Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 79

 

Ш.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

                                                        Ц.Амаржаргал

Прокурор                                        М.Очбадрах

Хохирогч                                        Э.Э-

Хохирогчийн өмгөөлөгч                Н.Тэрбиш

Шүүгдэгч                                        Ш.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Б.Мөнхгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туулын даргалж 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 310 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Б-гийн бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б-д холбогдох эрүүгийн 201709000354 тоот 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

- 2004 онд Баянзүрх дүүргийн шүүхийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн

- 2014 онд сум дундын 16 дугаар шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах  чадвартай, У- овогт Ш-гийн Б- / РД:********** /нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн орой 21:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Киви” зочид буудлын урд талын зам дээр 0698 ДАР улсын дугаартай “Тоёото истима” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөн оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь хэсгийг зөрчсний улмаас явган зорчигч Э.Э-ыг мөргөж, улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ш.Б-д холбогдох хэргийг хүлээн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасч 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Б- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:”... шүүхийн шийдвэр гарах үед Ш.Б- миний бие нь хохирогч талын хохирлыг бүрэн барагдуулаагүй байсан. Миний бие нь 1 нас 6 сартайгаас 7 нас хүртэлх 3 хүүхэдтэй, би хувиараа хөдөлмөр хийж эхнэр, хүүхдээ тэжээдэг. Манай эхнэр ажилгүй, бид хөлсний байранд амьдардаг. Намайг байхгүйд миний эхнэр хүүхдүүд тэжээн тэтгүүлэх хүнгүй хэцүү байдалд орж байна. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай гэрийнхэн хохирогч Э.Э-той уулзаж хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч хохирол төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж гомдол саналгүй болгосон. Иймд миний ар гэрийн байдал болон хохирол, гомдлыг барагдуулсан байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч  Ш.Б-: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хохирогч Э.Э-т хохирол төлбөрийг барагдуулсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 1.500.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан. Би өөрийн үйлдсэн хэрэгт маш их гэмшиж, ойлгож байгаа бөгөөд ар гэрийн ахуй байдал болон хохирогчийн хохирол барагдсан байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл: Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүх хэргийн нөхцөл байдал хохирол төлбөрийг барагдуулсан байдал болон хохирогчийн гомдол саналгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.Э-: Би шүүгдэгчийн ар гэрийнхэнтэй уулзаж нийт 1.500.000 төгрөгийг  хохирол  төлбөрт авсан. Одоо надад гомдол санал байхгүй. Хохирлын мөнгөө авч эмчилгээний зардлаа төлж, шүдээ хийлгэсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч тухай бүр нь төлж барагдуулна гэж тохиролцсон. Ийм учраас ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Н.Тэрбиш: Хохирогчтой санал нэг байна. Шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Хохирол төлбөр бүрэн барагдсан цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч тухай бүр нь барагдуулахаар тохиролцсон гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Очбадрах шүүхэд гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхээс Ш.Б-д холбогдох хэрэгт хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон. Хохирогчийн хохирол төлбөр барагдсан, гомдол саналгүй гэж байх тул шүүх өөрийн эрх хэмжээний дагуу шийтгэх тогтоол өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Ш.Б- нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн орой 21:30 цагийн орчим Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт “Киви” зочид буудлын урд талын засмал зам дээр 0698 ДАР улсын дугаартай өөрийн эзэмшлийн “Тоёото истима” маркийн суудлын авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсний улмаас явган зорчигч Э.Э-ыг мөргөж, улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ш.Б-гийн үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, ослын улмаас хохирогч Э.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ш.Б-гийн шүүхэд гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж, шүүгдэгч Ш.Б-гийн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Б- нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч Э.Э-той эвлэрч, түүний хохирол төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн болох нь давж заалдах гомдол болон хохирогчийн шүүхэд ирүүлсэн хохирол төлбөрт 1.500.000 төгрөг хүлээн авсан тухай баримтаар нотлогдож байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Э.Э- өөрийн биеэр оролцож, хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг тухай бүр нь барагдуулахаар тохиролцож эвлэрсэн гэж байх тул шүүгдэгчийн ар гэрийн байдал болон хувийн байдал, хохирол төлбөрийг барагдуулж, хохирогчтой эвлэрсэн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Ш.Б-д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнд дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дүгээр зүйлийн улирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 310 дугаар тогтоолын  1, 2  заалтыг:

“1,Шүүгдэгч Урианхай овогт Ш-гийн Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”гэж;

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Ш.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын 3, 4, 7 дугаар заалтыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ш.Б- нь хохирогч Э.Э-т 1.500.000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Ш.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлах арга хэмжээ авсугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Ш.Б-г нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                        ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                      Ц.АМАРЖАРГАЛ