Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2017/00139

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2017/00139

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 151/2016/00581/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: Төв аймгийн Лүн сумын 2 дугаар баг Өгөөмөрт оршин суух Хондого овогт Доржсүрэнгийн Одгэрэл /РД:ДО77102003/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Лүнгийн 95 тоотод оршин суух Боржигон овогт Цэндийн Наранцэцэгт /РД:НО66120565/ холбогдох,

"Зээл, зээлийн хүү 5.074.000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг 2016 оны 05 сарын 30-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Одгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, хариуцагч Ц.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “- Должинсүрэнгийн Одгэрэл би 2015 оны 10 сарын 07-ны өдрөөс 2016 оны 4 сарын 07-ны өдрийг хүртэл 3.700.000 төгрөгийг сарын 259.000 төгрөгийн хүүтэй 6 сарын хүүтэй харилцан тохиролцож Ц.Наранцэцэгт зээлүүлсэн. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар зээлсэн мөнгөө төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Ц.Наранцэцэгийн харилцан тохирч зээлж авсан мөнгө 3.700.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74150 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Гэрээ ёсоор 3.700.000 төгрөг дээр 6 сарын хүү 1.554.000 төгрөгийг нэмэхэд нийт 5.254.000 төгрөг болохоос Ц.Наранцэцэг нь 180.000 төгрөг өгсөн учир 5.074.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: - Ц.Наранцэцэг нь Д.Одгэрэлд зээл авах тухай санал тавихад урьд нь 2-3 удаа мөнгө зээлж авч байсан учраас итгэл даах хүн байна гэж бодож өгсөн. Тэгээд 2015 оны 10-р сарын 07-ны өдөр 3 700 000 төгрөгийг сарын 259 000 төгрөгийн хүүтэй зээлдүүлсэн. Тухайн мөнгийг зээлдүүлснээс хойш зээлдэгч нь 180 000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон зээлийн хүүг төлөөгүй. Тийм учраас үндсэн зээл 3 700 000 төгрөг, зээлийн хүү 1 374 000 төгрөг, нийт 5 074 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт мөнгө зээлсэн гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “- Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Наранцэцэг нь Одгэрэлээс 3 700 000 төгрөгийг хүүтэй зээлж авсан гэдэг нь нотлогдож байна гэж үзэж байна. Хариуцагч шүүх хуралдаан дээр өөрөө тайлбарлаж хэллээ. Хариуцагч нэхэмжлэгч нар нь гарын үсгэн дээр маргадаггүй. Хүү гэж хэлээд бичүүлсэн гэж ярьдаг боловч хүү юу, зээл үү гэдгийг Наранцэцэг ялгах чадвартай эрх зүйн чадвар, чадамжтай. Хариуцагчийн гаргаж өгч байгаа баримт, тайлбарууд нь зөрүүтэй хийсвэр эргэлзээтэй дүгнэлтүүдийг өгч байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан үндэслэлийг хангасан. Буцааж төлөх үүрэг үүссэн байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 5 074 000 төгрөгийг хариуцагчид гаргаж өгөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

 

Хариуцагч Ц.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “- Би Д.Одгэрэлээс 2011 оны 7-р сарын 26-ны өдөр 1 100 000 төгрөг зээлж байсан. Тэгээд хүүнд нь 1 089 000 төгрөг төлсөн. 2014 оны 11-р сарын 26-ны өдөр үндсэн зээл 1 1000 000 төгрөгийг төлсөн. Мөн 2013 оны 1-р сарын 15-ны өдөр 500 000 төгрөг зээлж. зээлийн хүүнд 400, 000 төгрөгийг төлсөн. 2014 оны 04-р сарын 06-нд зээлсэн мөнгө болон хүүнд нь нийт 3 890 000 төгрөг төлсөн. Бид хоёрын дунд зээлийн гэрээ байгаагүй. Д.Одгэрэл том дэвтэртэй. Дэвтэр дээрээсээ таны төлөөгүй хугацааны хүү чинь 3 700 000 төгрөг байна төл гэсэн. Тэгэхээр нь би үндсэн зээлээ төлсөн. Миний зээлсэн мөнгөтэйгээ адилхан хүү төлсөн байна. Тийм учраас би хүү төлөхгүй гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 10-р сарын 7-ны өдөр Д.Одгэрэл, түүний нөхөр н.Эрдэнэбаяр хоёр ажил дээр ирсэн. Нөхөр нь гадаа машинтайгаа зогсож байсан. Д.Одгэрэл намайг мөнгөө өг гэхээр нь би үндсэн зээлээ төлсөн, хүүгээ төлсөн. Одоо надад төлөх мөнгө байхгүй гэсэн. Таны төлөгдөөгүй хугацааны хүүг зээл авснаар бичлээ. Та энэ хүүгээ төл. Манай нөхөр уурлаад байна гэхээр нь би төлөхгүй гэхэд н.Эрдэнэбаяр гадаа машинтай байгаа та гарч уулз гэсэн. Машинд нь ороход н.Эрдэнэбаяр надтай юм дуугараагүй. Эрх барьчихсан маань уншаад байж байсан. Зун 7-р сард манайд ирээд зузаан дэвтэр дээрээсээ шүүж байгаад надаар төлүүлнэ гэхээр нь би төлөхгүй гэсэн. Тэгвэл чи наад гэрээгээ гаргаад ир гэрээн дээр заасан заалтын дагуу төлье гэхэд. юун гэрээ нэхээд байгаа юм бэ гэж байсан. Тэгээд ажил дээр ирчихээд энэ дээр бич гээд байсан. Ажлаа ч хийж болохгүй болохоор нь би Д.Одгэрэлээс хурдан салахын тулд дансанд байсан 30000 төгрөгөө өгсөн. Хөдөө явах гэсэн чинь бензиний мөнгө байхгүй байна. Надад хүү болгож өг гэхээр нь 30000 төгрөг өгсөн. Тэгээд тэр өдрөөс хойш Д.Одгэрэлтэй уулзалдаагүй. 2016 оны 2-р сард Д.Одгэрэл над руу залгаад таныг би шүүхэд өглөө гэхээр нь би “би өгдгөө өгсөн” чи тэгээд шүүхээр шийдүүлбэл шийдүүлнэ биз дээ гэж хэлсэн. Дараа нь 6 сард шүүхэд өгсөн байсан. Би гар дээрээ 3 700 000 төгрөг тоолоод авсан зүйл байхгүй. Д.Одгэрэл надад 3 700 000 төгрөг бэлэн тоолоод өгсөн зүйл байхгүй. Тийм учраас би төлөхгүй. Үндсэн зээлээ төлсөн. Төлөөгүй байсан хугацааны хүү төлүүлнэ гээд байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: - Ц.Наранцэцэг нь Д.Одгэрэлээс хоёр удаа хүүтэй мөнгө зээлсэн гэж тайлбарладаг. Эхний зээлийг 2011 оны 07-р сарын 01-ний өдөр 1 100 000 төгрөгийг 9%-ийн хүүтэй буюу сарын 99000 төгрөгийн хүүтэй зээлсэн. Эхний 9 сар хүүг нь төлж явж байгаад 2014 оны 11-р сарын 26-ны өдөр үндсэн 1 100 000 төгрөгөө буцааж өгсөн байдаг. 2013 оны 01-р сарын 14-нд хоёр дахь зээл болох 500 000 төгрөгийг 9%-ийн хүүтэй буюу 45000 төгрөгийн хүүтэй зээлж аваад хүүгээ өгч явж байгаад 2015 оны 4-р сарын 6-ны өдөр үндсэн зээл 500 000 төгрөгийг төлсөн. Эхний зээлсэн 1 100 000 төгрөгийг зээлээд буцааж өгөх хугацаа буюу 29 сар болж байгаа. Хоёр дахь зээл буюу 500 000 төгрөгийг зээлээд буцааж өгөх хугацаа 28 сар болж байгаа. Анх  тохирохдоо хийсэн 9%-ийн хүү буюу анхны зээлийн хүү 99000 төгрөг, хоёрдох зээлийн хүү буюу 45000 төгрөгийг  төлөөгүй хугацаагаар үржүүлээд 3 7000 000 төгрөг болгосныгоо өөрөө бэлнээр шилжүүлсэн мэтээр Ц.Наранцэцэгийн гарын үсгийг зуруулсан байдаг. Ц.Наранцэцэг хариу тайлбар дээрээ одоо хэлээд байгаагаа тогтвортой тайлбарлаж мэдүүлдэг. 2014 оны 11-р сарын орчимд Д.Одгэрэлд зээлсэн 1 100 000 төгрөгийг өгсөн гэдгээ хариу тайлбар дээрээ бичсэн. Хариу тайлбар өгсний дараа анхан шатны шүүхэд Д.Одгэрэлийн төрийн банкны дансны хуулгыг гаргуулж өгнө үү гэсний дагуу төрийн банкнаас Д.Одгэрэлийн дансанд Ц.Наранцэцэгээс 1 1000 000 төгрөг шилжүүлсэн нь харагддаг. Ийм учраас Ц.Наранцэцэг нь үндэслэлтэй, тайлбар гаргаж байгааг нотолж байна гэж үзэж байна. 3 700 000 төгрөг зээлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Шүүх хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд: 2015 оны 10 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Д.Одгэрэлийн Ц.Наранцэцэгт мөнгө зээлүүлсэн гэх баримт /хх-4/, хариуцагчийн хариу тайлбар /хх-18/, Доржсүрэнгийн Одгэрэлийн 311500057547 тоот депозит дансны хуулга /хх-30/, хариуцагч Ц.Наранцэцэгийн Д.Одгэрэлээс бичиж авсан гэх тэмдэглэл /хх-н 93-94/ зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Д.Одгэрэл нь Ц.Наранцэцэгт 2015 оны 10 сарын 07-ны өдрөөс 2016 оны 04 сарын 07-ны өдөр хүртэл 3.700.000 төгрөгийг сарын 259.000 төгрөгийн хүүтэй зээлүүлсэн, үүнээс хойш зээлсэн мөнгөө төлөхгүй байгаа тул 5.074.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Одгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин  хариуцагч Ц.Наранцэцэг нь өмнө нь 2-3 удаа Д.Одгэрэлээс мөнгө зээлж аваад өгч байсан байдаг. 2015 оны 10 сарын 7-ны өдөр Д.Одгэрэл, Ц.Наранцэцэг хоёрын хооронд 3.700.000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн нь баримтаар нотлогдож байгаа. /хх-н 4-рт/ ...гэж тайлбарлаж, хариуцагч Ц.Наранцэцэг 3.700.000 төгрөгийг би зээлээгүй, харин өмнө нь зээлсэн 1 100 000 болон 500 000 төгрөгийн төлөгдөөгүй хугацааны хүү гэж хэлж надаар гарын үсэг зуруулсан гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч Д.Одгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн 3 700 000 төгрөгийг Ц.Наранцэцэгт зээлүүлсэн гэдгийг нотлож байгаа гэх  дөрвөлжин хуудастай дэвтэрт “2015 оны 10 дугаар сарын 7-нд Цэндийн Наранцэцэг 3 700 000 төгрөгийг сарын 259 000 төгрөгийн хүүтэй 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлдэж авав. Мөнгө авсан Ц.Наранцэцэг ...” гэж бичжээ.

Нэхэмжлэгч нь Ц.Наранцэцэгийн гарын үсэгтэй мөнгө авсан тухай тэмдэглэлээр Ц.Наранцэцэг нь мөнгө зээлсэн нь нотлогдож байгаа  /хх-н 4/ гэж, харин хариуцагч Ц.Наранцэцэг 3 700 000  төгрөгийг зээлээгүй, өмнө нь зээлсэн мөнгөний хүү гэж 3 700 000 төгрөг нэхээд ажил дээр ирчихээд ажил хийлгэхгүй болохоор нь салахын тулд гарын үсэг зурсан, тэр өгсөн 180 000 төгрөг бол зээл төлсөн мөнгө биш хүү төл гээд нэхээд байсан болохоор өгсөн гэж тус тус тайлбарлаж байна.

Хариуцагч Ц.Наранцэцэг нь  гарын үсэг зурсан  тухайд  маргаагүй  бөгөөд харин 3 700 000 төгрөг зээлээгүй талаар маргаж байх ба нэхэмжлэгч Д.Одгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин хаана, хэзээ, ямар байдлаар /тухайлбал бэлнээр, дансаар эсхүл өөр байдлаар/ Ц.Наранцэцэг 3 700 000  төгрөгийг шилжүүлсэн талаараа тодорхой баримт заан нотлоогүй бөгөөд Д.Одгэрэл нь дээрхи мөнгийг Ц.Наранцэцэгт шилжүүлсэн гэдэг нь баримтаар бүрэн дүүрэн нотлогдсонгүй. 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан байна.

Дээрхи нөхцөл байдлаас дүгнэхэд Д.Одгэрэл, Ц.Наранцэцэг хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. 

Иймээс нэхэмжлэгч Д.Одгэрэлийн гаргасан хариуцагч Ц.Наранцэцэгээс зээл, зээлийн хүү 5.074.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 281.2, 282.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Одгэрэлийн зээл, зээлийн хүү болох 5.074.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шийдвэрийг зохигч тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.МӨНХЦЭЦЭГ