Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2021/0193/З |
Дугаар | 221/МА2021/0616 |
Огноо | 2021-11-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2021/0616
А.А нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Ш.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2021/0583 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээд *******, П.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын өмгөөлөгч Ш.А-ын гаргасан давж заалдах гомдлоор А.А, Э.Н, Э.Н нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2021/0583 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 354 дүгээр “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” захирамжийн 4 дүгээр хавсралтын 13 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоон” шийдвэрлэжээ.
Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо: “... Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн197 дугаар “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” захирамжаар нэр бүхий өрхөд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг захирамжийн хавсралтын 444-д өмчлөгч Д.Д, хамтран өмчлөгчөөр П.Д, *******, Д.Э, А.А, Э.Н, Э.Н гэсэн нийт 7 иргэнд хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” захирамжийн 3 дугаар хавсралт болох “Өмчилсөн газрынх нь бүртгэлд өөрчлөлт гарсан иргэдийн жагсаалт”-ын 17-д Д.Д, хамтран өмчлөгч П.Д, ******* нарыг өмчлөгчөөр тодорхойлж, 4 дүгээр хавсралт болох “Газар өмчлүүлэх шийдвэр нь хүчингүй болж байгаа иргэдийн жагсаалт”-ын 13-д Д.Д, хамтран өмчлөгч П.Д, *******, Д.Э, А.А, Э.Н, Э.Н” гэж хүчингүй болгосон үндэслэл хэсэгт “Хамтран өмчлөгчөөр өөр газар өмчилж авсан, хүчингүй болох” гэж тус тус тэмдэглэснээр нэхэмжлэгч А.А, Э.Н, Э.Н нарын газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч А.А, Э.Н нар нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/940 дүгээр захирамжаар Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар өмчилж авсан байх ба Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалтад заасны дагуу газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрхээ эдэлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 583 дугаар шийдвэр нь хэрэгжих боломжгүй юм.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасны дагуу газар өмчлөлийн харилцаа нь “... сайн дурын ...” зарчим дээр тулгуурладаг бөгөөд 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамж нь нэхэмжлэгч нарын сайн дурын үндсэн дээр гарсан шийдвэр болно.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд *******, П.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын өмгөөлөгч Ш.А давж заалдах гомдолдоо: “... Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжийн хавсралтын 444-д Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 4 дүгээр гудамжны 299 тоот байршил бүхий 582 м.кв газрыг иргэн Д.Д-д өмчлүүлэхээр, хамтран өмчлөгчөөр П.Д, *******, Д.Э, А.А Э.Н, Э.Н нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хамтран өмчлөгч нарыг өөр газар өмчилсөн гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжаар хамтран өмчлөгчөөс хасаж газар өмчлөх эрх нь хүчингүй болсон байдаг. Тодруулбал нэхэмжлэгч А.А, Э.Н нар нь 2014 онд цахим системээр тариан булаг гэх газар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөн авсан үйл баримт тогтоогдсон.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.4, 19.1.2-т зааснаар Монгол Улсын иргэн нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа газрыг үнэгүй өмчлөх эрхтэй тул нэхэмжлэгч нар нь өөр байршилд газар өмчлөхийн тулд өмнө нь газар өмчлөөгүй байх эсхүл өмчлөх эрхээсээ татгалзах, бусдад шилжүүлэх зэргээр газар өмчлөх эрх нь дуусгавар болсон байх хуулийн шаардлага тавигдах учиртай.
Үүний дагуу нэхэмжлэгч нар нь цахим системээр 2014 онд өөр байршилд газар өмчлөх хүсэлт гаргахдаа өмнөх газар өмчлөх эрхээсээ татгалзсан эсхүл хамтран өмчлөгчөөс хасуулах тухай хүсэлтийг гаргасан эсэх, энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүх цуглуулж бүрдүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг зөрчсөн байна.
Маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч Д.Д нь 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нас барснаар түүний хамтран өмчлөгч П.Д, ******* нарт өв нээгдэж, 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдон улмаар 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр газар өмчлөлийн 00007475 дугаар гэрчилгээ олгогдсоноор Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 4 дүгээр гудамжны 299 тоот байршил бүхий 582 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болсон.
Шүүх шийдвэртээ энэ талаар дурдсан ч хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна. Учир нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар иргэний газар өмчлөх эрх нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгосноор үүсдэг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4-д зааснаар улсын бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх зарчмын хүрээнд маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгчийн байдалд хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсан. Гэвч анхан шатны шүүх энэ талаарх баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1-д иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтлана, 5.1.4-т Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх, мөн хуулийн 19.1.2-т газар өмчлөн авах эрх бүхий иргэн нь энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах гэж тус тус заасан. Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу Монгол Улсын иргэн нь зөвхөн нэг удаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гарснаар нэхэмжлэгч нар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөлийн 2 газартай болох үр дагавар үүсч байна. Хуулиар Монгол Улсын иргэн 2 удаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх боломжгүй байхад ийм үр дагаварт чиглэсэн шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.4, 19.1.2-т тус тус зааснаар Монгол Улсын иргэн нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа газрыг үнэгүй өмчлөх эрхтэй тул нэхэмжлэгч нар нь өөр байршилд газар өмчлөхийн тулд өмнө нь газар өмчлөөгүй байх эсхүл өмчлөх эрхээсээ татгалзах, бусдад шилжүүлэх зэргээр газар өмчлөх эрх нь дуусгавар болсон байх хуулийн шаардлага тавигдах учиртай. Хуулийн уг шаардлагын дагуу өөрийн сайн дурын үндсэн дээр цахим хэлбэрээр өөр газар үнэгүй өмчлөх хүсэлтээ өгсний улмаас дараагийн шинэ газарт өмчлөх эрх нээгдсэн байгаа нь өмнөх өмчлөлөөс сайн дураар татгалзсан эсхүл бусдад шилжүүлсэн болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар тухайн маргаж буй газарт хамаарах эрх, хууль ёсны ашиг сонирхлоосоо татгалзсан, улмаар өөр хаягт шинэ газар өмчлөх эрх олж авч уг газар дээрээ амьдарч буй бодит үйл баримтыг шүүх үнэлсэнгүй, мөн энэ талаар шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүйд гомдолтой байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг үндэслэл болгосон буюу маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон. Маргаан бүхий үйл баримт 2006 онд болсон учир тухайн цаг үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эрх зүйн хэм хэмжээ энэ тохиолдолд үйлчлэх ёстой.
Гэтэл анхан шатны шүүх 2006 онд болсон үйл баримтад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Захиргааны ерөнхий хуулийг удирдлага болгон шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль бус болох үр дагаврыг үүсгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийсэн боловч холбогдох хуулийг буруу хэрэглэсэн байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг Д.Д, түүний эхнэр П.Д, хүү *******, Д.Э, бэр А.А, ач охин Э.Н, Э.Н нарын гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэгүй өмчлүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжаар “хамтран өмчлөгч өөр газар өмчилж авсан” гэх шалтгаанаар Д.Э, А.А, Э.Н, Э.Н нарын нэрийг хассан нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, хууль бус үйлдэл болжээ.
Учир нь хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгч нар нь газрыг дундаа хамтран өмчлөх эрхээсээ татгалзаж, нэрээ хасуулах талаар ямар нэгэн хүсэлтийг гаргасан нь баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нарыг газар өмчлөгчөөс хасуулах хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгч нарт өөр газрыг өмчлөх эрх үүсээгүй буюу өмчлөгчөөс хасах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий 2006 оны 354 дүгээр захирамжийг гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасанд хамаарахаар байна.
Дээрх илт хууль бус захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран өмчлөх эрх нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж заасанд нийцжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч “Нэхэмжлэгч нар хүсэлт гаргасан эсэх талаарх баримтыг цуглуулаагүй” гэж давж заалдах гомдол гаргасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Нийслэлийн Засаг даргын 354 дүгээр захирамжийн хувийн хэрэг байхгүй, олдоогүй” гэх тайлбар, нэхэмжлэгчийн “2005 онд миний бие нөхөртэйгээ өөрийн хувийн эд хөрөнгө, зардлаар тухайн газар дээр 2 давхар байшин барьсан, одоо түүндээ амьдарч байгаа” гэх тайлбар, газрын байршлын кадастрын зураг[1], тухайн үед А.А эзгүй байсан, Э.Н /9 настай/, Э.Н /4 настай/ нар насанд хүрээгүй байсан зэргээс үзвэл “хүсэлт гаргаагүй” гэх нэхэмжлэгч А.А-ийн тайлбарыг үгүйсгэхээргүй байх тул анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу цуглуулсан гэж үзэхээргүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгч “анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөлийн 2 газартай болох үр дагавар үүсч байна” гэж давж заалдах гомдол гаргах боловч маргаан бүхий захиргааны акт 2006 онд гарснаас хойш 8 жилийн дараа гарсан Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/940 дүгээр захирамжаар нэхэмжлэгч өөр байршилд газар өмчилж авсан нь энэхүү хэрэгт хамааралгүй, шүүх гагцхүү нэхэмжлэлийн хүрээнд “... 2006 онд өмчлөгчийн нэрээс хасах эрх зүйн үндэслэлгүй байхад хассан нь илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн, илт хууль бус захирамжийг зөвтгөх үндэслэл биш тул дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Энэ нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа “иргэн тус бүрт нэг удаа газар өмчлүүлэх” талаар хуульд орсон өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлэхтэй холбоотой нэхэмжлэгч нар болон эрх бүхий захиргааны байгууллагын жичид нь шийдвэрлэх асуудал байна.
Мөн “... 2006 онд болсон үйл баримтад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2021/0583 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийн 47.1.6” гэснийг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 38 дугаар зүйлийн 38.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээд *******, П.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын өмгөөлөгч Ш.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
[1] 1 хавтас 201 хуудас