Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0635

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 захиргааны хэргийн тухай

                                                                                                                             

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Х, Д.Ч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “В” ХХК-ийн “Төв аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Х, Д.Ч нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14201204069 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хангаж, Төв аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Х, Д.Ч нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14201204069 тоот нөхөн ногдуулалтын актыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаатай түдгэлзүүлж”

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар татварын улсын байцаагч нар тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14201204069 тоот нөхөн ногдуулалтын акт хүчингүй болохыг мэдэгдэж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Х давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Х, Д.Ч нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14201204069 тоот нөхөн ногдуулалтын актаар “В” ХХК-д 21,850,741.66 төгрөгийн нөхөн татвар, 4,367,161.20 төгрөгийн торгууль, 2,274,517.16 төгрөгийн алданги ногдуулсныг хүчингүй болгосон нь дараах хууль зүйн үндэслэлгүй шийдвэр байна.

1. Авилгатай тэмцэх газрын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06/5432 дугаар албан бичгийн дагуу “В” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гэрээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримтуудад үндэслэн хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт материал гаргаж өгөөгүй, хариуцагч миний тайлбарт хариу тайлбар гаргаж өгөөгүй атлаа шүүх хурал эхлэхийн өмнө хариу тайлбар гаргаж өгсөн. Шүүгч тухайн тайлбартай танилцах нэг цагийн хугацаа гаргаж өгөөд шүүх хурлаа эхэлж хариу тайлбарт холбоотой нэмэлт нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34.4-т “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй” гэсэн заалтуудыг зөрчсөн. Анхан шатны шүүх “В” ХХК-ийн тайлбарыг үндэслэн улсын байцаагчийн нөхөн ногдуулалтыг актыг бүхэлд хүчингүй болгосон нь нотлох баримтыг буруу үнэлж хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа “банкны гүйлгээн дэх 15 ширхэг 105,021,000.00 төгрөгийн орлого давхардсан, тухайлбал Хаан банканд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 5,476,000 төгрөг, Төрийн банканд мөн өдөр 5,476,000 төгрөг ижил дүнгээр бэлнээр орлого хийсэн байгаагаа нэг орлого тул тухайн орлогод давхардуулж татвар ногдуулсан” гэсэн байна. Тухайн татвар төлөгчийн үйлдлийг нэг бүрчлэн харвал нэг банканд орлогоо бэлнээр тушаагаад тухайн орлогоо өөрийн хувийн данс уруу шилжүүлээд хувийн данснаасаа бэлнээр гаргаж аваад өөр банканд очоод бэлнээр тушаадаг цаг хугацаа болон олон дараалалтай үйлдэл харагдаж байна. Энэ үйлдлийг нэг банкны данснаас нөгөө банкны данс руу нэг үйлдлээр шилжүүлж болох байтал олон дараалал хийдэг мэт үндэслэлгүйгээр худлаа тайлбарлаж байгаа нь илт байна.

3. “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь “орлого давхардуулан татвар ногдуулсан” гэх тайлбараа татварын хяналт шалгалтын явцад гаргаж тавиагүй, мөн Татварын маргаан таслах зөвлөл дээр ч энэ тайлбараа гаргаж өгөөгүй мөртлөө шүүх хурал эхлэхийн өмнө гаргаж өгч байгаа нь нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох гэсэн арга заль юм.

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр томилолт үүсэж хяналт шалгалтын ажил эхлээд 12 дугаар сарын 23-ны өдөр шалгалтаар илэрсэн борлуулалтын орлого 623,088,023.64 төгрөг болохыг танилцуулахад маргааш нь танилцуулсан зөрчлөөс ч илүү дүнгээр буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2020 он 4 улирал, Нэмэгдсэн өртгийн албан татварын 12 сарын тайлангуудыг засаж жилийн борлуулалтын орлогыг 784,845,554.00 төгрөг болгон зассан зэргээс харахад тухайн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн мэт харагдаж байна. Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй” гэж заасны дагуу засварласан тайланг буцаан залруулсан.

4. Нэхэмжлэгчийн хоёр өөр банканд ижил дүнтэй орлого тушаагаад тухайн орлогыг өөрийн хувийн дансанд шилжүүлээд хувийн данснаасаа хэрхэн зарцуулахаас хоёр өөр тусдаа орлого гэдгийг харж болно. Мөн тухайн хоёр орлогыг тушаасан банкны байршил, орлого тушаасан цаг, минут, ямар хүнээр орлого тушаалгасан зэрэг банкны дэлгэрэнгүй баримтуудаас нотлох боломжтой байна.

Иймээс хариуцагчийн нотлох баримт шинээр гаргаж хариу тайлбар гаргах бүрэн эрхийг эдлүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “В” ХХК “Төв аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Х, Д.Ч нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14201204069 дүгээр “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Маргаан бүхий 14201204069 дүгээр актаар “В” ХХК нь 2019 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 208,108,023.72 төгрөгийн борлуулалтын орлого дутуу тайлагнаж татвар ногдуулах орлогыг 8,381,173.14 төгрөгөөр борлуулсан, 2019 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 210,126,243.53 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогыг дутуу тусгаж татвар ногдуулах орлогыг буруулсан зэрэг зөрчил гаргасан, Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж үзээд татварын хяналт шалгалтаар нийт 418,234,267.25 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3-т заасныг үндэслэн 21,850,741.66 төгрөгийн нөхөн татвар, 4,367,161.2 төгрөгийн торгууль, 2,274,517.16 төгрөгийн алданги, нийт 28,492,420.02 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

Нэхэмжлэгчээс “... маргаан бүхий актыг түр түдгэлзүүлээд тооцооллыг дахин зөв байдлаар хийлгэх саналтай байна, тодорхой хэмжээний орлогыг дутуу тайлагнасан байхыг үгүйсгэхгүй, давхар бичилт хийсэн зүйл байгаа” гэж тайлбарлан актаар ногдуулсан үнийн дүн, тооцооллын тухайд маргасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт  зааснаар хариуцагч зөрчилд холбогдогчийн тайлбар, мэдүүлгийг авч, “В” ХХК-ийг орлогоо дутуу мэдүүлсэн зөрчил гаргасантай холбоотой бүхий л баримтыг цуглуулж, зөрчил гаргасан болох нь хөдөлшгүй баримтаар баттай тогтоогдсон тохиолдолд шийтгэл ногдуулахаар байна.  

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани нь дээр дурдсан зөрчлийг гаргасан болох нь бүрэн гүйцэд нотлогдохгүй боловч нэхэмжлэгчээс 14201204069 дүгээр нөхөн ногдуулалтын актыг түр түдгэлзүүлээд тооцооллыг дахин зөв байдлаар хийлгэх саналтай байгаагаа илэрхийлж, тодорхой хэмжээний орлогыг дутуу тайлагнасан, давхар бичилт хийсэн гэдгээ үгүйсгээгүй, мөн хариуцагчаас анхан шатны шүүх хуралдаанд “...давхцаж байна гэж байгаа мөнгөн дүнг нотлуулахаар нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаж өгч болно...” гэх тайлбарыг хийсэн байна.  

Иймд  анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг баримтлан маргаан бүхий 14201204069 дүгээр “Нөхөн ногдуулалтын акт”-ыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн  нь холбогдох хуульд нийцсэн байна.

Хариуцагчаас “Тус компанийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны Хаан банканд төгрөгийн 5756059414, Төрийн банканд төгрөгийн ***, Хас банканд төгрөгийн *** тоот харилцах дансны мэдээллийг холбогдох банкнуудаас гаргуулан авч шалгалт хийхэд 210,126,243.53 төгрөгийн борлуулалтын орлогыг санхүү, татварын тайланд тусгаагүй зөрчил илэрсэн нь харилцах дансны хуулгаар нотлогдоно...” гэж тайлбарласан. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Төрийн банк болон Хаан банканд нэг өдөр орсон орлого, зарлагын дүн ижил байгаа бөгөөд үүнийг хариуцагч Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч шалгаж судлаагүй, тодруулбал, нэхэмжлэгч компанийн харилцах данс, кассын тайлан болон иргэн Ц.Э-гийн хувийн харилцах данс, холбогдох санхүүгийн баримтыг нарийвчлан судалж, харьцуулан дүгнэх шаардлагатай байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан даруйд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ тодорхой тайлбарлаж, маргаан бүхий актыг гаргахад үндэслэл болсон бүхий л баримтуудыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан тайлбартай холбоотойгоор нэмэлт нотлох баримт гаргаж өгөх талаар хүсэлт гаргаагүй, хуульд заасан энэ эрхээ эдлээгүй атлаа “... Шүүгч тухайн тайлбартай танилцах нэг цагийн хугацаа гаргаж өгөөд шүүх хурлаа эхэлж хариу тайлбарт холбоотой нэмэлт нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй, ... манай талаас нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг хангаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн гаргасан” гэх агуулгаар гомдол гаргасан нь үндэслэлгүй.

Шүүх хариуцагч зөрчлийг шалгаж тогтоохдоо ямар баримтыг хэрхэн цуглуулсан, уг баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэн акт гаргасан, ийнхүү гаргасан акт нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх, хариуцагч тухайн актыг гаргахдаа зөрчлийг хангалттай нотолсон эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх тул “хэргийг анхан шатны шүүхэд буцаавал нотлох баримтаа гаргаж өгөөд хэргийг шийдвэрлэх боломжтой” гэх гомдлоор хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй.

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж маргаан бүхий 14201204069 дүгээр актыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Х-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 

               ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

               ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН