Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2016/01501

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-8-55 тоотод оршин суух, Боржигон овгийн Сайнчулууны Бямбацэцэг /МЮ84101368/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Баянцагаан баг ДЦС-52 тоотод оршин суух, Боржигон овгийн Отгоны Энхжин /ФА93013156/-д холбогдох

“Гэм хорын хохирол 937 870 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, иргэдийн төлөөлөгч Г.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Бямбацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Бямбацэцэг нь 2016 оны 07 сарын 29-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд наадмын талбай дээр явж байгаад нум сумаар харваж тоглож байсан О.Энхжин гэгч залууд духандаа харвуулсан. Тэр дор нь наадмын талбай дээр ажиллаж байсан цагдаагийн хэсэгт очиж мэдэгдсэн. Ингээд О.Энхжингийн хамтаар БОЭТ-ийн хүлээн авах тасагт очиж духандаа оёдол тавиулсан. Тэгээд наадмын талбай дээр буцаж ирсэн. Тэнд байсан цагдаагийн ахмад Батнасан биднийг хоорондоо зохицохыг зөвлөсөн. Ингээд бид маргааш нь буюу 07 дугаар сарын 30-ны өдөр уулзахаар тохиролцож салцгаасан. Гэвч орой нь миний хүзүү толгой маш ихээр өвдөж байсан тул О.Энхжин рүү залгаж бариачид очих шаардлагатай байна гэж хэлсэн. Харин О.Энхжин одоо очих боломжгүй машины мотор эвдэрсэн тул шаардлагатай байвал Говилийн 100 айлаас ирээд ав гэж хэлээд ирээгүй. 07 дугаар сарын 30-нд дахин боолт хийлгэхээр эмнэлэг рүү явахаасаа өмнө О.Энхжин рүү маш олон удаа залгаж, мессеж бичсэн боловч огт холбоо бариагүй учир 07 дугаар сарын 30-нд Орхон аймгийн цагдаагийн газар очиж өргөдөл бичиж өгсөн. С.Бямбацэцэг миний бие 2016 оны 07 сарын 29-өөс одоог хүртэл эмнэлэгээр явж оншлогоо, эмчилгээ хийлгэж байгаа боловч биеийн байдал сайжрахгүй, онош нь гүйцэт тодорхойгүй байгаа тул Улаанбаатар явж ГССҮТ-д үзүүлэн хүзүүний MRI хийлгэх шаардлагтай гэсэн. Одоогийн байдлаар 643 200 төгрөгийн зардал зөвхөн оношлогоо эмчилгээнд зарцуулсан. Энэ хугацаанд О.Энхжин огт холбоо барилгүй гэрийн хаягаа худлаа хэлж хүндрэл учруулж алга болсон. Цагдаагийн туслажтайгаар гэрийн хаягийг нь олж, утсаар холбогдсон боловч, би гэрийн хаягаа үнэн хэлэх албагүй гэсэн. О.Энхжингийн надад учруулсан хохирол 643 200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн цаашид гарах зардал, эмчилгээний зардалаа баримтжуулан нэхэмжлэх болно гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: С.Бямбацэцэг миний бие 2016.08.17-нд нэхэмжлэлээ шүүхэд өгсөн. Үүнээс хойш Орхон аймгийн БОЭТ-н гэмтэл, мэдрэлийн эмчийн заалтаар 13А маягттай Улаанбаатар хотын ГССҮТ болон 1-р эмнэлэгт очиж үзүүлж MRI шинжилгээ хийлгэсэн. Үүнтэй холбоотойгоор гарсан нэмэлт зардлууд болох замын зардал 100 000 төгрөг, эм тарианы зардал 50 000 төгрөг, соривны тос 14 500 төгрөг, MRI шинжилгээ 95 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 29 170 төгрөг, нотариат 6000 төгрөг нийт 294 670 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч О.Энхжин шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Энхжин нь 2016.07.29-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбай дээр гэр бүлийнхэнтэйгээ хамт очсон. Тухайн үед нум сумаар харвуулдаг газар очиж 3000 төгрөгөөр нум сум харвахаар болсон. Ажиллуулж байсан хүн нь ганц эмэгтэй хүн байсан. Намайг харвахаас өмнө ажиллуулж байсан эгч ойр орчимд байсан хүмүүсд холдохыг анхааруулж сануулж байсан. Бямбацэцэгийн нөхөр энэ хүртэл харвана ононо гэж юу байхав гээд явсан. Би эхний сумыг харваж, цана нь явж байсан 2 хүний эхнэрийг нь оносон байсныг гэр бүлийн гишүүд болох аав, ээж 2 маань надад хэлсэн. Тэр дор нь гүйж очиход нөхөр нь над руу дайрч давшилан миний биед халдаж өшиглөсөн. Би тэр эгчтэй хамт наадмын талбай дээрх цагдаагийн хэлтэс рүү очиж Батнасан гэдэг хүнд мэдэгдсэн. Батнасан гэх цагдаа надад хэлэхдээ Бямбацэцэгийг эмнэлэг рүү авч яв. Би ажиллууж байгаа газрынх нь бүх юмыг хураагаад байж байя гээд, би Бямбацэцэгийн хамт эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод оёо тавиулсан. 25 000 төгрөг тушаасан. Эмнэлэгээс гараад буцаад наадмын талбайн цагдаагийн хэсэг дээр очиход тухайн газрыг ажиллуулж байсан хүнийг алдаад явуулсан гэж хариулт өгсөн. Наадмын талбайн комисс руу ярихад зөвшөөрөлгүй ажиллуулж байсан газар байсан. Тэр хавьд нум сум харвуулдаг байсан хүмүүс надад хэлэхдээ: Хэрэв миний үйлчлүүлэгч хүн оносон байсан бол би 100% хариуцлага хүлээх байсан гэж надад хэлсэн. Уг нь бол нум сум харвах газрыг ажиллуулж байгаа хүмүүс 3, 4 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулалттайгаар ажиллуулдаг юм байна лээ. Харвуулах үйл явцад миний ах болох Энхбат тухайн газрыг ажиллуулдаг хүний утас, дугаар зургийг авсан. Сүүлд өөрийн харваж байхад авахуулсан зургаа харахад үзүүртээ тугалган сум байсан юм байна лээ. Тухайн өдрөө тэр газрын ажиллуулж байсан хүнийг өдөржингөө хайгаад олоогүй учир маргааш нь уулзахаар товлосон. Орой нь машин янзлаад байж байхад над руу ярьсан би боломжгүйгээ хэлсэн. Маргааш өглөө нь Солонгосын элчин сайдаас над руу залгаад би Эрдэнэтээс яаралтай гарсан. Тухайн үед утасны дэлгэц эвдэрсэн байсан учир дуудлага мессеж хүлээж авч чадаагүй. Миний бие аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг. Амьжиргааны түвшин доогуур төлбөрийн боломжгүй. Тухайн газрыг ажиллуулж байсан хүнийг олж өгөн, Бямбацэцэгийн гаргасан баримтуудыг шалгаж тогтоосны эцэст төлбөрийг хамтран барагдуулахаар тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Бямбацэцэг нь О.Энхжинд холбогдуулан “гэм хорын хохирол 937 870 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 50 хувь буюу 468 935 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзсэн.  

            Хариуцагч О.Энхжин нь 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Наадмын талбай дээр нум сум харваж байгаад С.Бямбацэцэгийн духан тус газарт онож, гэмтэл учруулсан гэм буруугийн талаар маргаагүй, хариуцагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байна.

            О.Энхжингийн дээрх үйлдэл нь С.Бямбацэцэгийн биед учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд С.Бямбацэцэг нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шаардах эрхтэй.                     

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эмнэлгийн карт, өвчтөн илгээх хуудас, хот хоорондын зорчих тасалбар, эмийн сангийн зарлагын баримтууд зэргийг  үндэслэсэн. 

            Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: нум сум харвуулж байгаа хүн нь аюулгүй байдлыг хангасан байх ёстой, зөвшөөрөлтэй байсан эсэхийг бид шалгах боломжгүй байгаа. О.Энхжингийн үйлдлийн улмаас С.Бямбацэцэгийн биед гэмтэл учруулснаа зөвшөөрдөг. Учирсан гэм хорын хохиролын 50 хувийг С.Бямбацэцэг зөвшөөрдөг... гэж тайлбарласан.

            Хэдийгээр хариуцагч тал нум сум харвуулж байсан Алтансувд гэх эмэгтэйг хамтран хариуцагчаар татуулж, хохиролыг хамтран хариуцах тайлбар хүсэлтүүд гаргаж байгаа ч, энэ нь нэхэмжлэгч нэгэнт хариуцагчийг өөрөө сонгодог, нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй юм.

            С.Бямбацэцэгийн биед гэмтэл учруулсан хариуцагч О.Энхжин гэм хорын хохиролоос чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

            Иймд О.Энхжингийн үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирол болох нотлох баримтаар нотлогдож буй эм тарианы мөнгө, замын зардал, эмнэлэгт үзүүлсэн төлбөрүүд, эмчилгээний зардал нийт 889 700 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нотлох баримтаар нотлогдоогүй 48 170 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.           

             Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29 170 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 25 903 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч О.Энхжингээс 889 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Бямбацэцэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 48 170 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29 170 төгрөгийг төрийн санд үлдээж,  хариуцагчаас 25 903 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА

                                             ШҮҮГЧИД                                  Д.АРИУНЦЭЦЭГ

                                                                                                Л.АРИУНЦЭЦЭГ