Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2019/ДШМ/22

 

Ц.Эн-, Б.Да-, Ж.Ба- нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.******* Прокурор Н.Баасанжав Яллагдагч Ц.Эн-ын өмгөөлөгч С.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 71 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Ц.Эн-, Б.Да-, Ж.Ба- нарт холбогдох 1924000570031 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Цагаан гэрүүд овгийн Ц-ын Эн- /РД: ИЗ*******/

2. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 2004 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумд төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Хариад овгийн Б-ын Да- /РД: ИЗ*****/

3. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид сурдаг, Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Хариад овгийн Ж-ын Ба- /РД: РЕ******/

Яллагдагч Ц.Эн-, Б.Да-, Ж.Ба- нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож 2019 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 22 цагийн орчим Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Тэх хороололын 14-06 тоотод оршин суух иргэн Ш.Цогт-Эрдэнийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч БНХА улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, биет 50.000/тавин мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 210.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэрүүд овогт Ц-ын Эн-, Хариад овогт Б-ын Да-, Хариад овогт Ж-ын Ба- нарт холбогдох 1924000570031 дугаартай эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай. 2. Шүүгчийн захирамжийг хэрэгт хавсаргаж, прокурорт хүргүүлэн, хохирогч, шүүгдэгч нарт болон тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарт танилцуулж, хүчин төгөлдөр болмогц хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Нарангэрэлд даалгасугай. 3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Эн-, өсвөр насны шүүгдэгч Б.Да-, Ж.Ба- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Б.Ганзориг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Ганзориг би, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 71 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Ц.Эн-, Б.Да-, Ж.Ба- нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож 2019 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 22 цагийн орчим Завхан аймгийн Их-уул сумын Баян-Ухаа баг Тэх хорооллын 14-06 тоотод байрлах иргэн Ш.Цогт-Эрдэнийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, биет 50.000 /тавин мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Тус прокурорын газраас 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Эн-, Б.Да-, Ж.Ба- нарт холбогдох эрүүгийн 1924000570031 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр прокурорт буцаасан. Үүнд: 1. Шүүгдэгч Ц.Эн- нь 1985 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 34 настай боловч шүүх хуралдаанд өөрийн төрсөн огноо, яс үндэс, оршин суудаг хаяг болон яллагдагчаар татсан тогтоолыг хэлж мэдэхгүй, ам бүлийнхээ тоог зөв хэлж чадахгүй байх бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт: “...Б.Да-, Ж.Ба- нар ор гээд бөгс рүү 2 удаа өшиглөсөн, тэгээд айгаад орсон... Б.Да- намайг хөрөө зараад мөнгө болгоод ир гэсэн...” гэх мэдүүлэг өгснөөс үзвэл түүнийг 34 настай буюу өөрийн биологийн насны хэмжээнд сэтгэж байгаа гэдэгт болон сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзээ төрөхүйц байна. Тодруулбал: Шүүгдэгч Ц.Эн- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөх, хохирогчтой эвлэрэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгох чадвартай эсэхэд эргэлзээтэй байна. 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно” гэж, 18.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай, богино хугацаанд явуулах нөхцөлийг шүүх хангаж ажиллана” гэж тус тус хуульчилсан. Тодруулбал: эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгох чадвартай байх шаардлагатай ба өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн тухайд зарим чадамжтай бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр оролцдогийн хувьд дээрх шийдвэрүүдийг бие дааж гаргах боломжгүй юм. Нөгөө талаар хууль тогтоогч нь өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаас гадна гагцхүү мөн хуулийн 18 дугаар бүлэгт заасан тусгай журмыг баримтлахаар, мөн хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх нөхцөлийг хангах нь шүүхийн үүрэг байхаар хуульчилсан атал прокурор өсвөр насны яллагдагч Б.Да-, Ж.Ба- нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан тусгай журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нөхцөл байдлууд хангагдаагүй гэж үзэж үндэслэлтэй байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байгаа болно. Үүнд: Шүүгчийн захирамжийн 1 дэх заалт: - Ц.Эн-, Б.Да-, Ж.Ба- нар нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт “...төрсөн огноо, яс үндэс, оршин суудаг хаяг болон яллагдагчаар татсан тогтоолыг хэлж мэдэхгүй...” “...Б.Да-, Ж.Ба- нар ор гээд бөгс рүү 2 удаа өшиглөсөн, тэгээд айгаад орсон... Б.Да- намайг хөрөө зараа мөнгө болгоод ир гэсэн...” гэх мэдүүлэг өгснөөс үзвэл түүнийг 34 настай буюу өөрийн биологийн насны хэмжээнд сэтгэж байгаа гэдэгт болон сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзээ төрхүйц байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Ц.Эн- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад монгол хэл, бичиг мэдэхгүй болох нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч С.Энхболдыг оролцуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчтэй явуулсан. Ц.Эн- нь монгол хэл, бичиг мэдэхгүй учир өөрийн төрсөн огноо, яс үндэс, оршин суудаг хаягаа зөв хэлж чадаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Эн-аас мэдүүлэг авахад “...бусдын эд хөрөнгийг хулгайлсан” талаар тодорхой хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгсөн ба бусад нотлох баримт буюу хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Эн-ын мэдүүлгийг сонсоход “...Б.Да-, Ж.Ба- нар ор гээд бөгс рүү 2 удаа өшиглөсөн, тэгээд айгаад орсон... Б.Да- намайг хөрөө зараад мөнгө болгоод ир гэсэн...” гэж мэдүүлсэн. Энэ талаар Б.Да-, Ж.Ба- нар мөн мэдүүлдэг, Хэрэгт цугларсан хохирогч Ш.*******, гэрч Б.*******, Б.*******, С.*******, яллагдагч Б.Да-, Ж.Ба- нарын мэдүүлэгтэй харьцуулан үнэлэхэд зөв мэдүүлэг өгөхөд чадвартай эсэхэд эргэлзээ төрөх нөхцөл байдал үүсээгүй. Шүүхээс “яллагдагч нь өөрийн төрсөн огноо, яс үндэс, оршин суудаг хаягаа зөв хэлж чадаагүй” гэх үндэслэлээр Ц.Эн-ыг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзээ төрөхүйц байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэв шүүхээс Ц.Эн-ыг мэдүүлэг өгөхөд чадвартай эсэхэд эргэлзээ төрөх нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлд зааснаар “Сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ” хийлгэж болохоор хуульчилсан. Өмгөөлөгч С.Энхболд нь шүүх хуралд Ц.Эн- 2019 оны 08 дугаар сарын 24- ний өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг мөрдөгч нэг бүрчлэн уншиж, танилцуулсан, танилцуулах ажиллагаанд өмгөөлөгч оролцогч, яллагдагч, өмгөөлөгч нар гарын үсэг зурсан. Манай үйлчлүүлэгч яллах дүгнэлттэй андуурч байна гэж тайлбарласан. Шүүгчийн захирамжийн 2 дахь заалт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно” гэж, 18.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай, богино хугацаанд явуулах нөхцөлийг шүүх ханган ажиллана” гэж тус тус хуульчилсан” Тодруулбал: Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгох чадвартай байх шаардлагатай ба өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн тухайд зарим чадамжтай бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр оролцогчдын хувьд дээрх шийдвэрүүдийг бие дааж гаргах боломжгүй юм” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно” гэж хуульчилсан. Энэ нь Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадна мөн хуулийн 18 дүгээр бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад...” оршино. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хориглосон” заалт байхгүй. Иргэний хувьд хориглосноос бусад үйл ажиллагааг зөвшөөрдөг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар: Б.Да-, Ж.Ба- нар өсвөр насны яллагдагч болох нь тогтоогдож, мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу Б.Да-, Ж.Ба- нарт хууль ёсны төлөөлөгч тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Да-, Ж.Ба- нар нь өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр оролцсон. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт хууль ёсны төлөөлөгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тодорхойлсон байхад шүүхээс өсвөр насны яллагдагч нарт хууль ёсны төлөөлөгч томилоогүй, бие даан оролцуулсан мэт дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж хуульчилсан байхад “өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” гэх үндэслэлээр дээрх эрхийг хязгаарлаж болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2-т “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас... хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэсэн шударга ёсны зарчимтай. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж хязгаарлалт тогтоосон. Ц.Эн-, Б.Да-, Ж.Ба- нар нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Өсвөр насны яллагдагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие дааж шийдвэр гаргаагүй юм. Харин өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр оролцдогчийн хувьд хүсэлтийг прокурорт гаргасан. Өөрөөр хэлбэл: Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Ц.Эн-, Б.Да-, Ж.Ба- нар нь өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарын хамт хүсэлтээ илэрхийлсэн. /хүсэлтийг хэрэгт хавсаргасан/ Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Эн-, Б.Да-, Ж.Ба- нар болон өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар нь мэдүүлсэн ба энэ талаар маргаагүй. Харин хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Эн-, Б.Да-, Ж.Ба- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, баталгаа, хүсэлт зэргээр тогтоогдсон. /Хэрэгт хавсаргасан/ Прокурорын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагч нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулсан. Танилцуулах ажиллагаанд өсвөр насны яллагдагч нар бие даан оролцоогүй мөн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын тусламжтай оролцсон. Хэргийн материалтай даруй танилцаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон” учир хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна гэж дүгнэсэн. Шүүгч өөрийн санаачлагаар шүүхийн хэлэлцүүлгийг завсарлуулж “өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй боломжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэдийгээр өсвөр насны яллагдагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч мөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хууль болон бусад хуульд заасан эрх, үүрэг нэгэн адил хамаарна. Түүнчлэн яллагдагч нь хэргээ шүүхэд шилжүүлж, хэлэлцүүлэхийг шаардах эрхтэй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-т “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж хуульчилсан байхад хэргийг өөрийн санаачлагаар прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байна. Хэрвээ шүүх өсвөр насны шүүгдэгч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж байгаа бол өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 71 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Яллагдагч Ц.Эн-ын өмгөөлөгч С.Энхболд давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Ц.Эн- нь 1985 оны 08 дугаар сарын 18-нд төрсөн 34 настай хүн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг тогтоосон баримт байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад өөрийн төрсөн он, яс үндэс, оршин суугаа хаяг, яллагдагчаар татсан тогтоолыг хэлж мэдэхгүй байгаа нөхцөл байдал гарсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд мэдүүлэг байцаалт өгөхдөө айсан шинж тэмдэг байсан боловч хэрэг бүртгэх ажиллагааны явцад сэтгэцийг зайлшгүй тогтоох шаардлагатай асуудал хараахан гараагүй шүүх хуралдаан дээр биеийн байцаалт өгөхдөө ээрч, будилсан. Анхан шатны шүүх дүгнэхдээ бичиг үсэг мэдэхгүй боловч анх удаа шүүх хуралд орж байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгох чадвартай эсэхэд эргэлзэж байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд тусгайлан заасан журмыг анхаарч дүгнээгүй гэж үзэж байна. Өөр зүйлгүй гэв. Прокурор Н.Баасанжав давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Яллагдагч Ц.Эн-ыг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзээ төрж байна гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан. Ц.Эн-ын бичиг үсэг мэдэхгүй байдлыг харгалзан үзэж өмгөөлөгч С.Энхболдыг хамт мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан. явуулсан. Ц.Эн-ын өгсөн мэдүүлгүүд нь Б.Да-, Ж.Ба- нарын мэдүүлгүүдтэй өөр хоорондоо огт зөрөөгүй, мөн бусад гэрчүүдийн өгсөн мэдүүлэгтэй зөрөөгүй мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж өгсөн байдаг. Энэ нөхцөл байдлаас нь харж үзэх юм бол Ц.Эн-ыг хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзээ төрөхөөргүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Түүнчлэн Ц.Эн-ыг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзээ төрж байна гэж үзэх юм бол шүүх өөрөө санаачилгаараа “Сэтгэцийн эмгэг судлалын” шинжилгээ хийлгэж хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Б.Да-, Ж.Ба- нар нь өсвөр насны яллагдагч учраас хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах боломжгүй, хүсэлтийг нь прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Б.Да-, Ж.Ба- нар нь өсвөр насны яллагдагч гэдэг үндэслэлээр хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хамтаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцож мэдүүлэг өгсөн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно гэж хуульчилсан ба өсвөр насны сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаас гадна тус хуулинд заасан тусгай журмуудыг харгалзан үзэж шийдвэрлэнэ гэж заасан. Тиймээс өсвөр насны сэжигтэн, яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхийг хориглосон заалт байхгүй тул анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн байдал нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй тохиолдолд хэргийг шүүх прокурорт буцаахаар хуульчилсан. Дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан бүх нөхцөл байдлууд хангагдсан байхад хэргийг прокурорт буцаах нь буруу байна гэж үзэж байна. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 71 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас насанд хүрсэн Ц.Эн-, өсвөр насны яллагдагч Б.Да-, Ж.Ба- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу (бусдын эд хөрөнгийг орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлсан) гэх гэмт хэрэгт холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллагдагч Ц.Эн- насанд хүрсэн/34 настай / мөртлөө хуралдааны явцад өөрийн төрсөн огноо, яс, үндэс, оршин суудаг хаягаа болон яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан эсэхээ хэлж мэдэхгүй, ам бүлийнхээ тоог зөв хэлж чадахгүй, ...насанд хүрээгүй яллагдагч болох Б.Да-, Ж.Ба- нар нь хохирогч Ш.Цогт-Эрдэнийнх рүү орж хулгай хийе гэхээр нь би хулгай хийхгүй гэтэл Б.Да- намайг ор гээд бөгс рүү 2 удаа өшиглөөд айлгаад байхаар нь би айгаад орсон гэсэн... мэдүүлгээс үзвэл түүнийг 34 настай буюу өөрийн биологийн насны хэмжээнд сэтгэж байгаа гэдэгт болон сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна. Мөн прокурорын газраас өсвөр насны яллагдагч Б.Да-, Ж.Ба- нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж хэргийг прокурорт буцаажээ. Яллагдагч Ц.Эн- нь насанд хүрсэн мөртлөө анхан шатны шүүх хуралдааны явцад өөрийгөө танилцуулж чадахгүй, холбогдсон хэргийнхээ үйлдэл учир холбогдолын талаар бодитой дүгнэлт хийж, мэдүүлэг өгч чадахгүй байгаа нь түүнийг сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзээ төрж, түүний сэтгэцийн байдалд “шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулахаар” тогтоосоныг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Ц.Эн- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд заасан тусгай журмыг хэрэглэхэд эргэлзээ төрөхүйц байжээ. Мөн өсвөр насны яллагдагч Б.Да-, Ж.Ба- нарт холбогдох хэрэгт прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан тусгай журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ хуульд заасан ердийн журам, эсхүл энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтлана гэж хуулчилсан байх хуулийн энэ зохицуулалтаас харахад хуульд заасан ердийн журам, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан тусгай журамыг удирдлага болгоно гэж ойлгохоор байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмаас өөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тусгай журам хэрэглэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчжээ. Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 18 насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж шууд заагаагүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь өөрөө хориглосон заалт гэж гэж үзэхээр байна. Энэ заалтын агуулага нь 18 насанд хүрээгүй этгээд нь насны байдлаас хамаарч Иргэний хуульд зааснаар эрх зүйн бүрэн бус ба зарим чадамжтай байдаг. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлэх, хохирогчтой эвлэрэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгох чадамж нь бүрэн бус байдагтай холбоотой бөгөөд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай жураманд заасан нөхцөл шаардлагад нийцэхгүйд хүрнэ. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь буруу биш байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 71 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч нар хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ