Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 293

 

Д.Баатар, Б.Отгонбаатар нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Д.Баатарын өмгөөлөгч Ц.Алтанцол,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 497 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 453 дугаар магадлалтай, 201626030286 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Баатар, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хатагин овогт Долгорсүрэнгийн Баатар нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1989 онд Эрүүгийн хуулийн 154 дүгээр зүйлийн 2, 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн, Бичигдэр овогт Батаагийн Отгонбаатар нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Баатар, Б.Отгонбаатар нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, чулууг зэвсгийн чанартай хэрэглэн, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Д.Баатар, Б.Отгонбаатар нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 497 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Д.Баатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаатарыг 3 жил 5 сар хорих ял шийтгэсүгэй” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Баатар, Б.Отгонбаатар нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Ц.Алтанцол нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Баатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх Б.Отгонбаатарт оногдуулсан хорих ялыг 3 жил 5 сар болгож, ялыг ялгамжтай оногдуулсанд гомдолтой байна. Надад хүний эд хөрөнгө авах ямар ч санаа зорилго байгаагүй, эхнэртэй минь явдаг байсан залуутай андуурч ийм хэрэг үйлдсэндээ үнэхээр их гэмшиж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс ямар нэгэн санал гомдолгүй, анх удаа хэрэгт холбогдож байгааг минь харгалзан үзэж 5 жил 1 сарын хорих ялаас хасаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Баатарын өмгөөлөгч Ц.Алтанцол хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Д.Баатарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, өмгөөлөгчийн гаргасан гомдол, хүсэлт үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэж байгаа бол ялтны хувийн байдал болон анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн хохирол, гэм хорыг арилгасан зэрэг хэргийн болон хуульд заасан үндэслэлийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээний гуравны нэгийг хасах боломжтой байсан бөгөөд ингэсэн нь шударга, хууль ёсны шийдвэр болох байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулан Д.Баатарын ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч нар нь бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байна. Харин давж заалдах шатны шүүхээс Б.Отгонбаатарын ялыг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Баатар, Б.Отгонбаатар нар нь 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 18-19 цагийн орчим согтуугаар бүлэглэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 1 дүгээр орцонд хохирогч Д.Ганзоригийн эд хөрөнгийг авах зорилгоор түүний амь биед аюултай аргаар хүч хэрэглэн довтолж, чулууг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн тус газар цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан гар утас, түрийвч зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч 169.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Ганзориг /хх-15/, гэрч Б.Гансүх /хх-23/, Д.Бат-Амгалан /хх-25/, Л.Цэнд-Аюуш /хх-28/, Ё.Уянга /хх-34/ нарын болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2793 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримт, зүйлчлэлийг тогтоож, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Отгонбаатарын гэм буруу, хэргийн нөхцөл, хувийн байдлыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан 3 жил 5 сар хорих ял болгон хөнгөрүүлж, шүүгдэгч Д.Баатар, Б.Отгонбаатар нарын ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Харин шүүгдэгч Д.Баатарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлөгдсөн, гэм буруу, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг журамлан хөнгөрүүлэх талаар шүүгдэгч Д.Баатар, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авах боломжтой гэж дүгнэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 497 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Д.Баатарт холбогдох хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Д.Баатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 8 /найм/ сар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалт, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

                                                   ДАРГАЛАГЧ,

                                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                                   ШҮҮГЧ                                                                   Б.БАТЦЭРЭН