Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2020/ДШМ/1303

 

186/2020/0444/Э

 

 

 

 

 

 

  2020            10            08                                         2020/ДШМ/1303   

 

 

 

Ж.Б-, Б.М-, Б.Г- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,

шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ө.Учрал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/609 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Солонгын бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Ө.Учрал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Б-, Б.М-, Б.Г- нарт холбогдох эрүүгийн 1911031230303 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б-,

 

2. М-,

 

3. Г-,

 

Ж.Б-, Б.М- нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Оорцогийн гол” валют арилжааны төвийн 8 тоот лангуун дээр 40 доллар солиулахаар очсон Б.Г-той “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгойн тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Г- нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Оорцогийн гол” валют арилжааны төвийн 8 тоот лангуун дээр 40 доллар солиулахаар очоод Ж.Б-, Б.М- нартай “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Ж.Б-ы нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.Б-, Г.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М-д Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ж.Б-д Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Б.Г-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-аас 270.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Г-т, шүүгдэгч Б.Г-оос 377.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Б-д тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт үлдээж, шүүгдэгч Ж.Б-, Б.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Хохирогч Б.Г- нь мөрдөн байцаалтын шатанд “...М- гэдэг залуу ханзархай гутал өмсөөд, цэцэрлэгийн хүүхдийн мөнгө барьчихаад янз бүрийн юм яриад байхын гэж намайг хэл амаар доромжлохоор нь зөрүүлээд маргалдаж байх үед Б- гэдэг хүн лангуунаасаа гарч ирээд миний куртикны малгайг доош нь дарж тонгойлгосон энэ үед хүү нь миний толгойг тус газар луу олон давтамжтай өшиглөсөн. Би өөрийгөө хамгаалахын тулд нарийн коридорын мухар тултал зай барьж ухарсан. Тэр хоёр намайг нийлж зодсоор байсан ба би хоёр гараараа хамгаалахаас өөр зүйл хийж чадаагүй. Тэгээд дээшээ өндийхөд Б- нь миний эгц нүүр лүү хоёр удаа гараараа цохисон. Хүү нь мөн нүүрний баруун шанаа хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Ингээд тэд намайг орхисон...” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...Ж.Б- миний гадуур хувцасны малгайг доош нь дарж тонгойлгосон. Тэр үед М- хажуу талаар хэд хэдэн удаа өшиглөсөн Би мөрний архаг мултралттай учраас нэг гараараа өөрийгөө хамгаалсан, миний нүүр лүү олон удаа өшиглөсөн...” гэж өөрт учирсан гэмтлийг Ж.Б-, Б.М- нар бүлэглэн зодож учруулсан талаар удаа дараа тогтвортой мэдүүлдэг, хохирогч Б.Г-ийн мэдүүлэг шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13923 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон. Хэдийгээр тухайн гэмт хэрэг гарсан газрын камерын бичлэгийг шүүгдэгч Ж.Б-, Б.М- нарын зүгээс мөрдөгчид гаргаж өгсөн боловч тухайн камерын бичлэг нь Б.Г- Ж.Б-ыг мөргөж, унагаж байгаагаар тасалж авагдсан бөгөөд түүнээс хойшхи бичлэгийг гаргаж өгөөгүй байдаг. Хэрэв шүүгдэгч Ж.Б-, Б.М- нарын зүгээс гэм буруу дээр маргаж байгаа тохиолдолд тухайн камерын бичлэгийг бүрэн эхээр нь гаргаж өгч Б.М-ыг зодоонд оролцоогүй болохыг нотлох боломжтой байсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй" гэж заасан. Гэтэл шүүх Б.М-д холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ яллагдагч Ж.Б-, Б.М- нарын мэдүүлэг, хэрэгт бүрэн эхээр авагдаагүй камерын бичлэг, тухайн гэмт хэргийг хараагүй, яллах дүгнэлтэд мэдүүлгийг нь тусгаагүй гэрч болох Ө.Энхбаяр, Д.Ананд нарын мэдүүлгийг үндэслэж Б.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Хохирогч Б.Г-ийн мэдүүлгүүдээс дүгнэхэд түүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол шүүгдэгч Ж.Б-ы үйлдлээс бус харин Б.М-ын үйлдлээр учирсан байх боломжтой нөхцөл байдал тогтоогддог бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Ж.Б-, Б.М- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж үйлдсэн нь тогтоогдсон тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлд хамаарч байх тул 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/609 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Г- давж заалдах гомдолдоо: “...би Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27 -ны өдрийн 2020/ШЦТ/609 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны орой 18 цагийн орчим Найман шарга худалдааны төвийн "Оорцгийн гол" гэдэг газар 40 доллар солиулахаар очоод валютын ченж Б-, М- гэх аав хүү хоёртой харилцан маргалдсаны улмаас зодоон үүсэж, үүнээс болж миний хацар яс болон хамрын мөгөөрс хугарч зөөлөн эдийн гэмтэл авсан учраас яг тухайн үйлдэл болсны дараа шууд цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. Тэр үед аав хүү хоёр павилоноо түгжээд зугтаад явж байгаа бичлэгийг гар утсандаа хийж үлдсэн. Тэр дороо 15 минутын дотор цагдаа албан хаагчид ирсэн тэр үед би ганцаараа үлдсэн байсан учраас хамт явж мэдүүлэг өгөөд /мэдүүлэгтээ камерын бичлэгийг аваарай олон камер байсан тэрэн дээр тодорхой харагдана гэж хэлсэн/ шууд шүүх эмнэлэг явж үзүүлж зураг авхуулж эмчийн үзлэгт орсон. Цагдаагаас дуудна гэж хэлснээр би эмнэлгээр явж эмчилгээгээ хийлгэж гэртээ гам барих зэргээр хэд хоног болсон. Цагдаагаас дуудаж Дөлгөөн гэх мөрдөн байцаагчид мэдүүлэг өгч гар утасны бичлэгээ хуулбарлан өгөөд баримтад гарын үсэг зуруулж авсан. Дараа нь уг бичлэг хавтас хэрэгт байхгүй байсан учраас прокурорын байгууллагад бичлэгийг хэрэгт хавсаргах талаар хүсэлтээ гаргасныг хүлээж аваагүй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрт үнэхээр гомдолтой байна. Яагаад гэвэл уг этгээдүүд анхнаасаа цагдаа дуудангуут павилоноо хаагаад зугтсан. Шүүх эмнэлэгт тэр дороо үзүүлээгүй, бараг нэг сарын дараа очиж хуучин гэмтлээ үзүүлж тэр үед үүссэн байх магадлалтай гэдэг бичиг гаргуулж авсан. Мөн өөрт ашигтай камерын бичлэгийг тасдан авч хавтас хэрэгт өгсөн, бүтнээр нь үзүүлэхгүй байгаа. Мөн хамт ажилладаг хүмүүсээ дуудан гэрчээр мэдүүлэг өгүүлсэн зэргээр худал зүйлсээр гүтгэж өнөөдөр намайг өөрсдөөсөө илүү гэмтэн болгож хүүгээ огт гэм буруугүй гээд 50 гаруй настай, жижигхэн биетэй энэ хөгшин хүн ганцаараа намайг зодсон гэж шүүхэд итгүүлж чадсан. Тэр хүнийг би огт зодоогүй, надаас эмчилгээний төлбөр нэхэмжилж цаашид ч авна гэж улайран дайрч байгаа зэрэг нь үнэнд нийцэхгүй дэндүү худал зүйлс тул уг дутуу шалгагдсан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж М-ыг уг хэрэгт дахин холбогдуулан шалгаж өгөхийг хүсэж байна. Намайг нүүр лүү удаа дараа өшиглөж гэмтээсэн хүн нь М-, аав Б- нь намайг куртикны малгайнаас доош дарж зодох боломжийг бүрдүүлж өгсөн. Надад байгаа тэр бичлэг дээр Б- эрүүл саруул явж байгаа, намайг цагдаад өгөөд юу олж долоохыг чинь харъя гэж заналхийлж байгааг, мөн миний цагдаа дуудсан иртэл нь хүлээе гэж хэлж байгааг сонсож болно. Шүүх дээр хэлэхдээ намайг зугтсан гэж худал хэлсэн зэргээр маш олон зохиомол худал зүйлсийн үнэн зөвийг олж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, Б.Г- нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Оорцогийн гол” валют арилжааны төвд Ж.Б-, Б.М- нарт зодуулж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын нурууны цус хуралт, дух, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт хавтас хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон атал анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, харин Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөрдөгч мөрдөн байцаалтын шатанд хавтас хэрэгт авагдсан баримтыг хэргээс хассан /устгасан/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөрдөн байцаалтын шатанд Ж.Б-, Б.М- нарын нотлох баримтаар өгсөн бичлэг нь өөрт ашигтай хэсгийг таслаж хавсаргасан бичлэг байх бөгөөд хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадахгүй, энэхүү бичлэгийг үндэслэн Б.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Г-ийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Б.Г- мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхэд хэргийн үйл баримтын талаар нийт таван удаа мэдүүлэг өгсөн. Хэрэг гарсан даруй цагдаагийн байгууллагад дуудлага өгч, гомдол гарган “Б.М- миний нүүр лүү өшиглөж, зодсон” гэж тогтвортой мэдүүлдэг. Гэтэл энэхүү мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй. Тодруулбал, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 58, 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч Т.Чимэд-Очир, гэрч Ө.Энхбаяр, Д.Анар нарын мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй Б.Г-ийг Ж.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж хэргийн үйл баримтыг буруу тогтоож хэргийг шийдвэрлэсэн. Ж.Б-ы биед учирсан хамрын ясны хугарал нь Б.Г-ийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй байхад түүнд учирсан гэмтлийг 28 хоногт эдгэрэх боломжтой, үүнийг Б.Г- учруулсан гэж үзсэн нь учир дутагдалтай. Ж.Б-д учирсан гэмтэл нь Б.Г-ийн үйлдлээс үүссэн биш, өмнө үүссэн талаар Ж.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон түүний удаа дараа өгсөн өөр хоорондоо агуулгын зөрүүтэй мэдүүлэг зэргийг шүүх харьцуулан дүгнэж анхаарч үзсэнгүй. Нөгөө талаар Ж.Б-ы биед учирсан хамар ясны хугарлыг Б.Г- учруулсан бол яагаад бичлэгийг бүрэн эхээр нь өгөөгүй вэ гэдэгт анхаарал хандуулж чадаагүй гэж үзэж байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд хавтас хэрэгт авагдсан баримтыг хэргээс хассан нөхцөл байдал байдаг. Б.Г- гар утсанд бичлэг хийснийхээ дараа 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дээрх бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Анх мэдүүлэг өгөхдөө “тухайн газар олон тооны камертай байсан. Камерын бичлэгийг аваач” гэхэд мөрдөгч “цагдаагийн байгууллагын ажлыг битгий заагаарай, бид нар өөрсдөө ажлаа мэднэ” гээд бичлэгийг аваагүй. Улмаар өөрийн гар утсаар хийсэн бичлэгийг өгсөн. Уг бичлэгийг мөрдөгч эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол зэргийг үйлдэн гарын үсэг зуруулан баталгаажуулж авсан атлаа хавтас хэрэгт энэ талаар баримт байдаггүй, хяналтын прокурор болон анхан шатны шүүх энэхүү зөрчлийг арилгалгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, эсхүл процессын алдааг засуулахаар прокурорт буцааж өгнө үү. ...” гэв. 

 

Шүүгдэгч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн үед би аавынхаа ажил дээр лангуугаа хаахаар очсон. Хүнтэй муудалцах бодол байгаагүй. Бид нар мөнгөө бэлэн авч явахад аюултай байдаг тул банкинд хийдэг. Хаахын өмнө тооцоо хийгээд гарах  үед Г- орж ирээд 40 ам.доллар солиулах гээд маргаан үүсгэсэн. Маргааш нь ээж маань камерын бичлэгийг гар утсан дээрээ бичиж “энэ хүнийг олж өгөөч” гэсэн гомдол гаргасан байсан. Түүнээс биш аав бид хоёрт ийм хэрэг болгоё гэсэн бодол байгаагүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурор эсэргүүцэлдээ Б.Г- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу мөрдөн байцаалт, шүүхийн шатанд тогтвортой мэдүүлэг өгдөг гэж дурдсан байна. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад, Б.Г-ийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, тогтворгүй, бодит үнэнд нийцэхгүй болох нь харагдана. Өөрөөр хэлбэл, хавтас хэргийн 33, 37 дугаар талд “миний мөр мултардаг учраас би тэр хоёрт гар хүрээгүй, барилцаж аваагүй, тийм боломж ч олдоогүй” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл хэрэгт сиди бичлэг авагдсаны дараа түүний мэдүүлэг өөрчлөгдөж “би Б-тай барилцаж аваад нааш, цааш түлхэлцсэн” /хх 93/ гэж мэдүүлдэг. Тийм учраас түүний мэдүүлэг дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Б.Г-ийн биед хөнгөн гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Б- учруулсан гэдгийг хохирогч өөрөө мэдүүлсэн. Мөн прокурор эсэргүүцэлдээ сиди бичлэгийг тасдаж тал бичлэг өгсөн, М- гэх хүн буруугүй байсан бол бүтнээр нь өгөх байсан, нууж байна гэсэн агуулга бүхий зүйл бичжээ. Хуульд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх үүрэг нь хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор, шүүхэд байдаг. Цагдаа нар энэ ажиллагааг хийгээгүй, прокурор хяналт тавих үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгээ өөрөө тунхаглан зарлаад үүнийгээ эсэргүүцлийнхээ нэг үндэслэл болгож байгаад гайхаж байна. Сиди бичлэгийг зодоон болсны маргааш Ж.Б-ы эхнэр “ах чинь хүнд зодуулчихлаа, олоод өгөөч” гэж Ж.Б-ы дүү нараас гуйж бичлэгийг авч өгсөн байсан. Түүнээс биш нууж хаасан, тасадсан зүйл байхгүй. Мөн тухайн сиди бичлэгийг шүүх хуралдаанд үзэхэд Б.Г- “энэ бичлэг дээрх хүн би биш, эсхүл Б- биш, ийм үйл явдал тухайн өдөр болоогүй” гэж маргаагүй учир уг бичлэгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй хоёр гэрчийн мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон гэж байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд Энхбаяр, Ананд гэх хоёр хүний мэдүүлгийг шүүгдэгчийн өмгөөлөгч миний зүгээс нотлох баримт шинжлэн судлах дараалалд оруулж, шүүх хуралдааны явцад хэргээс шинжлэн судалсан. Энэ тохиолдолд тухайн гэрч нарын мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох үндэслэлтэй гэж үзэж байна.Б.Г-ийн гомдолд аав, хүү хоёр нийлж зодсон хэрнээ 50 гаруй настай хөгшин ганцаараа зодсон юм ярьж, шүүхэд итгүүлсэн гэх агуулга тусгагдсан байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Ж.Б- Б.Г-ийн биед, Б.Г- Ж.Б-ы биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Б.Г-ийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо Ж.Б-ы биед учирсан гэмтэл хэрэг учрал болохоос өмнө үүссэн гэмтэл гэдгийг Ж.Б- өөрөө мэдүүлдэг гэжээ. Хавтас хэргийн 42, 44, 89 дэх талуудад Ж.Б-ы мэдүүлгүүд байдаг бөгөөд эдгээр мэдүүлэгт ийм зүйл дурдагдаагүй. Мөн гар утасны бичлэгийг нотлох баримтаар өгч, мөрдөгч тогтоол үйлдэж нотлох баримтаар тооцсон хэрнээ хэргийн материалтай танилцах үед хэрэгт байгаагүй гэж байна. Хэрэв нотлох баримтыг зориуд алга болгосон бол энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. Б.Г-ийн өгсөн гэх гар утасны бичлэг хэрэг учрал болсноос хойшхи үйл баримтыг харуулсан бичлэг учраас прокурор хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Г- нь Ж.Б-, Б.М- нарт зодуулж гэмтсэн талаар мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлдэг. Түүний биед учирсан гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан учраас Ж.Б-, Б.М- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж тус гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Мөн Б.Г- нь Ж.Б-тай харилцан зодолдож Ж.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Оорцогийн гол” валют арилжааны төвийн 8 тоот лангуун дээр 40 доллар солиулахаар очсон Б.Г-той хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүний толгойн тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухайрхайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын нурууны цус хуралт, дух, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Б.Г-ийн хохирогчоор өгсөн “...Б- миний куртикны малгайг доош нь дарж тонгойлгож миний харагдах үзэгдлийг хязгаарласан. Ямар ч байсан доороос цагаан ултай, хар өнгийн гуталтай хөл орж ирээд нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн .Тэр үед уг гэмтлүүд үүссэн. ...” /1хх 33-34/,

гэрч Д.Анарын “...тэр залуугийн хамраас цус гарчихсан байсан. ...” /1хх 55/,

Б.М-ын яллагдагчаар өгсөн “...аав босож ирээд нөгөө залуугийн өмсөж байсан куртикнээс доош нь дарж тонгойлгож байгаад нүүр лүү нь өшиглөсөн. Мөн дээшээ болох үед нь нүүр лүү нь ганц нэг цохих шиг болсон. ...” /1хх 85-88/,

Ж.Б-ы яллагдагчаар өгсөн “...би тэр залуугийн өмсөж байсан куртикны малгайнаас доош нь дарж байгаад нүүр лүү нь өшиглөсөн. Дээшээ болохоор нь гараараа 1-2 удаа нүүр лүү нь цохисон. ...” /1хх 89-92/ гэх мэдүүлгүүд,

 

“...Б.Г-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухайрхайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын нурууны цус хуралт, дух, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13923 дугаартай дүгнэлт /1хх 60/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Ж.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.М-, Ж.Б- нарыг бүлэглэн Б.Г-ийг зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэн, шүүгдэгч тус бүрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх Б.М-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн ба үүнтэй холбоотой Ж.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, тухайн зүйлд заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Харин прокуророос шүүгдэгч Б.Г-ийг 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Оорцогийн гол” валют арилжааны төвийн 8 тоот лангуун дээр 40 ам доллар солиулахаар очихдоо Ж.Б-, түүний хүү Б.М- нартай хэрүүл маргаан үүсгэн, улмаар Ж.Б-ы нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, үндэслэл муутай болжээ.

Учир нь, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч Ө.Энхбаяр /1хх 52-53/, Д.Анар /1хх 54-55/, Б.Баярсайхан /1хх 56-57/, шүүгдэгч Ж.Б-, Б.Г-, Б.М- нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг, Ж.Б-ы эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 140 дугаартай  дүгнэлт /1хх 66-68/, шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн мэдүүлэг /1хх 69-70/ зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад:

2019 оны 1 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очир Ж.Б-ы эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг дүгнэлт гаргахдаа 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн толгойн КТГ-н шинжилгээ, мөн “ЭМЖЖ” эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн компьютер томографийн шинжилгээний хариуг дурджээ.

Дээрх дүгнэлтээр /1хх 66-68/ Ж.Б-ы биед хамрын ясны хуучин хугарал, хамрын таславчийн хуучин муруйлт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон ба Ж.Б- урьд нь хамартаа гэмтэл авч байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, тэрээр тухайн үйл явдлаас хойш 24 хоног өнгөрсний дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн /хх 63/ байх бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр дүгнэлт гаргахдаа Ж.Б-ы биед биечлэн үзлэг хийгээгүй, харин түүний 2019 оны 11 дүгээр сарын 7/үйл явдал болохоос өмнөх/, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн толгойн компьютер томографийн шинжилгээний хариуг үндэслэн хамар ясны гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж дүгнэлт гаргасан нь эргэлзээ бүхий болжээ.

 

Түүнээс гадна, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан”, мөн журмын 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл, гэмтлийн хөнгөн зэрэг нь эрүүл мэндийг 28 хүртэл хоногийн хугацаагаар түр сарниулах шинжтэй болохыг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заажээ.

 

Гэтэл Ж.Б-ы хувьд шүүгдэгч Б.Г-т зодуулсны улмаас эрүүл мэнд нь сарнисан, эсхүл ерөнхий хөдөлмөрийн чадвараа түр алдсан, эмчилгээ хийлгэснийг нотолсон баримт хавтас хэрэгт авагдаагүй ба тухайн үйл явдлаас хойш 7-8 сарын дараа эмчилгээ хийлгэсэн гэх баримтууд /1хх 202-204/ нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзэв.

 

Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар бэхжүүлэгдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...тэд маргалдаж, Б.Г- нь Ж.Б-ыг толгойгоороо мөргөх үйлдэл хийх бөгөөд энэ үед Ж.Б- арагшаа хөл алдах шиг болоход бичлэг дуусав. ...” гэж тэмдэглэгдсэн хэдий ч бичлэгийг үзэхэд Б.Г- нь эргэж хараад Ж.Б-ыг барьж авснаар бичлэг дуусаж байгаа нөхцөл байдал харагдаж байна.

 

Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд, шүүгдэгч Б.Г- нь Ж.Б-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд  нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу прокуророос Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг найруулгын хувьд өөрчлөн, мөн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах заалтыг баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Ө.Учрал нарын гаргасан “...Б.Г-ийн үйлдлээс Ж.Б-д гэмтэл учраагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч,  “...Б.М-д холбогдох хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон. ...” гэсэн прокурор С.Солонгын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/609 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Мээрэн овгийн Баярмагнайн Г-т холбогдох бүх заалтыг хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд…” гэснийг “...Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Ж.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэж,

6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-аас 270.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Г-т, шүүгдэгч Б.Г-оос 377.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Б-д тус тус олгосугай. …” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-аас 270.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Г-т олгосугай. …” гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Ө.Учрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, прокурор С.Солонгын бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

                       ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

 

 

                       ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН