Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
Хэргийн индекс | 115/2018/0010/З |
Дугаар | 13 |
Огноо | 2018-06-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Ц-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х албаны даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Х албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тушаал хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тус албаны Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бямба-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, Г.Цын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Х албаны даргынБ/33 дугаар тушаалаар тус албаны стандарт чанарын хяналтын хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт хариуцсан албан тушаалд томилогдсон. Улмаар 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Б/139 дугаар тушаалаар улсын байцаагчийн эрх нээгдэж, 25-11-100 хувийн дугаар баталгааны тэмдэг олгогдсон. Мөн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын А/110 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Ажиллаж байх хугацаанд буюу 2016, 2017 оны үр дүнгийн гэрээг тухай бүр байгуулж хагас, бүтэн жилээр хангалттай үнэлгээтэй дүгнэгдэж байсан. 2018 оны үр дүнгийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэгжийн менежертэй байгуулж, ажил үүргээ хуулийн хүрээнд гүйцэтгэж байтал 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б/31 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.
Х албаны даргын Тушаал хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай Б/31 дүгээр тушаал нь дараах үндэслэлээр Төрийн албаны тухай хууль зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус шийдвэр юм.
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зааснаар захиргааны байгууллагын шийдвэр хуульд үндэслэх, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах ёстой. Гэтэл төрийн жинхэнэ албан тушаалтны эрх зүйн байдал, эрх, үүрэг, томилох, чөлөөлөх асуудлыг зохицуулсан бие даасан хууль болох Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж тушаалаа гаргасан нь уг тушаал илт хүчин төгөлдөр бус болохыг илтгэн харуулж байна. Түүнээс гадна уг тушаалд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан жирэмсэний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэсэн зохицуулалт нь ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах хуулийн зохицуулалт юм. Иймд уг тушаал нь ажлаас чөлөөлөх эрх зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн болох нь дээрх заалтуудаар батлагдаж байна.
2. Мөн тушаалын 2 дахь заалтад ... нөөцөд байгаад тооцсугай гэсэн нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно гэсэн зохицуулалт нь төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөхтэй холбоотой юм.
3. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах нь захиргааны байгууллагын үүрэг юм. Гэвч Дорноговь аймгийн Х албаны дарга Г.Б нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөхдөө уг зарчмыг хэрэгжүүлэлгүй, надаас тайлбар, санал авах ажиллагааг хийлгүйгээр шийдвэр гаргасан нь мөн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
4. Үүнээс гадна, уг тушаалд дурдсан ... хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд ажилласан тухайд дараах тайлбарыг нэмэлтээр гаргаж байна. Б.Х нь хүүхэд асрах чөлөө авахдаа стандарт чанарын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд 2014 онд хүүхэд асрах чөлөөгөө авсан. Миний бие анх стандарт чанарын хяналтын хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт хариуцсан албан тушаалд томилогдсон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын байцаагчийн баталгааны тэмдэг, хувийн дугаарыг байгууллагын орон тооны дагуу байцаагч бүрт олгодог гэж бодож байна. Намайг ажилд ороход одоо тус албаны хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж буй Б.Б стандарт чанарын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа ашиглаж байсан хувийн дугаар, баталгааны тэмдэг болох 25-11-100 дугаарыг хүлээлгэж өгсөн. 2017 оны 01 дүгээр сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар бүтэц, орон тооны өөрчлөлтөөр Стандарт чанарын хяналт нэршлийг мэргэжлийн чиг үүргийн дагуу Хүнсний стандарт чанарын хяналт, Байгаль орчны хяналт, Авто тээврийн хяналт, Цөм цацрагийн хяналт, Эм био бэлдмэлийн хяналт болгон хувааж орон тоо батлагдсан. Иймд стандарт чанарын хяналт нэршил Хүнсний чанар, стандартын хяналт гэж үнэмлэх, баталгааны тэмдэгт ашигладаг 11 салбарын дугаар 02 болж өөрчлөгдсөн.
5. Б.Х нь хүүхэд асрах чөлөө авснаас хойш хүнсний чиглэлийн мэргэжилтэй 3 хүн буюу Б.Н, Г.Ц, Н.С /төрийн албаны мэргэжлийн шалгалт өгөөгүй/ нар ажилд томилогдсон. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтын дагуу үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар зэргийг харгалзан үзсэнгүй.
Мөн миний бие нь Б.Хаш-Эрдэний оронд томилогдоогүй. Учир нь надад Б.Бат-Эрдэнэ байцаагчийн эзэмшиж байсан 25-11-100 баталгааны тэмдгийг олгосон. Одоогийн байдлаар тус албанд 1 сул орон тоо буюу Ч.Сгийн орон тоон дээр ажиллаж байгаа Н.С, Д.Зын оронд томилогдсон гэх Б.Н бид гурвын үйл ажиллагаа болон мэргэжлийн ур чадварыг харгалзан үзэж томилох боломжтой. Миний хувьд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн учраас ажилгүй үлдэх ёсгүй. Б.Х 2014 оны 11 дүгээр сард төрсөн, Д.З нь 2015 оны 06 дугар сард шилжсэн. Иймд Б.Х орон тоо эхэлж гарсан байх тул уг орон тоон дээр Б.Н, миний бие нь Д.Зын оронд томилогдсон байх магадлалтай. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Т.Б дарга өрөөндөө дуудаж, мэдэгдэх хуудас өгсөн. Би өөрийн зүгээс тайлбараа хэлсэн боловч чиний тайлбарыг хүлээж авахгүй гэсэн учир би мэдэгдэх хуудсыг хүлээж аваагүй. Миний зүгээс даргад өөр орон тоонд ч хамаагүй томилох боломж байна уу? гэхэд намайг ажиллуулах боломжгүй гэсэн. Мөн төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй Н.Сын талаар хэлэхэд хүлээж аваагүй. Миний бие нь анх 2015 оны 04 дүгээр сард Завхан аймагт төрийн албан хаагчийн шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2015 оны 05 дугаар сард ажилд орох хүсэлтээ өгч байсан. Үүний дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ бичиж өгсөн бөгөөд 2016 оны 04 дүгээр сард тус албаны даргатай уулзаж тухайн сарын 12-ны өдөр томилогдсон. Намайг анх ажилд томилогдоход стандарт чанарын хяналт гэж байсан бөгөөд түүний дотор хүнсний чанар, стандартын хяналтын хичнээн орон тоо байх ёстой гэсэн ойлголт байгаагүй. Намайг ажилд томилсон тушаалд Авлигатай тэмцэх газрын 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 05/5690 тоот гэж албан тоотын огноо, дугаарыг буруу бичсэн нь бичиг хэрэг, хүний нөөцийн ажилтны хариуцлагагүй алдаа юм. Одоо Х албаны даргаар Г.Б ажиллаж байгаа бөгөөд ажилласан жилийн шаардлага хангаагүй ажилчид байгаа. Би ажилд орсны дараагаар шинэ байцаагчийн сургалтад онлайнаар хамрагдсан. Миний бие нь хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн ажлын байрны шаардлагын хүнсний технологи, эрүүл ахуй мэргэжлээр төгссөн байх гэсэн шаардлагыг бүрэн хангахаас гадна хүнс судлалын ухааны магистрын зэрэг хамгаалсан. Гэтэл Б.Сгийн оронд орсон Н.С бизнесийн удирдлагаар суралцаж төгссөн, төрийн албаны шалгалт өгөөгүй хүн ажилтай үлдэж байна.
Б.Н түр тушаалаар томилогдож 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Миний хувьд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр томилогдож, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.
Иймд Х албаны даргын2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тушаал хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, тус албаны Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон тухайн албан тушаалтны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 онд МХЕГ-ын даргын баталсан 314 дүгээр тушаалын дагуу Хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын 6 улсын байцаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан. Улмаар 2014 онд Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.З, Б.Х нар хүүхэд асрах чөлөө авсан. 2015 онд Д.З нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Түүний сул орон тоонд албаны даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Б.Ныг түр томилсон. 2016 онд иргэн Г.Ц тус албанд ажиллах хүсэлт гаргахад тухайн үеийн албаны дарга С.М хүүхэд асрах чөлөөтэй байсан хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Хаш-Эрдэнийн оронд түр хугацаагаар томилох байсан боловч албан үүргээ хэтрүүлэн ашиглаж 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар жинхлэн томилсон байна. Г.Цыг улсын байцаагчийн ажилд томилох үед манай алба хүнсний чанар, стандартын аюулгүй байдал хариуцсан улсын байцаагчийн 10 орон тоотой байснаас тухайн үед Б.Х хүүхэд асрах чөлөөтэй байсан, харин шилжсэн Д.Зын оронд Б.Н түр томилогдон нийт тухайн чиглэлийн 9 байцаагч ажиллаж байсан. 2017 онд Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ш.Мд 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар, Б.Сд 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар тус тус хүүхэд асрах чөлөөг хуулийн дагуу олгосон байна. Ш.Мг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Н.Сог 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/43 тушаалаар түүний оронд түр томилсон байна. Улмаар Ш.М хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгон ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан тул 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/106 тушаалаар үүрэгт ажилд нь эгүүлэн томилсон. Улмаар Сарангоогийн оронд Солонгыг түр тушаалаар томилон ажиллуулж байгаа. Б.С хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгон ажилдаа орох хүсэлтээ гаргахад Н.С ажлаас чөлөөлөгдөх бөгөөд Б.С нь ажилдаа орох хүсэлтээ гаргасан байгаа. 2017 онд Б.Хнийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болж ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан тул түүний оронд ажиллаж байсан Г.Цыг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж Б.Хаш-Эрдэнийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар үүрэгт ажилд нь эгүүлэн томилсон.
Г.Цыг ажлаас чөлөөлөхөөс өмнө мэдэгдэх хуудас өгч ажлаас чөлөөлөх болсон учир шалтгааныг мэдэгдсэн мөн албаны удирдлагууд биечлэн уулзаж үүссэн нөхцөл байдлыг тодорхой тайлбарласан.
Иргэн Г.Ц нэхэмжлэлийн 1 дүгээр хэсэгт Төрийн албаны тухай хуулиар зохицуулах харилцааг Хөдөлмөрийн тухай хууль-ийг баримталж тушаалаа гаргасан нь илт хүчин төгөлдөр бус болохыг илтгэн харуулж байна гэх тайлбарт: Г.Цыг анх ажилд томилохдоо тухайн үед албаны даргаар ажиллаж байсан С.М албан тушаалаа хэтрүүлэн ашиглан Хөдөлмөрийн тухай хууль-ийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтад Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэснийг илт зөрчсөн хууль бус томилгоо хийжээ. Төрийн албаны тухай хууль-ийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Иймд дээрх хууль бус томилгоог Төрийн албаны тухай хууль-иар зохицуулах боломжгүй юм.
Иргэн Г.Ц нэхэмжлэлийн 3 дугаар хэсэгт Замын-Үүд боомт дахь ХМХА-ны дарга Г.Б төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө уг зарчмыг хэрэгжүүлээгүй, надаас тайлбар санал авах ажиллагааг хийлгүйгээр шийдвэр гаргасан гэсэнд: Энэ нь илт гүжирдсэн, буруу ташаа ойлголт юм. Г.Цыг ажлаас чөлөөлөхөөс тодорхой хугацааны өмнө тус албаны Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Т.Б өрөөндөө дуудан уулзаж ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэж Мэдэгдэх хуудас-ыг өгөхөд Г.Ц өөрөө хүлээн авахаас татгалзсан байдаг. Улмаар ТЗЭУХ-ийн дарга Т.Б албаны дарга Г.Б нар Г.Цтай 2-3 удаа биечлэн уулзаж нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж тодорхой тайлбарыг өгөн харилцан ойлголцсон байна.
Иргэн Г.Цын шүүхэд гаргасан тайлбарын 4 дэх хэсэгт: Б.Х нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны Хилийн мэргэжлийн хяналтыг сайжруулах тухай 145 дугаар тогтоолын хүрээнд тус албанд томилогдож ирсэн 55 улсын байцаагчдын нэг бөгөөд Улсын ерөнхий байцаагчийн олгосон 25-02-061 дугаартай баталгааны тэмдгийг эзэмшиж хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт хариуцан ажиллаж байсан болно. Мэргэжлийн хяналтын даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Журам шинэчилж батлах тухай 213 тушаалын 2.1.2 дахь хэсэгт мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан байх ёстой, 2.1.3 дахь хэсэгт ажилд орохыг хүссэн иргэн шинэ байцаагчийн сургалтад урьдчилан хамрагдаж гэрчилгээ авсан байх гэж заасан байгаа.
Нэхэмжлэгч Г.Ц нь мэргэжлээрээ 3 жил ажиллаагүй, сургалтад хамрагдаагүй, түр орлон гүйцэтгэгч С.М хууль бус тушаал гаргасан. Г.Цыг анх томилсон тушаалд Авилгатай тэмцэх газрын 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 05/5690 тоот хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийн хянасан албан бичгийг үндэслэсэн байгаа. Гэтэл 2016 оны 05 дугаар сард ажилд авах тушаал гарсан байдаг.
Тус албаны стандарт чанарын хяналтын алба нь МХЕГ-ын даргын 2014 оны 314 дуүгээр тушаалаар 8 чиглэл болж задарсан. МХЕГ-ын тушаалаар олгодог улсын байцаагчийн эрхийн хамт улсын байцаагчийн тэмдэг, хувийн дугаар олгогддог. Уг дугаарыг нэг улсын /ахлах/ байцаагч байнга эзэмшдэггүй, эзэмшигч нь ажлаас чөлөөлөгдөж улсын байцаагчийн эрх цуцлагдсан тохиолдолд дараагийн эрх олгогдсон улсын байцаагч эзэмшдэг. Г.Цыг томилогдох үед стандарт чанарын хяналтын чиглэл бүрээр задраагүй нэгдсэн нэг хяналтын дугаартай байсан тул өөр чиглэлийн улсын байцаагчийн баталгааны тэмдэг олгогдох боломжтой юм. Хяналтын чиглэлийн дугаар нь МХЕГ-ын даргын тушаалаар батлагдсан байдаг ба Стандарт чанарын хяналтын чиглэлийг: Хүнсний чанар, стандартын хяналт /25-02-../, эм биобэлдмэлийн хяналт /25-03-../, байгаль орчны хяналт /25-04-.../, авто тээврийн хяналт /25-07-.../, цацрагийн хяналт /25-08-.../ гэх мэтчилэн ангилсан байдаг.
Г.Цыг анх томилохдоо тухайн үед хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.С нь төрийн албаны тухай хуулийн дагуу түр томилох ёстой гэж хэлэхэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.М би мэдэж байна гэж тушаал гаргасан байдаг. Мөн Авилгатай тэмцэх газраас ирсэн бичигт Г.Цыг гурван жил ажилласан шаардлага хангаагүй гэж дурдсан боловч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.М авч хэлэлцээгүй Г.Цыг шууд томилсон.
Нэхэмжлэгч Г.Ц стандарт чанарын хяналтын хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт хариуцсан улсын байцаагч болохоор өөр улсын байцаагчаар томилж болохгүй байна. Цаашид орон тоо гарвал нэхэмжлэгч Г.Цыг ажилд нь эргүүлэн авахад бэлэн байгаа. Иймд иргэн Г.Цын Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Х албаны даргын2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тушаал хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай Б/31 дүгээр тушаалаар , Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Тус албаны хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Г.Ц нь хүүхэд асрах чөлөөтэй байсан улсын байцаагчийн оронд түр тушаалаар томилогдон ажиллахаар байтал тухайн үеийн албаны дарга...жинхлэн томилсон, Б.Х хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгон ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан... гэх үндэслэлээр Г.Цыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2 дахь заалтаар Г.Цыг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны нөөцөд байгаад тооцож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Ц дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Төрийн албан хаагчийн шалгалт өгч, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч тул уг албан тушаалд анхнаасаа жинхлэн томилогдсон, ...төрийн жинхэнэ албан хаагчийг Хөдөлмөрийн тухай хууль баримталж чөлөөлсөн тул уг тушаал хүчин төгөлдөр бус, ...миний хувьд улсын байцаагч Б.Хнийн оронд биш Б.Золжаргалын оронд томилогдсон байх боломжтой, учир нь Б.Хийг чөлөө авснаас хойш надтай нийлээд 3 хүнийг хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчаар томилсон бөгөөд миний бие уг ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг бүрэн хангаж байгаа тул сүүлд томилогдсон Б.Н, Н.С нартай мэргэжил ур чадварын хувьд харьцуулагдан үнэлүүлэх боломжтой, ...Н.С нь төрийн албаны шалгалт өгөөгүй, мэргэжлийн шаардлага хангаагүй тул түүний оронд шилжүүлэн томилох боломж байгаа, ...нөгөөтэйгүүр баталгааны тэмдгийг нь авсан Н.Бийн оронд ч томилогдсон байх боломжтой, ...хариуцагч байгууллага нь шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй ... гэх агуулгаар,
Хариуцагч нь маргаан бүхий актыг зөвтгөх үндэслэлээ ... Г.Цыг анх ажилд томилохдоо хүүхэд асрах чөлөөтэй байсан Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Хийн оронд түр тушаалаар томилох байсан боловч тухайн үед ажиллаж байсан даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж түүнийг жинхлэн томилсон бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй байсан Б.Х нь ажилдаа орох хүсэлт гаргаснаар түүнийг чөлөөлөх үндэслэл бий болсон, ...тус албанд Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Сгийн нэг эзгүй орон тоо байгаа боловч уг орон тоонд Н.Сыг түр томилон ажиллуулж байгаа ба түүний оронд Г.Цыг шилжүүлэн томилох боломж байсан ч Б.С нь ажилдаа эргэн орох хүсэлт гаргаснаар Г.Цыг ажиллуулах сул орон тоо огт байхгүй болсон, иймээс түүнийг албаныхаа нөөцөд бүртгэж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэх агуулгаар тус тус тайлбарлаж байна.
-Нэхэмжлэгч Г.Ц анхнаасаа хүүхэд асрах чөлөөтэй байсан Б.Хийн орон тоонд буюу эзгүй байгаа алба хаагчийн оронд томилогдсон эсэх талаарх маргааны үйл баримтын тухайд:
Нэхэмжлэгч Г.Ц нь 2012 онд ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийг Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй мэргэжлээр төгсөж 2015 онд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцэн улмаар 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд Стандарт чанарын хяналтын хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт хариуцсан улсын байцаагчийн албан тушаалд орох тухай хүсэлт гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
Нэхэмжлэгчийг дээрх хүсэлтийг гаргах тухайн үед Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд Стандарт чанарын хяналтын хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт хариуцсан улсын байцаагчийн 2 эзгүй орон тоо байсан тодруулбал, Д.З 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар, Б.Х 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн мөн 2 жилийн хугацаагаар тус тус хүүхэд асрах чөлөө авсан байжээ.
Улмаар Д.З нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа өөр ажилд шилжин ажиллах болсон тул тус албаны даргын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр тус алба 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Стандарт чанарын хяналтын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 1 сул орон тоо /Д.Зын/, 1 эзгүй орон тоо /Б.Хаш-Эрдэнийн/-той болсон байна.
Тус албанаас мөн өдрийн 01/139 тоот албан бичгээр стандарт чанарын хяналтын сул орон тоонд ажиллах хүсэлтээ гаргасан гэх үндэслэлээр тус албаны нэгдсэн лабораторид нян судлаач эмчээр ажиллаж байсан Б.Нын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, 2015 оны 06 дугаар 26-ны өдрийн 05/4481 тоот албан бичгээр ...албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй гэсэн хариуг авсан,
Үүний дараа буюу 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөн стандарт чанарын хяналтын улсын байцаагчийн сул орон тоонд ажиллах хүсэлт гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Цын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар тус албаны 01/179 тоот албан бичгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 05/6094 тоот албан бичгээр ...албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй гэсэн хариуг авчээ.
Тус албаны стандарт чанарын хяналтын улсын байцаагчийн сул орон тоонд ажиллахаар хүсэлт гаргасан Б.Н, Г.Ц нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ийнхүү холбогдох байгууллагаар хянуулж хариуг нь авсан байх хэдий ч 2015 онд тэдгээрийн хэн алиныг ч тухайн сул орон тоонд /Д.Зын/ томилоогүй байсаар,
албаны даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ...Б.Нын улсын байцаагчийн эрх...олгогдсон гэх үндэслэлээр түүнийг нян судлалын шинжээчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Стандарт чанарын хяналтын хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт хариуцсан улсын байцаагчийн орон тоонд туршилтын хугацаагаар түр томилон ажиллуулжээ.
Улмаар үүний дараа тус албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Б/33 дугаар тушаал гаргаж Г.Цыг тус албаны Стандарт чанарын хяналтын хүнсний чанар, аюулгүй байдлын хяналт хариуцсан улсын байцаагчаар мөн томилсон байна.
Дээр дурдсан тушаалуудаас үзэхэд Б.Н, Г.Ц нарын хэн нь Д.Зын сул орон тоонд, хэн нь Б.Хийн эзгүй орон тоонд томилогдсон болох нь тодорхойгүй байх ч үйл баримтуудыг цаг хугацааны дарааллын хувьд авч үзвэл Б.Ныг Д.Зын сул орон тоонд, нэхэмжлэгч Г.Цыг Б.Хийн эзгүй орон тоонд тус тус томилсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь Д.З 2014 оны 02 дугаар сараас эхлэн хүүхэд асрах чөлөө авч улмаар чөлөөтэй байх хугацаандаа үргэлжлүүлэн 2015 оны 6 дугаар сард шилжсэнээр түүний сул орон тоо эхэлж гарсан, харин Б.Хийн хувьд түүний сул орон тоо гараагүй тэрээр 2014 оны 12 дугаар сараас эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байсан тул түүний эзгүй орон тоо тухайн үед байжээ.
Мөн Б.Н, Г.Ц нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгуулахаар явуулсан албан бичигт тус тус ...сул орон тоонд ажиллах хүсэлт гаргасан хэмээн дурдсан байснаас нь үзвэл тэдний хэн, хэнийг нь тухайн үед гарсан байсан сул орон тоонд буюу Д.Зын оронд ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлж байжээ гэж үзэхээр байх ба улмаар Б.Нын улсын байцаагчийн эрх эхэлж олгогдсоноор түүнийг хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилсон нь тухайн үед байсан сул орон тоо болох Д.Зын оронд томилогдсон байна гэж үзэх үндэслэл болж байна.
Харин Г.Цыг томилох тухайн үед тус албанд хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн сул орон тоо байгаагүй, хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Хаш-Эрдэнийн эзгүй орон тоо байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн тус албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/146 дугаар тушаалаар Б.Ныг улсын байцаагчаар ажиллах туршилтын хугацаа нь дууссан гэх үндэслэлээр жинхлэн томилсноос үзвэл түүнийг улсын байцаагчийн сул орон тоонд /Д.Зын оронд/ томилсон болох нь мөн батлагдаж байна.
Нэхэмжлэгч нь шаардлагаа дэмжиж намайг тус албанд ажиллахаар хүсэлт гаргах тухайн үед Д.Зын орон тоо л байсан, Б.Хийн орон тоо байгаагүй, учир нь намайг хүсэлт гаргаснаас хойш буюу 2015 оны 12 дугаар сард Б.Хд хүүхэд асрах чөлөө олгосон хэмээн маргадаг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Хд хүүхэд асрах чөлөө олгосон тушаал нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг хүсэлт гаргаснаас хойш буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан хэдий ч түүнд хүүхэд асрах чөлөө эхэлж олгосон хугацаа нь 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж байх тул нэхэмжлэгчийн маргаж буй энэхүү тайлбар үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан ...Б.Хаш-Эрдэнийг чөлөө авснаас хойш надтай нийлээд 3 хүнийг Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчаар томилсон бөгөөд миний бие уг ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг бүрэн хангаж байгаа тул сүүлд томилогдсон Б.Н...нартай мэргэжил, ур чадварын хувьд харьцуулагдан үнэлүүлэх боломжтой гэх тайлбар ч үндэслэлгүй байна.
Учир нь тухайн ажлын байрны тодорхойлолтод заагдсан мэргэжлийн болоод туршлагад тавигдах шаардлагыг Б.Н, Г.Ц нарын хэн, хэн нь адил хангасан улмаар Б.Нын улсын байцаагчийн эрх эхэлж олгогдсон зэргээс үзвэл тухайн сул орон тоонд өөрийн байгууллагад ажиллаж байсан алба хаагчийг эхэлж томилсон хариуцагчийн үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээр тогтоогдсон үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г.Ц нь хүүхэд асрах чөлөөтэй байсан Б.Хаш-Эрдэнийн оронд томилогдон ажиллаж байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.
-Маргаан бүхий захиргааны акт болох Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2018 оны Б/31 дүгээр тушаалын эрх зүйн үндэслэл болон уг захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тухайд:
Хариуцагч нь дээрх захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтыг тус тус үндэслэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар 35.1-т Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална, 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй... гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч Г.Цын томилогдсон, эзгүй орон тоонд өмнө нь ажиллаж байсан Б.Х нь анх 2008 оноос тус албаны Стандарт чанарын хяналтын /үүн дотроо хүнсний чанар, стандартын хяналтын/ улсын байцаагчаар томилогдон ажилласан байх ба тэрээр 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байсан улмаар чөлөөний 2 жилийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр уг чөлөөний хугацааг 1 жилээр сунгуулахаар хүсэлт гаргасан ч ажил олгогч байгууллагаас холбогдох шийдвэрийг нь гаргалгүй орхигдуулсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба гэвч энэхүү үйл баримт нь уг алба хаагчийг ажилд нь эргүүлэн томилохоос татгалзах улмаар хуульд заасан эрхийнхээ хүрээнд хүүхдээ асрах чөлөө үргэлжлүүлэн хүссэн тухайн алба хаагчийн ажил, албан тушаал хэвээр хадгалагдах талаарх Хөдөлмөрийн хуулиар зохицуулсан харилцааг хөндөх үндэслэл болохгүй.
Дээр дурдсанаар ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах учиртай Б.Х 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргаснаар түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу өмнө нь ажиллаж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах шаардлага бий болсон байх тул түүний эзгүй орон тоонд томилогдон ажиллаж байсан Г.Цыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл бүрдсэн байна.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий дээрх захиргааны актыг хууль бус гэж үзэж буй нэг үндэслэлээ төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан хэмээн тайлбарладаг. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна хэмээн зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой зарим асуудалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна.
Нэхэмжлэгч нь хэдийгээр төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч мөн боловч түүнийг чөлөөлөх үндэслэл болсон тухайн нөхцөл байдал нь Төрийн албаны хуулиар нэгэнт зохицуулагдаагүй харин Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаанд хамаарч байх тул уг захиргааны актын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан хариуцагчийн үйлдлийг хууль зөрчсөн гэх улмаар тухайн захиргааны актыг нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанчлан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн хариуцагч байгууллага нь шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг ч үндэслэлгүй гэж үзлээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дээрх зарчмыг хэрэгжүүлж нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа уулзаж, үүссэн нөхцөл байдлыг ойлгуулж, сул орон тоо гарсан даруйд дахин томилох боломжтой талаар тайлбарлаж байсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчид Мэдэгдэх хуудас өгсөн ч уг мэдэгдлийг хүлээн авахаас татгалзаж гарын үсэг зураагүй хэмээн тайлбарладаг ба улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийн энэхүү тайлбарыг үгүйсгээгүй бөгөөд тэрээр хариуцагчийг сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээ ...Б.Хийн оронд түр томилогдсон болохыг юугаар батлах юм бэ? Архивын баримттай өөрийн биеэр танилцаж болох уу? Мэргэжлийн үнэлгээ, мэдлэг ур чадварыг харгалзаж үзэж болоогүй юм уу? гэхэд албаны дарга миний тайлбарыг хүлээж аваагүй, ...мөн өөр орон тоон дээр үлдэж болохгүй юм уу гэхэд үлдээх ямар ч боломж байхгүй гэсэн хариу өгсөн хэмээн тайлбарлаж байгаагаас нь үзвэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдсэн, улмаар түүнтэй уулзаж холбогдох тайлбарыг нь сонсож байсан нь тогтоогдож байх тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.
Харин хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан дээрх тайлбарынх нь дагуу түүнийг архивын баримт материалтай танилцуулах, мэргэжлийн үнэлгээ, мэдлэг ур чадварыг харгалзаж үзэх улмаар өөр орон тоон дээр үлдээх зэрэг арга хэмжээг аваагүй нь сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч нь мөн маргаан бүхий захиргааны актын 2 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн гэж нэхэмжлэлдээ дурджээ. Уг захиргааны актын 1 дэх заалтаар Г.Цыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр тухайн алба хаагчийн хувьд төрийн жинхэнэ албанд эргэн томилогдоход дахин төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх үр дагавартай боловч хариуцагч захиргааны байгууллагын зүгээс ажлаас чөлөөлөгдсөн алба хаагчийнхаа эрх зүйн байдлыг дээрдүүлж төрийн жинхэнэ албанд шууд үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгосон агуулга бүхий Г.Цыг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны нөөцөд байгаад тооцсугай гэсэн заалтыг тухайн захиргааны актдаа тусгасныг нь буруутгах үндэслэл байхгүй гэж үзлээ.
Дээр тогтоогдож буй нөхцөл байдлуудаас дүгнэхэд маргаан бүхий захиргааны акт болох Х албаны даргын2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/31 дүгээр тушаал нь хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул уг захиргааны актыг хүчингүй болгуулах талаарх нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
-Нэхэмжлэгчийн ... тус албаны Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн орон тоонд эгүүлэн тогтоолгох буюу Н.Сгын оронд томилогдох боломжтой гэх шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийг ажилд томилогдох тухайн үед Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны бүтэц нь Стандарт, чанарын хяналтын улсын байцаагчийн 25 орон тоотойгоор, энэ нь дотроо эм биобэлдмэлийн, хүнсний чанар стандартын, байгаль орчны, геологи, уул уурхайн, цацрагийн, авто тээврийн гэсэн 6 чиглэлийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байсны дотор Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 10 орон тоотой тодруулбал, Ш.М, Б.С, н.У, н.Эрдэнэ-Очир, Б.Б, О.Н, н.Ба, н.Н, Б.Н нарын 9 байцаагч үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, Б.Х нь хүүхэд асрах чөлөөтэй байсан нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.
Улмаар Г.Ц томилогдсоноор тус албаны Хүнсний чанар, стандартын хяналтын 10 улсын байцаагчийн орон тоо бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах болсон байх бөгөөд улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар тушаалаар Хилийн мэргэжлийн хяналтын зарим албаны бүтэц орон тоог шинэчлэн баталж, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд Стандарт, чанарын хяналтын улсын байцаагчийн 25 орон тоог чиг үүргээр нь хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн орон тоог 10, эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн орон тоог 2, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоог 11, цацрагийн хяналтын байцаагчийн орон тоог 1, авто тээврийн хяналтын улсын байцаагчийн орон тоог 1 гэх зэргээр шинэчлэн баталсан ч маргаан бүхий Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 10 орон тоонд өөрчлөлт ороогүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх тухайн үед өмнө нь ажиллаж байсан улсын байцаагчдаас Ш.М, н.Ууганжаргал, н.Эрдэнэ-Очир, Б.Баярхүү, О.Наранбаяр, н.Болдмаа, н.Найралмаа, Б.Н /нэхэмжлэгчийн маргаж байсан/ нарын 8 байцаагч үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байсан, хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Сгийн оронд Н.С түр томилогдон ажиллаж байсан харин Б.Х ажилдаа эргэн орох хүсэлт гаргаснаар Г.Цыг чөлөөлж түүнийг эргүүлэн томилсноор тус албаны Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 10 орон тоо бүрдсэн болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Г.Цыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үед тус албанд Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн сул орон тоо байхгүй байсан нь ийнхүү тогтоогдож байна.
Х албаны даргын2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар тус албанд Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Ш.Мд 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөг 2 жилийн хугацаагаар, 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар тус албанд Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Сд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөг 1 жилийн хугацаагаар тус тус олгожээ.
Мөн тус албаны даргын 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Н.Солонгыг хүүхэд асрах чөлөөтэй байгаа Ш.Мгийн оронд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түр томилсон байх боловч Ш.М нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан тул түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулж улмаар түүний оронд түр томилогдон ажиллаж байсан Н.Солонгыг тус албаны даргын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Сгийн эзгүй орон тоонд түр хугацаагаар томилсон байна.
Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т ...төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 3.1-д Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ, 3.2-т Эзгүй байгаа алба хаагч гэдэгт дараахь тохиолдлыг тооцно, 3.2.6-д жирэмсний болон амаржсаны амралттай, 3.2.7-д хууль тогтоомжид заасан бусад шалтгааны улмаас түр эзгүй байх гэж тус тус зааснаас үзвэл хүүхэд асрах чөлөөтэй байгаа алба хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхэд уг журмыг баримтлахаар байна.
Тухайлбал, дээрх журмын 4.8-д Төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай...тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс сонгон авч хугацаа заан түр орлон гүйцэтгүүлнэ, 4.9-д Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа албан тушаалтны албан үүргийг энэ журмын 4.8-д заасны дагуу нөхөх боломжгүй бол тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан иргэнийг Төрийн албаны тухай хуулийн 11.6-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн...зүйлийг баримтлан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж болно хэмээн заажээ.
Маргааны үндэслэлд хамаарч буй хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн албан үүргийг хэрхэн түр орлон гүйцэтгүүлэх талаар дээрх журамд тухайлан заагаагүй ч уг асуудлыг дээр дурдсан жирэмсний болон амаржсаны амралттай байгаа алба хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмын дагуу хэрэгжүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь тухайн журмын Хоёр. Үйлчлэх хүрээ гэсэн хэсгийн 2.1-д төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхэд энэ журмыг баримтлахаар, мөн эзгүй байгаа албан хаагч гэдэгт жирэмсний болон амаржсаны амралттай, түүнчлэн хууль тогтоомжид заасан бусад шалтгааны улмаас түр эзгүй байх тохиолдлыг ойлгохоор тус тус заасан байна.
Мөн түүнчлэн жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөө олгохтой холбоотой асуудлууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн хоёр өөр зүйлээр зохицуулагдсан байх хэдий ч эдгээр нь хоорондоо харилцан уялдаатай нэг нь нөгөөгөөсөө шууд хамааралтай Тухайлбал, хүүхэд асрах чөлөөг амаржсаны амралтаа эдэлсэн этгээдэд олгохоор зохицуулагдсан зэргээс тус тус дүгнэхэд хүүхэд асрах чөлөөтэй байгаа алба хаагчийн албан үүргийг жирэмсний болон амаржсаны амралттай байгаа алба хаагчийн нэгэн адилаар буюу дээрх журмын 4.8, 4.9-д заасны дагуу түр орлон гүйцэтгүүлэх боломжтой байна.
Нэхэмжлэгч нь Н.Солонгын оронд Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчаар томилогдох боломжтой гэх үндэслэлдээ түүнийг мэргэжлийн хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй хэмээн тайлбарладаг боловч хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар Н.С нь ШУТИС-ийг Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй мэргэжлээр 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төгссөн болох нь тогтоогдож байна.
Н.С нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, хүүхэд асрах чөлөөтэй байсан Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ш.Мгийн оронд түр томилогдохдоо тухайн ажлын байрны тодорхойлолтод заагдсан хүнсний технологич, инженер байх мэргэжлийн шаардлагыг хангаагүй байсан байх боловч 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөн хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Сгийн орон тоонд түр томилогдох үедээ тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангасан байсан болох нь дээрх баримтаар нотлогдож байна.
Н.С нь хэдийгээр төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдээгүй ч тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг нэгэнт хангасан байх тул түүнийг хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Сгийн оронд түр томилсон хариуцагчийн үйл ажиллагаа нь дээрх журмын 4.9-д Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа албан тушаалтны албан үүргийг энэ журмын 4.8-д заасны дагуу нөхөх боломжгүй бол тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан иргэнийг Төрийн албаны тухай хуулийн 11.6-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн...зүйлийг баримтлан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж болно гэж заасныг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Н.Солонгыг хүүхэд асрах чөлөөтэй байсан Ш.М болон Б.Сгийн орон тоонд түр томилогдох тухайн цаг үед нэхэмжлэгч Г.Ц нь Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд ажиллаж улмаар хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж байсан байх тул хариуцагчийн зүгээс Г.Ц, Н.С нарыг мэргэжил, ур чадварынх нь хувьд харьцуулан үзэх шаардлага байгаагүй гэж үзнэ.
Харин нэхэмжлэгч Г.Цыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр тус албаны хэмжээнд эзгүй байгаа орон тоо болох Б.Сгийн орон тоог дээрх журамд заасан дарааллын дагуу түр орлон гүйцэтгүүлэх үүднээс тухайн орон тоонд түр томилогдон ажиллаж буй төрийн албаны шалгалт өгөөгүй Н.Солонгын оронд, төрийн жинхэнэ албаны шалгалт өгч, тангараг өргөсөн Г.Цыг түр томилох боломж байсан ч хариуцагч нь тухайн үед холбогдох шийдвэрийг гаргаагүй байна.
Г.Ц нь Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хэдийгээр хангаж байгаа ч хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараар Б.С нь ажилдаа эргэн орох хүсэлтээ 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан улмаар 2018 оны 06 дугаар сарын сүүлээр ажилд нь томилохоор тохиролцсон нь тус тус тогтоогдож байх тул Г.Цыг Н.Сын оронд буюу хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Сгийн орон тоонд томилох боломж байхгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн, тус албаны Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох /уг шаардлагын хүрээнд Н.Сын оронд томилуулах боломжтой гэдэг/ шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд өгсөн тайлбартаа ... стандарт чанарын хяналтын улсын байцаагч Н.Бийн баталгааны тэмдгийг намайг ажилд анх томилогдоход хүлээлгэн өгсөн учир миний бие түүний оронд стандарт, чанарын хяналтын улсын байцаагчаар томилогдсон байх боломжтой хэмээн маргаж байсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар Н.Б нь нэхэмжлэгчийг томилогдсоноос хойш улсын байцаагчийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсоны дараа шүүх хуралдаан дээр Н.Бийн оронд томилогдсон байх боломжтой талаар маргахгүй байна гэх тайлбарыг гаргасан тул хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар буюу түүнийг Н.Бийн оронд томилогдсон эсэх асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
-Нэхэмжлэгчийн, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой тухайн хуулиар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгох-оор заажээ.
Шүүхээс, нэхэмжлэгч Г.Цыг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн оронд тоонд эгүүлэн тогтоох үндэслэлгүй гэж үзсэн тул түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулиар тогтоосон зарчим, журмуудыг зөрчөөгүй улмаар тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул Г.Цын Х албаны даргын2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн өдрийн Тушаал хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тус албаны Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Цэцэнбаярын, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тушаал хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, тус албаны Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА