Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 477

 

 

                                                           

 

 

 

 

 

2020        06          16                                2020/ШЦТ/477

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч П.Итгэл,

өсвөр насны шүүгдэгч Т.Д, түүний хууль ёсны төлөөлөгч н.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Төмөрбаатарын Дд холбогдох эрүүгийн 2011 00000 0510 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Солонгос Монголын” хамтарсан коллежид сурдаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 7-214 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн Төмөрбаатарын Д, /РД: _______/,

Өсвөр насны шүүгдэгч Т.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Т.Д нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн зусланд насанд хүрээгүй А.Энүжинтэй бөмбөг өгсөнгүй гэж маргалдан улмаар түүний нүүр лүү нь гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, уруулд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

Өсвөр насны шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Өсвөр насны шүүгдэгч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед би ээж Түмэнжаргалын хамтаар Чингэлтэй дүүрэг 19-р хороо Жигжид зусланд байх эмээ өвөөгийнхөө зуслангийн байшинд очсон. Энэ өдөр манай бага дүү Ган-Эрдэнийн төрсөн өдөр болсон юм. Тэгээд орой 17 цагийн үед байх манай ээж С.Түмэнжаргал надад хандан “дүү нарынхаа бөмбөгийг аваад өгчих” гэж хэлэхэд нь би хажуугийн хашаа руу орж А.Энүжин гэх охин бөмбөг барьсан байхаар нь би “наад бөмбөгийг өг” гэхэд А.Энүжин “үгүй энэ бөмбөг чинь манай бөмбөгшдээ” гэж хэлэхэд хажуу талаас манай дүү нар А.Энүжингийн барьсан бөмбөгийг хараад “манай бөмбөгшдээ” гээд орилоод байхаар нь би А.Энүжингийн хашаанаас гараад буцаад өөрийнхөө хашааруу орсон. Тэгсэн манай эмээ Цэвэгмаа гарч ирээд “та нар яасан чанга дуутай юм бэ” гэж хэлэхэд манай эмээгийн өөдөөс А.Энүжин “ танд ямар хамаатай юм бэ хөгшин минь” чанга чанга орилж хашхирахад нь би А.Энүжингийн хашаа руу нь ороод бөмбөгөө авсан. Тэгсэн миний араас А.Энүжин манай хашааруу орж ирээд улмаар бид хоёр хоорондоо маргалдаж байхад манай ээж Түмэнжаргал гарч ирээд бид хоёрыг болиулсан. Тэгсэн Энүжин манай ээжийг халтар энэ тэрээр нь дуудаад байхаар нь миний уур хүрээд А.Энүжингийн нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Тэгсэн А.Энүжингийн хамарнаас нь цус гарчих болсон. Тэгээд би зуслангийн байшин руу орсон ...” гэх / хх-ийн 27-28х/,

Насанд хүрээгүй хохирогч А.Энүжингээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 2х/,

Насанд хүрээгүй хохирогч А.Энүжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 09- ний орой 17-19 цагийн үед зуслангийн байшингийнхаа гадаа бөмбөгөөр дүү нартайгаа тоглож байтал хажуу айлын жоохон хүүхдүүд манай хашаанд орж ирээд тоглож байсан бөмбөгийг манай бөмбөг гээд байсан. Тэгсэн араас нь ах Д манай хашаанд орж ирээд “гөлөгнүүд минь бөмбөг өгөөч” гэж хэлсэн. тэгэхээр нь би “энэ манай бөмбөг” гэж хэлсэн. Тэгсэн Д май шүү пизда минь гээд салаавч гаргахаар нь би Дд хандан “чи хэдэн настай болоод салаавч гаргаад байгаа юм бэ” гэхэд Д “18 настай, тэгээд яахын гэж" хэлсэн. Тэгсэн араас Дий ээж гэх эмэгтэй хүн гарч ирээд хүүхдийн бөмбөг өг гэхэд нь би энэ бөмбөг манай бөмбөг шдээ гэж хэлэхэд Д манай дүү нарын хажууд бид нарыг ал минь гээд янз бүрийн хараалын үг хэлэхээр нь би уурлаад чи муу юу гээд байгаа юм бэ, ээжийнхээ дэргэд ийм муухай үг хэлж болдог юм уу гэхэд Дий ээж намайг чи яасан хүмүүжилгүй хүүхэд вэ гэхэд нь би “танай хүүхэд зөндөө муухай үг хэлээд байна шдээ” гэж өөдөөс нь дуугарахад Д миний хамарлуу гараар 1 удаа цохисон. Тэгээд миний хамарнаас цус гарсан ...” гэх /хх-ийн 6-7х/,

Гэрч С.Түмэнжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед би хүү Дий хамтаар Чингэлтэй дүүрэг 19-р хороо Жигжид зусланд байх өөрийн ээж, аав хоёр дээрээ очсон. Манай бага хүү Ган-Эрдэнэ нь зуслан дээр эмээ, өвөө дээрээ байсан ба манай бага хүү Ган-Эрдэнийн төрсөн өдөр болж, том хүү Дий хамтаар очсон юм. Тэгээд хүүгийнхээ төрсөн өдөрт хоол унд хийж өгөөд хамаатны хүүхдүүдтэй бөөнөөрөө гадаа тоглож байсан. Тэгээд манай хамаатны жаахан хүүхдүүд зуслангийн байшинд нэг нэгээрээ гүйж орж ирээд бөмбөг авчихаад өгөхгүй байна гээд байхаар нь би том хүү Дд “гадаа гараад дүү нарынхаа бөмбөгийг аваад өгчих” гэж хэлсэн. Тэгээд манай том хүү Д гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би байшингаас гараад хойд талд байх ахынхаа байшинг харчихаад буцаад орох гэтэл манай хүү Д Энүжинтэй маргалдаад зогсож байхаар нь би хүү Дийг татаж ор гэж хэлсэн. Тэгээд байшинлуу орох гэтэл Энүжин араас ээжтэйгээ адилхан халтар амьтан байна гээд орилж хашгирахад манай хүү Д хашаа даваад гарчихаар нь би хашааны хаалгаар араас нь гарахад Д, Энүжин гэх охины хамарлуу гараараа 1 удаа цохичихсон. Тэгээд би хүү Дийг дагуулаад гэрлүү орсон..” гэх /хх- ийн 10-11х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Золжаргалын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5665 дугаартай

А.Энүжингийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эруүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх-ийн 16-17х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Дийг 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн зусланд насанд хүрээгүй А.Энүжинтэй “бөмбөг өгсөнгүй” гэж маргалдан улмаар түүний нүүр лүү нь гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, уруулд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Д нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Шүүх, өсвөр насны шүүгдэгч Т.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан өсвөр насны шүүгдэгч Т.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 3, дах хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихыг хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсаныг дурдав.

Өсвөр насны шүүгдэгч Т.Д нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

            1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Төмөрбаатарын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 3, дах хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч Т.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгасугай.

           3. Өсвөр  насны шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД