Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/310

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0221/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Тэмүүжин, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах, 
Хохирогч Э.Э, 
Хохирогчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б холбогдох  201709000354 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш.Б 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  оршин суух, урьд:
-2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял,
-2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан. 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дархан- Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  зочид буудлын урд зам дээр  улсын дугаартай Тоёота Истима маркийн тээврийн  хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн Э.Э эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ 

D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\7.3\Shiitgeh togtool-Binderiya [1].docx    
ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дархан- Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын урд зам дээр улсын дугаартай Тоёота Истима маркийн тээврийн  хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Э.Э эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:    

-Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017.06.13-ны өдрийн 21:30 минутын орчим Дархан сумын 10 дугаар баг зочид буудлын уулзвар хүрэх гээд явж байхад замын зүүн талаас согтуу хүн гарч ирж машинд дайруулсан. Эмчилгээний зардалд 1155000 төгрөг хохирогчид өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхнө төлнө, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 


-Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  "...2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн орчим паркаас гараад зам гарч явсан юм. Эхний замаар гараад дараагийн замаар гарч явахад шинэ Дарханаас хуучин Дархан чиглэлд явж байсан нэг машин мөргөсөн. Машинд мөргүүлээд ухаан балартаж, эмнэлэгт хэвтэж хөлөө хадуулсан. Баруун хөл хугарсан, аарцаг хугарсан, хавирга хугарсан, баруун доод эрүү хугарч, тархи гэмтсэн гар, цээж зулгарсан байсан. Ослоос болоод шүд байхгүй болсон тул шүдээ засуулж хиймэл шүд хийлгэмээр байна. Эмчилгээний төлбөрт 1155000 төгрөг өгсөн нь үнэн. Одоо 7 хоногт 54000 төгрөгийн үнэтэй эм ууж байгаа. Биеийн байдал сайжрахгүй байгаа тул гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-10/, 
-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /хэргийн 11-12/,
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хэргийн 18/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 26/,
-“...Э.Э биед цээжний хөндийд хий цус хуралдах, баруун шилбэний 2 ясны ил бяцарсан хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хагалгааны дараах байдал, баруун доод эрүүний битүү хугарал, шарх, баруун 4-7 дугаар хавирганы битүү хугарал, зүүн түнхний цагираг ясны цууралт /битүү зөрөөгүй хугарал/, гавал тархины битүү гэмтэл, тархи няцрал 2 дугаар зэрэг, хамар ясны хугарал, цээж, дух, зүүн хөмсөг, хамрын нуруу, цээж, баруун тохой, зүүн шуу, баруун ташаа, баруун тавхайд зулгаралт, хүзүү, баруун бугалга, баруун, зүүн тохойд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн осолд орсны улмаас үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №652 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27-28/,

-Тээврийн хэрэгслийн байдлыг шалгасан тухай 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 31-34/,
-“жолооч Ш.Б улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заалтуудыг зөрчсөн.” гэх Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 39/,

-Хохирогч Э.Э хохирол төлбөртэй холбогдолтой баримтууд /хэргийн 89-138, 146-149, 161/,

    -Хохирогч Э.Э өвчний түүх /хэргийн 113-138/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

    Хохирогч Э.Э нь имплант шүд хийлгэх зардалд 10 сая төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дархан- Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын урд зам дээр  улсын дугаартай Тоёота Истима маркийн тээврийн  хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Э.Э эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг, хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...баруун хөл хугарсан, аарцаг хугарсан, хавирга хугарсан, баруун доод эрүү хугарч, тархи гэмтсэн, гар, цээж зулгарсан байсан.” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-10/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /хэргийн 11-12/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хэргийн 18/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 26/, “...Э.Э биед цээжний хөндийд хий цус хуралдах, баруун шилбэний 2 ясны ил бяцарсан хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хагалгааны дараах байдал, баруун доод эрүүний битүү хугарал, шарх, баруун 4-7 дугаар хавирганы битүү хугарал, зүүн түнхний цагираг ясны цууралт /битүү зөрөөгүй хугарал/, гавал тархины битүү гэмтэл, тархи няцрал 2 дугаар зэрэг, хамар ясны хугарал, цээж, дух, зүүн хөмсөг, хамрын нуруу, цээж, баруун тохой, зүүн шуу, баруун ташаа, баруун тавхайд зулгаралт, хүзүү, баруун бугалга, баруун, зүүн тохойд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27-28/, тээврийн хэрэгслийн байдлыг шалгасан тухай 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 31-34/, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 39/, хохирогч Э.Э хохирол төлбөртэй холбогдолтой баримтууд /хэргийн 89-138, 146-149, 161/, хохирогч Э.Э өвчний түүх /хэргийн 113-138/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ш.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа боловч хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг ямар хэлбэрээр, хэрхэн яаж нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь тодорхойгүй, хохирогч “гомдолтой” гэснийг ял оногдуулахдаа харгалзан үзэж, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.Б автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ш.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/  сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Б оногдуулсан 6 сарын /зургаан сар/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ш.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссаны дараа тоолж эхлэх бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-т зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Я.ТУУЛ