Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 926

 

    Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дамбадаржаа,  

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Д,  

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 460 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-д холбогдох 1705001080031 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б-н Б, 19.. оны 7 дугаар сарын 13-ны өдөр ......... аймгийн ............... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ................ аймаг ............... сум 1 дүгээр баг, ............ 8 дугаар гудамжны 4 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ......./;

Б.Б нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” нэртэй бааранд иргэн Л.М-ын нүүрэн тус газарт гараараа цохиж, хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

   Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие хэсэг залуустай маргалдан тэдний дунд байсан Л.М-ын зүүн шанаанд нэг удаа цохисон үйлдэлдээ  гэмшиж хохирлын баримтгүй ч түүнд 300.000 төгрөг өгч уучлалт гуйн хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Би анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн зэргийг харгалзан үзэж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулиар асуудлаа шийдвэрлүүлэхийг хүссэн боловч шүүх цалин орлогогүй надад торгох ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд надад оногдуулсан торгох ялыг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

    Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ц.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Б-ыг гэм буруутайд тооцож, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Б.Б-ын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байхад үйлдэгдсэн тул мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь хуульд нийцэх байсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтад Л.М болон Б.Б нар нь сайн дураараа эвлэрч хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн бөгөөд Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсоныг нотлох баримт болох ял шалгах хуудас хэрэгт авагдсан байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлээгүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэстэй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Б-ын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй бөгөөд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Б нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” гэх бааранд иргэн Л.М-н нүүрэн тус газарт гараараа цохиж, биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.М-н “...Би 2017 оны 6 дугаар сарын 10-ны орой найз Б, Бя нарын хамт “К” бааранд орсон. Тэгээд баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг танихгүй залуу миний хажуугаас миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд нөгөө залуутай нойлийн өрөөнд орж “юу болсон, яагаад зүгээр зогсож байхад цохиж байгаа юм бэ” гээд ярилцаж байтал тухайн залуу “чи яах гээд байгаа юм, давраад байгаарай” гээд миний нүүрэн хэсэгт гараараа ахиж нэг удаа цохичихоод тус баарнаас гараад явсан...” /хх-19/,

Гэрч Б.Бя-ийн “...Тухайн өдөр би найз М, Б, Д, Ө нарын хамт бааранд орсон. Намайг гадагшаа гарчихаад эргээд орж иртэл Л.М-ыг нэг залуу тайзан дээр цохисон гээд маргалдаж байсан. Тэгээд Л.М өөрийг нь цохисон залуутай хамт ариун цэврийн өрөө орохоор нь би дагаад ортол тэр залуу Л.М-ын нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэр залуу Л.М-ыг Б-тай андуурч цохисон гэсэн...” /хх-23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Л.М-ын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-30/ гэх 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7759 дугаартай дүгнэлт, зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан боловч хэргийг прокурорт шилжүүлэх үед Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн ба Б.Б-д холбогдох хэргийг прокуророос Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Гэвч, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ял шийтгэлээс 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан ял шийтгэл нь хөнгөрсөн боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөөн хэлэлцэх хугацаа нь харьцангуй бага буюу хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр хуульчилсан нь Б.Б-ын хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхээр байна.

          Иймд шүүгдэгч Б.Б-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

            Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 460 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.