Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 101/2017/02857/И |
Дугаар | 001/ХТ2018/00181 |
Огноо | 2018-02-02 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2018/00181
Ч.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2017/02410 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2195 дугаар магадлалтай,
Ч.О-ийн нэхэмжлэлтэй,
“Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв” ОНӨААТҮГ-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.О-ийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Д.Золзаяагийн тайлбарт: Ч.О-ь нь тус байгууллагад ачигчаар ажилладаг. Энэ салбарт 22 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа байгууллагын шилдэг ажилтнаар шалгарч байсан ба бага зэрэг хэл ярианы бэрхшээлтэй, бусдад өөрийгөө илэрхийлэхдээ муу. Ажил дээрээ бусад руу дайрч доромжлох үйлдэл гаргаж байгаагүй ба хэл ярианы бэрхшээлээс болоод хүмүүс буруугаар ойлгохыг үгүйсгэхгүй. Ч.О-ь нь ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж байсан. Зөрчил гаргасан гээд байгаа 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улиастайд хог ачиж явахад нэг айл хашааныхаа гадаа хогоо гаргаагүй байсан ба хогоо гаргаагүй талаар хэлэхэд нь “чи надад хог гаргаж тавь гэж хэлдэг хэн бэ” гээд тухайн хүн өөрийнхөө түрж явсан усны тэргээр Ч.О-ийг түлхсэн асуудал болсон. Үүнд нь Ч.О-ь ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Үүнээс болоод Ч.О-ийг зүй бусаар бусадтай харьцсан үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ажлаас нь халсан. Ч.О-ь бусадтай зүй бус харьцсан, бусдад гэмтэл учруулсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь тогтоогдохгүй байгаа. Иймд Ч.О-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэж өгнө үү. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 80 хоногийн цалин нэхэмжилж байгаа гэжээ.
Хариуцагч “Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газар дөрөв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Э.Хатанбаатарын тайлбар: Би энэ байгууллагын даргаар 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр томилогдсон. Тус байгууллагад ачигчаар ажиллаж байсан Ч.О-ьт иргэдтэй зүй бус харьцсан үндэслэлээр байгууллагын өмнөх даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ж.Энх-Амгалангийн гаргасан гомдол түүнийг ажлаас халах үндэслэл болсон. Ч.О-ь нь иргэн Ж.Энх-Амгалангийн биед гэмтэл учруулж, хэл амаар доромжилсон бөгөөд тэрээр харилцааны доголдолтой, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, манай удирдлагууд түүнд амаар байнга сануулга өгч байсан байдаг ба цаашид ажилд нь эгүүлэн авах боломжгүй. Зүгээр сууж байгаад цалин авах гэж өөрсдийнхөө бурууг ухамсарлахгүй байна гэжээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2017/02410 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Чулуунбаатарын Октябрийг Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын авто хэсгийн ачигчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Ч.О-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.867.968 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулан нэхэмжлэгч Ч.О-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.О-ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар дөрөв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 44.837 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2195 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2017/02410 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.24-ний өдрийн 101/Ш32017/02410 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.11-ний өдрийн 2195 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172-р зүйлд заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 тоот тушаалаар Ч.О-ийг ажлын байранд иргэдтэй ёс бус харьцаж, иргэдийг хэл амаар доромжилсон үйлдэл гаргасан гэх шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулсан, улмаар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ж.Энх-Амгалангийн гаргасан гомдол нь ажлаас халах үндэслэл болсон бөгөөд урьд гаргасан зөрчлөө давтан гаргасан гэсэн тайлбарт уг тайлбар, татгалзаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна” гэжээ. Ч.О-ь нь 2017.05.12-ны өдрийн ажлаас халагдах сахилгын шийтгэл авахаас өмнө 4 удаа сахилгын шийтгэл хүлээж байсан талаар хариуцагч байгууллагын төлөөлөгч болон гэрч нотолж тайлбар өгдөг мөн нэхэмжлэгч Ч.О-ь нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо урьд оноож байсан 4 удаагийн сахилгын шийтгэлтэй маргаагүй, хүлээн зөвшөөрдөг. Гэтэл анхан болон давж заалдах щатны шүүх хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт огт үнэлэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх 2017.05.10-ны өдөр иргэн Ж.Энх-Амгалантай маргалдаж, түлхэж унаган ёс зүйгүй үйлдэл гаргасан эсэхийг тогтоох боломжгүй гэж шийдвэр, магадлалын үндэслэл болгож байна. Харин бодит байдал дээр Ч.О-ь нь 2017.05.10-ны өдөр иргэн Ж.Энх-Амгалантай муудалцаж маргаж, түлхэж унагаснаа хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар ч нэхэмжлэл дээр дүрдсан. Нөгөө талаар иргэн Ж.Энх-Амгалангийн БЗД-ийн НҮГ 4-ийн даргад гаргасан өргөдөл байдаг бөгөөд уг өргөдлийг анхан шатны шүүхэд өгөх гэтэл эх хувь биш гээд хулээн аваагүй, давж заалдах шатны шүүхэд мөн хүргүүлтэл анхан шатны шүүхэд үнэлээгүй баримтыг үнэлэхгүй гээд хүлээж авдаггүй. Уг өргөдлийг гаргасан БЗД-ийн 23-р хороо БХ-ын 1569 Б тоотод оршин суух иргэн Ж.Энх-Амгаланг дуудаж, гэрчээр мэдүүлэг авах боломжтой. Байгууллагын дотоод журам /5.6.7-ын г, е/, хөдөлмөрийн гэрээ /6.1-ын а, е,/-г удаа дараа /5-аас дээш/ зөрчсөн нь хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар шууд цуцлах үндэслэл болсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөдмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлд аль алинд нь хамаарч байх бөгөөд шүүхээс үүнийг огт үнэлээгуй. Өөрөөр хэлбэл, магадлалд “2017.05.12-ны Б/61 тоот тушаалд заасан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа иргэнд гэмтэл учруулсан, бусдыг хэл амаар доромжилсон, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа бусдад гэмтэл учруулсан, хэл амаар доромжилсноо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг, гэрч нотолдог, гомдол гаргасан иргэний өргөдөл зэргээр тогтоогдоно. Урьд удирдлагаас 4 удаа “бусадтай ёс зүйгүй харилцаж болохгүй” гэж үүрэг өгч, сануулсаар байтал энэ үүргийг биелүүлээгүй зэрэг нь ажлаас халах хангалттай үндэслэл болсон.
Ч.О-ьтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.е-д “Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, ажлын чанарын доголдол удаа дараа гаргасан, хариуцан ажиллаж байгаа ажил үүргийн талаар харилцагч байгууллага, хувь хүмүүсээс гомдол удаа дараа гаргасан гэсэн байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын холбогдох заалтыг огт үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, Ч.О-ь нь 5 удаа удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, харилцагч байгууллага, хувь хүмүүсээс гомдол гаргасан, 5 удаа ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн. Ч.О-ь нь ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй болох нь түүний зан харилцаа, үйлдэл зэргээс тодорхой харагддаг бөгөөд энэ талаараа ч тайлбартаа “би бункер дээр үлдээд хөгшин хүн ирэхээр хогийг нь асгаж өгдөг” гэж дурдсан. Гэтэл манай байгууллагын ажлын байрны тодорхойлолтод “Ачигч орон сууц, албан газар, гэр хорооны айл өрхийн хуурай хог хаягдлыг авто машинд хийж ачина” гэсэн байдаг. Хөгшин хүн л ирэхээр хогийг нь ачдаг, бусад хүмүүсээр өөрсдөөр нь хогийг ачуулах талаар ажил үүргийн хуваарьт байхгүй.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь талд хариуцагч нь “иргэн өөрөө гомдол гаргаж өгсөн, гэмтэл учирсан гэдгээ бичиж өгсөн. Энэ хүндээ арга хэмжээ авч өгөөч гэж өөрийн биеэр ирж уулзсан байдаг. Хариуцагчаас “2017 оны 5-р сард ирсэн иргэний гомдлыг хавсаргах боломж байгаа” гэж хэлсэн боловч шүухээс үүнийг нягталж шалгалгүй шүүх хуралдааныг хаасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох ажиллагааг явуулна” гэж заасан байдаг. Шүүхээс “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт бүрдсэн” гэж үзэх үндэслэл гэдэгт “Зохигчид хангалттай баримт бүрдүүлсэн бөгөөд өөр гаргах баримтгүй болохоо илэрхийлсэн, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд гаргах хүсэлтгүй болохоо илэрхийлсэн, тухайн төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд бүрддэг нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэх үндэслэл байгаа, цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдлыг тодорхойлох боломжтой болсон зэрэг нөхцөл тогтоогдсон байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас Ж.Энх-Амгалангийн өгсөн гомдол байгаа, гаргаж өгье гэж хэлж байхад шүүхээс түүнийг огт анхаарч үзэлгүй шүүх хуралдааныг дуусгасан нь хэргийг үнэн зөв, бодитоор шийдвэрлэхэд саад болж байгаа төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн бодит нөхцөл байдлыг тодорхойлох боломжгүй болгосон юм. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ яг ямар нотлох баримт дээр тулгуурлаж шийдвэр гаргасан нь тодорхойгүй, зөвхөн нэхэмжлэлийн тайлбар дээр үндэслэсэн байж хариуцагчаас халсан үндэслэлээ нотлохыг шаарддаг. Хариуцагчаас халах үндэслэл болсон баримтаа гаргаж өгөхөөр авдаггүй. Мөн гэрч Л.Өсөхгэрэлийн мэдүүлгийг эх сурвалжаа заагаагүй гэсэн үндэслэлээр үнэлээгүй байдаг бөгөөд гэрчийн мэдүүлэг нь ИХШХШТХ-ийн 37.2 дах хэсэгт зааснаар нотлох баримт болно. Хуулиар гэрч заавал мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах ёстой гэсэн зохицуулалт ИХШХШТХ-д байхгүй. Энэ мэтчилэн анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит байдалд огт тулгуурлаагүй зөвхөн хэрэгт баримт алга гэсэн шалтгаанаар хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/Ш32017/02410 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2195 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ч.О-ь нь хариуцагч Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар дөрөв” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 тоот тушаалаар Ч.О-ьт ажлын байранд иргэдтэй ёс бус харьцаж, иргэдийг хэл амаар доромжилсон үйлдэл гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан, мөн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ж.Энх-Амгалангийн гаргасан гомдол нь ажлаас халах үндэслэл болсон бөгөөд урьд гаргасан зөрчлөө давтан гаргасан гэж маргажээ.
Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар дөрөв” ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/61 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.6.7 дахь хэсгийн /Е/ заалт, 7 дугаар зүйлийн 7.7, 7.10, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэхь хэсгийн /Е/ заалт, иргэний гаргасан өргөдлийг үндэслэн ачигч Ч.О-ийг ажлаас нь чөлөөлсөн байна.
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.6.7.е-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, дотоод журмын зохих заалт зөрчсөн, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажлаас халах, 7.7-д Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй зөв боловсон харьцаж, тэдэнд аливаа асуудлыг хууль эрх зүйн хүрээнд нарийн тайлбарлаж ойлгуулахын зэрэгцээ иргэд, байгууллагаас тавьсан санал хүсэлтийг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй шийдвэрлэн хариу мэдэгдэж, хамт олон, удирдах албан тушаалтныг хүндэтгэн төрийн албаны нэр хүндийг хамгаалж, нийтийг хамарсан арга хэмжээнд тогтмол оролцож, бусдад өөрийн биеэр үлгэрлэн ажиллана, 7.10-т Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж байх үедээ бүдүүлэг зан авир гаргах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлэх, ажил хэрэгт хайнга, ёс төдий хандахыг хориглоно гэсэн байна.
2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар дөрөв” ОНӨААТҮГ-ын даргын Б/04 тоот тушаалаар Ч.О-ийг иргэдтэй ёс бус харьцан хэл амаар доромжилсон үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ба нэхэмжлэгч нь энэ тушаалд гомдол гаргаагүй байна.
2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ж.Энх-Амгалангийн гаргасан гомдол нь ажлаас халах үндэслэл болсон буюу удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, бусдыг хэл амаар доромжлон, биед нь гэмтэл учруулсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймээс ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий юм.
Нэхэмжлэгч Ч.О-ийг Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар дөрөв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын авто хэсгийн ачигчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2017/02410 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2195 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН