Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0364

 

 

 

 

 

 

 

С.Ггийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А-Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Г, гуравдагч этгээд Ц.Н нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн төлөөлөгч Д.Эын гаргасан давж заалдах гомдлоор, С.Ггийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр:

“...1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг баримтлан С.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож,

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар С.Гд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 4,618,308 /дөрвөн сая зургаан зуун арван найман мянга гурван зуун найм/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж зохих бичилт хийлгэхийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга Д.Эд даалгаж” шийдвэрлэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Тус шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан, мөн нотлох баримтыг үнэлэхдээ хэрхэн үнэлсэн эсэх талаар дурдаагүй шийдвэр гаргасан.

Тодруулбал С.Гг аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус хуулиар сумын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг сумын Засаг дарга хэрэгжүүлдэг болсон.

Энэ хуулийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг үлгэрчилсэн тодорхойлолтод нийцүүлэн боловсруулахыг сумын Засаг даргад даалгасан тушаалын дагуу тухайн үеийн сумын Засаг дарга буюу С.Ггийн нөхөр нь 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр албан тушаал тодорхойлолтыг баталсан байдаг.

Гэтэл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын Судалгаа албаны дарга Н.Э нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус сум руу албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг хүргүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдалд албан тушаалын тодорхойлолт боловсруулж түүнийг нь шүүх үнэлсэн байна. Мөн шүүх нэхэмжлэгчийг дээрх албан тушаалын тодорхойлолт болон аймгийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр баталсан албан тушаалын тодорхойлолт тусгай шаардлагыг хангасан гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгчийн тухайд мэргэшлийн түвшин, албан тушаалын шаардлага хангахгүй буюу төслийн ажилтнаар ажиллаж байсан байдаг. Алтай сумын иргэдээс төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар санал асуулга явуулахад сургуулийн удирдлагатай холбоотой асуудлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний хийх ёстой ажил болох нь судалгаанаас харагдана.

Түүнчлэн нэхэмжлэгчийн удирдаж байсан сургуулийн сурлагын чанар буурсан нь баримтаар нотлогддог. Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй буюу ямар ч төлөвлөгөөгүй ажиллаж байсан талаар шүүх дүгнэхдээ энэ талаар нэхэмжлэгчийн зөвтгөх боломжгүй гэж хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байдлаар тайлбарласанд туйлын гомдолтой байна.

Сум орон нутгийн хөгжлийн нэг үзүүлэлт боловсролын чанар түвшний асуудал байдаг. Сумын Засаг даргын зүгээс сургуулийн боловсролын чанар буурсан, иргэдээс санал ирүүлсэн удирдлагын түвшинд мэргэшлийн болоод ажилласан хугацаандаа ахиц дэвшил гаргаагүй алба хаагчтай хариуцлага тооцох нь зүй ёсны гэж бодож байна.

Иймд нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалд “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны Б/03 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт, албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй…” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт хангалттай дүгнэсэн боловч нэхэмжлэгч С.Г нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/05, 2 дугаар сарын 3-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар тус тус ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “түр” гүйцэтгэж байсан, өөрөөр хэлбэл тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтаар захирал томилогдох хүртэл хугацаанд ажиллаж байсны хувьд маргаан бүхий тушаалын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

Тэрбээр 2008 онд боловсролын удирдлага мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан, тус аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар сургуулийн 2010-2015 онд хичээлийн жилийн сургалт хүмүүжлийн ажил зохион байгуулах тухай тушаалууд болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас үзэхэд гадаад хэлний заах аргын нэгдэлд /Англи хэл/ ажиллаж байсан, өөрөөр хэлбэл Сайдын баталсан үлгэрчилсэн тодорхойлолт дахь “161-640 суралцагчидтай сургуульд 5-аас доошгүй жил багшилсан” болон бусад шаардлагыг бүрэн хангажээ.

Гэвч аймгийн Засаг даргын захирамжаар Алтай сумын сургуулийн захирлаар түр томилогдох үед сумын Засаг даргаар нөхөр нь ажиллаж байсныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч үгүйсгээгүй, мөн түүнийг ажлаас чөлөөлөх талаар 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/19 дүгээр албан бичгээр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хандсан ч хариу аваагүй нь Боловсролын тухай хуульд нийцэхгүй боловч анхнаасаа түүнийг уг албан тушаалд “түр” томилохдоо тус газартай зөвшилцсөн эсэх нь тодорхойгүй байна.

Учир нь холбогдох дээд байгууллагын саналыг үндэслэх нь зөвхөн чөлөөлөхөд бус томилоход ч мөн адил тавигдах хуулийн шаардлага болно.   

Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж заасан байхад С.Г нь сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэх хугацаандаа 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж, эрх бүхий албан тушаалтанд өгөөгүй нь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 79 дүгээр хариу албан бичгээр тогтоогджээ.

Гүйцэтгэлийн төлөвлөгөө нь удирдах албан тушаалтны хувьд тухайн жилийн үйл ажиллагааны биелэлтийг дүгнэх гол баримт атал ямар ч төлөвлөгөөгүй ажиллаж байсан нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй. 

Үүнээс гадна аймгийн Засаг даргын С.Гг түр томилсон дээрх захирамжуудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн, мөн “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/09 дүгээр захирамжид хөдөлмөрийн гэрээ байгуулж, биелэлтийг улирал тутам үнэлж ажиллахыг Боловсрол, соёл, урлагийн газарт үүрэг болгосон байхад хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй, энэ талаар хариуцагчийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 01/12 дугаар хариу тайлбарт дурдсан төдийгүй хэрэгт хөдөлмөрийн гэрээний хуулбар нотлох баримтаар авагдаагүй байна.

Гэтэл шүүхээс “…төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох талаар Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг зөрчин нэхэмжлэгчийг томилсон нь хуульд нийцээгүй…” гэж үндэслэлтэй дүгнэсэн атлаа дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр “…үүрэг гүйцэтгэгчийг дахин үүрэг гүйцэтгэгчээр сольсон нь Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцээгүй…” гэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл С.Г нь тухайн албан тушаалд жинхлээгүй, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 6 дугаар албан бичгээс үзэхэд тэрбээр төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй байх тул Төрийн албаны тухай хуульд заасан, тухайлбал хуулийн 49, 62 дугаар зүйлийн 62.1.1-ийн “…хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” нэмэгдэл баталгаа албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хамаарахгүй.

Түүнчлэн С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Засаг даргын захирамжийг “илт хууль бус болохыг тогтоолгох” агуулгаар шаардлагаа тодорхойлсон, шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 7 дугаар захирамжаар энэ хүрээнд захиргааны хэрэг үүсгэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн энэхүү шаардлага өөрчлөгдсөн талаар тэмдэглэлд огт тусгагдаагүй байхад маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн …асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-154 дэх тал/ даргалагч нэхэмжлэлийн шаардлагыг “…Б/10 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, …” гэж танилцуулсан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-Э шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн, гэтэл хуулийн 106 дугаар зүйлд анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргах шийдвэрийн төрөлд хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоох гэснээс бус “хууль бус болохыг тогтоох” шаардлагын хүрээнд шийдвэр гаргах талаар зохицуулаагүй.

Иймд нэхэмжлэлийг “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын хүрээнд авч үзвэл хариуцагчийн маргаан бүхий захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэлд энэ талаар тодорхой үндэслэл гаргаагүй байна.

Гэвч хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй, анхан шатны шүүхийн процессын хууль зөрчсөн байдал нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин нэхэмжлэгчийн тухайд уг албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсны хувьд сонгон шалгаруулалт зарлахыг даалгах агуулгаар нэхэмжлэл гаргах, эсхүл зарлагдсан сонгон шалгаруулалтад орж өрсөлдөхөд энэхүү магадлал саад болохгүйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйл, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг баримтлан С.Ггийн “Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдийн Б/10 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Алтай сумын Засаг дарга Д.Эын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН