Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 912

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                                                                                                                   

                                                                     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 У.Ө-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                          

прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч У.Ө-ын өмгөөлөгч И.Хонгор,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Ө-ын өмгөөлөгч И.Хонгорын гаргасан давж заалдах гомдлоор У.Ө-т холбогдох 1705000000111 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

У.Ө, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн хх дүгээр хороо, Бага дарь эхийн хх дүгээр гудамжны хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

У.Ө- нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 11-24б тоот иргэн Я.Б-ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч “Пуна” загварын 46 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: У.Ө-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Ө-ыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар У.Ө-ыг 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.Ө-т оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ө-ын урьд цагдан хоригдсон 14 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч У.Ө-ын өмгөөлөгч И.Хонгор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдалтай. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлт, улсын яллагчаас оногдуулсан ял шийтгэлийг харгалзан үзээгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн зохицуулалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмаар” шийдвэрлэгдэх хэрэгт хэрэглэх хууль зүйн ойлголт гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн зохицуулалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт хянан шийдвэрлэх боломжтой ойлголт юм. У.Ө- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн гэмт үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа ба бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс У.Ө-т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.      

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх У.Ө-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 

У.Ө- нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 11-24б тоот иргэн Я.Батсүхийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч “Пуна” загварын 46 инчийн зурагтыг хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Я.Б-ийн “...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд төмөр цоожны цүү нь мултарсан, хаалга онгорхой байхаар нь дотогшоо ороод эд зүйлээ харахад зурагтны тавиур дээр байсан “Пуна” загварын 46 инчийн зурагт байхгүй байхаар нь цагдаад хандсан...” /хх-ийн 11-12 тал/,

гэрч Т.Баатарцогтын “...Далан дагаж яваад нэг айлд очоод цэнхэр малгайтай залуу нь буугаад 3-4 минут орчим болж байгаад буцаад зурагт бариад ирсэн, за явна ахаа гээд хөдөлсөн...” /хх-ийн 15 тал/,

гэрч Б.Мөнх-Эрдэнийн “...Өсөхбаяр ах хойшоо явчихаад ирье гэж хэлээд такси бариад Энхбаярын замаар хойшоо өгсөж явсан. Цаашаа нилээн явж байгаад айлын хашааны урд таксигаа зогсоогоод тэр хашаа руу ороод 1-2 минут болоод гарч ирсэн. Гарч ирэхдээ бүтээлгээр ороосон зурагт аваад ирсэн. Таксигаар доошоо уруудаж байх үедээ Өсөхбаяр ахаас юу юм гэж асуухад авчихсан юм гэж хэлсэн...” /хх-ийн 17 тал/,

гэрч Н.Бат-Оршихын “...Намайг усны худаг дээр очиход У.Ө- бичиг баримтаараа энэ зурагтыг тавиад өгөөч гэж хэлсэн. Өсөхбаяр надад миний өөрийн зурагт байгаа юм, чи бичиг баримтаараа тавиад өгөөч гэж хэлж байсан...” /хх-ийн 18 тал/,

шүүгдэгч У.Ө-ын “...Тэр гэрийн цоожийг нь оролдож үзсэн чинь цүү нь эргээд хаалга нь онгойсон. Тэгэхээр нь гэрт ороод хойморт байсан том хэмжээтэй, “Пуна” загварын нимгэн зурагтыг удирдлагатай нь авч гараад хажуу талын хоосон хашаанд оруулж тавиад Мөнх-Эрдэнэ түрүүлээд явчихсан болохоор ардаас нь очоод такси барьсан. Тэр такситай нөгөө зурагтаа үлдээсэн хашаанд очоод авсан...” /хх-ийн 25-26 тал/ гэх мэдүүлгүүд,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 тал/,

эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8-9 тал/,

“2017 оны 7 дугаар сард худалдан авсан 46 инчийн Пуна брэндийн LCD зурагт -комиссын үнэлгээ 1,200,000 төгрөг” гэх Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 44 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

У.Ө-ын бусдын гэрт эзэнгүй байхад нь хаалганых нь цоожийг эвдлэн нэвтэрч “Пуна” загварын 46 инчийн 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ...хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

У.Ө-ын үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн У.Ө-т анхан шатны шүүхийн оногдуулсан 2 жилийн хорих ял нь тухайн хэсэгт заасан ялын хэмжээний дотор байхаас гадна шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруу зэрэгт тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгорын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэж ялыг багасгаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Ө-ын өмгөөлөгч И.Хонгорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ