Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 223/МА2016/00012

 

Л.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийншүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сар 19-ны өдрийн 151/ШШ2016/00781 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох

Ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ амь нас хохирсны буцалтгүй тусламж болох 16.985.304 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Отгонсүрэн,

Хариуцагч Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Алтантуул, түүний өмгөөлөгч С.Сувдмаа,

нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Отгонсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний нөхөр Г.Хишигжаргал нь Төв аймгийн Эрүүл мэндийн салбарт жолоочоор 34 жил ажиллаж байгаад 2015 оны 1 сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн газрын даргын үйлчилгээнд явж байгаад Улаанбаатар хотод ажил үйлчилгээ хийж байгаа тэндээ цус харвасан. Тэр өдөр Ч.Алтантуул дарга над руу орой 6 цагийн үед залгаад талийгаачийг утсаа авахгүй байна, гэртээ харьчихсан юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би хотод хүргэнийд байна гэж өдөр ярьж байсан. Гэртээ ирээгүй, би хүүхдүүд рүүгээ залгаж асуугаад эргээд залгая гэсэн. Тэгээд охин руу гаа яриад аав чинь утсаа авахгүй байна. Дарга нь над руу залгаж асууж байна. Чи гэртээ ороод байна уу мэдээлэх гэсэн.

Удаа ч үгүй манай охин залгаад харавсан байдалтай 00-н үүдэнд хэвтэж байна гэхээр нь би хөдөлгөж болохгүй түргэн дуудаарай гэсэн. Тэгээд Ч.Алтантуул дарга руу эргэж утасдаж хэлэхэд Ч.Алтантуул дарга манай хүүгийнд очсон гэсэн. Тэгээд 3 дугаар эмнэлгийн сэхээний тасагт 10 гаран хоног хэвтэж эмчилгээ хийлгээд, аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт бас 10 гаран хоног хэвтэж байгаад нас барсан. Ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ нас барсан учраас тэтгэмж гаргуулахаар нэхэмжилж байна. Ажил явдал дууссанаас нь хойш өөрсдөө ирээд шууд түлхүүрийг нь авъя гээд авч чадахгүй байгаа байх гээд 7, 8 хоногийн дараа би түлхүүрийг нь ажил дээр нь аваачиж өгсөн.

Тэгээд Ч.Алтантуул даргатай ярилцаж байхад ажил үүргээ гүйцэтгэж явсан нь үнэн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгнө гэж хэлсэн өөрсдөө бүтээж өгнө гэж байсан. Тэгээд бүтээж өгөхийг нь хараад хүлээгээд байхад бүтээж өгөхгүй байгаа. Эхэндээ ч би очиж уулзаад уйлаад сууж байгаад л явдаг байсан. Эрүүл мэнд спортын яам руу бичиг хийж өгсөн. Тэр бичгийг нь аваад би Эрүүл мэнд спортын яам руу явсан. Тэр бичгийнх нь хариу дотооддоо шийд гэж ирсэн. Сүүлдээ очиж уулзах гэхээр хуралтай, гадуур ажилтай гээд хүлээж авдаггүй, утсаа ч авдаггүй болсон. Би ямар материал хэрэгтэй вэ гээд боловсон хүчин нягтлан хоёроос нь асууж байгаад аваачиж өгсөн. Та битгий хөөцөлд гэсэн. Тэгээд нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга дээр ч орсон. Болох юм байна шийдэж өгнө л гэж байсан. Шийдэгдэхгүй удаад байхаар нь би Аймгийн засаг даргад хүсэлт өгөхөд хурлаар авч хэлэлцээд хугацаа алдсан байна. Энэ бол Ч.Алтантуул даргын буруугаас болж хугацаа алдсан юм байна.

Та шүүхийн байгууллагаар шийдүүл гэж комиссын хүмүүс хэлсэн. Тэгээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бүх баримт хэрэгт байгаа учраас дэлгэрэнгүй ярих шаардлагагүй байх. Би тэр мөнгийг нь аваад хувьдаа хэрэглэх гээгүй би тэр мөнгөөр нь нэгдсэн эмнэлгийн сэхээний тасгийн орыг засуулж, буяны үйлд зарцуулах бодолтой байгаа. Эрүүл мэндийн газраас 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 16.983.304 төгрөгийг гаргуулж өгнө үү. Насаараа энэ байгууллагад ажилласан. Ажлын ачааллаас болж цусны даралт ихсэх өвчтэй болсон. Сүүлийн хэдэн жил даргын жолоочоор ажилласан. 1985 онд Заамар суманд дуудлагаар явж байх үедээ дугуйгаа нөхөж байхад нь мотоцикль ирж мөргөөд түнхний өвчтэй болсон тэрнээсээ болж 2014 онд түнхний үеийн хагалгаанд орсон. Үе үеийн дарга нартай ажиллаж байхдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ажил үүргээ гүйцэтгэж явсан учраас энэ тэтгэмжийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Алтантуул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач нь манай Эрүүл мэндийн газрын жолооч. Эрүүл мэндийн салбарт 33 жил ажилласан. 2013 оноос намайг энэ ажлыг авахад жолоочоор ажиллаж байсан. 2015 оны 1 сарын 27-ны өдөр Эрүүл мэнд спортын яаман дээр өглөө 8 цаг 30 минутанд бэлэн байх ёстой гэсэн чиглэл авсан байсан учраас өглөө 7 цаг 40 минут гээд эрт гарсан. Аймгаас очоод Эрүүл мэнд спортын яаман дээр өдөржин байх учраас та явж бай би дуусаад таны утас руу утасдая гэсэн. Орой нь 6 цаг гээд нилээн олон утасдахад утасаа авахгүй байсан. Та явж бай гэхээр гэрлүүгээ явчихсан юм болов уу гээд гайхаадЛ.Отгонсүрэн эгч рүү утсаар залгаад Жолооч маань утсаа авахгүй байна. Харьчихсан юм уу, өглөө явж бай гээд хэлчихсэн юм гэхэд үгүй ирээгүй байна. Би хүүхдүүд рүүгээ утсаар яриад эргээд залгая гэсэн. Хүүхдүүд рүүгээ залгасан чинь гэртээ харавчихсан байна гэж Л.Отгонсүрэн эгч буцаад над руу залгасан. Тэгээд би хүүхдийнх нь гэрийн хаягийг аваад Эрүүл мэнд спортын яаман дээрээс Төмөр зам руу очсон. Намайг очиход харвасан байдалтай байсан. Хүүхдүүд нь түргэн дуудсан байсан. Би өөрөө сэхээний эмч байсан. Хүүхэд нь гэмтлийн эмч. Хүүхэд нь гэмтлийн эмнэлэг явъя гэхээр нь би харвалт өгсөн байна шууд 3 дугаар эмнэлэг явъя гээд 3 дугаар эмнэлэг рүү явсан. Очих замдаа манай жолооч харвачихсан байна гээд ярьсан. Хүлээн авах тасгаар дамжиж истори нээлгээгүй, шууд компьютер хийлгээд тэгээд харвалт, сэхээний тасагт 10 гаруй хоног эмчлэгдээд аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт шилжин хэвтсэн. Нийтдээ 28 хоног эмчлэгдээд цус харвалт оношоор нас барсан.

36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгох талаар хөөцөлдөж өгнө гэж хэлсэн. Эрүүл мэнд спортын яаманд бичгийг нь аваад би явсан гэж хэлж байна. Бид нар албан бичгийг хувь хүнээр дамжуулдаггүй. Эрүүл мэнд спортын яамны сайд Шийлэгдамба байсан. Тэр сайдад намын журмаар таньдаг. Намын журмаар би очиж уулзаж хурдан бүтээх боломжтой байна гэхээр нь өгөөд явуулсан. Сайд дотооддоо шийд гэсэн хариу ирүүлсэн. Сайдын ирүүлсэн бичгийг төрийн сан болон аудитад танилцуулахад, тэтгэмж олгох боломжгүй, сайдын зөвхөн бичиг л байна. Санхүүжилт дээр 16 сая төгрөгийг нэмэлтээр суулгаж өгөөгүй байна гэсэн. Хэрвээ санхүүжилт ирүүлсэн бол олгох боломжтой зөвхөн дотооддоо шийд гэсэн болохоор төрийн сангаас мөнгө гаргах боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Төрийн сан болон мэргэжлийн хяналтын байгууллагуудад тухайн үед нь хандаж байсан. Манай байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч нар бүгдээрээ энэ асуудлыг шийдвэрлэхээр хөөцөлдөж байсан. Яаг тэр үеэр манай байгууллагад мэргэжлийн хяналтын газрынхөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний шалгалт 4 сард ирсэн байсан. н.Цэцэг-Эрдэнэ,н.Түмэндэмбэрэл байцаагч нар ажиллаж байсан.

Тэдгээр хүмүүсээс болсон үйл явц, бичиг баримтуудаа харуулж асуухад үйлдвэрлэлийн осол гэж үзэх боломжгүй байна. Учир нь нас барсан шалтгаан нь цус харвалтын хүнд хэлбэрээр тухайн өдрөө биш 28 хоногийн дараа нас барсан байна гэсэн хариунуудыг өгч байсан. Гэсэн хэдий ч бид нар 7 сард ирэх оны төсвийн төслөө яаманд өгөхдөө өгсөн. 10 сард ахиж хүсэлт бичиж өгсөн. Аль ч шатандаа шийдвэрлэхболомжгүй гэсэн хариу өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх, шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж байна. Нас барсны оршуулгын зардалд 1 сая төгрөгийг 12 сард 2015 онд төсөв хэмнэсэн зардлаасаа гаргаж өгсөн гэжээ.

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4 дэххэсэгт зааснаар талийгаач Д.Хишигжаргалын хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт 16.985.304 төгрөгийг Төв аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулан нэхэмжлэгч Л.Отгонсүрэнд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.877 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 242.877 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

Энэхүү шийдвэр нь уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Эрүүл мэндийн газрын дарга Ч.Алтантуул давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.4 дэх хэсэгт зааснаар талийгаач Д.Хишигжаргалын хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас түүнд учирсан хохирлын нөхөн төлбөрт 16.985.304 төгрөгийг Төв аймгийн эрүүл мэндийн газраас гаргуулан нэхэмжлэгч Отгонсүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл ХХ-ийн 128.1.4 дэх заалт нь ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэлийг шүүхээр авч шийдвэрлэх үндэслэл болохоос 16.985.304 төгрөгийг нөхөн төлөхөд удирдлага болгох заалт биш гэж үзэж байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг ямар хуулийн ямар заалт үндэслэн буцалтгүй тусламжийн мөнгө нь ямар үндэслэлээр 16.985.304 төгрөг болж байгаа шаардлагыг тодруулалгүйгээр шууд нэхэмжилсэн мөнгийг нь гаргасанд гомдолтой байна. /Тухайлбал хөдөлмөрийн хуулийн чухам ямар заалтаар/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд маргааны талаар гомдол гаргах хугацаа гээд 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3-н сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргана гэж гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нарийн зааж өгсөн байна. Нэхэмжлэгч анх өргөдлөө дээд шатны зохих байгууллагад нь хэдэн сарын хэдний өдөр гаргасан. Энэ нь хэдэн хоног сар үргэлжилсэн зэрэг нь хавтас хэргээс тодорхой харагддаггүй мөн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн түүнийг сэргээх тухай шүүхэд огт хүсэлт гаргаагүй байхад шүүхээс энэ тал дээр ямар ч дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан нь, Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой түүнээс үүдэлтэй үр дагавартай маргаан байх ба энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн заалтын дагуу урган гарч ирнэ. Гэтэл хөдөлмөрийн хуулийн удирдлага болгоод байгаа заалт буюу Хөдөлмөрийн хуулийн 97.2 дахь заалтаа нэхэмжлэл гаргасан гэж ойлгогдож байна. Тэгвэл дээрх хуулийн заалтаар Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлөх гээд 97.1.2-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа гэж заажээ. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Үйлдвэрлэлийн осол гэж даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг хэлнэ. Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэж даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан өвчилснийг хэлнэ гэж заасан байна.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар талийгаач нь Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан гэдгийн хөндлөнгийн ямар нэгэн байгууллагаас албан ёсоор тогтоогдоогүй, харин хавтас хэргээс цугларсан нотлох баримтуудаас талийгч нь ажил үүргээ гүйцэтгэж яваад газар дээрээ шууд нас бараагүй өөрийн суурь өвчний хүндрэлийн улмаас эмнэлэгт 28 хоног эмчлэгдэж байгаад нас барсан, цус харвах үедээ ажлынхаа байранд харваагүй өөрийнхөө хүүхдийн гэрт өглөөний 9 цагаас хойш амарч байсан, хавтаст хэрэгт шинжээчээр анх дүгнэлт гаргасан Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Н.Цэцэг-Эрдэнийн дүгнэлтээр албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан шалтгаан нь ажилтны өөрт нь байсан суурь өвчнөөс шалтгаалаагүй тохиолдолд үйлдвэрлэлийн осолд тооцогдоно, Мөн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтээр талийгаач Д.Хишигжаргал нь артерийн даралт ихсэх өвчин 3-р зэрэг таргалалтын 2-р зэрэг бүхий өвчтэй зүүн түнхний үе хиймэл үеэр солиулсан эмгэг өөрчлөлттэй байжээ гэсэн дүгнэлт, Мөн талийгаачийн хавтаст хэрэгт өгсөн хх-143, хх-203, хх-215, хх-224, хх-235 зэрэг 5 удаагийн өвчний түүхээс харахад тэрээр 2012 оноос эхлэн артерийн даралт ихсэх өвчин зэрэг өвчнүүдээр 4-5 удаа нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, мөн 2014 онд хөдөлмөрийн чадвар 60%-ийн алдагдалд орж 12 сараар группд орж байсан зэрэг өөрийн нь суурь өвчний талаарх хангалттай нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудад ач холбогдол өгч энэ талаар дүгнэлт хийлгүй, маргалдагч талуудын нэг талыг хэт их буруутгасан дүгнэлт хийж түүнд ашигтай шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Тэтгэмжийн хувьд дээд газартаа хүсэлт гаргаж хандсан дотооддоо шийд гэсэн хариу өгсөн. Сайдаас ирсэн хариуг нь Төв аймгийн төрийн сан болон аудитын байгууллагуудад өөрийн биеэр очиж уулзаж танилцуулахад тэтгэмж олгох боломжгүй, сайдын зөвхөн бичиг л байна. Санхүүжилт дээр 16 сая төгрөгийг нэмэлтээр суулгаж өгөөгүй байна гэсэн. Хэрвээ нэмэлт санхүүжилт ирсэн бол олгох боломжтой гэсэн би асуудлыг шийдвэрлэх гарц заалт байна гэж хөөцөлдсөн. Надад дур мэдэн хуулиас гадуур ямар нэгэн шийдвэргүйгээр их хэмжээний мөнгийг дураараа гаргах эрх байхгүй. Хэрвээ хууль бусаар олговол дараа нь надад төлбөр тавигдана. Мөн тухайн үед манай байгууллагад Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх шалгалтын хүмүүс манай ажлыг шалгахаар ирсэн байсан. Манай байгууллага дээр МХ-ын улсын байцаагч Н.Цэцэг-Эрдэнэ, Түмэндэмбэрэл нар ажиллаж байсан.

Тэдгээр хүмүүсээс би болсон үйл явц, бичиг баримтуулыг харуулж зөвлөгөө авч асуухад уг байцаагч нар үйлдвэрлэлийн осол гэж үзэх боломжгүй байна. Учир нь нас барсан шалтгаан нь цус харвалтын хүнд хэлбэрээр тухайн өдрөө биш 28 хоногийн дараа нас барсан байна гэсэн хариултуудыг өгч байсан тул Үйлдвэрлэлийн ослоор бүртгэн авч дүгнэлт гаргуулаагүй юм. Энэ талаар би шүүх хурал дээр ч хэлж тэмдэглүүлж байсан.

 

Мөн манай байгууллагаас ирэх оны төслөө яаманд өгөхдөө өгсөн. 10 сард ч дахин хүсэлт өгч яаманд хандсан. Гэтэл аль ч шатанд манай байгууллага тэтгэмж өгөх боломжгүй гэсэн хариу өгч байсан байхад зөвхөн намайг л өгөх ёстой зүйлийг өгөөгүй гэж гомдол гаргаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Би өгөх заалт хувилбар юу байна гэдэг талаас нь хөөцөлдсөн. Харин бид байгууллагаасаа дотоод журамд заасны дагуу буцалтгүй тусламж болгож оршуулгын зардалд 1 сая төгрөг хэмнэсэн зардлаасаа гаргаж өгсөн. Төв аймгийн Засаг дарга тоот, Ажлын хэсгийн итгэх хуудас нь тухайн нас барсан шалтгааныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан гэдэг нь тогтоогдсон тохиолдолд хэрэгжих ёстой гэж үзэж байна. Энэ үндэслэлээр талийгчийн үхлийн шалтгнааныг үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчин гэж үзэж бүртгэх, акт тогтоох шаардлагагүй гэж үзсэн. Хэрвээ тус байгууллагад үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчин гэж үзсэн тохиолдолд бид зохих хууль дүрмийн дагуу ажиллах ёстой.

Нэгэнт талийгаачийн нас барсан шалтгаан нь тодорхой байсаар байхад шүүхээс намайг хууль зөрчин үүргээ биелүүлээгүй гэж дүгнэлт өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талийгаач нь өөрийн олон жил өвдсөн суурь өвчний хүндрэлийн улмаас нас барсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2 үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан ажилтан шэж үзэх түүний ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр гаргах хууль зүйн үндэслэл талийгаачийн үхэл дээрх хуулийн заалтуудтай уялдаагүй гэж үзэж байгаа тул Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.7.19-ны өдрийн 151/ШШ2016/00781 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Отгонсүрэн нь өөрийн нөхөр Д.Хишигжаргалыг ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан үндэслэлээр Төв аймгийн Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журамд заасан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн бол хариуцагч тал болох Эрүүл мэндийн газар / түүнийг төлөөлсөн дарга Ч.Алтантуул/ нь Хөдөлмөрийн дотоод журамд заагдсан мөнгийг олгох гэтэл мөнгө байхгүй тул олгох боломжгүй гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4-д зааснаар талийгаач Д.Хишигжаргалыг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад эрүүл мэнд нь хохирсны төлбөрт 16.985.304 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Отгонсүрэнд олгож шийдвэрлэжээ.

Шүүхийн энэхүү шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалджээ.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг баримтлан гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв оновчтой сонгон хэрэглээгүй байгааг зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахын зэрэгцээ хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдаагүй зарим харилцааг Хөдөлмөрийн хуульд нийцсэн дотоод журмаар зохицуулдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар хөдөлмөрийн дотоод журмыг ажилтны төлөөлөгчдийн саналыг үндэслэн ажил олгогч баталдаг бөгөөд энэхүү дотоод журамдаа хөдөлмөрийн зохион байгуулалт, тухайлбал: хөдөлмөрийн нөхцөл, ажлын цаг, ажлын байранд баримтлах журам, ажилтны ажиллах нөхцөл, цалин хөлс, нийгмийн баталгаа, тусламж, тэтгэмж, аюулгүй байдлыг хангасан баталгаа, цалин хөлс, нэмэгдэл урамшуулал зэргийг тусган оруулж, баталж мөрдүүлдэг байна.

Ажил олгогч болох Төв аймгийн Эрүүл мэндийн газар нь Хөдөлмөрийн хуулийн заалт шаардлагад хөдөлмөрийн дотоод журмыг батлан мөрдүүлсэн бөгөөд энэхүү дотоод журмын 7.3.11-д зааснаар албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан ажилтны ар гэрт 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох тухай заалт оруулжээ.

Ажилтны эрх ашгийг дээрдүүлж, хамгаалсан дээрх заалтыг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийг хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтанд үндэслэн гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журам дахь заалтыг үндэслэн гаргасан нэхэмжлэлийн энэ шаардлага хуульд нийцүүлсэн үндэслэл бүхий шаардлага байна гэж шүүх үзсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 9дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар иргэний эрхийг хамгаалах нэг арга нь хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх арга бөгөөд ажил олгогч болох Төв аймгийн Эрүүл мэндийн газар нь хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ заавал биелүүлэх үүрэгтэй болохыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д тодорхойлжээ.

Дээрх үүргээ биелүүлэх талаар тавьсан нэхэмжлэлийг хангасан нь зүйтэй бөгөөд хуулийн зүйл заалтыг оновчтой зөв хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 130 дугаар зүйлийн 130.2 дахь заалтыг хэрэглэн өөрчлөлт оруулахаар тогтов.

Хариуцагчийн давж заалдах гомдолдоо дурьдсан Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Л.Отгонсүрэн нь ажилтны ар гэр болохоос ажилтан биш учир Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад хамаарахгүй юм.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан ажилтанд олгох төлбөр гэж хариуцагч тал маргаж байх боловч дээрх асуудал хуульд заасан журмын дагуу тогтоогдоогүй, ажил олгогч Төв аймгийн Эрүүл мэндийн газар нь энэ талаархи хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байжээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 151/ШШ2016/00781 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4... гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 130 дугаар зүйлийн 130.2... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Хариуцагчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 242.877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Ш.ТӨМӨРБААТАР