцалсан байдаг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээнд тухайлан  заасан ноцтой зөрчлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч надтай байгуулсан хөдөлмөрийн  гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийн алийг нь ч гаргаагүй юм. Намайг  ажил тасалсан  гэж  үзэж байгаа  боловч  би өвчний  учир  эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй байсан байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д "эмнэлгийн шинжилгээ хийлгэх,  донорын үүрэг гүйцэтгэх,  эмчийн магадлагаагаар  болон  захиргааны  чөлөөтэй  байгаа"  ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хөдөлмөрийн хуулийг зөрчжээ. Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 897 дугаар тушаал хөдөлмөрийн хуулийг зөрчин хуулийн болоод бодит үндэслэлгүйгээр цуцалж, хууль ёсны эрх ашгийг хохироолоо. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мын хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын 897 тоот тушаалаар цуцалсан. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажлын батлагдсан графикийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасласан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Энэ тушаалыг Д.М хүлээн аваад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.М нь 1990 оноос Улаанбаатар төмөр замын Сүхбаатар депод засварчнаар тасралтгүй 27 жил ажиллаж байгаа. 1995 онд вагонд дайруулсны улмаас зүүн хөл шилбээрээ тайруулж, портез хийлгэсэн. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Д.Мын хөлөнд хийсэн портез холголт үүсээд шүүсэрхэг болоод идээллэх гээд байсан болохоор аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт очиж эмчид үзүүлсэн. н.Б гэдэг эмч үзээд Д.Мт эмчийн магадлагааг бичиж олгосон. Эмнэлгийн акт дээр Д.Мт 7 хоногийн хугацаатай лист олгох талаар цохолтыг тусгасан байдаг. Эмчийн магадалгааны хугацааг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл олгосон. Ингээд Д.М эмчийн магадлагаагаар өвчтэй байж байгаад ээлжинд гарах өдрөө буюу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ иртэл байгууллагын дарга нь үндэслэлгүйгээр эмнэлгийн хуудас авч ирсэн тул асуудлыг чинь хэлэлцэнэ гээд ажилд нь гаргалгүйгээр шуурхай хурал хийгээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслана гэдэг архи уусан, ажлын байрыг орхиж явсан байхыг хэлдэг. Д.М Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт заасны дагуу эмчийн магадлагаагаар захиргааны чөлөөтэй байсан. Эмчийн магадлагаагаар ажилтан чөлөөтэй байгаа тохиолдолд ажил албан тушаалыг ажил олгогч хэвээр хадгалах үүрэгтэй. Бодит байдал дээр Д.Мын хөл үрэвсэж, хөлөө эмчлүүлсэн. Гэтэл эмчийн магадлагаа, эмнэлгийн лист байсаар байтал тэрийг нь хуурамч гэж хурааж аваад ажил тасласан гэж ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Д.Мын өвчтэй байсныг нотлох баримт хангалттай байгаа учир хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэх үндэслэлгүй. Эмнэлгийн лист олгох заавар дээр эмнэлгийн лист олгохтой холбогдон гарсан гомдлыг ерөнхий эмч, чанарын менежер хяналт тавьж шийдвэрлэх байтал эмнэлгийн дарга нь энэ эмнэлгийн листийг хүчингүй болголоо гэдэг хариуг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээд шийдвэрлээгүй гэж үзэж байна. Д.М 2017 оны 10, 11, 12,1 дүгээр сарын 22 өдөр хүртэлх хугацаанд нийтдээ ажлын 56 өдөр ажилгүй байсан. Д.Мын хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаас үзэхэд сүүлийн гурван сарын үндсэн цалин болон нэмэгдэл цалин нийт 4094314 төгрөг нийт 59 өдөр ажилласан байдаг. Нэг өдрийн дундаж цалин 69395 төгрөг байгаа. Ажилгүй байсан 56 өдрөөр бодохоор 3886120 төгрөгийг ажилгүй байсан хугацааныхаа цалинд гаргуулахаар нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч А.Цшүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.М ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ. Д.Мын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн болон бодит байдлын  үндэслэлгүй тул  хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дараах тайлбарыг гаргаж байна. Д.М нь 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр УБТЗ-ын Сүхбаатар депод илчит тэрэгний засварчнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Д.М нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд батлагдсан графикт ажил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслахдаа хэл сураггүй, эмчдээ болон удирдлагууддаа мэдэгдээгүй юм. Т.О-тай 2017 оны 10-р сарын 24, 26-ны өдрүүдэд гудамжинд согтуу тааралдсан, өвчтэй гэсэн атлаа хүлээн авагч, ахлах хүлээн  авагч  нарт магадлагаа авах журмын дагуу мэдэгдээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Сүхбаатар депогийн даргын шуурхай хурал хуралдаж, түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Д.М ажил олгогчдоо эмнэлгийн хуудсыг хуурамчаар бүрдүүлж өгсөн болохыг Б.Дэмбэрэлийн нэрэмжит С аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Э 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №359 албан тоотоор нотолсон болно. Дархан татах хэсгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №04 тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 8.7-д заасыг  зөрчиж, Хөдөлмөрийн гэрээний 2.3-т зааснаар удаа дараа ажил тасалсан тул Дархан татах хэсгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №897  тушаалаар Д.Мт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль  зүйн үндэслэлтэй. Иймд Д.Мын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М манайд олон жил ажиллаж байгаа нь үнэн. Бид Д.Мын хөл муутай байдлыг харгалзаж үзээд өмнө яг ийм байдал гаргахад нь би батлан дааж авч байсан. Хэрэв өвчтэй бол ажилд гарахаас 3 цагийн өмнө байгууллагадаа мэдэгдэх ёстой байдаг. Гэтэл мэдэгдээгүй алга болсон. Д.М зах дээр согтуу явж байна гэж мэдэгдсэн, маргааш нь дарга дуудаад ир гээд хоёр засварчин явуулсан боловч Д.М бас архи уучихсан урдаас нь хашгичаад явахгүй байна гээд авч ирж чадаагүй. Ингээд ирэхгүй болохоор нь Д.М өвчтэй гэсэн атлаа эмчилгээнд явахгүй байгаа юм бол хаанаас эмнэлгийн магадлагаа авсныг шалгахаар 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар депогийн дарга Д С аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргад бичиг хүргүүлсэн. Уг албан бичгийн хариу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ирсэн бөгөөд н.Б эмч хуурамчаар магадлагаа өгсөн нь тогтоогдсон. Д.М өдөр бүр эмнэлэг дээр очиж хөлөө боолгох байсан боловч нэг ч удаа очиж хөлөө боолгоогүй байдаг. Манай байгууллагад эрхтэн дутуу хоёр хүн ажилладаг бөгөөд түүний нэг нь Д.М. Иймд хүний нөөцийн тасгаас хамт олныхоо өмнө түүнийг батлан дааж авч байсан. Гэтэл Д.М бидний итгэлийг дааж ажиллаж чадсангүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.  

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч МОХНУБТЗНт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2010 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдсэн байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.   

Дээрх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 897 тоот тушаалаар цуцласан байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд гаргасан байна.    

Ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлээ “2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл батлагдсан графикт ажил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан” гэж тодорхойлон үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж үзжээ.  

Ноцтой зөрчил гэдэгт ямар зөрчлийг тооцохыг ажилтан, ажил олгогч харилцан тохиролцож, тухайн зөрчил бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх эсвэл тухайн байгууллагад мөрддөг дотоод журам болон бусад бичиг баримтуудад тусгасан, эдгээр баримттай ажилтан танилцсан байхыг шаардана. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд уг гэрээг шууд цуцлах үндэслэлийг “удаа дараа ажил тасалсан” гэж, хөдөлмөрийн дотоод журамд “...дараалсан 3 өдөр буюу жилд нийлбэр дүнгээрээ 4 өдөр түүнээс дээш өдрийн ажил тасалсан”-ыг ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ. Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримт болох Сүхбаатар депогийн ажилчдын 2017 оны 10 дугаар сард ажиллах графикийн дагуу /хх-ийн 41-р хуудас/ нэхэмжлэгч Д.М нь 2017 оны 10 дугаар сарын 22-24, 26-28 өдрүүдэд ажиллах хуваарьтай байсан нь тогтоогдож байна. Харин дээрх хугацаанд нэхэмжлэгч өвчтэй байсан талаарх эмнэлгийн хуудсыг гаргаж өгсөн боловч уг эмнэлгийн хуудсыг хүчингүй гэж үзэн 4 өдрийн ажил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсанд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Энэхүү үндэслэлээ 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Сүхбаатар депогийн шуурхай зөвлөгөөний хурлын тэмдэглэл, С аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 359 тоот албан бичгээр тогтоогдсон гэж үзсэн байна. Сүхбаатар депогийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шуурхай хуралд Д.Маас гадна нэр бүхий 5 хүн оролцсон байх бөгөөд уг хурлын тэмдэглэлд “өвчтэй гэх өдрүүдэд Д.М гудамжинд согтуу тааралдсан, энэ нь өвчлөөгүй гэдгийг баталж байна, Д.Мын лист хуурамч болох нь батлагдсан гэж утсаар хариу хэллээ” гэж ярилцаж, нэхэмжлэгчийг ажлаас халсан нь буруу байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн хуудас хуурамч болохыг баримтаар тогтоогоогүй атлаа дээрх шийдвэрийг гаргасан байна. Нэхэмжлэгчийг ажлаас халсан өдрөө буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар депогийн дарга “...ажилчид санааны зоргоор акталж хуурамчаар лист гаргуулж, дуртай үедээ өвчилж бидний ажилд хүндрэл учруулж байгаа тул Д.Мтай холбоотой асуудалд яаралтай хариу өгч туслана уу” гэсэн утгатай албан бичгийг С аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн байх ба уг албан бичгийн хариуг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 359 тоот албан бичгээр өгчээ. Үүнийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тогтоогдсон үйл баримт гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд Д.Мт олгосон эмнэлгийн хуудсыг хуурамч эсвэл ямар үндэслэлээр хүчингүй болгосон эсэхийг шалгаагүй буюу зөрчлийг тогтоогоогүй атлаа хөдөлмөрийн гэрээг цуцласныг хууль зөрчсөн гэж үзнэ. Иймд Д.Мыг Сүхбаатар депогийн илчит тэрэгний засварчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох үндэслэлтэй гэж үзлээ.      

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч Д.Мын ажилгүй байсан хугацааны ажлын 59 өдрийн /2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /4274104 : 3 сар = 1424701 төгрөг, 1424701 төгрөг : 21.5 ажлын өдөр= 66265 төгрөг, 66265 төгрөг х 59 өдөр = 3909635 төгрөг/ 3909635 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна. Сүүлийн 3 сарын цалин хөлсийг тодорхойлохдоо ажлаас халагдсан 10 сарыг оруулахгүй 7-9 дүгээр сарын цалингийн дундажаар тогтоосон ба цалингийн хэмжээг төрийн үйлчилгээний цахим машинаас авсан баримтыг үндэслэсэн болно.    

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн дээрх дэвтрүүдэд ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичихийг даалгах нь зохистой байна. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлдэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3909635 төгрөгт ногдох 77504 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Д.Мыг Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн харъяа Сүхбаатар депогийн илчит тэрэгний засварчны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч МОХНУБТЗНээс 3909635 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мт олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д.Мын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч МОХНУБТЗНт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 77504 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МОХНУБТЗНээс улсын тэмдэгтийн хураамжид 77504 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.    

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Т.ГАНДИЙМАА