Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 13

 

 

 

 

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар

123/ШШ2018/0013

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн, шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ”Сүүн сондор” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 347 тоот захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай,

Гуравдагч этгээд “АПУ” ХХК-ийн /РД:2702673/

Бие даасан шаардлага: “Сүүн сондор” ХХК 2012 оноос хойш газар эзэмших эрхгүй болсныг тогтоолгох” тухай бие шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд, Д.Гэрэлхүү, гуравдагч этгээд Г.Тэмүүжин, гуравдагч этгээд Н.Нарангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очгэрэл, “АПУ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэг, “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батномин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Сүүн сондор” ХХК-ийн захирал Э.Болормаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 11 сарын 23-ний 347 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шалтгаан нь 2017 оны 06 сарын 28-ний өдөр “Хаан банк”-наас “Сүүн сондор” ХХК-ийн эзэмшиж буй газрыг хүчингүй болгосон захирамж 2012 онд гарсан гэдгийг мэдсэн. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр  Захиргааны хэргийн шүүхэд Газрын тухай хуулийн 40 зүйлийн 40.3 дахь заалтыг үндэслээд нэхэмжлэл гаргасан. Засаг даргын захирамж нь газраа үр өгөөжтэй ашиглаагүй, гэрээгээ зөрчсөн, газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй, зориулалтын дагуу 2-оос дээш жил ашиглаагүй гэсэн.  “Сүүн сондор” ХХК 300 га газраа зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө төлж байсан. 2013 онд  тухайн газрыг “Хаан банк”-ны  барьцаанд тавьсан. Энэ нь газрын холбогдох дүрэм журмын дагуу аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт бүртгүүлээд, газрын кадастрын бүх тэмдэглэгээ хийгдээд “Хаан банк”-ны барьцаанд тавьсан, тус банкны барьцаанд байгаа гэж ойлгоод явж байсан. “Хаан банк”-наас “Сүүн сондор” ХХК-ийн газрыг манайх авна, зээлээ хугацаанд нь төлөхгүй байна, шүүхийн шийдвэр гарсан гэж удаа дараа мэдэгдээд, мөн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад удаа дараа албан бичиг хүргүүлж байсан. Энэ бичгүүдэд нэг ч удаа хариуцагч тал тайлбар өгч байгаагүй. Газрын даамал газраа зааж өгсөн, тэр газар дээр бид үйл ажиллагаагаа явуулж байсан. Газар эзэмших гэрээ байгуулсан, сумд газар эзэмших гэрээний 1 хувь байх ёстой, гэтэл гэрээний хувь нь байдаггүй. Хаан банкинд барьцаалснаас хойш бид газар дээрээ юу ч хийгээгүй, нэг хүрз шороо ч хөдөлгөөгүй, банкны зээлтэй, газрын төлбөр төлөх боломжгүй байсан учраас 2013 оноос хойш газрын төлбөр төлөөгүй. Захиргааны актын хууль зүйн үндэслэлд шүүх дүгнэлт өгөх ёстой, 2013 оноос хойшхи үйл явдал энэ маргаанд хамааралгүй. Тийм учраас 347 тоот захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаа гэж үзсэн. 347 тоот захирамжийн 2 дахь заалтаар гэрээг цуцалж байгаа, гэрчилгээг хурааж ав гэж байгаа асуудал бол “Сүүн сондор” ХХК-д мэдэгд гэсэн агуулгатай зүйл. Бид Төв аймгийн Засаг даргад бичгээр гомдол гаргасан. Одоо болтол хариу өгөөгүй байдаг. 2012 онд үнэхээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон юм бол бидэнд мэдэгдэх байсан. Өдрийн сонинд зарлуулсан гэдэг ч баримт байдаггүй. Дараа нь маш олон хүний газартай давхцаж байна гээд гуравдагч этгээдээр татаад байдаг. Төр иймэрхүү л ажлаа хийж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Бие даасан шаардлага гаргаж буй этгээдийн шаардлага нь тухайн захиргааны акттай холбоотой бөгөөд агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагаас өөр байх ёстой гэж онолын хувьд үздэг. Өөрөөр хэлбэл “АПУ” ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай адил агуулга бүхий бие даасан шаардлагыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй. Нөгөө талаас цаг хугацааны хувьд авч үзвэл 2012 оны сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох шаардлагатай хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ захирамж гарахаас өмнө болж өнгөрсөн нөхцөл байдлыг үнэлж дүгнэнэ. Гэтэл бие даасан шаардлагыг хэлэлцэхээр болвол 2012 оноос хойш өнөөдрийг хүртэлх үйлдэл, эс үйлдэхүйн талаарх маргааныг хянан шийдвэрлэнэ гэсэн үг. Тиймээс бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах ёстой гэжээ.

Хариуцагч Баянчандмань сумын Засаг дарга Ц.Энхжаргал, түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд, Д.Гэрэлхүү нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүүн сондор” ХХК газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон. Захирамжийг хүчингүй болгох талаар сонинд зар өгч байсан байх, энэ талаар баримт байхгүй. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байна. Газрын даамлаар газраа заалгаж кадастр хийлгээгүй, сумын Засаг даргын захирамжид зааснаас өөр “Өлийн хоолой” гэдэг газарт үйл ажиллагаа явуулж байсан. “Хаан банкинд” 2012 онд барьцаанд тавьсан байдаг. Барьцаанд тавихдаа сумын газрын даамалд бүртгүүлж, тэмдэглүүлдэг журамтай байхад суманд мэдэгдээгүй учраас манайх “Хаан банкинд” барьцаанд тавьсаныг мэдээгүй. Газрын харилцаа геодизи зураг зүйн даргын 2008 оны 83 дугаар бүхий тушаалаар газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох журамд тухайн сум дүүргийн газрын даамалд бүртгүүлсний үндсэн дээр Засаг даргад тухайн газраа барьцаалуулсан эсэхээ тэмдэглүүлдэг. Үүнийг хийгээгүй шууд Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар барьцааг бүртгүүлсэн нь хууль бус. Тариалалтын мэдээнд 2014, 2015, 2016 онуудад газартаа тариалалт хийгээгүй  мэдээ байдаг.  2013 оноос хойш газраа нэг ч удаа ашиглаагүй. “АПУ” ХХК-ийн бие даасан шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Г.Тэмүүжин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянчандмань суманд болсон газрын дуудлага худалдаанд оролцож газраа авсан. Намайг газар эзэмшихэд газарт ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан. Би газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, “АПУ” ХХК-ийн бие даасан шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Гуравдагч этгээд Н.Нарангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүүн сондор” ХХК урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлэлгүй нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж найдаж байна. Би газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “АПУ” ХХК-ийн бие даасан шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Гуравдагч этгээд “АПУ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэг шүүхэд гаргасан бие даасан шаардлага, шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн маргаж байгаа захирамж 3 зүйлд үндэслэсэн. 1-рт гэрээний газар эзэмших эрхээ удаа дараа ноцтой зөрчсөн, 2-рт газрын төлбөр төлөөгүй, 3-рт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж 3 тусдаа үндэслэл заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 2018 оны 01 дүгээр сарын 19-нд ирүүлсэн 24 тоот албан бичигт “Сүүн сондор” 2011 онд тариалалт хийсэн гэсэн байдаг, тэгэхээр 2  жил дараалан газраа ашиглаагүй гэдэг нь тогтоогдохгүй байна. Харин газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэл  хүчин төгөлдөр, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Сүүн сондор” ХХК-ийн газрын төлбөрийн лавлагааг авсан, 2008 онд газраа аваад 387.300 төгрөг төлсөн, 2009 онд төлөөгүй, 2010 онд 347.300 төгрөг төлсөн байдаг. Газрын төлбөрийг төлөөгүй нь тогтоогдсон. “Сүүн сондор” ХХК 2012 оноос хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй учраас “Сүүн сондор ХХК-ийг 2012 оноос хойш газар эзэмших эрхгүй болсныг тогтоолгох” тухай бие шаардлагаа дэмжиж байна. Манай компани газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Хаан банк” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүхэд ирүүлсэ, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Сүүн сондор" ХХКомпани, иргэн Төмөрсүх нар нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ХААН банкны Баруун хүрээ салбараас 80,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд өөрийн эзэмшлийн Төв аймгийн Баянчандмань сумын нутагт “Мухдаг" гэдэг газар байрлах 300 га үр тариа, тэжээл тарих зориулалттай 60 жилийн хугацаатай 0206302 тоот гэрчилгээтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Энэ барьцааны эрхийг 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний "эрхийн гэрчилгээ барьцаалсан тухай тэмдэглэл ... бичилт хийсэн эрх бүхий албан тушаалтан” хэсэгт Хүрэлбаатар гэсэн гарын үсгийг зурж, тамга дарж баталгаажуулан улсын бүртгэлд бүртгэсэн байна. Банк нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах. 35.3.6 энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх" гэж заасны дагуу газар эзэмшигчтэй барьцааны гэрээ байгуулан, гэрчилгээнд барьцаалсан тэмдэглэгээ хийлгэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл банкны зээлийн болон барьцааны гэрээ байгуулахаас 1 жилийн өмнө буюу Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 347 тоот захирамжаар дээрх барьцаалагдсан гэрчилгээг хүчингүй болгосон. Захирамжийн 2 дахь заалтад "захирамжийг холбогдох аж ахуй нэгжид танилцуулж, гэрээ ...  газрын гэрчилгээг хураан авч газар талбайг дахин хуваарилах бэлтгэл ажлыг зохион байгуулахыг газрын даамал ..... үүрэг болгосугай" гэжээ. Гэвч энэ газрын гэрчилгээг "Сүүн Сондор" ХХКомпаниас хураан аваагүй одоог хүртэл гэрчилгээний эх хувь ХААН Банкинд барьцаалагдсан хэвээр байгаагаас үзэхэд Баянчандмань сумын Засаг дарга нь "Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ" гэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд мэдэгдсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан "Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчмын дагуу банкны барьцааны эрх хөндөгдөхгүй байх ёстой. Иймээс Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 347 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд О.Буриад шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Сүүн сондор” ХХК нь сумын Засаг даргын захирамжаар “Мухдагт” газар авчихаад өөр газар кадастр хийлгүүлэн энгийн иргэд бидний ажлыг хүндрүүлж байна. “Сүүн сондор” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож бидний эрх ашгийг хамгаалж өгнө үү. “АПУ” ХХК-ийн “Сүүн сондор” ХХК газар эзэмших эрхгүй болохыг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.Цэрэндэжид шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сумын Засаг даргын захирамжаар “Шорнойн” 555 га газраас 5 га газар авсан. “Сүүн сондор” ХХК 2012 оноос хойш газраа эзэмшиж ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна. Иймд “Сүүн сондор” ХХК газар эзэмших эрхгүй болсныг тогтоож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Э.Төмөрчөдөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Баянчандмань сумын Засаг даргын 2015 оны А/212 тоот захирамжаар тус сумын “Шорнойн” 555 га талбайгаас 50 га газрыг хуулийн дагуу эзэмшиж, жил бүр ногоон тэжээл тарьж, газрын төлбөрөө төлж байсан. “Сүүн сондор” ХХК тус суманд тариалалт хийж байхыг мэдэхгүй байна. Нэхэмжлэлийг нь үндэсгүй гэж үзэж байна. “АПУ” ХХК-ийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн “Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 347 тоот захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “АПУ” ХХК-ийн “Сүүн сондор” ХХК 2012 оноос хойш газар эзэмших эрхгүй болсныг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан хэмээн маргасан байх боловч хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй болох нь “Сүүн сондор” ХХК-ийн захирал Э.Болормаагийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар надад мэдэгдээгүй, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкнаас мэдсэн” гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар “Сүүн сондор” ХХК-д мэдэгдсэн баримт байхгүй” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мэдсэнээс хойш ажлын 8 хоногийн дотор буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “...ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 170 дугаар захирамжаар “Сүүн сондор” ХХК-д тус сумын “Мухдаг” нэртэй газрын урд байршилтай тариалангийн талбайгаас үр тариа, тэжээлийн зориулалтаар 300 га, сумын төвийн баруун урд талд фермийн зориулалтаар 5 га газрыг тус тус 60 жилийн хугацаагаар эзэмшүүлж, тухайн өдрөө газар эзэмших эрхийн 0206302 дугаартай гэрчилгээ[1] олгосон байна. Харин сумын Засаг даргын захирамжаар “Сүүн сондор” ХХК-д  “Мухдаг” нэртэй газарт 300 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ч тухайн газар нь газрын кадастрын мэдээллийн санд 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сумын “Өлийн хоолой” нэртэй газарт 18585335198235 нэгж талбарын дугаараар 239,6221 га хэмжээтэйгээр бүртгүүлсэн[2], кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн тухайн 239.6221 га газарт “Сүүн сондор” ХХК үйл ажиллагаа явуулж байсан болох нь нэхэмжлэгчээс хуулбараар ирүүлсэн газрын байршлын кадастрын зураг, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 07/288 тоот шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газрын даамлын зааж өгсөн газар дээр кадастрын зураглал хийлгээд үйл ажиллагаа явуулж байсан” гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Сүүн сондор” ХХК нь газрын даамлаар газраа заалгаж кадастр хийлгээгүй, сумын Засаг даргын захирамжид зааснаас өөр “Өлийн хоолой” гэдэг газарт үйл ажиллагаа явуулж байсан” гэсэн тайлбаруудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эзэмшиж, ашиглаж байсан газрыг “Өлийн хоолой” нэртэй газарт байршилтай 239,6221 га газар, тодруулбал маргаан бүхий газар гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч, хариуцагч талаас газар эзэмшүүлэх гэрээг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын архивт газар эзэмшүүлэх гэрээний хувь хадгалагдаагүй нь шүүхийн үзлэг[3]-ээр тогтоогдсон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан” хэмээн тайлбарласныг дурьдаж байна. 

Маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 347 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан газраа зориулалтын дагуу 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр “Сүүн сондор” ХХК-ийн 300 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ[4].

1. Маргаан бүхий захиргааны актын “газраа зориулалтын дагуу 2-оос дээш жил ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь Баянчандмань сумын Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 170 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 300 га /239,6221 га/ газрын 100 га газарт нь 2010 онд, 140 га газарт нь 2011 онд тус тус тариалалт хийсэн тухайн газарт 2008, 2009, 2012 онуудад тариалалт болон уринш боловсруулалт хийгээгүй нь Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 24 тоот албан бичиг[5]-ээр тогтоогдож байна. Иймд маргаан бүхий захиргааны актын “газраа зориулалтын дагуу 2-оос дээш жил ашиглаагүй” гэсэн нь үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч нь Баянчандмань сумын нутагт байршилтай, өөрийн эзэмшлийн 300 га газрын 0206302 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Баянчандмань сумын Засаг даргын зөвшөөрөлгүйгээр Хаан банкинд барьцаалж, тус банкнаас 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 80.000.000 төгрөгийн зээл авсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлхүүгийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалахдаа сумын Засаг даргаас зөвшөөрөл аваагүй” гэх, гуравдагч этгээд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаагийн “эрхийн гэрчилгээ барьцаалсан тухай тэмдэглэл хэсэгт бичилт хийсэн эрх бүхий албан тушаалтан Төв аймгийн газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтан н.Хүрэлбаатар гэсэн гарын үсгийг зурж, тамга дарж баталгаажуулсан байсан” гэх тайлбар, 0206302 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээн дээрх барьцаалсан тухай Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга М.Хүрэлбаатарын гарын үсэг, байгууллагын тамга бүхий бичилт[6], барьцааны гэрээ[7] зэргээр тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг нийслэлийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар баталсан “газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 8.7-д “эрхийн гэрчилгээг барьцаалах хүсэлтийг тухайн шатны Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд албан бичгийг үндэслэн Газрын албаны мэргэжилтэн, сумын газрын даамал эрхийн гэрчилгээний арын нүүрэнд холбогдох тэмдэглэгээ /барьцаалагчийн нэр, эхлэх хугацааг/-г бичиж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус заасныг зөрчиж Баянчандмань сумын Засаг даргын зөвшөөрөлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад барьцаалсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хуульд журамд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад барьцаалсныг сумын Засаг даргад мэдэгдээгүй учраас хариуцагчийг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай Хаан банкид мэдэгдээгүй гэж буруутгах үндэслэлгүй болно. Иймд “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Баянчандмань сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан...эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ" гэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 347 тоот захирамжийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл мэдээгүй гэж тайлбарладаг боловч түүнийг газар эзэмшүүлсэн захирамж болон Газрын тухай хуульд зааснаар 2013 оноос 2017 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглах боломжтой байсан гэж үзэхээр байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2013-2017 онуудад эзэмшлийн газартаа тариалалт, уринш хийгээгүй нь Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 46 тоот албан бичиг[8], нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн “2013 онд газраа Хаан банкинд барьцаалснаас хойш газар дээрээ юу ч хийгээгүй” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч “Сүүн сондор” ХХК-ийн эзэмшиж байсан “Өлийн хоолой” нэртэй газарт байршилтай, 18585335198235 нэгж талбарын дугаартай, 239,6221 га газар нь бусад иргэн аж ахуй нэгжийн газар давхцалтай бөгөөд тухайн газрыг иргэд аж ахуй нэгж эзэмшиж ашиглаж байсан болох нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 07/288 тоот шинжээчийн дүгнэлт[9], хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 374 дүгээр захирамжаар  “Шунхлай Агро” ХХК-д эзэмшүүлж, тухайн газрын эзэмших эрхийг 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/133 дугаар захирамжаар “АПУ” ХХК-д шилжүүлсэн “Өлийн хөтөл” нэртэй газарт байршилтай 555 га газрын 200 га газар[10], мөн тус сумын Засаг даргын Тамгын газраас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулсан газрын дуудлага худалдааны ялагч Г.Тэмүүжинд[11] тус сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/392 дугаар захирамжаар эзэмшүүлсэн “Өлийн хөтөл” нэртэй газарт байршилтай 555 га газрын 50 га газар, сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/229 дүгээр захирамжаар иргэн Д.Цэрэндэжид /5 га/, иргэн О.Буриад /3 га/ нарт эзэмшүүлсэн “Шорной” нэртэй газарт байршилтай 555 га газрын 8 га газар болон сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дүгээр захирамжаар иргэн Д.Банкид эзэмшүүлж[12], 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/334 дүгээр захирамжаар иргэн Н.Нарангэрэлд шилжүүлэн эзэмшүүлсэн “Шорной” нэртэй газарт байршилтай 555 га газрын 20 га газар[13], сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 300 дугаар захирамжаар иргэн А.Гансүхэд эзэмшүүлж, тухайн газрын эзэмших эрхийг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/212 дугаар захирамжаар иргэн Э.Төмөрчөдөрт шилжүүлсэн[14] “Шорной” нэртэй газарт байршилтай 555 га газрын 50 га газрууд нь нэхэмжлэгчийн эзэмшиж, ашиглаж байсан газартай давхцалтай байна. Харин нэхэмжлэгчээс өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлэх, хамгаалах талаар гомдол маргаан гаргаж байгаагүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нөхцөл байдлуудаар маргаан бүхий захиргааны акт болох Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 347 дугаар захирамжид заасан “Сүүн сондор” ХХК эзэмшлийн 300 га газраа зориулалтын дагуу 2-оос дээш жил /2008-2012 онуудад/ ашиглаагүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байх боловч  нэхэмжлэгч нь 2013-2017 онуудад буюу нийт 5 жилийн хугацаанд эзэмшлийн газраа эзэмшиж ашиглаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-д заасан “газрыг үр ашигтай, зохистой ашиглах..” үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.  

2. Маргаан бүхий захиргааны актын “газрын төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь газрын төлбөрт 2008 онд 387400 төгрөг, 2010 онд 347400 төгрөг, 2011 онд 139,000 төгрөг төлсөн, 2009, 2012 онуудын газрын төлбөр болон газрын суурь үнэ төлөөгүй нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07/1067 тоот албан бичгээр[15] тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь 2013-2018 онуудад газрын төлбөр төлөөгүй нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газрын төлбөр төлөх боломжгүй байсан учир газрын төлбөр төлөөгүй” гэх тайлбараар тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2012-2017 онуудад газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, 2009, 2012-2017 онуудад газрын төлбөр төлөх боломжгүй байсан үндэслэлээ “банкнаас их хэмжээний зээл авсан, зээл төлж байсан” хэмээн тайлбарласнаас өөр тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгчийг “гэнэтийн давагдашгүй хүчний болон байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, мөн бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарахгүй шалтгаан”-ны улмаас газраа эзэмшиж ашиглах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байгааг дурьдаж байна.

3. Хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “...газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасныг маргаан бүхий захиргааны актын үндэслэлд заасан байх боловч нэхэмжлэгчийг газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдлыг тодорхойлон захиргааны актад заагаагүйгээс гадна шүүхэд энэ талаар тайлбар, нотлох баримт гаргаж ирүүлээгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл нэхэмжлэгч нь 2012-2017 онуудад эзэмшлийн газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, 2009, 2012-2017 онуудад газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 347 тоот захирамжаар “Сүүн сондор” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ...дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5-д “...газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасанд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Гуравдагч этгээд “АПУ” ХХК-иас “Сүүн сондор” ХХК 2012 оноос хойш газар эзэмших эрхгүй болсныг тогтоолгох” тухай бие даасан шаардлага гаргасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ. Харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь захиргааны байгууллагын үйл ажиллагаатай хамааралгүй байх тул тус бие даасан шаардлагыг захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-д “шүүгч захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч...хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж  тус тус заасныг баримтлан гуравдагч этгээдийн “Сүүн сондор” ХХК 2012 оноос хойш газар эзэмших эрхгүй болсныг тогтоолгох”  бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан “АПУ” ХХК-д буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хавтас хэрэгт хариуцагчаас нотлох баримтаар эх хувиар нь ирүүлсэн Баянчандмань сумын “Газар эзэмшигчийн улсын бүртгэл” 2 ш, “Өргөдлийн бүртгэл” 1 ширхэг бүртгэлүүдийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хариуцагчид буцаан өгч, уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хавтаст хэрэгт үлдээхийг шүүгчийн туслах /А.Доржпүрэв/-д даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Сүүн сондор” ХХК-ийн “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 347 тоот захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээд “АПУ” ХХК-ийн “Сүүн сондор” ХХК 2012 оноос хойш газар эзэмших эрхгүй болсныг тогтоолгох”  тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар “АПУ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж “АПУ” ХХК-д /РД:2702673/ олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан хариуцагчаас эх хувиар ирүүлсэн Баянчандмань сумын “Газар эзэмшигчийн улсын бүртгэл” 2 ш, “Өргөдлийн бүртгэл” 1 ширхэг бүртгэлүүдийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хариуцагчид буцаан өгч, уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хавтаст хэрэгт үлдээхийг шүүгчийн туслах /А.Доржпүрэв/-д даалгасугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОДСҮРЭН

 

 


[1] Хавтас хэрэг 1, 35-р хуудас,

[2] Хавтас хэрэг 2, 129, 162-164-р хуудас

[3] Хавтас хэрэг 1, 99-103-р хуудас,

[4] Хавтас хэрэг 1, 25-р хуудас,

[5] Хавтас хэрэг 1, 214-р хуудас,

[6] Хавтас хэрэг 1, 35-р хуудас,

[7] Хавтас хэрэг 1, 190-р хуудас,

[8] Хавтас хэрэг 2, 28-р хуудас,

[9] Хавтас хэрэг 2, 162-165 дугаар хуудас

[10] Хавтас хэрэг 1, 90-р хуудас

[11] Хавтас хэрэг 1, 147-р хуудас,

[12] Хавтас хэрэг 1, 127-р хуудас,

[13] Хавтас хэрэг 1, 122-р хуудас,

[14] Хавтас хэрэг 1, 150-р хуудас,

[15] Хавтас хэрэг 1, 158-р хуудас,