Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2016/01558

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-12-30 тоотод оршин суух, Заамууд овгийн Бадрахын Алтан-Очир /ФМ77012839/,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-13-95 тоотод оршин суух, Боржигин овгийн Ганхүүгийн Батсайхан /ФБ74042211/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д хариуцагдах,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн ил Уурхайн экскаваторын машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Батмөнх-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Д.Пүрэв-Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б. Алтан-Очир би, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хүдрийн ил уурхайн экскаваторын машинчаар 1999 оноос, Г.Батсайхан би “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хүдрийн ил Уурхайн экскаваторын машинчаар 1996 оноос ажиллаж байна. Биднийг 2016.02.18-ны өдөр Оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүй авч гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан. Бид 2 үйлдвэрээс оюу буюу малахитжсан чулуу авч гараагүй байхад авч гарсан гэж буруутгаж үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-н Хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9, 8.9.10 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.1.3, 3.4.6, 4.3, 4.3.5 дахь заалтыг үндэслэн ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй  байна. Б. Алтан-Очир намайг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-н Хүдрийг ил Уурхайн экскаваторын машинчаар, Г.Батсайхан намайг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хүдрийн ил Уурхайн экскаваторын машинчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар Оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүй авч гарсан гэх үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9, 8.9.10, дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 3.1.3, 3.4.6, 4.3.5 дахь заалтыг үндэслэн ажлаас халж, хөдөлмөрийн гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Алтан-Очир намайг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн ил уурхайн экскаваторын машинистаар, Г.Батсайхан намайг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн ил уурхайн экскаваторын машинистын ажилд эгүүлэн өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Дээрх нэхэмжлэлтэй холбогдуулж дараах тайлбарыг хүргүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүдрийн ил уурхайн хөрс хуулалт, хүдэр олборлолтын хэсгийн ажилтан Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь удаа дараагийн үйлдлээр Оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих звшөөрөлгүй авч гарч, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул компанийн ерөнхий захирлын 2016 оны Б/198 дугаар тушаалаар ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 12/19 дугаартай албан бичиг манай компанийн хуулийн хэлтсийн дарга А.Цэрэнсодномын нэр дээр ирсэн. Уг албан бичгээр Оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс хулгайлсан нэр бүхий ажилчдын материалыг ирүүлсэн. Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын ажилтан дэслэгч Ц.Энхбаяр хүдрийн ил уурхайн хөрс хуулалт, хүдэр олборлолтын хэсгийн ажилтан Б.Алтан-Очир, Г.Батсайхан нараас тайлбар авсан бодит байдлыг гэрэл зургаар авч баримтжуулсан материал ирүүлсэн байсан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хуулийн хэлтсийн дарга А.Цэрэнсодном 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрийн ажлын өрөөндөө хуулийн хэлтсийн орлогч Б.Ариунзаяа, хуульч Н.Энхболд, хүдрийн ил уурхайн хүний нөөцийн тэргүүлэх менежер П.Бадамханд, Уулын хэсгийн дарга Л.Баярбат нарыг байлцуулан хүдрийн ил уурхайн хөрс хуулалт, хүдэр олборлолтын хэсгийн ажилтан Б.Алтан-Очир, Г.Батсайхан, П.Баярболд нартай уулзалт хийсэн. Энэ үед хурлын протокол үйлдсэн. Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар Оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүй авч гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн дээрх ажилтнууд урд нь Оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүй авч гарах, худалдах асуудалд холбогдож байсан. В.Өлзийбуян гэдэг хүн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Гансүхийн зуучилснаар Б.Алтан-Очир, Г.Батсайхан нараас Оюу буюу малахитжсан чулуу худалдаж авсан тайлбар өгсөн байдаг. Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын Оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүй авч гарсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9, 8.9.10 дахь заалтууд, Б.Алтан-Очир, Г.Батсайхан нартай байгуулсан 10737, 15809 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.1.3, 3.4.6, 4.3.5 дахь заалтуудын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Б.Баярболдод холбогдох эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн хэдий ч энэ нь эцсийн шийдвэр биш. Энэ хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай цугларсан гэж үзэхгүй байна. Энэ хүмүүс хоорондоо ярилцаад үгсэн тохиролцсон, ял завшсан байгаа. Тагнуулын газрынхан эд нарт нөхцөл олгосон.

Иймд иргэн Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан Хүдрийн ил Уурхайн экскаваторын машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  Хүдрийн ил Уурхайн экскаваторын машинчаар ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/198 дугаартай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралын  тушаалаар, Хөдөдмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9, 8.9.10 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 3.1.3, 3.4.6, 4.3, 4.3.5 дахь заалтууд, Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын 2016.02.04-ний өдрийн 12/19 тоот албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын ажилтан дэслэгч Ц.Энхбаярын Хүдрийн ил уурхайн ажилтан Б.Алтан-очир, Г.Батсайхан, П.Баярболд нараас авсан тайлбарыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын хөдөлмөрийн гэрээ, Б/198 дугаартай тушаал зэргээр нотлогдож байна.

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь удаа дараагийн үйлдлээр Оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих звшөөрөлгүй авч гарч, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан... Оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүй авч гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн... тиймээс дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн.

Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “сэжигтнээр тооцогдож” 2015 оны 12 дугаар сараас хойш удаа дараагийн үйлдлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн бүсээс зохих зөвшөөрөлгүй “оюу” чулуу авч гарсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж хэрэгсэхгүй болсон болох нь хэргийн 92-135 дугаар хуудас дахь эрүүгийн хэргээс хуулбарлан ирүүлсэн баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт 2016.10.04-ний өдрийн 5/447 дугаартай Прокурорын тогтоол авагдсан бөгөөд уг тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдсан Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь Б.Баярболдтой бүлэглэн Хүдрийн ил уурхайгаас оюу чулуу хулгайлсан гэх хэргээс яллагдагч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэхь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарыг удаа дараагийн үйлдлээр Оюу буюу малахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих звшөөрөлгүй авч гарч, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх ба хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдоогүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч С.Пүрэв-Отгон, Б.Баярболдод холбогдох эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн хэдий ч энэ нь эцсийн шийдвэр биш. Энэ хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай цугларсан гэж үзэхгүй байна. Энэ хүмүүс хоорондоо ярилцаад үгсэн тохиролцсон, ял завшсан байгаа. Тагнуулын газрынхан эд нарт нөхцөл олгосон ... гэж мэтгэлцсэн.

Нэгэнт прокурорын тогтоолоор Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад шүүх эцсийн шийдвэр гараагүй гэж үзэх боломжгүй юм.

Иймд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захиралын Б/198 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хүдрийн ил уурхайн экскаваторын машинчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаад, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Б.Алтан-Очир, Г.Батсайхан нарыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Хүдрийн ил уурхайн экскаваторын машинчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан төрийн санд тэмдэгтийн хураамжаар оруулсугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА