Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01039

 

Н.А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00020 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар магадлалтай,

Н.А-ы нэхэмжлэлтэй,

Т.К, Т.Ө, С.А нарт холбогдох,

2.560.000 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Т.К, Т.Ө, С.Анар нь 2.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай надаас зээлсэн. Гэрээний дагуу сар бүрийн 28-ны өдөр хүү болох 240.000 төгрөг төлж, хамгийн сүүлд нь үндсэн мөнгө 2.000.000 төгрөг хийхээр тохиролцсон. Зээлийн гэрээ хийснээс хойш 3, 4 дүгээр саруудын хүү 480.000 төгрөг, 5, 6 дугаар саруудын хүү гэж 400.000 төгрөг дутуу өгсөн нийт 880.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй. Одоогийн байдлаар үндсэн зээл 2.000.000 төгрөг, 7, 8 сарын хүү 480.000 төгрөг, 5,6 сарын хүүгийн үлдэгдэл 80.000 төгрөг нийт 2.560.000 төгрөгийг Т.К, Т.Ө, С.Анараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Курмарзага, Т.Ө, С.Анар шүүхэд гаргасан тайлбартаа: Т.К Н.А-аас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2.0 сая төгрөгийг авсан бөгөөд 3,4,5,6,7-р саруудын хүү гэж нийт сар бүр 240.000 төгрөгөөр нийт 1.200.000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч анх 2.0 сая төгрөг өгөхдөө барьцаа гэж Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 38-р гудамж 7 тоот хашаа газар, 54 м2 талбай бүхий өвөл зуны хувийн сууц зэргүүдийг барьцаанд авсан байсан бөгөөд хуульд нийцүүлж барьцааны гэрээгээ хийгээгүй. Мөн 8-р сарын хүү гэж 240.000 төгрөг өгөөгүй гээд А.Нурланы өмчлөлийн Nissan маркийн 07-52 ОРХ улсын дугаартай авто машиныг нь аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байна. Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд зээлдэгч Т.К 2.0 сая төгрөг авсан тухайгаа бичиж өгсөн бичвэрийг зээлийн гэрээ гэж андуурах учиргүй юм. Зээлдэгч 2.0 сая төгрөг аваад 1.200.000 төгрөгийг буцааж төлсөн учир 800.000 төгрөг төлөх үүрэгтэй юм гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00020 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Т.Өээс 2.560.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.К, С.Анарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.000 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Т.Өээс 56.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч С.Алтангулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.190 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-01-04-ний өдрийн 142/ШШ2018/00020 дугаартай шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-02-27-ны өдрийн 23 дугаартай магадлалуудыг Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хариуцагч Т.Өнөрбөк нэхэмжлэгч Н.А-аас 2017-02-10-ны өдөр 2.0 сая төгрөгийг зээлдэж авсан бөгөөд 2017 оны 3,4,5,6,7-р саруудын хүү гэж нийт сар бүр 240.000 төгрөгөөр тооцож 1.200.000 төгрөгийг төлсөн гэдэг боловч нотолсон баримт байхгүй учир нэхэмжлэгчийн 880.000 төгрөг авсан гэснээр шүүх дүгнэлт хийж байна. Мөн 2017 оны 8-р сар мөнгө өгч чадаагүй учир Н.А- 9-р сарын эхээр Т.Өийн унаж байсан Нурланы өмчлөлийн Nissan маркийн 07-52 ОРХ улсын дугаартай авто машиныг нь барьцаанд аваад өнөөдрийг хүртэл өгөөгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3-т заасанчлан хүү тооцсон хэсэгт огт дүгнэлт хийсэнгүй орхижээ. Хүү тохирсон зээлийн гэрээ гэж үнэлээд байгаа зурвас нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хүү тохирсон зээлийн гэрээ биш Т.К 2.0 сая төгрөгийг нэхэмжлэгчээс авсан болохыг нотолсон баримт юм. Иймд дээрх шийдвэр.магадлалтай хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 1.440.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэр,магадлалд оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч Т.К, Т.Ө, С.Анараас 2.560.000 төгрөг нэхэмжлэхдээ зээл, хүү гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс 800.000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч үлдэх хэсгээс татгалзжээ.  

Хариуцагч Т.Ө нь нэхэмжлэгчтэй 2017 оны 02 дугаар  сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар сарын 12 хувийн хүүтэй зээлжээ. Хариуцагч зээлийн төлбөрт 1.200.000 төгрөг төлсөн гэх  тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд хүүгийн талаарх тохиролцоог бичгээр хийсэн бол зээлдүүлэгч энэ талаар шаардлага гаргах эрхтэй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагчийн хүлээх  үүргийн  хэмжээг тодорхойлж, Т.Өээс 2.560.000 төгрөг гаргуулж, хариуцагч Т.К, С.Анарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282.3., 242 дугаар зүйлийн 242.1. дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...1.440.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох” тухай гомдлыг хангах боломжгүй  гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00020 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 38.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ