Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 4

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Б.Д, Ж.Б нарын өмгөөлөгч Г.Б,

Шүүгдэгч Б.Дгийн хууль ёсны төлөөлөгч Г.М,

Шүүгдэгч Ж.Бын хууль ёсны төлөөлөгч Г.Ж,

Шүүгдэгч Ц.Э,

Гэрч С.П

Өсвөр насны шүүгдэгч Б.Д, Ж.Б,

Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 1924000570031 холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт-1:  улсын иргэн,  төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Ц.Э,

Биеийн байцаалт-2:  улсын иргэн,  төрсөн, 17 настай, халх, бүрэн бус дунд боловсролтой, , ам бүл-7, аав, ээж дүү нарын хамт  багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ж.Б,

Биеийн байцаалт-3:  улсын иргэн,  суманд төрсөн, 15 настай, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, ээж, аав, дүү нарын хамт  оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Б.Д,

Шүүгдэгч Ц.Э, Б.Д, Ж.Б нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож 2019 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 22 цагийн орчим Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Тэх хорооллын 14-06 тоотод байрлах иргэн Ш. эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, биет 50,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 210,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Э, Б.Д, Ж.Б нар  нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 22 цагийн орчим Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Тэх хорооллын 14-06 тоотод байрлах хохирогч Ш.Ц эзэмшлийн монгол гэрийн баруун талын ханыг дээш нь өргөж ороод хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг авч, мөн гэрийн тооноор орж бэлэн 50,000 төгрөг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ш.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн Их-Уул сумын төвд Тэх хорооллын 14-06 тоот хашаанд байрлах гэрээ эзэнгүй цоожилж орхиод Идэрийн голын захад байдаг өөрийн аав Ю.Ш очиж хоносон. 2019 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн үед галын модоо хөрөөдөх гээд хөрөөгөө авах гэтэл баруун талын орон доогуур байсан цахилгаан хөрөө алга болчихсон байсан. Тэгээд манай гэрт хулгай орсон байна гэдгийг мэдээд зүүн талын орны гудсаа сөхөөд үзтэл гудасны завсар байсан 50,000 төгрөг алга болчихсон байсан. Би сумын төвөөр хүмүүсээс хөрөөгөө сураглаж гадуур явж байтал Үржил багийн иргэн Ц.Э нэг хөрөөг хөндлөн П гэдэг айлд аваачиж тавьсан гэсэн сураг сонсоод Ц.Эыг олж уулзаад “чи манай гэрээс хулгай хийсэн үү миний хөрөө хаана байна би чамайг айлд хөрөө аваачиж тавьсныг чинь мэдэж байна шүү” гэхэд Ц.Э “танай гэрээс чиний хөрөөг авчихсан юм. Хоёулаа тохирьё чи битгий цагдаад хэлээч” гэхээр нь Ц.Эаас “манайхаас хөрөө хулгайлах үедээ хэн нэгэн хүнтэй хамт явсан уу гэхэд Чээмээ ахын хүүхэд, Жүүгээ ахын хүүхэд хоёртой хамт явсан” гэж хэлсэн. Миний хөрөөний үндсэн их бие нь хар өнгөтэй, хоёр хажуу талын хэсэг нь улбар шар өнгөтэй, дээд бариулыг ногоон өнгийн лентээр ороосон байсан. Мөн 50,000 төгрөг нь 2 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт, 1 ширхэг 10,000 төгрөгийн дэвсгэрт байсан. Хөрөө болон 50,000 төгрөгөө авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн /хх 28-29, 109/ мэдүүлэг,

Гэрч Б.Ю мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн Их-Уул сумын төвд Тэх хорооллын 14-06 тоотод байрлах манай гэрт 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хулгай орж, манай мод хөрөөддөг хөрөө, гэрийн зүүн талын орны гудасны завсарт байсан 50,000 төгрөг алдагдсан байсан. Нөхөр бид хоёр 2019 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн үед мэдсэн. ...Манай гэрийн баруун талын хананы шийр модыг хүн багтахаар хугалсан байсан. Хөрөө баруун талын орон доогуур байсан. Хөрөөний үндсэн их бие нь хар өнгөтэй, хоёр хажуу талын хэсэг нь улбар шар өнгөтэй, дээд бариулыг ногоон өнгийн лентээр ороосон байсан. Хөрөөг 2019 оны 02 дугаар сард Баяагийн дэлгүүрээс 280,000 төгрөгөөр авч байсан. 50,000 төгрөг нь 2 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт, 1 ширхэг 10,000 төгрөгийн дэвсгэрт байсан...” гэсэн /хх 11/ мэдүүлэг,

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хадам ах Ш.Ц 2019 оны 07 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед утсаар манай сумын төвд байдаг гэрт 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хулгай ороод миний мод хөрөөддөг хөрөө, 50,000 төгрөг хулгайд алдагдсан байна гэж хэлсэн...” гэсэн /хх 12/ мэдүүлэг,

Гэрч С.П шүүх хуралдаанд өгсөн: “...Энхээ манайд мод хөрөөддөг цахилгаан хөрөө барьчихсан орж ирэхээр нь “наадах чинь юун хөрөө вэ” гэхэд хөрөө рам дээр 5 хоног грүшик хийж ажлаад ажлынхаа хөлсөөр энэ хөрөөг хүнээс худалдан авсан юм гэж надад хэлсэн. Энхээ нөгөө хөрөөгөө манай гэрт үлдээгээд би удахгүй ирж авна гэж хэлээд гараад явсан. Тэр хөрөөгөө манайхаас ирж авалгүй 2 хоносон...” гэсэн /хх 13/ мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/, хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 21/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Ц.Эын: “...2019 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 21 цагийн өнгөрч байх үед Их-Уул сумын төвд Тэх хороололд Ц урд гудманд Б ахынд очих гэж алхаж яваад БД нартай Т ахын хашааны наад талд тааралдсан. Тэгсэн БД нар айлаас хулгай хийе чи Ц гэрлүү ороод юм аваадах гэж хэлсэн. Тухайн үед би тэр хоёрт айлаас юм хулгай хийгээд дэмий байх би хулгай хийхгүй гэж хэлсэн чинь Д, Бхоёр надруу уурлаад Д миний бөгс рүү 2-3 удаа өшиглөөд авсан. Тэгээд би дотроо жоохон бодож байгаад БД нарын хулгай хийе гэсэн санааг нь зөвшөөрөөд БД бид гурав Цогт-Эрдэний гэрээс хулгай хийхээр болоод Тэх хороололд байдаг Ц хашаа руу очсон. Тэгсэн Ц гэр эзэнгүй цоожтой байсан. Д, Б нар гэрийн баруун талын ханыг нь дээш өргөөд би ханан доогуур цээж нь биеэ шургуулж байгаад баруун талын орон доогуур байсан хөрөөг авсан. Тэр хөрөөг сумын төвийн Ирээдүй хороололд байдаг П ахын гэрт аваачсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Дгийн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 15-ны шөнө орой болчихсон байхад Завхан аймгийн Их-Уул сумын төвд Төөмөө ахын хашааны тэнд найз Б хамт явж байгаад Энхээ ахтай таарч уулзсан. Тэгээд Ббид хоёр айлаас нийлж юм хулгай хийе гэж хэлсэн. Тэгсэн Э ах би айлаас хулгай хиймээргүй байна гэхээр нь би тэр үед Э ахруу жоохон уурлаад түүний бөгс рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд Э ах манай найз Ббид хоёртой хулгай хийхээр болоод бид гурав хамт яваад Цогоо ахын хашаа руу нь ороход гэр эзэнгүй цоожтой байсан. Ббид хоёр гэрийн баруун талын ханыг доод талаас нь өргөхөд Энхээ ах Цогоо ахын гэрийн баруун талын хаяагаар цээжин биеэ оруулаад мод хөрөөддөг хөрөөг хулгайлж авсан. Энхээ ах хулгайлж авсан хөрөөгөө бариад хашааны хаалгаар гараад явсан. Харин би Э ахыг гарч явсны дараа Цогоо ахын гэрийн тооноор ороод зүүн талын орны гудасны завсараас 50,000 төгрөг авсан. Тэр мөнгө 20,000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг 10,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг байсан юм. Тэгээд дээрх мөнгийг хулгайлж авсны дараагаар Ббид хоёр Цогоо ахын хашаанаас гараад гэртээ орж унтсан...” гэсэн /хх 64/ мэдүүлэг,

Яллагдагч Ж.Бын: “...Би 2019 оны 07 дугаар сарын 15-ны шөнө орой болчихсон байхад Завхан аймгийн Их-Уул сумын төвд Т ахын хашааны тэнд найз Дгийн хамт явж байгаад Энхээ ахтай таарч уулзсан.  Тухайн үед Д бид хоёр Ц.Э ахад гурвуулаа Ц гэрлүү орьё гэж хэлэхэд. Э ах “би айлаас хулгай хиймээргүй байна” гэхэд Д Э ахын бөгс рүү 2 удаа өшиглөж авсан. Тэгээд Э ах бид хоёртой явахаар болоод бид гурав Т ахын хашааны тэндээс Ц ахын хашаанд очиход Ц ахын гэр эзэнгүй цоожтой байсан юм. Д бид хоёр гэрийн баруун талын ханыг нь доод талаас өргөөд харин Э ах цээжин биеэ шургуулж байгаад мод хөрөөддөг хөрөөг хулгайлж авсан. Э ах хулгайлж авсан хөрөөгөө бариад хашааны хаалгаар гараад явсан. Д Ц ахын гэрийн тооноор нь ороод тэднийхээс 50,000 төгрөг хулгайлж авсан. Тухайн үед Д бид хоёр удаагүй Э ахын араас хашаанаас гараад гэртээ очиж амарсан...” гэсэн /хх 64/ мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тохирч байх тул тэдгээрийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож хохирогч Ш.Ц эзэмшлийн монгол гэрээс хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, бэлэн 50,000 төгрөг авсан гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолж байна гэж үзлээ.

Шүүдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчид 210,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн хөрөнгийн үнэлгээний төвийн “...Хятад улсад үйлдвэрлэгдсэн 2019 оны шинэ мод хөрөөддөг цахилгаан хөрөө, 1 ширхэг 160,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн “...Мод хөрөөддөг цахилгаан хөрөө, бэлэн 50,000 төгрөг алдсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тохирч байна.

Шүүгдэгч Ц.Э, Б.Д, Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.Э, Б.Д, Ж.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр бусдын эд зүйл, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авч байгаа үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байх тул тэдгээрийн үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байх бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Хулгайн гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.

Харин өсвөр насны шүүгдэгч Б.Д, Ж.Б нарын үйлдлийг прокурорын газраас гэмт хэргийн хамжигч гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж яллах дүгнэлтийг үйлдэж ирүүлсэн байна.

Гэмт хэргийн хамжигч гэдгийг гэмт хэрэг үйлдэхэд зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах мэдээлэл өгөх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж байгаа этгээдийг ойлгох бөгөөд Б.Д, Ж.Б нар нь гэмт хэрэг үйлдэхэд ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байх тул тэдгээрийн үйлдлийг хамжигчаар оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Тиймээс шүүгдэгч Ц.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д, Ж.Б нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Э, Б.Д, Ж.Б нар нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул тэдгээрт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлаж ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Б.Д, Ж.Б нар нь өсвөр насны хүн буюу 18 насанд хүрээгүй болох нь тэдгээрийн “Хариад овогт Жигдбаярын Бэрэгтэй, 2002 оны 8 дугаар сарын 20-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг иргэний гэр бүлийн төрсний бүртгэлд 2003 оны 02 дугаар сарын 14-нд бүртгэж төрсний гэрчилгээ олгов...” гэсэн, “Х овогт Б Д эрэгтэй, 2004 оны 3 дугаар сарын 08-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг иргэний гэр бүлийн төрсний бүртгэлд 2004 оны 03 дугаар сарын 23-нд бүртгэж төрсний гэрчилгээ олгов...” гэсэн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг тусгайлан зохицуулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхээс энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж тус тус заасан байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Д, Ж.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг дахин багасгах боломжтой гэж үзлээ. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, ...гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж заасан байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Д, Ж.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа, мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул тэдгээрт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Д, Ж.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Э, Б.Д, Ж.Б нар нь хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол, саналгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын эд хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Д, Ж.Б нар нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Ц.Э, өсвөр насны шүүгдэгч Х овогт Б.Д, өсвөр насны шүүгдэгч Х овогт Ж.Б нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хүн байнга амьдрах зориулттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Эыг 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Д, Ж.Б нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Д, Ж.Б нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх хорих ялыг 6 сарын хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Д, Ж.Б нарт 6 сарын хугацаагаар сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.   

7. Эрүүгийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.Д, Ж.Б нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан болохыг мэдэгдсүгэй.

8. Өсвөр насны шүүгдэгч Б.Д, Ж.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаагд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч Ц.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д, Ж.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол, төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

10. Өсвөр насны шүүгдэгч Б.Д, Ж.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Эт авсан таслан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ