Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 09

 

 

Ц.Чгийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 137/ШШ2017/00096 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Чгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Янд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Чгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааанд: Нэхэмжлэгч Ц.Ч, хариуцагч Б.Я, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ятэй 2011 оны 06 сард танилцаж, 2015 оны 02 сар хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд ах дүү төрөл, төрөгсдөд нь туслахаас эхлээд мөнгө төгрөгний хэрэгцээ гарах үед нь мөнгө өгдөг байсан. Тухайн үед гэмгүй сайхан

амьдарч байсан ба 2015 оны 02 сарын дундуур хүүхэд нь хэрэгт орсон юм. Тэгээд нэг орой намайг ажлаас ирэхэд чамаас болсон, энэ байшин савыг зарна, чи яв гэж хэлсэн учир би эднийхээс явсан. Энэ хүн хамт амьдарч эхэлсэнээс хойш дэлгүүрийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах гэсэн юм гээд надаас 2011 оны 07 сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг зээлсэн. 2012 оны намар 2 адуу авч зараад ашиг олно гээд 500,000 төгрөг, орифлеймийн бараа авна гээд 196,000 төгрөг, Далайгаас авсан 1,000,000 төгрөгийн 460,000 төгрөгийг хэрэглэсэн байсан, 2012 онд Улаанбаатар хот явахдаа 140,000 төгрөг, харзанд орох, бөөлүүлэхэд 250,000 төгрөг, энеригээ хүнд үзүүлнэ гээд 50,000 төгрөг, 10 удаа бариачид бариулсаны 100,000 төгрөг, ямааны махны 150,000 төгрөг, надаас нууж Ариунчимэгээс 100,000 төгрөг авсан, мөн би Бадамдолгор гэдэг хүнд энэ хүнээр дамжуулж мөнгө зээлсэн, түүний хүү 100,000 төгрөгийг авсан байсан, мөн Алтанцэцэг гээд энэ хүний найз үзмэрчид 300,000 төгрөг зээлүүлсэн байсан юм тэр мөнгийг Ягээс ав гэсэн, 2011 оны 11 сард 600 юань, 2014 оны 08 сард 300 юань, ижил өнгийн хөх торго авч дээл хийлгэснтй  тал үнэ 150 юань, 2014 онд дүүд нь зээлүүлсэн мөнгөнөөс 1,550 юань авсан байсан, 2014 онд 300 юань, мөн хүүхдүүд нь Эрээнд буудалд буусан түүний 160 юань, Алтанцэцэг үзмэрчид зээлүүлсэн 300 юань гээд зээлүүлсэн мөнгөнөөс 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлтэй хамт зээлийн тооцооны жагсаалтыг өгсөн байгаа. Гэхдээ тэр жагсаалт дээр байгаа 9,401,000 төгрөг болон 8,246 юаниас хасаад 5,500,000 төгрөгийн үлдэгдэл байгаа юм. Үүнийг нэхэмжилсэн юм. Тэрнээс биш 8,246 юань гэж тусад нь нэхэмжлээгүй. Түүнээс гадна банкны зээлийг 3 удаа төлж байсан, өөр бусад өгсөн мөнгө төгрөгийг нэхээгүй байгаа. Энэ хүн дэлгүүр ажиллуулдаг байсан нь үнэн, гэхдээ надтай амьдарсанаас хойш дэлгүүр нь байнга ажиллаагүй, ашиг орлого олж байгаагүй гэжээ.

Хариуцагч Б.Я шүүхэд гаргасан тайлбартаа: Би 4 сайхан хүүхэдтэй, хүүхдүүд минь тус тусын амьдралтай, би хувиараа махны дэлгүүр ажиллуулж, мөнгө төгрөг олдог, хүнээс юм гуйхгүй амьдралаа авч явдаг эмэгтэй, намайг энэ нутаг усны хүмүүс бүгд мэднэ. Би хань ижилгүй олон жил болсон учраас насныхаа эцэст аяга цайгаа хувааж ууя гэж Чтай 2011 оны 06 сарын 20-ны үед танилцаж хамт амьдарсан. Энэ хүн танилцаад 3 хоноод л манайд ирж амьдарсан. Анхандаа амьдрал ахуй сайхан байсан. Тэгээд 2 жилийн дараа эхнэр нь гэх хүн гарч ирээд надруу утсаар залгаад хэл амаар доромжилж эхэлсэн. Түүнээс болж утасныхаа дугаарыг 4 удаа сольсон. Энэ хүн ч дараа нь өөрөө намайг хэл амаар байнга доромжилдог болсон. Тэгээд бид хоёр ярилцаад үзэл бодол нийлэхгүй юм байна, салъя гээд 2015 оны 02 сард Ч манайхаас явсан. Анх манайд ирэхдээ хэдэн эмульсийн савтай эрэг шурагтай л ирж байсан. Би энэ хүнийг өөд нь татах гэж зөндөө оролдсон. Анх надтай танилцахдаа Женчо ХХК-ны жолооч хийдэг байсан ба суусан цагаасаа эхлээд би хайрынхаа дээдээр хайрлаж, халуун хоол цай хийж өгөх, хөлнийх нь шиврээс салгах, сахлынх нь хар ормыг арилгахаас эхлээд халамж анхаарлаар таслаагүй. Хүүхдүүд маань ч их тус болдог байсан даа. Энэ хүн хамт амьдаръя гэж бодсон бол одоо ингэж хоол ундны мөнгө нэхэхгүй байсан байх. Миний хувьд өдий насанд ингээд явж байгаадаа ичмээр байна, нөгөө талаар гомдолтой байна, хамт амьдарч байх хугацаандаа идэж ууж, хэрэглэж явсан зүйлээ нэхэмжилж байгаад гайхаж байна. Гэр бүлийн хооронд бие, биедээ мөнгө төгрөг өгөх асуудал зөндөө л байдаг. Жагсаасан зүйлийг харахад дандаа хамт амьдарч байхдаа хэрэглэсэн зүйлүүд байна лээ. Өөрөө энэ бүхнээс хэрэглээд явж байсан шүү дээ. Энэ хүн надаас ийм зүйл нэхэмжилж байгаа бол бүтэн 4 жилийн хугацаанд манай гэрт амьдарч идэж уусан тэрийгээ яах гэж байгаа юм бол ойлгохгүй байна. Би энэ хүнээс огт мөнгө зээлж байгаагүй. Нэхэмжлээд байгаа мөнгийг төлөхгүй. Суухаас өмнө 7 сарын 4-нд 1,000,000 төгрөг зээлсэн гээд байх юм, энэ мөнгийг надтай сууна гээд надад ая тал засаж, өөртөө хэрэглэ гэж өгч байсан шүү дээ гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Чгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Яд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн, 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, … шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ч давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэсэн гэж үзэж шийдвэр гаргаж иргэн намайг ноцтой хохироосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Би хамтран амьдрах 3 жил 5 сар орчмын хугацаанд 15 орчим сая төгрөгийн зардал гаргасан. Одоо 2 сая төгрөг гаргуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Би хөдөлмөрлөж олсон мөнгөө өгдөг байсан. Я аваагүй гэж хэлэхгүй байх. 1 сая төгрөгийг дэлгүүр ажиллуул гэж хэлж өгсөн. 1 сая төгрөгийг хүнд зээлүүлсэн. буцааж надад өгөөгүй. Миний мөнгөөр идэж уудаг байсан байж надаас яаж мөнгө төгрөг нэхэмжлэх гээд байгаа юм бол би ойлгохгүй байна. Би зээлсэн мөнгөө л нэхэмжилж байна гэв.

                                                 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлаж зөрчсөн алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийн зээлийн гэрээний үүрэгт холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-2/-дээ хариуцагч Б.Ятэй 2011 оны 07 сараас танилцаад 6 433 000 төгрөг, 8246 юань зээлдүүлсэн, зээлдүүлсэн 9 401 000 төгрөг гаргуулахаас  5 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн бичиж тэмдэглэсэн зээлийн тооцоо /хх-5/, юаны данснаас өөрөө зарлага хийсэн дипозит дансны хуулга/хх43/, хариуцагчаас өөр хүмүүст мөнгө шилжүүлсэн баримт /хх44-46/-д үндэслэж, харин хариуцагч Б.Я дээрх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй гэжээ.

Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн нь “Нотлох баримтыг үнэлэх” тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцжээ.

 

Мөн “... жагсаасан зүйлийг харахад дандаа хамт амьдарч байхдаа хэрэглэсэн зүйлүүд байна, өөрөө энэ бүхнээс хэрэглээд явж байсан шүү дээ, би энэ хүнээс огт мөнгө зээлж байгаагүй учир мөнгийг төлөхгүй” гэж маргаж улмаар “...Ц.Ч мөнгө төгрөг өгч байсан, өгөхдөө чамд зээлдүүлж байгаа, эргүүлж авна шүү гэж хэлж байгаагүй, мөнгийг  бид хамтдаа л хэрэглэж, ахуй амьдралдаа зарцуулсан” гэсэн хариуцагчийн тайлбар нь гэрчүүдийн  мэдүүлгээр батлагдаж байх тул түүнийг шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн байна гэж үзлээ.   

Түүнчлэн зохигчдын хооронд Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдохгүй байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу гэрээний гол нөхцөл болох тодорхой хугацааны дараа буцааж авах нөхцөлтэйгээр нэхэмжлэгчээс, хариуцагчид мөнгө шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг тодорхой хугацааны дараа түүнд буцааж өгнө гэж зээлж аваагүй талаар анхан шатны шүүхээс, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон холбогдох нотлох баримтад тулгуурласан, Иргэний хуулийн холбогдох эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн  2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 137/ШШ2017/00096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Чгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Чгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.БАТЧИМЭГ

                                                      ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                                                          Н.БОЛОРМАА