Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Пионерийн 4-6 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг Банзрагч овогт Цэвээндоржийн Чулуундаваагийн /РД: ЖЯ55110797/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Үүдийн 3-25 тоотод оршин суух,  хуваариа хөдөлмөр эрхэлдэг, Гурван хөвсгөл овогт Бандийн Янжинсүрэнд  /РД: ЕМ61040669/  холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Ц.Чулуундаваа, хариуцагч Б.Янжинсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр нар оролцов.                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Чулуундаваа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Янжинсүрэнтэй 2011 оны 06 сард танилцаж, 2015 оны 02 сар хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд ах дүү төрөл, төрөгсөд нь туслахаас эхлээд мөнгө төгрөгний хэрэгцээ гарах үед нь мөнгө өгдөг байсан. Тухайн үед гэмгүй сайхан амьдарч байсан ба 2015 оны 02 сарын дундуур хүүхэд нь хэрэгт орсон юм. Тэгээд нэг орой намайг ажлаас ирэхэд чамаас болсон, энэ байшин савыг зарна, чи яв гэж хэлсэн, тэгээд би эднийхээс явсан. Энэ хүн хамт амьдарч эхэлсэнээс хойш дэлгүүрийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах гэсэн юм гээд надаас 2011 оны 07 сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг зээлсэн. 2012 оны намар 2 адуу авч зараад ашиг олно гээд 500,000 төгрөг, орефлеймын бараа авна гээд 196,000 төгрөг, Далайгаас авсан 1,000,000 төгрөгийн 460,000 төгрөгийг хэрэглэсэн байсан, 2012 онд Улаанбаатар хот явахдаа 140,000 төгрөг, харзанд орох, бөөлүүлэхэд 250,000 төгрөг, энергээ хүнд үзүүлнэ гээд 50,000 төгрөг, 10 удаа бариачид бариулсаны 100,000 төгрөг, ямааны махны 150,000 төгрөг, надаас нууж Ариунчимэгээс 100,000 төгрөг авсан, мөн би Бадамдолгор гэдэг хүнд энэ хүнээр дамжуулж мөнгө зээлсэн, түүний хүү 100,000 төгрөгийг авсан байсан, мөн Алтанцэцэг гээд энэ хүний найз үзмэрчид 300,000 төгрөг зээлүүлсэн байсан юм тэр мөнгийг энэнээс ав гэсэн, 2011 оны 11 сард 600 юань, 2014 оны 08 сард 300 юань, ижил өнгийн хөх торго авч дээл хийлгэсэн, тэрний тал үнэ 150 юань, 2014 онд дүүд нь зээлүүлсэн мөнгөснөөс 1,550 юань авсан байсан, 2014 онд 300 юань, мөн хүүхдүүд нь Эрээнд буудалд буусан түүний 160 юань, Алтанцэцэг үзмэрчид зээлүүлсэн 300 юань гээд зээлүүлсэн мөнгөнөөс 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлтэй хамт зээлийн тооцооны жагсаалтыг өгсөн байгаа. Гэхдээ тэр жагсаалт дээр байгаа 9,401,000 төгрөг болон 8,246 юаниас хасаад 5,500,000 төгрөгийн үлдэгдэл байгаа юм. Үүнийг нэхэмжилсэн юм. Тэрнээс биш 8,246 юань гэж тусад нь нэхэмжлээгүй.  Түүнээс гадна банкны зээлийг 3 удаа төлж байсан, өөр бусад өгсөн мөнгө төгрөгийг нэхээгүй байгаа. Энэ хүн дэлгүүр ажиллуулдаг байсан нь үнэн, гэхдээ надтай амьдарсанаас хойш дэлгүүр нь байнга ажиллаагүй, ашиг орлого олж байгаагүй, тэр талаар нь зарим нэг мэдүүлсэн байгаа гэв.

Хариуцагч Б.Янжинсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 4 сайхан хүүхэдтэй, хүүхдүүд минь тус тусын амьдралтай, би  хувиараа махны дэлгүүр ажиллуулж, мөнгө төгрөг олдог, хүнээс юм гуйхгүй амьдралаа авч явдаг эмэгтэй, намайг энэ нутаг усны хүмүүс бүгд мэднэ. Би хань ижилгүй олон жил болсон учраас насныхаа эцэст аяга цайгаа хувааж ууя гэж 2011 оны 06 сарын 20-ны үед танилцаж хамт амьдарсан. Энэ хүн танилцаад 3 хонод л манайд ирж амьдарсан. Анхандаа амьдрал ахуй сайхан байсан. Тэгээд 2 жилийн дараа эхнэр нь гэх хүн гарч ирээд надруу утсаар залгаад хэл амаар доромжилж эхэлсэн. Түүнээс болж утасныхаа дугаарыг 4 удаа сольсон. Энэ хүн ч дараа нь өөрөө намайг хэл амаар байнга доромжилдог болсон. Тэгээд бид хоёр ярилцаад үзэл бодол нийлэхгүй байна, салъя гээд 2015 оны 02 сарын гэхэд Чулуундаваа манайхаас явсан. Анх манайд ирэхдээ хэдэн эмульсийн савтай эрэг шурагтай  л ирж байсан. Би энэ хүнийг өөд нь татах гэж зөндөө оролдсон. Анх надтай танилцахдаа Женчо ХХК-ны жолооч хийдэг байсан ба суусан цагаасаа  эхлээд би хайрынхаа дээдээр хайрлаж, халуун хоол цай хийж өгөх, хөлнийх нь шиврээс салгах, сахлынх нь хар ормыг арилгахаас эхлээд халамж анхаарлаар таслаагүй. Хүүхдүүд маань ч их тус болдог байсан даа. Энэ хүн хамт амьдаръя гэж бодсон бол одоо ингэж хоол ундны мөнгө нэхэхгүй байсан байх. Миний хувьд өдий насанд ингээд явж байгаадаа ичмээр байна, нөгөө талаар гомдолтой байна, хамт амьдарч байх хугацаандаа идэж ууж, хэрэглэж явсан зүйлээ нэхэмжилж байгаад гайхаж байна. Гэр бүлийн хооронд бие, биедээ мөнгө төгрөг өгөх асуудал зөндөө л байдаг. Жагсаасан зүйлийг харахад дандаа хамт амьдарч байхдаа хэрэглэсэн зүйлүүд байна лээ. Өөрөө энэ бүхнээс хэрэглээд явж байсан шүү дээ. Энэ хүн надаас ийм зүйл нэхэмжилж байгаа бол бүтэн 4 жилийн хугацаанд манай гэрт амьдарч идэж уусан тэрийгээ яах гэж байгаа юм бол ойлгохгүй байна. Би энэ хүнээс огт мөнгө зээлж байгаагүй. Нэхэмжлээд байгаа мөнгийг төлөхгүй. Тэр суухаас өмнө 7 сарын 4-нд 1,000,000 төгрөг зээлсэн гээд байх юм, энэ мөнгийг надтай сууна гээд надад ая тал засаж, өөртөө хэрэглэ гэж өгч байсан шүү дээ гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Үндэслэл:

Нэхэмжлэгч Ц.Чулуундаваа нь  хариуцагч Б.Янжинсүрэнд 2011 оны 07 сарын 04-нөөс эхлэн 2014 оныг дуустал хугацаанд мөнгө зээлүүлж байсан гэж зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх  үүргийг  тус тус хүлээх юм.

Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2011 оны 6 сарын 20-ны үед танилцаж, хамтын амьдралыг үүсгэсэн байх ба тэр цаг хугацаанаас хойш 2014 оныг дуустал хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчид буцаан авах нөхцөлтэйгээр мөнгө зээлүүлсэн, хамт амьдарч байх хугацаандаа хэрэглүүлэхээр өгсөн мөнгөө буцаан авах талаар ямар нэг гэрээ, хэлцэл хийсэн, амаар тохирсон үйл баримт тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т нэхэмжлэгч нь эхлээд нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн  гэм бурууг нотлохоор зохицуулсан байх ба түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотолсон нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх цуглуулах, бүрдүүлэх үүргийг хүлээх юм. Гэтэл тэрээр хариуцагч Б.Янжинсүрэнд мөнгө зээлсэн талаарх үйл баримтыг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Чулуундаваа нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор Хаан банкны орлогын болон зарлагын баримтууд, депозит дансны хуулга зэргийг шүүх хуралдааны явцал өгсөн бөгөөд дээрх баримтууд нь хариуцагчид мөнгө зээлсэнийг нотолсон нотлох баримтууд биш харин нэхэмжлэгч өөрөө зарлагын гүйлгээ хийсэн, бусдад мөнгө шилжүүлсэн зэрэг баримтууд байна. Мөн Т.Цаганннохой, Я.Эрдэнэтогтох, Ч.Цолмон,  Ш.Маамаахүү нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан ба эдгээр хүмүүс нь маргааны үйл баримт буюу нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө зээлүүлсэн талаар мэдэхгүй гэдгээ шүүхэд мэдүүлсэн болно.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас Алтанцэцэг гэгчид зээлүүлсэн гэх 300,000 төгрөг, 300 юанийг нэхэмжлэлдээ хамтатгаж нэхэмжилдэг бөгөөд тэрээр бусдад зээлүүлсэн гэх мөнгөө тухайн зээлүүлсэн гэх этгээдээс нэхэмжлэх эрхтэй юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Чулуундаваагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Янжинсүрэнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.           

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Чулуундаваагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Янжинсүрэнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн, 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.           

3. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД