Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00456

 

С.Бямбацэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2016/01501 дүгээр шийдвэр,        

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч С.Бямбацэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Энхжинд холбогдох,

Гэм хорын хохирол 937 870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Бямбацэцэг нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр наадмын талбай дээр явж байгаад нум сумаар харваж тоглож байсан О.Энхжин гэгч залууд духандаа харвуулсан. Тэр дор нь наадмын талбай дээр ажиллаж байсан цагдаагийн хэсэгт очиж мэдэгдсэн. Ингээд О.Энхжингийн хамтаар БОЭТ-ийн хүлээн авах тасагт очиж духандаа оёдол тавиулсан. Тэгээд наадмын талбай дээр буцаж ирсэн. Тэнд байсан цагдаагийн ахмад Батнасан биднийг хоорондоо зохицохыг зөвлөсөн. Ингээд бид маргааш нь буюу 7 дугаар сарын 30-ны өдөр уулзахаар тохиролцож салцгаасан. Гэвч орой нь миний хүзүү толгой маш ихээр өвдөж байсан тул О.Энхжин рүү залгаж бариачид очих шаардлагатай байна гэж хэлсэн. Харин О.Энхжин одоо очих боломжгүй машины мотор эвдэрсэн тул шаардлагатай байвал Говилийн 100 айлаас ирээд ав гэж хэлээд ирээгүй. 7 дугаар сарын 30-нд дахин боолт хийлгэхээр эмнэлэг рүү явахаасаа өмнө О.Энхжин рүү маш олон удаа залгаж, мессеж бичсэн боловч огт холбоо бариагүй учир 7 дугаар сарын 30-нд Орхон аймгийн цагдаагийн газар очиж өргөдөл бичиж өгсөн.С.Бямбацэцэг миний бие 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс одоог хүртэл эмнэлгээр явж оношлогоо, эмчилгээ хийлгэж байгаа боловч биеийн байдал сайжрахгүй, онош нь гүйцэт тодорхойгүй байгаа тул Улаанбаатар явж ГССҮТ-д үзүүлэн хүзүүний MRI хийлгэх шаардлагатай гэсэн. Одоогийн байдлаар 643 200 төгрөгийн зардал зөвхөн оношлогоо эмчилгээнд зарцуулсан. Энэ хугацаанд О.Энхжин огт холбоо барилгүй гэрийн хаягаа худлаа хэлж хүндрэл учруулж алга болсон. Цагдаагийн тусламжтайгаар гэрийн хаягийг нь олж, утсаар холбогдсон боловч, би гэрийн хаягаа үнэн хэлэх албагүй гэсэн. О.Энхжингийн надад учруулсан хохирол 643 200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн цаашид гарах зардал, эмчилгээний зардлаа баримтжуулан нэхэмжлэх болно гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:Миний бие 2016 оны 8 дугаар сарын 17-нд нэхэмжлэлээ шүүхэд өгсөн. Үүнээс хойш Орхон аймгийн БОЭТ-н гэмтэл, мэдрэлийн эмчийн заалтаар 13А маягттай Улаанбаатар хотын ГССҮТ болон 1-р эмнэлэгт очиж үзүүлж MRI шинжилгээ хийлгэсэн. Үүнтэй холбоотойгоор гарсан нэмэлт зардлууд болох замын зардал 100 000 төгрөг, эм тарианы зардал 50 000 төгрөг, соривны тос 14 500 төгрөг, MRI шинжилгээ 95 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 29 170 төгрөг, нотариат 6 000 төгрөг, нийт 294 670 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:О.Энхжин нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр наадмын талбай дээр гэр бүлийнхэнтэйгээ хамт очсон. Тухайн үед нум сумаар харвуулдаг газар очиж 3000 төгрөгөөр нум сум харвахаар болсон. Ажиллуулж байсан хүн нь ганц эмэгтэй хүн байсан. Намайг харвахаас өмнө ажиллуулж байсан эгч ойр орчимд байсан хүмүүст холдохыг анхааруулж сануулж байсан. Бямбацэцэгийн нөхөр энэ хүртэл харвана ононо гэж юу байхав гээд явсан. Би эхний сумыг харваж, цана нь явж байсан 2 хүний эхнэрийг нь оносон байсныг гэр бүлийн гишүүд болох аав, ээж 2 маань надад хэлсэн. Тэр дор нь гүйж очиход нөхөр нь над руу дайрч давшилан миний биед халдаж өшиглөсөн. Би тэр эгчтэй хамт наадмын талбай дээрх цагдаагийн хэлтэс рүү очиж Батнасан гэдэг хүнд мэдэгдсэн.Батнасан гэх цагдаа надад хэлэхдээ Бямбацэцэгийг эмнэлэг рүү авч яв. Би ажиллуулж байгаа газрынх нь бүх юмыг хураагаад байж байя гээд, би Бямбацэцэгийн хамт эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод оёо тавиулсан. 25 000 төгрөг тушаасан. Эмнэлгээс гараад буцаад наадмын талбайн цагдаагийн хэсэг дээр очиход тухайн газрыг ажиллуулж байсан хүнийг алдаад явуулсан гэж хариулт өгсөн. Наадмын талбайн комисс руу ярихад зөвшөөрөлгүй ажиллуулж байсан газар байсан. Тэр хавьд нум сум харвуулдаг байсан хүмүүс надад хэлэхдээ “Хэрэв миний үйлчлүүлэгч хүн оносон байсан бол би 100% хариуцлага хүлээх байсан” гэж надад хэлсэн.Уг нь бол нум сум харвах газрыг ажиллуулж байгаа хүмүүс 3, 4 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулалттайгаар ажиллуулдаг юм байна лээ. Харвуулах үйл явцад миний ах болох Энхбат тухайн газрыг ажиллуулдаг хүний утас, дугаар зургийг авсан. Сүүлд өөрийн харваж байхад авахуулсан зургаа харахад үзүүртээ тугалган сум байсан юм байна лээ. Тухайн өдрөө тэр газрын ажиллуулж байсан хүнийг өдөржингөө хайгаад олоогүй учир маргааш нь уулзахаар товлосон. Орой нь машин янзлаад байж байхад над руу ярьсан би боломжгүйгээ хэлсэн. Маргааш өглөө нь Солонгосын элчин сайдаас над руу залгаад би Эрдэнэтээс яаралтай гарсан. Тухайн үед утасны дэлгэц эвдэрсэн байсан учир дуудлага мессеж хүлээж авч чадаагүй. Миний бие аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг. Амьжиргааны түвшин доогуур төлбөрийн боломжгүй. Тухайн газрыг ажиллуулж байсан хүнийг олж өгөн, Бямбацэцэгийн гаргасан баримтуудыг шалгаж тогтоосны эцэст төлбөрийг хамтран барагдуулахаар тогтоож өгнө үү гэжээ. 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2016/01501 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч О.Энхжингээс 889 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Бямбацэцэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 48 170 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29 170 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 25 903 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1501 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 170 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 31 тоот магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар хуулийг буруу хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн ямар заалтыг зөрчсөн хянан шийдвэрлэх ажиллагааг анхан шатны шүүх явуулсныг тодорхойлоогүй. Энэ нь үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл болж байна.Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан нь хууль зөрчсөн байна гэж үзсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх дараах байдлыг анхаарч үзээгүй. Давхар хариуцагчаар зөвшөөрөлгүй тоглоом тоглуулж байсан гэх этгээдийг хариуцагчаар татахыг хүссэн хүсэлт байсан ба хамтран хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж маргаан үүсдэг. Дээрх этгээдийг хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж хариуцагч тал үзэж байгаа бол уг нотлох баримтаа бүрдүүлэх, эсвэл тусдаа нэхэмжлэл гаргах эрхтэйг анхаарч үзээгүй.Харин нэхэмжлэгчийн хувьд гэм хор учруулсан этгээдийг хариуцагчаар татсан бөгөөд өөрөө ч хариуцагч буруутайгаа хэлсэн. Гагцхүү хамтран хариуцагч хэрэгт татах эсэх нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх. Хамтран хариуцагчаар татах эсэхийг нэхэмжлэгч шийдвэрлэх үндэслэлтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэтгэлцэж буй хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь заалт энэ хэрэгт хэрэглэгдэх заалт мөн эсэхийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.Өөрөө хариуцагч биш гэх үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд дээрх хүсэлт нь шүүхээр дамжуулан зайлшгүй хийх ажиллагаа мөн эсэхийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Дээрх хүсэлтүүд нь тодорхой бус ямар байгууллагаас гаргуулах нь тодорхойгүй, гаргуулахыг хүссэн байгууллагаасаа авах боломжгүй байдал байгаа эсэхийг нотлоогүй хүсэлт байдаг.Иймд Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 31 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 142/ШШ2016/01501 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй бол нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх талаар хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заажээ.

Мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3.-т хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулна гэж зааснаас үзвэл шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх талаарх хүсэлтийг хангах эсэхийг өөрөө шийдвэрлэх эрхтэй байна. Гагцхүү хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа тохиолдолд чухамхүү ямар учраас хүсэлтийг хангах боломжгүй гэж үзсэн үндэслэлийг тодорхой заах учиртай. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх талаарх хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзахдаа үндэслэлээ тодорхой заагаагүйгээр талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН