Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2016/01582

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум “Ган-Ивээл” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-14-127 тоотод оршин суух Барнууд овгийн Балгансүрэнгийн Лхагвасүрэн /ЧА67082305/-д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 2 498 496 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “Ган-Ивээл” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манай гишүүн Б.Лхагвасүрэн нь тус хоршооноос 2015.06.17-нд Хүрэнбулаг баг 4-14-127 тоот орон сууцыг барьцаалан 4 000 000 төгрөгний зээлийг авсан. Уг зээлийг бүрэн төлөлгүй өдий хүрсэн. Энэ хугацаанд бид гэрээний дагуу зээл хүүг төлүүлэх талаар удаа дараа шаардаж биечлэн уулзаж мэдэгдэл өгч байсан хэдий ч уг зээл нь хугацаа хэтрээд байна. Одоо Б.Лхагвасүрэн авсан зээлийн үлдэгдэл 2 184 000 төгрөг, хүүний үлдэгдэл 262 080 төгрөг, гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 52 416 төгрөг нийтдээ 2 498 496 төгрөгийг гаргуулан хоршооны хохиролыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Лхагвасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Лхагвасүрэн нь 2015.06.17-нд “Ган-Ивээл” ХЗХ-оос өөрийн байрыг барьцаалан 4 000 000 төгрөгний зээлийг авсан. Зээлийг би өөрийн төрсөн дүү Б.Отгонлхамын бизнесийг дэмжих зорилгоор авч өгсөн боловч удаа дараа дүүд минь хүнд хагацал тохиолдсон учир зээлийг төлөх чадваргүй болсон. Энэ байдлыг “Ган-Ивээл” ХЗХ хоршоог дуудсан цагт нь очиж тайлбарлаж байсан. Зээл маш өндөр хүүтэй жилийн 72% байсан. Мөн хоршоог хохироохгүйн тулд өөрийн бүх боломжийг ашиглан зээлийг төлөхийг хичээж, хүүний мөнгийг ч гэсэн хүнээс хүүтэй мөнгө зээлэн төлж байсан. Өөрийн хашаа байшинг зарахаар 6 сарын хугацаанд тасралтгүйгээр зар өгсөн боловч зарагдаагүй. Мөн 2016.04.19-нйи өдөр иргэн Ч.Туяажаргалаас авах 630 000 төгрөгийг шүүхээр нэхэмжлэн шийдвэр гаргуулсан боловч Ч.Туяажаргал нь Солонгос гарсан тул тэр мөнгө одоогоор олдоогүй байна. Маш хүнд байдалд орсон ч гэрээний хугацаанд 1 480 000 төгрөг буюу авсан зээлийн 37%-тай тэнцэх мөнгийг зээлийн хүүнд төлсөн. 2016.09.23-нд цалингийн зээлийг авч болох хамгийн өндөр түвшинд нэмж аван 4 000 000 төгрөгийг уг хоршоонд төлсөн. Одоогийн байдлаар миний бие “Ган-Ивээл” ХЗХ-нд 5 480 000 төгрөг төлсөн байна. Гэвч уг хоршоо нь миний төлсөн бүх мөнгөний 3 664 000 төгрөг буюу 67%-ийг мөнгөнийхөө хүүнд тооцон, дахин үндсэн зээлийн үлдэгдэл гэж 2 184 000 төгрөг, хүүний үлдэгдэл 262 080 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52 416 төгрөгийг нэхэмжилсэн байна. 2016.09.23-нд үндсэн зээл 4 000 000 төгрөгийг төлөөд хүүний үлдэгдэлийг боломжоороо төлье гэсэн боловч 2016.10.13-нд таны материалыг шүүхэд шилжүүлэх боллоо гэж мэдэгдсэн. Би уг хоршооноос 6 жил орчим зээл авч хугацаанд нь мөнгийг төлж байсан уг хоршооны гишүүнчлэлтэй. Би сар бүр цалингийн зээлэнд 426 000 төгрөг төлөн өрх толгойлон амьдардаг. Миний хувьд одоо авсан зээлийн үлдэгдэлгүй гэж үзэж байгаа бөгөөд зээлийн хүүний үлдэгдэл дээр тохиролцон үндсэн зээл 4 000 000 төгрөгийг хүүний хамт төлсөн 5 480 000 төгрөгийг 6 000 000 төгрөг болгон 5 сарын хугацаанд уг хоршоонд барагдуулах саналтай байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...зээлээс нийт 5 480 000 төгрөг төлсөн. Гэрээг сунгаагүй тул 2016 оны 06 дугаар сараас хойш хүү бодох ёсгүй. Энэ хугацааны хүү 1 046 080 төгрөгийг хасаад 1 452 416 төгрөг төлөх үүрэг байна гэж үзэж байна... гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ган-Ивээл” ХЗХ нь хариуцагч Б.Лхагвасүрэнд холбогдуулан “зээлийн гэрээний үүрэг 2 498 496 төгрө”г гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр 1 452 416 төгрөг төлөх үүрэгтэй болохоо тайлбарласан бөгөөд, бусад хэсгээс татгалзсан.

Хариуцагч Б.Лхагвсүрэн нь “Ган-Ивээл” ХЗХ-с 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 4 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, хэргийн 5-7 дугаар хуудас дахь зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ зэргээр нотлогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд, нэхэмжлэгч “Ган-Ивээл” ХЗХ нь Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1-д зааснаар шаардах эрхтэй.

Б.Лхагвасүрэн нь Ган-Ивээл ХЗХ-нд нийт 5 480 000 төгрөг төлсөн болон зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, Б.Лхагвасүрэнгийн төлсөн 5 480 000 төгрөгнөөс, 2016 оны 06 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацааны хүү гэж 1 046 080 төгрөгийг суутгаж, одоо үндсэн зээл 2 184 000 төгрөг, хүүний үлдэгдэл 262 080 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52 416 төгрөг, нийт 2 498 496 төгрөг гаргуулна гэж мэтгэлцсэн.

Зээлийн гэрээний хугацааг сунгаагүй байх ба, гэрээний нийт хугацаанд хариуцагч үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүү 2 880 000 төгрөг, нийт 6 880 000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд, үүнээс 5 480 000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна. Нэмэгдүүлсэн хүү 52 416 төгрөгийн талаар хариуцагч маргаагүй.

Иймд гэрээний нийт хугацааны үүрэг болох 6 880 000 төгрөгнөөс Б.Лхагвсүрэнгийн төлсөн 5 480 000 төгрөгийг хасаж, нэмэгдүүлсэн хүү 52 416 төгрөгийг нэмж, нийт 1 452 416 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ган-Ивээл” ХЗХ-д олгож, нэхэмжлэлээс 1 046 080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.     

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54 930 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 38 189 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Б.Лхагвсүрэнгээс 1 452 416 төгрөг гаргуулан “Ган-Ивээл” ХЗХ-д олгож, нэхэмжлэлээс 1 046 080 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 54 930 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 38 189 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА